Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00976

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2017/00976

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 16б байрны 30 тоотод оршин суух, Найман овогт Ойровын Оюунбилэгийн /регистрийн дугаар ФА72122008/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг зүүн дэнж 1-1 тоотод оршин суух, Банзар тавнан овогт Будлхагвын Мандахбаатарт /Регистрийн дугаар: ГЮ89031671/ холбогдох 7,050,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дуламханд, хариуцагч Б.Мандахбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Оюунбилэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Оюунбилэг би 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Мандахбаатартай Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулан миний өмч болох 000102911 тоот гэрчилгээтэй ,2101001588 улсын бүртгэлийн дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-23-42 тоот байрандаа хөлслүүлэн суулгасан Б.Мандахбаатар нь миний байрыг хөлслөн суух хугацаандаа сүүлийн 6 сарын орон сууцны төлбөр792,044 төгрөг, цахилгааны төлбөр 37,792 төгрөг харилцаа холбооны төлбөр 80,320 төгрөг буюу нийт 910,156 төгрөгийг төлөөгүй байна. Түүнчлэн тус байрыг хөлслөн суух хугацаандаа байрны эд хогшилыг эвдэлж хэмхэлсэн байна. Эдгээр эд хогшилын бүрэн бүтэн байдал алдагдсан цаашид хэрэглэх боломжгүй болсон тул хариуцагчаар төлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч Б.Мандахбаатараас 2016 оны 10д дугаар сарын 08-наас 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртлэх нийт 6 сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг, орон сууц хөлслөх хугацааны байрны ашиглалт, үйлчилгээний зардал 910,156 төгрөг,эд хогшилд учирсан хохиролд 3,386,000 төгрөг, байрны хаалга нээлгүүлэх, байр цэвэрлүүлэхэд шаардагдах зардалд 205,000 төгрөг нийт 6,901,156 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие хариуцагчид холбогдох түрээсийн төлбөр болон эд хогшлын эвдрэл гэмтлийн зардал 6,901,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд гаргасан билээ. Уг нэхэмжлэлийг гаргаснаас хойш хариуцагч дор дурьдсан төлбөрүүдийг төлөөгүй болохыг олж мэдлээ. Үүнд:

1.Байр хөлслөн суух хугацаанд Эв 4 СӨХ-ны 2016 оны 3,4,6,7 болон 2017 оны 1,2,3,4 дүгээр саруудын засвар үйлчилгээний төлбөрийг хийгээгүйн улмаас нийтдээ 96,600 төгрөгийг өр үүссэн байна.

2.Мөн хариуцагч нь байр хөлслөн суух хугацаандаа орон сууц, цахилгааны төлбөрийг цагтаа төлөөгүйн улмаас алданги өдөр өдрөөр нэмэгдсээр 5 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар орон сууцны төлбөр алданги оролцуулан 832,400 төгрөг, цахилгааны төлбөр алданги оролцуулан 50,400 төгрөг болсон байна. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нэхэмжлэлд дурьдсан орон сууц, цахилгааны төлбөрийн зөрүү 52,964 төгрөг болсон. Иймд хариуцагчаас нийт 149,564 төгрөгийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Мандахбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: миний бие Б.Мандахбаатар 2015 оны 12 дугаар сарын 08-наас 2017 оны 04 дүгээр сарын 08-ны хооронд 4-23-42 тоот байрыг хөлслөн суусан. Одоо байрны эд хогшил, засвар үйлчилгээний мөнгө 6,901,156 төгрөг нэхэмжилж иргэний шүүхэд өгсөн. Миний бие уг нэхэмжлэлийг хэсэгчлэн зөвшөөрч байна.

Үүнд:

1.870,000 төгрөгний шкафны бариул эвдсэн, нүүр нь шалбарсан гэх-нүүр нь бол анх ороход шалбархай байсан, бариул нь 2500 төгрөгөөр солиод л болох зүйл

2.800,000 төгрөгний тавилгын тавцан хугарсан гэх-тавцан нь цуурсан байсан , үзүүрийн жижигхэн хэсэг нь анх ороход анзаарч хараагүй сүүлд хараад салгаж авч модны цавуугаар нааж, давхар бэхэлгээ хийсэн. Одоо мэдэгдэхээргүй бат бөх болсон. Би харин ч янзалсан учир хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.Тусдаа 81,000 төгрөгний сандал 4 ширхэг эвдсэн гэх-1 сандалыг төлнө. Эвдсэн 81,000 төгрөг өөр сандал ямар ч эвдрэл байхгүй учир зөвшөөрөхгүй ээ.

4.320,000 төгрөгний компьютерийн ширээний тумбучкны нүүр номын тавиурыг доод хэсэгүүд шалбарсан гэх-ямр ч шалбаралт шинээр үүсгээгүй, урьд өчнөөн жил болсон, хуучин тавилга жижиг, шалбархайнууд угаасаа үүссэн байсан юм. Зөвшөөрөхгүй.

5.Бочки, суултуур, чийдэн-62,000 төгрөг нэхсэн. Бочки зүгээр, суултуур чийдэн 30,000 төгрөг зөвшөөрч байна.

6.Биеийн тамирын төхөөрөмж 160,000 төгрөг гэх- Гинж нь мултарсан хийгээд л зүгээр болно /өөрөө хийгээд өгнөө / зөвшөөрөхгүй

7.Жорлонгийн хаалганы шил 8000 төгрөг зөвшөөрч байна.

8.140,000 төгрөгний ширээ 2 сандал алга болсон гэх-болоогүй байгаа зөвшөөрөхгүй

9.эвхдэг сандал 2-40,000 төгрөг зөвшөөрч байна.

10.80,000 төгрөгний тюль урагдсан гэх-Тюль нь анх ороход салбарсан урагдсан байсан. Тийм учраас 50 хувь болох 40,000 төгрөгийг зөвшөөрч байна.

11.Гэрэл ламп эвдсэн 45,000 төгрөг, гэрэлнүүд нь байгаа хийгээд л боллоо.

12.Тоос сорогч 142,000 төгрөг гэх-эвдрээгүй ажиллагаа хэвийн ямар ч асуудалгүй байгаа. Зөвшөөрөхгүй

13.20,000 төгрөгний радио гэх-Шкафанд байгаа

14.286,000 төгрөгний хивс халзарсан, бохирдсон гэх- халзарсан зүйл байхгүй, бохир нь өөрөө цэвэрлээд өгье

15.20,000 төгрөгний ванны хөшигийг зөвшөөрч байна.

16.Угаалгын машин нь хэвийн асуудалгүй байгаа

17.Будаа агшаагч бохирсон 35000 төгрөг гэх-Угаагаад л болоо агшаагаад цэвэрлээгүй байсан. Угааж өгнө.

18.30,000 төгрөгний ус буцалгагч товчлуур хугарсан гэх-товчлуур нь хугарах биш анх сэтэрсэн байсан. Өөрсдөө ч мэдэж байгаа

19.Жааз 15,000 төгрөгийг зөвшөөрнө.

20.Байр цэвэрлэх 180,000 төгрөг гэх-зөвшөөрөхгүй, цэвэрхэн байгаа, өөрөө дутууг нь цэвэрлэж өгнө.

21.Цоож 25,000 төгрөг гэх-зөвшөөрөхгүй. Өглөө байхгүй хойгуур ирж оролдсон байсан.

Миний бие 6 сарын түрээс 2,400,000 төгрөг, орон сууцны төлбөр 792,044 төгрөг, цахилгааны 37,792 төгрөг, юнивишны 80,320 төгрөг, эд хогшлын 230,000 төгрөг нийт 3,550,156 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мандахбаатар 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 4-23-42 тоот байрыг хөлслөн сууж, 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан. Энэ хугацаанд сүүлийн 6 сарын байрны сууцны төлбөр болох мөнгийг төлж хохиролгүй болгох бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 08-наас хойшхи нэхэмжилсэн мөнгийг оршин сууж амьдраагүй учраас төлөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч О.Оюунбилэг нь хариуцагч Б.Мандахбаатараас орон сууцны хөлс, гэрийн эд хогшилд учруулсан хохирол нийт 7,050,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь түрээсийн төлбөр төлөхийг зөвшөөрч, эд хогшлын тухайд зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр орон сууц хөлсөх гэрээ байгуулан нэхэмжлэгч нь хариуцагчийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 4-23-42 тоот орон сууцыг 4 сарын хугацаатай сарын 400,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохирч, хөлслөгч 3 сарын хөлс 1,200,000 төгрөгийг төлж, хөлслүүлэгч түүний эзэмшилд орон сууцыг гэрийн дотор тавилгын хамт шилжүүлсэн байна.

Талууд орон сууц хөлслөх гэрээг 4 сарын хугацаатай байгуулсан байх боловч хариуцагч уг орон сууцанд үргэлжлүүлэн сууж, хөлсийг төлж явсан байх ба 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 6 сараас 10 сар хүртэлх 4 сарын хугацааны төлбөр 1,600,000 төгрөгийг төлж барагдуулсанаас хойш хөлс төлөөгүй байна.

Ийнхүү хариуцагч 2017 оны 4-н сард орон сууцнаас гарсан байх бөгөөд 2016 оны 10-р сарын 8-наас 2017 оны 4-р сарын 8-ны өдрийг хүртэлх нийт 6 сарын хөлс 2,400,000 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны хөлс 2,400,000 төгрөг, Юнивишний төлбөр 80.320 төгрөг, эд хогшлын үнэ 230,000 төгрөг, 6 сарын орон сууцны төлбөр 792.044 төгрөг зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хангах үндэстэй

Хариуцагч нь орон сууц хөлслөн суух хугацаандаа орон сууцны доторхи гэрийн тавилгыг ердийн элэгдэл хорогдлын хэмжээнээс илүүгээр эвдэж гэмтээж хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч гэрийн доторхи бүх эд хогшлыг бүхэлд нь үнэлж, 3,386,000 төгрөг нэхэмжилсэнийг хангах боломжгүй байх бөгөөд шинжээч Лэндс ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан №Ш/17/66 тоот үнэлгээний дагуу 570.730 төгрөгийн хэмжээнд хохиролыг барагдуулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр шинжээчийн дүгнэлтийн зарим эд хөрөнгийн талаар гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, ашиглах аргагүй устаж гэмтсэн зүйлийн элэгдэл хорогдлыг тооцсон байна гэж тайлбарласан боловч шинжээчийн дүгнэлттэй танилцах үедээ энэхүү хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа илэрхийлж, дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1,289 дүгээр зүйлийн 289.1.4,147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан Б.Мандахбаатараас 3,880,886 төгрөг гаргуулан О.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,169,834 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 130,508 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 77,044 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН