| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1902010020176 |
| Дугаар | 2021/ДШМ/7 |
| Огноо | 2020-12-23 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ДШМ/7
И.Э-, С.Ч- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар И.Э-, С.Ч- нарт холбогдох эрүүгийн 1902010020176 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. И.Э-, 1972 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. С.Ч-, 1946 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 74 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
И.Э- нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-аас гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2.000.000 төгрөгийн хахууль авсан,
С.Ч- нь “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний хувьд “Жаргалан” сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газраас “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: И.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, С.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос И.Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч И.Э-ыг нийтийн албан албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ч-ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Э-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд, С.Ч-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар И.Э-, С.Ч- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Ч-аас 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, И.Э-, С.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. И.Э- бидний хооронд хэн нэгэндээ давуу байдал тогтоохоор тохиролцсон зүйл байхгүй. Давуу байдал бий болгохыг эрмэлзэх бодит нөхцөл шалтгаан үүсээгүй байсан бөгөөд уг үйлдлийн улмаас ямар давуу байдал тогтсон, түүний улмаас үүсэж бий болсон үр дагавар юу байсныг бүрэн баталж нотолсон баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Төрийн бус байгууллагын тухай хууль, өөрийн дүрэм, дотоод журмаараа үйл ажиллагаагаа зохицуулдаг бие даасан байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрх үүрэггүй тул “...өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийлгэхгүйн тулд хахууль өгсөн...” гэх прокурор, шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.
2. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар, Жаргалан сувилалтай байгуулсан 03/08 тоот гэрээний 4.2 дахь заалтын дагуу үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэл жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлбөрийг саадгүй шилжүүлэх үүрэг хүлээсэн байдаг тул миний зүгээс тогтоосон хугацаанд санхүүжилт авахын тулд И.Э-ад 2.000.000 төгрөг өгснөөр илүү зардал хууль бусаар авсан буюу надад ямар нэгэн давуу байдал үүсэж бий болсон байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад иргэн надад ял шийтгэл оногдуулсан. Миний бие И.Э-ад мөнгө өгөх санаачилга гаргаагүй, ямар нэгэн давуу байдал тогтоох, шан харамж болгох талаар огт ярилцаж тохироогүй буюу ямар нэг ашиг завшин хүртэж, давуу байдал бий болгосон бодит үндэслэл, үйлдэл хуулийн дагуу тогтоогдоогүй бөгөөд тийм сэдэл санаа огт байгаагүй болно. И.Э-аас мөнгө өгөх хүсэлтийг гаргасан бөгөөд миний бие тухайн үедээ ямар зорилготой мөнгө өгөхийг хүсэж байгааг нь ойлгоогүй. Бодвол буцааж өгөх биз дээ гэсэн бодолтой уг мөнгийг өгсөн. Гэтэл И.Э- уг мөнгийг 3 жил шахам хугацаанд буцааж өгөөгүй, өгөх тухай дурсаагүй нь эрхэлж буй албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан буцааж өгөхгүй авилга болгон авна гэсэн бодол санаатай байсан эсэхийг би нотолж бас үгүйсгэж чадахгүй. Зөвхөн миний зүгээс ямар нэгэн авилга өгөх, давуу байдал бий болгох, тийм сэдэл, объектив шаардлагагүй байснаа шүүхэд илэрхийлж байна. Таньж мэддэг, тэгээд ч ажил хэргийн холбоо бүхий өндөр албан тушаалтай хүн мөнгөөр түр туслаач гэж шаардаад дахин хүсээд байх нь миний хувьд сэтгэл зүйн дарамттай, хүний нүүр халуун гэдэг зарчмаар дараа буцаан өгөх биз гэсэн сэтгэлээр 2.000.000 төгрөг өгснөө гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Иймд гэмт хэрэг хийх сэдэл, объектив нөхцөл бүрдээгүй, И.Э-ад хүссэнийх нь дагуу мөнгө өгснөөс өөр гэм буруу үр дагавар гараагүй, хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг цагаатгаж өгнө үү. Хэрэв цагаатгах боломжгүй бол хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Ч-ын өмгөөлөгч Р.Мөнхтариа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүгдэгч С.Ч- нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын зарим нэр бүхий албан тушаалтнууд төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байна. Тухайлбал: хариуцсан эмч Г- 2015 онд өөрийн дүүтэйгээ ирж манай Жаргалант сувилалд үнэ төлбөргүй амарч, тараг сүү цагаан идээ үнэгүй шаардаж авсан. Мөн 2019 онд хэрэгцээгүй бараа авчирч ганц шаахайг 180.000 төгрөгөөр шахаж өгөөд царай алдсан юмнууд ахиухан зүйл авсангүй гэж дарамталж зэмлэж байв.
2. Байцаагч С.С- манай байгууллагыг хариуцаж байхдаа олон удаа амьдрал болохгүй байна гэж мөнгө авч байсан. 2013 онд 500.000 төгрөг хүртэл шилжүүлж байсан. Байцаагч Г- жигнэмэг шахаж удаа дараа мөнгө авсан.
3. Байцаагч эмч А.У- 2019 оны 6 дугаар сараас эхлэн дээрх байдлыг хэллээ гэж дургүйцэн албан үйлчилгээ үзүүлсэн зардлыг хасаж үндэслэлгүйгээр санхүүгийн файлыг албан тушаалаа хэтрүүлэн ганцаараа дур мэдэн устгуулж 6 сар буюу 183 хоногоор санхүүжилтийг саатуулснаас болж ажил үйлчилгээнд 1000 гаруй хүүхдийн үйлчилгээг тасалдуулан 10-аад эмч халагдаж 137.200 төгрөгийн бодит хохирлыг учруулсан.
4. Байцаагч А.У-, С.С- нар тус байгууллагын нэр хүндийг унагааж хориг саад болохын тулд ямар ч удирдаж төлөвлөгөөгүй 45 минутад групп шалгалт хийсэн болж хоолоор дайлуулж аваад дээд удирдлагууддаа дутагдал зөрчилтэй гэж танилцуулагдаж байх үед нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон хууль хяналтын байгууллагуудын хамтарсан байгууллагуудын групп шалгалтаар зохих ёсоор ажиллаж байгааг үнэн шударгаар нь дүгнэж танилцуулагдсанаар өөрсдийн хийсэн шалгалтын үндэслэлгүй болохыгоо хүлээн зөвшөөрч хамтарсан хурлаар эвлэрч хүртэл байсан гэх мэтээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын дээрх нэр бүхий хүмүүсийн талаар гаргасан гомдлыг мөрдөн байцаалтад шалгаж гэм буруутай эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг бүрэн орхигдуулсан байна. Зарим үйлдэл зөрчлүүдийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй бол буруу зөвийг нь шалгаж тогтоогоод хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байжээ. Гэтэл бас 2019 оны 6, 9 дүгээр сард А.У-, С.С- нарын зүй бус үйл ажиллагааг шалгаагүй, удирдлагуудад нь удаа дараа мэдэгдсээр байхад ямар ч арга хэмжээ авалгүй, харин ч одоо дэвшүүлэн ажиллуулж байгааг буруу гэж үзэж Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаснаар С.Ч-т өөрт нь холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ял шийтгүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
5. Харин энэ гомдолд нэр дурдаагүй байсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И.Г-ийг энэ хэрэгт холбогдуулахдаа С.Ч-ыг байцааж, өөр хүнд мөнгө өгсөн асуудал бий юу гэхэд нь Г-эд гэрээ нүүлгэе гэхэд нь 2.000.000 төгрөг өгсөн гэсэн санаандгүй харилцан ярианаас үүдэж Г- авилга авсан, С.Ч- нь түүнд авилга өгсөн болж ял шийтгэл хүлээж байгаа нь үндэслэлгүй юм.
6. Хэрэгт С.Ч-ын удаа дараагийн мэдүүлгүүд нь дээрх нэр бүхий хүмүүсийн зүй бус хууль зөрчөөд байхад дээд удирдлагууд нь мэдээллийн дагуу арга хэмжээ авахын оронд албан тушаалд дэвшүүлэн ажиллуулаад байгаад хорсож бухимдсандаа “Э-ад 2.000.000 төгрөг өгөөд гарч ирэхдээ гэрч Т.Эрдэнэцэцэгт муусайн авилгачдаас яс саллаа гэж хэлж байсныг гэм бурууг тогтоох гол нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Дээрх хүмүүсийн ёс зүйгүй байдлыг хавтгайруулж хэлсэн болохоос биш Э-ыг авилгач гэж хэлээгүй байна. Шүүгдэгч Э-, С.Ч- нарын удаа дараагийн мэдүүлгүүдэд Э- нь “Албан үүргээ гүйцэтгэхдээ Хүүхдийн төлөө асрах төв”-д олгох ёстой санхүүжилтийг нь тасалдуулахгүй байх, эсвэл Шалгалт хийлгүүлэхгүй байх зэрэг давуу байдлуудыг олгох талаар амлаж 2.000.000 төгрөгийг аваагүй, шүүгдэгч С.Ч- нь мөн дээрх байдлаар өөртөө давуу байдал олж авах талаар тохиролцоогүй, амьдралд хэнд ч тохиолдож болох Сэлэнгээс гэрээ нүүлгэхэд шатахууны туслалцаа хэрэгтэй байна гэснээр 2.000.000 төгрөг өгч авсан нь тодорхой байна. Авлигын тухай хуульд зааснаар хахууль авсан гэх И.Э- нь өөртөө ашиг олох, С.Ч- нь ажил хэргээ бүтээх талаар хэлэлцэж ярилцсан талаарх ямар ч үг яриа, өгүүлбэр хэрэгт нотлох баримт болж авагдаагүй байхад гомдолд дурдагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын нэр бүхий ажилтнуудын зүй бус ажиллагааг шалгаж шийдвэрлээгүй байж агуулгаар нь шүүгдэгч нарт нялзааж гэм буруутай болгож ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч С.Ч-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Э-ад Жаргалант сувилалд давуу байдал олгосон нөхцөл байдал байхгүй бөгөөд тэрээр давуу байдал олгох эрх бүхий албан тушаалтан биш, санхүүгийн гүйлгээ хийх эрх мэдэл байхгүй болох нь хэргийн материалаас харагддаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотолбол зохих зүйлсийг бүрэн нотолж тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шалгаж өгнө үү.” гэв.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч С.Ч- нь анх Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалтын мэргэжилтэн Г-, С-, Г- гэх мэт хүмүүсийн талаар дурдсан байдаг. Уг гомдолтой холбогдуулан мөрдөгчөөс С.Ч-т хууль сануулж мэдүүлэг авахад “И.Э- гэх хүнд 2.000.000 төгрөг өгсөн” талаар мэдүүлсэн. Тэгэхээр хахууль өгөх гэмт хэргээ ямар нэг гадны нөлөөгүйгээр хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулаагүй. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийн явцад дээрх зүйлийг ярьсан байдаг тул хэргээ сайн дураараа илчилж ирсэн гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Г-, Г- гэх 2 мэргэжилтний асуудлыг одоо хүртэл шалгаагүй гэж гомдолдоо дурдсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлуудын талаар шалгахад тэдэнд холбоотой асуудал нь гэмт хэргийн шинжгүй байсан. С- гэх нягтлан бодогчийн 500.000 төгрөгийн хахууль авсан гэх асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн гэмт хэргийн шинжгүй гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Харин хууль буцаан хэрэглээгүй гэх асуудлын тухайд С.Ч-, И.Э- нарын холбогдсон гэмт хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх үед 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн байсан тул хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдахгүй гэж үзсэн. Өмгөөлөгч Б.Эрдэнэбаатараас шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар ярьж байгаа боловч ямар төрлийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, ямар байдлаар хэргийг нэг талаас нь барьж шалгасан гэдэг талаар хууль ёсны үндэслэлтэй асуудлыг тавьж, давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэх ёстой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос И.Э-ыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаартай тушаалаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн тангараг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.6, 7.1.7, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.4-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээнүүдийг тус тус зөрчиж, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн С.Ч-аас гэрээ нүүлгэх нэрээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, 2.000.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
С.Ч-ыг “Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүний хувьд “Жаргалан” сувиллын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газраас “Жаргалан” сувиллын санхүүжилтийг тогтмол хугацаанд саадгүй авах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын орчим 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Э-ад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, прокуророос И.Э-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгч И.Э-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Ч-ыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийтийн албан тушаалтанд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.Э-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Э-ад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, С.Ч-т оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч И.Э-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх болсон хууль зүйн үндэслэлийг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан тодорхой тусгаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, хахууль өгөгч, авагч этгээдүүдийн ашиг сонирхлын нэгдэл юу байсан, хахууль авагч албаны ямар чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан зэрэг асуудлыг тодорхой тусгалгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг тайлбарлах замаар “...улс төрд нөлөө бүхий этгээд биш, мөн хахууль авах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, хясан боогдуулах аргаар буюу тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардсан үйлдэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн төрлийн ялыг сонгож, доод хэмжээг оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлагад нийцээгүй байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Э-, С.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч И.Э-, С.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Ч-, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа нарын гэм буруу, ялын талаар гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/694 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Э-, С.Ч- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл И.Э-, С.Ч- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН