| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01239/И |
| Дугаар | 155/ШШ2020/00118 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2020/00118
| 2020 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2020/00118 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух, Уран дэглий овогт Сономын Даваажаргал / ........................................./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2019/00590/и индекстэй иргэний хэргийг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэжидмаа, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1971 онд төрсөн, ахын хамт ам бүл 2, Ханх сумын Туртад оршин суудаг бөгөөд 2012 оны 11 сарын 10-ны өдрөөс эхпэн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Ханх сумыг хариуцсан гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж ирсэн. Энэ байгууллагад 7 жил үр бүтээлтэй ажиллаж, байгууллагын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгаран гар утас, үнэ бүхий мөнгөн шагналаар шагнуулж байсан. Миний амжилтыг үнэлж 2016 онд МХЗ-ын Шилдэг залуу алтан медаль, мөн ойн тэмдгүүдээр шагнагдсан. Гэвч тус байгууллагын дарга нарыг улс төрийн шалтгаанаар солих бүр тэдгээр нь ажилчин, ажилтан бид нараар оролдож халах, солих асуудал хэвийн зүйл болсон. Үүний нэг илрэл нь намайг ажлаас халсан явдал болно. Миний бие хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөр намайг ажлаас халсан тухай мэдэгдлийг ирүүлсэн байсан бөгөөд үүнээс хойш нэг сарын дараа халах юм байна гэсэн ойлголттой ажлаа үргэлжүүлэн хийж Зүүн сарьдаг руу цаа бугын судалгаанд яваад ирсний маргааш өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгаль хамгаалагч Ч.Хургаагаас халагдсан тушаалыг гардан авснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус байгууллагын ня-бо Ш.Туяа нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж явуулаагүйгээс гэнэт халагдсаны тэтгэмжийг авч чадахгүйд хүрч хохирч байна. Би албан үүрэгтээ хариуцлагатай хандаж ямар нэг алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргалгүй үнэнч шударга ажиллаж ирсэн төдийгүй өдөр, шөнөгүй, цаг наргүй ажиллаж ирсэн.
Иймд ажлаас ямар нэгэн үндэслэлгүй халагдсан, үүнд маш их гомдолтой байгаа учир Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Даваажаргал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2012 оноос эхлэн Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа юм. Ингээд тус хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Идэрийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 тоот тушаалаар ажлаасаа халагдсан. Иймд үүрэгт ажлаасаа үндэслэлгүй халагдсан учир ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээ шүүхэд гаргасан юм. Одоо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 1.545.280 төгрөгийг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Содномын Даваажаргал 1971 онд төрсөн, ам бүл 2, ахын хамт амьдардаг. Ханх сумын Турт гэдэг газар оршин суудаг, 2012 оны 11 дугаар сарын 10-ны өдрөөс эхлээд улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд Ханх сумаа хариуцсан гэрээт байгаль хамгаалагчаар ажиллаж ирсэн. С.Даваажаргал нь ажиллах байх үедээ байгууллагын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч шагнагдаж байсан, 2016 онд шилдэг залуу алтан медаль, ойн тэмдгүүдээр шагнагдсан байдаг. С.Даваажаргалыг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зүүн тайга руу цаа буганы судалгаанд яваад ирэхэд 10 дугаар сарын 10-ны өдөр халагдсан тушаал гаргаж өгсөн байдаг. Үүнийг хууль бус тушаал гэж үзээд ажилдаа эргүүлэн тогтоолгох хүсэлтэй нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. С.Даваажаргалын цалинг нэмэгдүүлж тогтоосон байгаа, хавтаст хэрэгт манай сайн ажилтан гэсэн тодорхойлолт хийж явуулсан байна. Иймд тус хамгаалалтын газрын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа Идэрийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 тоот тушаалыг хүчингүй болгож Тусгай хамгаалалттай газрын гэрээт байгаль хамгаалагчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн тушаалд түр гэж томилоогүй гэрээт гэж томилсон байдаг. Хөдөлмөрийн хуулийн ямар нэгэн тусгайлан заалтыг тодруулж заасан зүйл байдаггүй. 38 дугаар зүйлийн 38.1.2, төсвийн тухай хуулийн 16.5.3, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын журам зэргийг баримтлаад халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэмэгдүүлж гаргасан нэхэмжлэл дээрээ тушаал гаргаж халагдсан өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулж авна гэсэн байгаа гэв.
Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Сономын Даваажаргалын гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Манай байгууллагын зүгээс түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой нотлох баримтыг холбогдох тайлбарын хамт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлнэ гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. С.Даваажаргалын 2018 оны 4 сарын 17-ний өдрийн тус газрын 17/Б дугаартай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар улирлын болон түр хугацаагаар тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар тооцож гэрээ байгуулсан байна. Тушаал дээр нөхцлийг заахдаа С.Даваажаргал нь хаврын хуурайшилттай үед ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх аялал жуулчлалын ачааллын үед Цагаан-хужиртаас байшинт олон овоо хүртэл газрыг хариуцан хамгаалуулахаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт байгаль хамгаалагчаар ажиллуулъя гэсэн байгаа. Тэгэхээр шүүх шийдвэр гаргах байх. С Даваажаргалыг эргүүлэн тогтоохдоо тушаалын үйлчлэх хугацаа буюу 4 дүгээр сарын 17-ны байдлаар тогтоож өгнө үү гэсэн санал гаргаж байна. Улирлын чанартай ажилд томилсон байхад 2018-2019 он бүтэн цалин аваад яваад байсан байгаа юм. Энэ өмнө ажиллаж байсан даргатай холбоотой байх. Энэ бас байгууллага болон улсын төсөвт хохиролтой байсан гэж үзсэний улмаас ажлаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2 дэх хэсэг ажил олгогчийн санаачлагаар гэдэг боловч, ямар гол үндэслэлээ барих вэ гэдгээ тодорхойлж чадаагүйгээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж чадахгүйд хүрээд байна гэв.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Даваажаргал нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүх хуралдаан явагдах өдрийг хүртэлхи хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Идэрийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан ...С.Даваажаргалыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх тушаал,
... 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр С.Даваажаргалыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн Ч.Хургаа, Хүлээн авсан С.Даваажаргал гэсэн баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч С.Даваажаргал нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэх гомдлоо 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргажээ.
Иймд С.Даваажаргалыг хуульд заасан хугацааны дотор гомдлоо шүүхэд гаргасан гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын нотариатаар гэрчлүүсэн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээлгэн өгсөн тухай баримт, Уран дэглий овогт Содномын Даваажаргалын 0461509 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас баримтыг,
Хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, С.Даваажаргалыг ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Б-16 дугаар С.Даваажаргалын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал, С.Даваажаргалын ажил байдлын тодорхойлолт, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудын Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны тусгай хамгаалалтын алба Хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт тус тус ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгч С.Даваажаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: 1/ Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч С.Даваажаргал нь Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 5. Содном овогтой Даваажаргалыг...2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн Гэрээт байгаль хамгаалагчаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй С.Даваажаргалыг ажилд томилох тухай 17-Б дугаар тушаал, нэхэмжлэгч С.Даваажаргалд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №А0461509 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн бичилттэй хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-31 дүгээр С.Даваажаргалыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол улсын Засгийн газрын Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоолыг тус тус баримтлан үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэх талаар хуульчилсан байх тул нэхэмжлэгч С.Даваажаргал нь ажилд эгүүлэн тогтоолгох гомдол гаргах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилсан гэж ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг тус тус хуульчилсан байна.
Ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангасан байх, уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь тухайн ажилтныг чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ба түүнчлэн энэ нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн байх шаардлагатай.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Даваажаргалыг ажил олгогчийн санаачилснаар чөлөөлсөн байх боловч ажил олгогч нь ямар үндэслэлээр өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа талаараа ажлаас чөлөөлсөн тушаалдаа дурьдаагүй мөн холбогдох заалтыг баримтлаагүй учир ажил олгогч /хариуцагч/-ийн нэхэмжлэгч С.Даваажаргалыг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байна.
Түүнчлэн хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь нэхэмжлэгч С.Даваажаргалыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоол зэргийг ямар учраас С.Даваажаргалтай холбон баримталсан үндэслэлээ тухайн тушаалдаа тодорхойлоогүй байгаа зэрэг нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохынхоо хувьд хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.
Иймд С.Даваажаргалыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
2/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 1.545.280 /нэг сая таван зуун дөчин таван мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн нэхэмжилсэн мөнгөн дүн нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлхи хугацаанд гаргасан дүн бөгөөд үүнийгээ нэмэгдүүлж өнөөдрийг хүртэл буюу шүүх хуралдаан болж байгаа өдрийг хүртлэх хугацааны цалин хөлсөө нэхэмжилнэ гэж тодруулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно,
Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч С.Даваажаргал нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх эрхтэй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бүтэн ажилласан 2019 оны 9 дүгээр сард 542.442 төгрөг, 8 дугаар сард 507.442 төгрөг, 7 дугаар сард 507.442 төгрөг авч байсан нь түүний №А0461509 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул бүтэн ажилласан сүүлийн 3 сарын цалин 1.557.326 төгрөг : нэг сард 519.108 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 24.144 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 73 хоногийн цалин 1.762.512 төгрөг болж байна.
Иймд нэхэмжлэгч С.Даваажаргалд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 1.762.512 төгрөгийг хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулж олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч С.Даваажаргалын урьд эрхэлж байсан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.674 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас ажлаас буруу халса гомдолд төлөх 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.762.512 төгрөгөнд тохирох 43.150 төгрөг нийт 113.350 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Уран дэглий овогт Содномын Даваажаргал /РО71043093/-ыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 1.762.512 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Даваажаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.674 /гучин есөн мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгчид улсын орлогоос буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.762.512 /нэг сая долоон зуун жаран хоёр мянга таван зуун арван хоёр/ төгрөгөд тохирох улсын тэмдэгтийн хураамж 43.150 /дөчин гурван мянга нэг зуун тавь/ төгрөг нийт 113.350 /нэг зуун арван гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА