Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр                      Дугаар 2025/ШЦТ/24                                          ******* сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: А.Амгалан,

Шүүгдэгч: *******

Нарийн бичгийн дарга: А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                  

   Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлсэн Б******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* *******, ******* байрлах иргэн эзэмшлийн "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч *******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд манай дэлгүүр дээр хулгай орсон байсан. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шөнийн 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд манай дэлгүүр дээр хулгай орсон байсан бөгөөд уг хэр гарсан гэдгийг би 16-ны өдөр л мэдсэн тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн байгаа. Би өөрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн бөгөөд уг бичлэг нь байгаа. Уг этгээд нь манай дэлгүүрийн үүдний гоёлын пассадыг эвдээд мөн вакум цонхыг хагалж орсон байсан бөгөөд өөрийн хулгайд алдсан гэх эд зүйлийг шалгахад "75,000 төгрөгийн үнэтэй манто 2 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй Воовоо 2 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй Jellybox v3 2 ширхэг, 45,000 төгрөгийн үнэтэй Akso 9000 соролттой тамхи 4 ширхэг, 45,000 төгрөгийн үнэтэй Vapor storm 2 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй Smok 1 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй 20,000 соролттой 1 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй Вака 2 ширхэг, 30,000 төгрөгийн үнэтэй Вака 3 ширхэг, 25,000 төгрөгийн үнэтэй Катгу 2 ширхэг, 15,000 төгрөгийн үнэтэй Вака 4 ширхэг, 7,500 төгрөгийн үнэтэй электроны тамхины шингэн 10 ширхэг, 20,000 төгрөгийн үнэтэй Jellybox v3-ын под 2 ширхэг зэрэг хулгайд алдсан байсан. Мөн уг этгээд нь дэлгүүрийн лангуунаас ямар нэгэн зүйл аваагүй байсан бөгөөд зөвхөн электрон тамхи болон электрон тамхины шингэн зэргийг авсан байсан. Кассанд байсан бутархай бэлэн мөнгийг тоож аваагүй байсан бөгөөд зорилго нь электрон тамхинууд байсан байх гэж бодож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Уг хэргийг хэн хийсэн талаар мэдэхгүй байна. Манай дэлгүүрээс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02 цаг 30 минутаас 03 цагийн хооронд дэлгүүрт хулгайч орсон бөгөөд би алдагдсан гэх эд зүйлсээ тоолж үзэхэд уг этгээд нь манай дэлгүүрээс "75,000 төгрөгийн үнэтэй манто 2 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй Воовоо 2 ширхэг, 65,000 төгрөгийн үнэтэй Jellybox v3 2 ширхэг, 45,000 төгрөгийн үнэтэй Akso 9000 соролттой тамхи 4 ширхэг, 45,000 төгрөгийн үнэтэй Vapor storm 2 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй Smok 1 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй 20,000 соролттой 1 ширхэг, 55,000 төгрөгийн үнэтэй Вака 2 ширхэг, 30,000 төгрөгийн үнэтэй Вака 3 ширхэг, 25,000 төгрөгийн үнэтэй Катгу 2 ширхэг, 15,000 төгрөгийн үнэтэй Вака 4 ширхэг, 7,500 төгрөгийн үнэтэй электроны тамхины шингэн 10 ширхэг, 20,000 төгрөгийн үнэтэй Jellybox v3-ын под 2 ширхэг зэрэг хулгайд алдсан байсан бөгөөд мөн манай дэлгүүрийн 40х60 см хэмжээтэй вакум цонхыг хагалсан бөгөөд уг засварын ажлыг хийлгэсэн ба үнэ нь 80,000 төгрөг болсон. Тэгээд гадна гоёлын загварын хавтанг эвдэж орсон бөгөөд нийт 1 метрийн харьцаатай хавтанг эвдэж гэмтээсэн байсан бөгөөд үнэлгээ нь 60,000 төгрөг болсон, Мөн дэлгүүрийн цонхны гадна байрлах төмөр хаалтыг эвдэх гэж оролдсон байсан бөгөөд дэлгүүрийн шавар болон гаднах гоёлын пассадыг эвдсэн бөгөөд засварын хөлстэйгөө 100,000 төгрөг болсон. Эдгээр надад учирсан гэх хохирлын хэмжээг нэмж үзэхэд надад нийт 1,644,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Би уг хохирлыг барагдуулж авмаар байна. /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

"Дамно үнэлгээ" ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ӨмЦ-24-174 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: нийт хохирлын үнэлгээ 1.019.500 төгрөг” /хавтаст хэргийн 53-67 дахь тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын үед *******ы байдаг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талын хамгаалалтын төмрийг нь эвдэх гэж үзсэн боловч эвдэж чадаагүй. Тэгэхээр нь үүднийх нь тамбарын хажуу талын хавтанг өшиглөж эвдээд дотогш орсон. Тэгээд дотор хаалганы хажуу талд байх цонхыг нь тоосгоор хагалсан. Дотоод хагарсан цонхоор нь дотогш ороод худалдагчийн сандлын хажуу тавиур дээр байсан электрон тамхинуудыг бүгдийг нь авсан. Тэгэхэд гэнэт камерын гэрэл ассан байсан ба би хүн ирж байна гэж бодсон чинь хүн ирээгүй. Тэгээд би камер руу нь харж байгаад дунд хуруу гаргасан. Тэгээд эргэж яваад худалдагчийн сандлын хажууд очоод мөнгө хайсан боловч баахан задгай мөнгө байхаар нь авалгүй орхичихоод буцаад орсон цонхоороо гараад шууд гэр рүүгээ явсан.

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-16 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт /хавтаст хэргийн 77 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал /хавтаст хэргийн 78 дахь тал/

Мөрдөгчийн тэмдэглэлээр хүлээн авсан хохирогч гаргаж өгсөн дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн зураг болон хохирлын жагсаалт / хавтаст хэргийн 17-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* *******, ******* байрлах иргэн эзэмшлийн "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, "Дамно үнэлгээ" ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ӨмЦ-24-174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-67 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

            Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг,

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг ойлгохоор тус тус тайлбарласан.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнийн 02-03 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын ******* *******, ******* байрлах иргэн эзэмшлийн "” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч, эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, *******аж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч хаалттай /цоожтой/ дэлгүүрийн цонхыг хагалан цонхоор нь орж эд зүйлийг нууцаар хууль бусаар авсан үйлдэл хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангана.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч ад 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуун/ төгрөгийн хохирол учирсан болох нь "Дамно үнэлгээ" ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ӨмЦ-24-174 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: нийт хохирлын үнэлгээ 1.019.500 төгрөг” /хавтаст хэргийн 53-67 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...1.019.500 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал байхгүй” гэснээр шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Улсын яллагчийн зүгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт,

 

Шүүгдэгчийн зүгээс “...Хэлэх зүйлгүй” гэх санал, тайлбар тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс *******агүй ял оногдуулна” гэжээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдлыг тус тус  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших“ эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны доод, дээд хэмжээг тодорхой хуульчилсан байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хүнсний  “” дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрсэн гэмт хэргийг үйлдэх үедээ арван найман насанд хүрсэн байх тул энэхүү хуулийн 8 дугаар бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж шүүхэд үүрэг болгосон бус  эрх олгосон зохицуулалтыг хуульчилсан.

 

Энэхүү зохицуулалтын хувьд шүүгдэгч бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн хувьд үеийнхээ хүмүүсээс илтэд хоцрогдолтой, тэдгээрээс доогуур түвшинд болох нь сэтгэцийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон онцгой тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй этгээдэд хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр байна.

 

Шүүгдэгч ******* нь бие махбодын болон сэтгэцийн хөгжлийн хувьд үеийнхээ хүмүүсээс илтэд хоцрогдолтой, тэдгээрээс доогуур түвшинд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй ба сэтгэцийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар өсвөр нас гэж үзэх онцгой тохиолдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь 18 настай боловч дэлгүүрийн цонхыг ганцаараа эвдэлж, хууль бусаар нэвтрэн, дан ганц электрон тамхи хулгайлан бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, биеэ авч яваа байдал, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож мэдүүлэг, тайлбар гаргаж буй нөхцөл байдлыг харгалзан 18 насанд хүрсэн 21 насанд хүрээгүй өсвөр насны шүүгдэгч гэж үзэх онцгой нөхцөл байдал байна гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б******* овгийн ******* Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.
  4. Хохирогч ад 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуу/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ