Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2017/00680

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00081/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,.... /16020/, .....тоотод байрлах Х.Ц- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ...... тоотод оршин суух, регистрийн дугаар .. Б. . овогт Н.Э.холбогдох

 

Гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 2.900.000 төгрөг, алданги 1.450.000 төгрөг, нийт 4.350.000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч Г.Э-нь 2,02 мкв талбайн зөрүү 2.424.000 төгрөг, ус алдуулсны хохирол 331.000 төгрөг, нийт 2.755.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч С.Ш-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З-, хариуцагч Н.Э- хариуцагчийн өмгөөлөгч Л.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц- ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Н.Э- нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Х.Ц- ХХК-тай №13/18 тоот Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан бөгөөд Дархан сумын ....тоот, 54,5 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 1 мкв-ыг 1200 000 төгрөгөөр үнэлж нийт 65 400 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн. Үүнээс Н.Э- 62 500 000 төгрөг төлж, үлдэгдэл 2 900 000 төгрөгийг дараа төлөхөөр өргөдөл өгсөн юм. Иймд гэрээний заасны дагуу алданги 1 450 000 төгрөгийн хамт 4 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э- түүний өмгөөлөгч Л.О- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 8 сараас байрныхаа төлбөрийг гэрээний дагуу цувуулж өгч байсан ч 2014 онд тус байрны айлууд хэмжилт хийлгэснээр 1 айлаас 2-3 мкв дутуу байсныг олж мэдэн тэр үед оршин суугчид хэл ам хийж байсан болохоор энэ компани надаас үлдэгдэл төлбөр болох 2 900 000 төгрөгийг ч нэхэхээ байж, би ч мкв-ын дутуу зөрүүндээ тохирч байгаа юм байна гэж ойлгон төлбөрийг зогсоосон байсан. Гэтэл гэнэт 2,5 жилийн дараа үлдэгдэл мөнгөө нэхэхээр барахгүй алданги бодсон байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь:

Тус компанитай хийсэн №13/18 тоот гэрээнд 54,5 мкв талбай бүхий 2 өрөө байрыг 1мкв 1 200 000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Гэтэл Орон сууцны барилгын доторхи талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй Улаанбаатар хот дахь А- ХХК-аар хэмжилт хийлгэн шалгуулахад 52,48 мкв гэж дүгнэлт гарсан. 2,02 мкв-ын үнэ 2 424 000 төгрөг болж байгаа. Үүнээс үзэхэд би байрныхаа төлбөрийг бараг бүрэн төлчихсөн гэж үзэж байгаа. Энэ нь тухайн үед газар дээрээ мэдэгдэх боломжгүй ч хойшид мэдэгдэх надад учирсан хохирол гэж үзэж байгаа. Тус компани зөвхөн намайг төдийгүй 20 гаруй айлуудыг хохироочихоод надаас төлөгдөх ёсгүй мөнгийг нэхэмжилж байгаа нь ухамсаргүй, шударга бус болохыг илтгэж байна. Ц.З-т энэхүү мкв-ын зөрүү нь байрны үлдэгдэл мөнгөтэй дүйцэж байгааг хэлэхэд “Би огт мэдэхгүй ээ” гэдэг хариу өгдөг. Асуудалд огт анхаарал, ач холбогдол өгч чаддаггүй байсан.

Жич: Мөн тус компаний зарагдаагүй байр болох манай харалдаа дээд давхар болох 23 тоотоос манайх руу удаа дараа /10-12/ ус алдуулж хохирол учруулсан. Ингэж хүнийг давхар хохироочихооод надаас мөнгө нэхэмжлээд байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би ч мөн хохирлоо барагдуулж, эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байна гэв.

 

Хариуцагч Н.Э- хариуцагчийн өмгөөлөгч Л.О- нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Миний бие Х.Ц- ХХК-аас №13/18 тоот орон сууц захиалгын гэрээгээр Дархан сумын 14-р баг, 2-р хорооллын 43-р байр 18 тоот 54,5 мкв бүхий талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1200 000 төгрөгөөр үнэлж авсан. Нийт 65 400 000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ хийсэн боловч уг байрыг Орон сууц барилгын доторхи талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй Улаанбаатар хот дахь А- ХХК-аар хэмжүүлж шалгуулахад 52,48 мкв болох нь тогтоогдсон. Үүний зөрүү 2 424 000 төгрөг,

2. Х.Ц- ХХК-ны 2013 онд ашиглалтад орсон ..... тоотоос 2014 оны 9 сарын 23-нд 00 өрөөнөөс ус их хэмжээгээр алдсан. Байрны үлдэгдэл төлбөртэй байсан учраас шүүхэд хандаж чадаагүй, зураг авч баримтжуулан шинэ байр байсан болохоор яаралтай өөрийн хөрөнгөөр засварлаж ахиж ус алдуулахгүй байхыг шаардсан боловч тэр үеийн менежер “Мэдэхгүй би түр ажиллаж байгаа цааш нь хэлье” гээд л өнгөрсөн. Гэтэл 2015 оны сүүл 11 сард дахин 00 өрөө рүү ус алдуулсан. Түүнээс хойш хэд хоноод л ус алддаг болж засвар ч хийх боломжгүй болсон. Мөн коридор, жижиг өрөө, том өрөө рүү ч ус алддаг болсон. Ер нь энэ бүхэн хэвийн үзэгдэл болж хувирсан. Маш олон удаа ус алдах тоолонд менежер Золбаярт хэлж арга хэмжээ авахыг шаардахад “Түлхүүр алга байна, хотод байна, надад хамаагүй” гэх мэтээр шалтаг тоочиж, тэр ч бүү хэл байрны үлдэгдэл төлбөрөө өгөхгүй бол одоо яая гэхэв” гэхчлэн тавлаж тоомжиргүй ханддаг байсан. Тэгэхээр нь байрны мкв-ийн зөрүү айл бүрт 2-3 дутаж байгаа тэгэхээр манайх үлдэгдэл мөнгөндөө бараг дүйцэж байгааг тайлбарлахад “Би мэдэхгүй ээ, хөлөө хүрэх газраа хүртэл заргалд” гэх мэт л хариулт өгдөг байсан. Ер нь л аливаа асуудлыг ярилцахдаа “Би мэдэхгүй ээ” гэж мэлздэг. Энэ олон удаагийн давтамжтайгаар ус алдуулсан болохоор хуучирсан байрны 00-оос ч үзэмжгүй болсон. Тааз дэвтэн цоордог бол цоорохоор болчихсон байгаа. Х.Ц- ХХК-аас ус алдуулсны хохирол болох 331 000 төгрөг, талбайн зөрүү 2424000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргасан боловч өнөөдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж  орон сууцны мкв-ын зөрүү 2424 000 төгрөг, гэм хорын хохирол 101 000 төгрөг, шинжээчийн зардал 96 200 төгрөг, засварын хөлс 43 000 төгрөг нийт 2 664 200 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З- шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны мкв-ын зөрүү 2.424.000 төгрөг, ус алдуулсны хохирол 101.000 төгрөг, шинжээчийн зардал 96.200 төгрөг, засварын хөлс 43.000 төгрөг нийт 2.664.200 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ц- ХХК нь хариуцагч Н.Э-т холбогдуулан байрны үлдэгдэл төлбөр 2.900.000 төгрөг, алданги 1.450.000 төгрөг,  нийт 4.350.000 төгрөг гаргуулах, хариуцагч нь 2.775.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж, орон сууцны талбайн зөрүү 2.424.000 төгрөг, ус алдуулсны хохирол 101.000 төгрөг, шинжээчийн зардал 96.200 төгрөг, засварын хөлс 43.000 төгрөг нийт 2.664.200 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н.Э- нь байрны төлбөр 2.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй нь үнэн боловч хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Ц- ХХК нь хариуцагч Н.Э-тэй харилцан тохиролцож 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулан Дархан сумын ....тоот, 54,5 мкв, 2 өрөө орон сууцыг, 1 мкв-ыг нь 1200 000 төгрөгөөр тооцож, 65 400 000 төгрөгөөр гэрээ байгуулсан болох нь Орон сууцны захиалгын гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 6-8 хуудас/

 

Гэрээнд заасны дагуу хариуцагч Н.Э- орон сууцны төлбөрт нийт 62.500.000 төгрөг төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” зааснаар 2016 оны 7 дугаар сарын 22-нд дууссан боловч нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийн үлдэгдлийг шаардаж байсан болох нь хариуцагч Н.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан “...2015 оны сүүл, 11 сард дахин 00 өрөө рүү ус алдуулсан. Маш олон удаа ус алдах тоолонд менежер Ц.З-т хэлж арга хэмжээ авахыг шаардахад ...Түлхүүр алга байна, хотод байна, надад хамаагүй...гэх мэтээр шалтаг тоочиж, тэр ч бүү хэл байрны үлдэгдэл төлбөрөө өгөхгүй бол одоо яая гэхэв гэхчлэн тоомжиргүй ханддаг байсан...” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Орон сууцны захиалгын гэрээний 4.2-т “Захиалагч гэрээний 2.1-д заасан төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, Орон сууц захиалгын гэрээний 6.1-д “захиалагч гэрээний төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлнө” гэж зааснаар  хариуцагч Н.Э-ээс 4.350.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Н.Э- өмчлөлийн Дархан сумын ...... тоот орон сууцны талбайн хэмжээ нь 52,48 буюу 2,02 мкв-ын зөрүүтэй болох нь А-ХХК-тай байгуулсан Орон сууцны барилгын доторх талбайн хэмжилт хийх ажлын гэрээ, А-ХХК-ний дүгнэлт, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэх, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 23-34 хуудас/,

 

Мөн хариуцагч Н.Э-ийн өмчлөлийн орон сууцанд ус алдсаны улмаас гэм хорын хохирол учирсан болох нь К.З- ХХК-ны Хохиролын үнэлгээ хийсэн тайлан, гэрч С.Б.ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 48-57 хуудас/,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.664.200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э-ээс 4.350.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ц- ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ц- ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2.664.200 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.550 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 61.350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-ээс 84.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Х.Ц- ХХК-аас 57.577 төгрөгийг гаргуулж,  хариуцагчид олгосугай.   

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУНДАРЬ

 

 

                                                           Ч.БАТЧИМЭГ