| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.З-оор хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,
Шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн ............. дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..........оны ....... дүгээр сарын ......-ны өдөр ........... аймгийн .........суманд төрсөн, ..........настай, ........, ............боловсролтой, ............мэргэжилтэй, .............ХХК-д .............мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..............хот, ..........дүүрэг, .........дугаар хороо, ........дугаар хорооллын ..... дүгээр байр ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...........овгийн Ө...... М......., регистрийн дугаар
Шүүгдэгч Ө.М........ нь 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө ******* аймгийн ....... сумын ...... багийн нутаг дэвсгэр 4-н замын уулзвар гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ө.Б-ийн эрүүл мэндэд зүүн бугалганы хугарал гэмтэл бүхий нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын яллагч Б.Ч........ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* аймгийн ......... сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч...... би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ө.М......... холбогдох эрүүгийн ......... дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь Ө.М......... нь 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө ******* аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэр 4-н замын уулзвар гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, эрүүл мэндэд зүүн бугалганы хугарал гэмтэл бүхий нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Шүүгдэгч Ө.М...... нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Миний тухайд бага насны 3 хүүхэдтэй. Одоо эхнэр маань жирэмсэн. Уг нь би мэргэжлээрээ ахиж дэвшээд төрийн байгууллагад ажиллах хүсэл сонирхолтой. Энэ байдлыг маань нягтлаад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж бий эсэхийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г....... нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.М........ нь хохирогч Ө.Б........ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг прокурорын зүгээс хангаж шийдвэрлэсэн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хувийн байдлын тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй байгаа. Иймд прокурортой тохиролцсон буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгуулах саналтай байна. Хэдийгээр прокурортой ял, албадлагын арга хэмжээ тохирч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан хэдий ч шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол нөхөн төлсөн байдал, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг хянаж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Ө.Б........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн төрсөн дүү болох Ө.М......... гэр бүлийн хамт хотоос 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түүний приус-30 маркийн цагаан өнгийн ....... ........ улсын дугаартай машинаар дүүгийн эхнэр хүүхдийг нь Увс аймгийн сум руу хүргэж өгөхөөр гарсан. Тэгээд суманд 2024 оны 12 дугаар сарын 11-ний 17 цаг 30 минутын үед дүүгийн хадмынд нь очсон. Очоод 2024 оны 12 дугаар сарын 11-ний 18 цагийн үед тэндээсээ буцаад хот руу гарсан. Замдаа буюу ******* аймгийн сумын ******* багийн нутаг 4-н замын уулзвар хэсэгт гэнэт хашлага гарч ирээд уг осол гарсан юм. Тухайн үед дүү өөрийнхөө машиныг жолоодож явсан. Түүний хажууд би жолоочийн эсрэг талын урд суудал хэсэгт сууж явсан. Тэр үедээ би суудлын бүсийг бүслээгүй байсан. Харин дүү М.......... нь суудлын бүсээ бүсэлсэн байсан. Тухайн машинд бид хоёроос өөр хүн сууж яваагүй юм. Осол 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн үед болсон. Тэгээд замаар явж байсан гэх нэг машинд суугаад ******* аймгийн сумын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. 80-90 км цагийн хурдтай явж байсан. Дүү бид хоёр сэрүүн явж байсан. Замын гадаргуу нь цастай, гөлөөн үүссэн байсан. Би өөрийн биед учирсан гэх гэмтэлд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Надад учирсан гэмтэлд 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Түүнийг дүү М........ бүрэн барагдуулсан юм. Одоо надад нэхэмжлэх мөнгө төгрөг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34, 37-38 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Д.Ц......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч Ө.Б....... // нь эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авч байсан эсэхийг нь программаас шалгаж үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацаанд нийт 2,772,265 төгрөгийн тусламж үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас түүнд олгосон байгаа. Зардлыг нэг бүрчлэн задалж хэдэн сарын хэдний өдөр, ямар оношоор, ямар эмнэлгийн байгууллагаас, ямар төрлийн тусламж үйлчилгээ авсан талаар хүснэгтээр тодорхой гаргаж харуулсан байгаа. Би гэм буруутай этгээдээс хохирогчийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг буцааж гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгомоор байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Б........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .. Манай байгууллага авто зам хариуцдаг ба А0603 буюу Ц.......-Т........-Н......., А1102 буюу буюу М.......-У....... чиглэлийн замын тэмдэг тэмдэглэгээ, автозамын тоноглол, замын цэвэрлэгээ үйлчилгээ зэргийг хариуцдаг. Тухайн орчны замын тоноглол буюу ******* аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 4-н замын уулзварын ган туузан хашлага нь 4 метрийн урттай байдаг ба тухайн орчимд 4 метрийн урттай 2 ширхэг ган туузан хашлага тахийж, гулзайсан байсан. Мөн нэг ширхэг төмөр шонгийн хөл тахийлгасан байсан. Тухайн 2 ширхэг ган туузан хашлага, 1 ширхэг төмөр шон зэргийг дахин ашиглах боломжгүй байдаг юм. 1 ширхэг ган туузан хашлагын метр нь 240,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Харин 1 ширхэг төмөр шон нь 70,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг. Ингээд бодож тооцвол 2 ширхэг ган туузан хашлагын нийт урт 8 метр байх ба түүнийг 8х240,000=1,920,000 төгрөг, үүн дээр 1 ширхэг төмөр шонгийн үнэ болох 70,000 төгрөгийг нэмбэл нийт 1,990,000 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан юм. Мөн тухайн ажлыг хийлгэхэд 60,000 төгрөг болно. Ингээд нийтдээ 2,050,000 төгрөгийг манай байгууллагаас нэхэмжилж байна. Тухайн мөнгийг гаргачих юм бол манай байгууллагаас гаргах гомдол санал, хүсэлт, дахин нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
-Гэрч Ш.О........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн Т....... сумын нэгдсэн эмнэлэгт 2024 оны 12 дугаар сарын 11-ний 17 цагаас 2024 оны 12 дугаар сарын 12-ны 12 цагийн хооронд яаралтай түргэн тусламжийн сувилагчаар гарч байсан юм. Тэгээд 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнийн 02 цаг 10 минутад эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн өрөөнд 4 эрэгтэй хүн орж ирээд ******* аймгийн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 4-н замын уулзвар хэсэгт приус-30 маркийн машин замын хашлага мөргөсөн осолд орлоо гэж хэлсэн. Иргэн Ө.Б гэмтэл авсан байж магадгүй гээд үзүүлэхээр ирлээ гэсэн. Тэгээд тухайн иргэний биеийн байдлыг үзэхэд үзүүлэгч Ө.Б....... зүүн гарын бугалганы яс цуурсан, өвдөлт ихтэй байна гэхээр би яаралтай тусламжийн эмчээр гарч байсан гэх эмчид үзүүлсэн. Тэгээд үзүүлэгч маргааш өглөө нь буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны 09 цаг гээд яаралтай тусламжийн өрөөнөөс гарсан юм. Мөн тухайн Ө.М.......... гэх хүний биеэс цус авах ажиллагааг хийж 1 хуруу шилэнд цус авч өгсөн. Тэр үед үзүүлэгч Ө.Б........ нь машин дотроо хоёулаа явсан гэж байсан. Машиндаа тэр хоёр өөр хүнгүй явж байсан гэсэн. Надад үзүүлэгч Ө.Б.......... нь анх ирэхдээ замын машинд суугаад дүү М........, замын унааны 2 хүнтэй эмнэлэгт анх ирсэн. Үзүүлэгч Ө.Б....... нь зүүн талын гар өргөж болохгүй байна, өвдөөд байна гэсэн. приус-30 маркийн машиныг нь дүү болох М.......... жолоодож явсан. Жолоочийн хажуу талын урд суудал дээр үзүүлэгч Б......... сууж явсан гэж өөрөө надад хэлсэн. Дүү машинаа жолоодож явах үедээ хашлага мөргөсөн. Түүнээс болоод надад уг гэмтэл учирсан гэж үзүүлэгч Б.......... хэлсэн. Үзүүлэгч Ө.Б........ зүүн гарын бугалганы яс цуурсан гэж рентгэнээр харж эмч хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
-******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 000000023 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-60 дугаар хуудас/,
-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
-"******* ******* *******" ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-92 дугаар хуудас/ ,
-2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл” /хх-ийн 1 дүгээр хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09 дүгээр хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.М........ нь 2024 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө ******* аймгийн ....... сумын ........ багийн нутаг дэвсгэр 4-н замын уулзвар гэх газарт .............. улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ө.Б.......... эрүүл мэндэд зүүн бугалганы хугарал гэмтэл бүхий нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч Ө.М......... нь өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,772,265 төгрөгийн, ******* ........ *******-нд учирсан 1,486,363 төгрөгийн хохирлуудыг төлж барагдуулсан байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж зам тээврийн осол гарсны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд дээрх үйлдлийг ........ аймгийн ........ сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.М............ холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ө.М.......... ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгч Ө.М........... гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.
Мөн Ө.М.......... нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад дэмжлэг үзүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг хурдан шуурхай барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээс дээш 3 жил хүртэл хугацаагаар хасаж 2700 нэгжээс 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр шүүгдэгчтэй тохиролцсон байна.
Иймд шүүх шүүгдэгч Ө.М.......... цаашид сурч боловсрох, ажил мэргэжлээ сонгож төрийн албанд ажиллах, нийгмийн амьдралд идэвхтэй, үр бүтээлтэй оролцож амьдрах байдлуудыг харгалзан итгэл хүлээлгэж түүнд прокурортой тохилцсоных нь дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......... овгийн Ө............ М........... Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М............ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М......... түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН