| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00997/И |
| Дугаар | 142/ШШ2020/00104 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 142/ШШ2020/00104
| 2020 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 142/ШШ2020/00104 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-17-38 тоотод оршин суух Боржигон овогт Хүрэлбаатарын Эрдэнэбулган /РД:ФМ83102272/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Захиргааны 1-р гудамж, МАН-ын байрны ард, Алтай төвийн байранд байрлах, БЭБХ ХХК,
Хариуцагч: 1971 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-18-80 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Эрхэмбаяр /РД:ДЮ71011017/ нарт холбогдох
23343720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч М.Эрхэмбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Эрдэнэбулган миний бие 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр М.Эрхэмбаяртай тохиролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг МАН-ын байрны ард байрлах Алтай төвийн барилгын 360 м.кв талбайг 5 жилийн хугацаанд түрээслэхээр болж, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг байранд би шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй нэлээд засвар үйлчилгээ хийж байж ашиглах боломжтой байсан тул уг засвар үйлчилгээний үнийн талаар бид анх тохиролцохдоо ажлын байрыг би өөрийн зардлаар засварлан тохижуулж, гарсан зардлыг уг байрыг 5 жилийн хугацаанд түрээслүүлэн хэвийн ажиллуулсан тохиолдолд нэхэмжлэхгүйгээр өөрөө хариуцахаар болсон. Нэгэнт байрыг 5 жилийн хугацаанд хэвийн ажиллуулсан тохиолдолд засвар үйлчилгээг нь өөрөө хийхээр тохиролцсон учраас би 2 сар гаруй хугацаанд уг байрны В1 давхар, 1 давхрын ажлын байранд өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байсан. Гэтэл М.Эрхэмбаяр нь түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өмнө нь надад огт мэдэгдэхгүйгээр уг байрыг ашиглаад 1 жил 10 сар гаруй хугацаа өнгөрөөд байхад байрнаас гар гэдэг шаардлага тавьж байна. Би уг байранд 5 жил тогтвортой ажиллавал засвар хийсэн мөнгөө нэхэмжлэхгүйгээр тохиролцсон. Гэтэл үйл ажиллагаа явуулаад 1 жил 10 сар гаруй хугацаа өнгөрч байхад уг байрнаас гарвал ашиг олохгүй бүр засвар хийсэн мөнгөө ч олж чадахгүй хохироход хүрээд байна. Би уг байранд 23343720 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 23343720 төгрөгийг гаргаж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс гэрээ байгуулж, ажиллаж эхэлсэн. Тухайн үед уг барилгын дотоод бүтэц нь өөр оффисийн зориулалттай байсан. Энэ бүх өрөө тасалгааг би өөрийн дизайнераар сэтгэж засвар хийсэн. М.Эрхэмбаяр нь анх гэрээ байгуулахаар уулзаж байхад бид нарыг өөрсдөө засвар хийгээд ороорой гэж хэлсэн. Би 5 жилийн гэрээ хийе гэж хариуцагчид хэлсэн. Тэгэхэд энэ ах 5 жилээр гэрээ хийхгүй, 3 жилээр хийнэ гэж хэлсэн. Манайх 1 жил 10 сарын хугацаанд ажилласан. Сүүлийн 3-4 сард нойлдоо болон гадаа талбайдаа засвар хийж өгнө гэж хэлсэн. Хүмүүс үйлчлүүлэх гэхээр нойлд нь орж болдоггүй, гадаа элс хайрга авчраад асгасан учраас хүмүүс орж үйлчлүүлэхэд хүндрэлтэй болсон. Тэгээд тухайн үед гадаа хөлбөмбөгийн асар барьчихсан байсан. Тэгээд манайх алдаг оног ажилладаг байсан. Засвар хийж байхад гарсан зардлын баримтуудыг зээл авахад ашиглана гэж нэг удаа авч явж байсан. Заримыг нь буцааж өгөөгүй. Байгаа баримтуудаас уншиж танилцуулъя. Хөшиг 1 334 000 төгрөг, чулуун хавтан 300 000 төгрөг, 0.5 пасат хавтан 532 000 төгрөг, хар шүрүүп 14 000 төгрөг, тоосго 105 000 төгрөг, элс 12 000 төгрөг, цемент 40 000 төгрөг, төмөр 130 000 төгрөг, шаланк 30 000 төгрөг, дохиолол 170 000 төгрөг, шар хаалт 20 000 төгрөг, хаалт 8 000 төгрөг, салаалагч 16 000 төгрөг, редуктар 15 000 төгрөг, ажлын хөлс 40 000 төгрөг, целкон 8 000 төгрөг, будаг 14 000 төгрөг, абжур 60 000 төгрөг, ламп 1500 төгрөг, хар хоолой 3000 төгрөг, тогны утас 14 400 төгрөг, булан 14 000 төгрөг, унтраалга 3 000 төгрөг, бэлэнтус 110 000 төгрөг, залгаа 45 00 төгрөг, төгсгөл 4 200 төгрөг, дотор 2 400 төгрөг, зүсэгчний ир, бойлуур 280 000 төгрөг, нойлын холигч 50 000 төгрөг, 60 см шаланк 1 метр 3 500 төгрөг, гар хатаагч 70 000 төгрөг, уян шаланк 15 000 төгрөг, труба 44 100 төгрөг, дунд холболтууд 36 000 төгрөг, ир үзүүр 22 000 төгрөг, нойлын агааржуулалт 4 000 төгрөг, шаланк 4000 төгрөг, лаа 12 000 төгрөг, цахилгааны лент 3 000 төгрөг, чийдэн 6 000 төгрөг, коем 1 800 төгрөг, унтраалга 4 000 төгрөг, 12 литрийн будаг 56 000 төгрөг, 9 литрийн пегмент 26 000 төгрөг, эмульс 7 000 төгрөг, гарниз 175 000 төгрөг, паркетан шал 2640 000 төгрөг, дотор гаднах булангууд 24 500 төгрөг, нойлд хаалга 338 000 төгрөг, обой 255 000 төгрөг, обойн цавуу 32 000 төгрөг, төмөр 150 000 төгрөг, төмөр 100 000 төгрөг, тоосго 95 000 төгрөг, гаднах хаяг 1 700 000 төгрөг, цахилгааны утас 50 000 төгрөг, гэрлийн лаамп 6 000, утас далдлагч 6 000 төгрөг, цахилгааны утас 16 000 төгрөг, наалт 3 500 төгрөг, унтраалга 2 000 төгрөг, туузан гэрэл 48 000 төгрөг, туузан гэрэлний залгуур 8 000 төгрөг, будаг шингэлэгч 4 000 төгрөг, агааржуулагч 20 000 төгрөг, сэнс 70 000 төгрөг, сэнс 45 000 төгрөг, олон залгуур 44 000 төгрөг, эмульс 25 000 төгрөг, замаск 14 000 төгрөг, наалт 3 500 төгрөг, өнхрүүш 12 000 төгрөг, эмульс 120 000 төгрөг, эмульс 120 000 төгрөг, тор 28 000 төгрөг, замаск 14 000 төгрөг, зүсэгчний ир 12 500 төгрөг, эмульс 90 000 төгрөг, грунт 35 000 төгрөг, хар замаск 30 000 төгрөг, хөөс 24 000 төгрөг, пасатны хөөс 20 000 төгрөг, пасатны тор 64 000 төгрөг, мод 75 120 төгрөг, хувцасны өрөө нойлын хаалга 1 050 000 төгрөг, эмульс 90 000 төгрөг, будаг 35 000 төгрөг, солонгос эмульс 45 000 төгрөг, лаа 60 000 төгрөг, будаг 35 000 төгрөг, герман хөөс 42 500 төгрөг, пегмент 200 000 төгрөг, бусад бараа 250 000 төгрөг, шар будаг 10 500 төгрөг, агааржуулалтын хоолой болон сэнс 5 100 000 төгрөг, буйдангуудад хийсэн бүрээс 3 800 000 төгрөг, ажлын хөлс 2 500 000 төгрөг гэх мэт зардлууд орж, нийт 23 343 720 төгрөг болсон. Энэ мөнгийг нэхэмжилж байна. Тухайн үед Улаанбаатар хотоос хүмүүс авчирч буйдангуудад бүрээс хийлгэсэн. Объектоо зарахаар болсон нь мэдэгдээд байсан. Манайх газраа зарлаа гэдгээ хэлээд хэдэн төгрөг өгчих байх гэж бодсон. Шижир гэх хүн гэрчээр мэдүүлгээ өгсөн байгаа. Анхны засвар хийж байсан зураг байгаа. Одоо ажиллуулж байгаа хүмүүс миний шийдлээр ажиллуулж байгаа. Засвар хийхэд нийт 36-37 сая төгрөгний бараа материал орсон. Гэхдээ би энэ бүгдийг нэхэмжлээгүй. Сүүлийн 3-4 сар ажиллуулахад үнэхээр хэцүү болгосон. Нойлоо засаж өгөөгүй, гадаа хөлбөмбөгийн асар барьж саад болсон. Менюгаа асарт чинь оруулж үйл ажиллагаагаа явуулах гэсэн чинь 2 000 000 төгрөг гэж шаардсан. Сарын түрээс нь 2 000 000 төгрөг гэж тохиролцсон. Би хувиараа гэрээ байгуулсан. Би ээж аавынхаа байрыг тухайн үед ББСБ-д тавьж зээл авч байсан. Аав ээжийнхээ байрыг би зарчихсан. Тэгээд зээлээс зээлийн хооронд явж байна. Өөрийнхөө байрыг хүртэл зарсан. Энэ хүнийг хүн чанар гаргаад хэдэн төгрөг өгчих байх гэж бодсон. Одоо гэтэл шүүхийн шатанд ирлээ. Би гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтай төв гэх барилгыг түрээслэх, тухайн барилгад засвар хийх талаар тохиролцоод гэрээг байгуулсан байна. Үл хөдлөх хөрөнгийн эзэн биш өөрийгөө эзэн гэж бодоод М.Эрхэмбаяртай гэрээг байгуулсан байна. 2016 оны 09-р сарын 01-ний өдраас эхлээд 3 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр байсан. Ингээд гэрээний дагуу аль алинд нь эрх үүрэг үүссэн. Гэтэл М.Эрхэмбаяр энэ гэрээг би байгуулаагүй гэж хэлдэг. Гэвч хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэрээнд хийгдсэн бичилтүүдийг нэг хүн хийсэн гэдэг нь тогтоогдсон. М.Эрхэмбаярын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон. Хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Шижир, Алимаа нарт мөнгө өгч болно, Д.Эрдэнэбулганд бол мөнгө өгөхгүй гэж ярьж байна. Гэтэл Шижир, Алимаа нарт одоогоор мөнгө өгөөгүй байна. Энэ засвар хийсэн хөрөнгийг Д.Эрдэнэбулган, Шижир нар оруулсан. М.Баттүвшингийн хөрөнгийг өөр бусдад түрээслүүлсэн байна. Энэ нь эрхийн доголдолтой байна. М.Эрхэмбаяр гэх хүн бусдын хөрөнгийг бусдад түрээслүүлж өөрөө хөрөнгө гаргахгүйгээр энэ хүмүүсээр засвар хийлгэсэн байна. Хүчин төгөлдөр бус гэрээ болох нь маргаж байгаа байдлаар тогтоогдож байна. Энэ гэрээ нь анхнаасаа хуульд заасан шаардлага хангаагүй. Иргэний хуулийн 318.5-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчилнэ гэж заасан. М.Эрхэмбаяр нойл ажиллахгүй болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үйлчлүүлэгчийг татах нь тухайн үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан байдлаар илэрхийлэгдэнэ. Нойл хэвийн биш болсон гэдгийг хариуцагч өөрөө хэлж байна. Гэрээг цуцлах нөхцөл бүрдээгүй байсан. М.Эрхэмбаяр гэх хүн шинэ худалдан авагчтайгаа нийлээд хөрөнгүүдийг нь гаргаад тавьсан байна. Тэгээд дараа нь энэ хүн юмнуудаа авч явахдаа миний юмнуудыг авч явсан гэж яриад байна. Паркет, агааржуулалтын хоолойны хоолой, хөшиг гээд 3 эд зүйлсийг нэхэмжлэгч авсан байна. Гэхдээ хагас дутуу авсан, агааржуулалтын хоолойны сэнсийг нь үлдээсэн. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1, 289.1.6, 289.2.5-д зааснаар шаардах эрхийг заасан байна. М.Эрхэмбаяр засвар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь хүнээр засвар хийлгэсэн байраа үнэ цэнэтэй болгосны дараа худалдаж байна. Гэрээгээ зөрчсөн үйлдэл байгаа учраас барилгын материалын зардал, ажлын хөлс, худалдаж авсан эд зүйлс гэх мэтийг нэхэмжилж байгаа юм. Компаний тухай хуулийн 9-р зүйлд компани болон хариуцлагын тухай асуудлыг заасан байгаа. Хувьцаа эзэмшигчийн хүлээх хариуцлагыг заасан байгаа. Хувьцаа эзэмшигч нь компанийн өмнөөс үүрэг хүлээдэггүй. Компанид хуулийн дагуу үүссэн хөрөнгийг хувьцаа эзэмшигч хариуцахгүй гэсэн байна. Иргэний хуулийн 297.1-д зааснаар эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагаварыг заасан байгаа. М.Эрхэмбаяр 2018 онд өөрт бий болсон Алтай төвийн барилгын шинэ өмчлөгч нь Д.Эрдэнэбулганы өмнө үүрэг хүлээж байсан юм. Гэтэл бүх хөрөнгийг нь гаргаж хаяад биелэх боломжгүй болгосон. Компаний үүрэг одоо ч гэсэн байгаа. Тийм учраас энэ гэрээг зөрчсөн асуудал М.Эрхэмбаярт яригдаж байгаа боловч БЭХБ ХХК нь гэрээний үүргийг үргэлжлүүлэн хариуцах үүрэг үүсч байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан байгаа үнийн дүнгээс Д.Эрдэнэбулганы авч явсан гэх агааржуулалтын хоолойны хоолой, хөшиг, паркетан шалны үнийг хасаад үлдсэн дүнгээр гаргуулах үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч М.Эрхэмбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хүрэлбаатар овогтой Эрдэнэбулганы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд миний бие шүүх хуралд өөрийн биеэр оролцоно. Шаардлагатай нотлох баримтуудыг хуулийн хугацаанд нь гаргаж өгөх болно. Х.Эрдэнэбулган нь тухайн үед манай эхнэртэй гэрээ хийсэн байсан. Засвар хийж байх хугацаанд би түрээсийн төлбөр нэхэхгүй. Би Шижирээтэй гэрээг хийсэн. Яг нарийн ярьвал Д.Эрдэнэбулган их хөрөнгө оруулаагүй. Шижирээ энэ үйл ажиллагааг явуулсан. Алимаа гэх хүн доод бааранд үйл ажиллагаа явуулж байсан. Засвар хийсэн бүх зүйлээ хуу татаад аваад явсан. Анх ажиллаад эхэлж байхад Д.Эрдэнэбулган над дээр 2-3 удаа орж ирсэн. Шижирээ манайхаас илүү ашигтай ажиллаад байна, та 8 цагт хаалгаад өгөөч гэж орж ирсэн. Түрээс авах болохоор түрээсээ өгдөггүй байсан. Түрээснээс болоод маргалдаж цагдаа хүртэл дуудаж байсан. Д.Эрдэнэбулган яаж надаас хэдэн төгрөг салгаж авах вэ? гэсэн зорилготой байдаг. Манай байгууллага нь Урт булаг багт оршдог Алтай төвийн барилга юм. Д.Эрдэнэбулган гэх хүн анх надтай түрээслэх талаар уулзаж байсан. Д.Эрдэнэбулганыг үнэхээр зориглоод юм хийх гэж байгаа бол хийдээ би дэмжээд өгье гэж хэлж байсан. 2016 оны 09-р сараас орж засвараа хийж эхэлсэн. 2016 оны 11-р сард засвараа дуусгаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний үйл ажиллагаа эхлээд их сайн эхэлсэн. Үлдсэн юм нь гэвэл буйдангийн бүрээс л хийсэн. Бусад бүх эд материалыг бүгдийг нь аваад явсан. Өөрөө авахгүй болохоор нь бүгдийг нь бөөгнүүлж гадаа гаргаад тавьж байсан. Д.Эрдэнэбулган 2018 оны 05-р сараас эхлээд сүүлийн 4 сарын түрээсийг төлөөгүй. Гэрээний 2 дугаар заалтанд гэрээ цуцлах талаар заасан байдаг. Сүүлдээ намайг камераар харж байхад нуугдаж орж ирээд нуугдаж гараад зугтаадаг байсан. Энэ хүний явуулдаг үйл ажиллагаа нь ганц цэвэрлэгчтэй, ганц тогоочтой, ганц л хүний үйл ажиллагаатай ажилладаг байсан. Хөл бөмбөгийн асар барьсан үед хамгийн ашигтай ажилласан хүн бол Д.Эрдэнэбулган юм гэв.
Хариуцагч БЭБХ ХХК-ийн захирал Б.Эрдэнэсувд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганы нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Идэр Металлурги ХХК нь үйл ажиллагаагаа өргөтгөн 5018919 регистрийн дугаартай БЭБХ ХХК болон түүний Орхон аймаг, Баян-Өндөр сумын 5-р баг, Уртбулаг захиргааны 1 дүгээр гудамж, МАН-ын байрны ард 105 тоотод байрлалтай Ү-2101012822 бүртгэлийн дугаартай 988 м.кв талбайтай, 3 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 6103300358 дугаар бүхий 644 м.кв газар, Б-010 дугаартай караоке, баарны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүдийн хамт 2018 оны 08 сарын 15-ны өдрийн гэрээгээр бүхэлд нь худалдан авсан. Худалдан авсны дараагаар 3 давхар үл хөдлөх хөрөнгийг бүрэн засвар хийж 2018 оны 11-р сарын 08-нд ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа эрхэлж эхэлсэн. Уг гэрээг үндэслэн БЭБХ ХХК-ийн дүрмийг шинэчлэн Улсын бүртгэлийн гэрчилгээнд БЭБХ ХХК-ийн захирлаар Б.Эрдэнэсувдыг бүртгүүлсэн. БЭБХ ХХК-ийг худалдан авах үеэр М.Эрхэмбаяраас өр зээлийн үлдэгдэлгүй гэсэн бичиг баримтыг авсан мөн 2018 оны 08 сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнөх өр төлбөртэй холбоотой аливаа асуудал ирээдүйд гарах юм бол үүнийг М.Эрхэмбаяр өөрөө хариуцахаар Баталгаа хийж өгсөн болно. Мөн БЭБХ ХХК нь нэхэмжлэгч Х.Эрдэнэбулгантай Иргэний хуульд заасан аливаа төрлийн гэрээ байгуулаагүй. Иймд гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага хүлээх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Эрдэнэбулганы нэхэмжлэлийн шаардлагыг М.Эрхэмбаярт холбогдуулан шийдвэрлэж, БЭБХ ХХК-ийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Өлзийсайхан: Алтай төвийн барилгыг худалдаж авахаар хэд хэдэн удаа очиж үзэж, холбогдох материалуудаа бүрдүүлж эхэлсэн юм. Д.Эрдэнэбулган гэх хүн худалдахыг ер нь бол мэдэж байсан. 0 давхарт засвар хийх гээд мод өрөөд тавьсан байсан. Ингээд манай компани худалдан авахаар болж худалдан авах гэрээ хийсэн. Банкны зээлээр уг барилгыг авсан. Гэрээний дагуу бүх зүйлээ хүлээж авсан. М.Эрхэмбаяр гэх хүн бүх материалыг гадаа гаргаж тавьсан. Манайх хоосон барилга хүлээж авсан. Манайх загварын хувьд бүх зүйлийг нь өөрчилсөн. М.Эрхэмбаяр энэ түрээсийн асуудлаа шийдээрэй гэж хэлсэн. М.Эрхэмбаяр ямар нэгэн маргаан байхгүй, би зохицуулчихсан гэж хэлсэн. Тийм учраас манай компанид хамааралгүй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган нь хариуцагч БЭБХ ХХК, М.Эрхэмбаяр нарт холбогдуулан түрээсийн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 23343720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч БЭБХ ХХК болон М.Эрхэмбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Хариуцагч М.Эрхэмбаяр нь нэхэмжлэгч Х.Эрдэнбулганд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх дугаартай гэрээгээр өөрийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан байна. /хэргийн 1-р хавтас, 7-10-р тал/
Хариуцагч М.Эрхэмбаяр нь Г.Шижиртэй 2016 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байр түрээслэх 2 дугаартай гэрээг нотлох баримтаар гарган өгсөн ба уг гэрээгээр мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөр 4000000 төгрөг төлөхөөр тохиролцож байгуулсан байх бөгөөд хариуцагч М.Эрхэмбаяр нь ...би Эрдэнэбулгантай гэрээ байгуулаагүй, Г.Шижиртэй гэрээ байгуулсан... гэж тайлбарлаж байх боловч Г.Шижир шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул уг гэрээнд шүүх дүгнэлт өгөөгүй болно. /хэргийн 1-р хавтас, 106-107/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ажлын байр түрээслэх дугаартай гэрээ-нд зурсан түрээслүүлэгчийн гарын үсгийг хариуцагч М.Эрхэмбаяр зураагүй гэж маргасан ба талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №280 дугаартай шинжээчийн дүгнэлт/хэргийн 1-р хавтас, 141-153-р тал/, 2019 оны 08 сарын 20-ны өдрийн №126 дугаартай шинжээчийн дүгнэлт / хэргийн 2-р хавтас, 48-63-р тал/, 2019 оны 11 сарын 15-ны өдрийн №206 дугаартай шинжээийн дүгнэлт /хэргийн 2-р хавтас, 78-89-р тал/-үүдээр дээрх гэрээнд хариуцагч М.Эрхэмбаяр гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Эрхэмбаяр нь өөрийн эзэмшилд байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Алтай төвийн байранд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 360 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Х.Эрдэнэбулганд түрээслүүлж, Х.Эрдэнэбулган уг байранд баар, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулах үед уг үл хөдлөх эд хөрөнгө нь 2009 оны 08 сарын 13-ны өдөр БЭБХ ХХК-с иргэн М.Баттүвшинд бэлэглэх гэрээгээр шилжсэн, өмчлөгч нь М.Баттүвшин байсан /хэргийн 1-р хавтас, 170-р тал/, мөн хариуцагч М.Эрхэмбаяр нь БЭБХ ХХК-ийн захирлаар 2012 оны 01 сарын 04-нд бүртгэгдсэн ба 2018 оны 08 сарын 15-нд компанийн эрх шилжүүлэх гэрээгээр БЭБХ ХХК-ийг Идэр металлури ХХК-д шилжүүлэн худалдаж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэсувд томилогдож, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 1-р хавтас, 177-184-р тал/
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган, М.Эрхэмбаяр нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуульд зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үндсэн үүрэгтэй байна.
Тухайн үед хариуцагч М.Эрхэмбаяр нь БЭБХ ХХК-ийн захирал байсан боловч нэхэмжлэгч Х.Эрдэнэбулгантай түрээсийн гэрээ байгуулахдаа компанийн өмчлөлийн эд хөрөнгийг бус өөр иргэний өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлсэн, өөрөөр хэлбэл эрхийн доголдолтой эд хөрөнгийг түрээслэсэн байна.
Харин нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган, хариуцагч БЭБХ ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан. Хуульд зааснаас үзвэл түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь түрээслүүлэгч болон түрээслэгчийн хэн алинд нь нээлттэй ба улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, үүргийг талуудын хэн нэгэнд олгож хуульчлаагүй байна.
Талууд хуульд заасан шаардлагыг хангаж түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган хариуцагч М.Эрхэмбаяр нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М.Эрхэмбаяртай тохиролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн нутаг МАН-ын байрны ард байрлах Алтай төвийн барилгын 360 м.кв талбайг түрээслэхээр болж, түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг байранд би шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй нэлээд засвар үйлчилгээ хийж байж ашиглах боломжтой байсан тул банкнаас зээл авч, 30-аад сая төгрөгийн засвар үйлчилгээ, засан сайжруулалт хийсэн боловч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, миний хийсэн засвар, материалуудыг бүгдийг гаргаж, намайг ажлын байрнаас хөөж гаргасан тул би засвар хийсэн зардлаа гаргуулж авна... гэсэн ба, хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Х.Эрдэнэбулган нь тухайн үед манай эхнэртэй гэрээ хийсэн байсан. Засвар хийж байх хугацаанд би түрээсийн төлбөр нэхэхгүй. Би Шижирээтэй гэрээг хийсэн. Яг нарийн ярьвал Д.Эрдэнэбулган их хөрөнгө оруулаагүй. Шижирээ энэ үйл ажиллагааг явуулсан. Алимаа гэх хүн доод бааранд үйл ажиллагаа явуулж байсан. Засвар хийсэн бүх зүйлээ хуу татаад аваад явсан. Түрээс авах болохоор түрээсээ өгдөггүй байсан. Манай байгууллага нь Урт булаг багт оршдог Алтай төвийн барилга юм. Д.Эрдэнэбулган гэх хүн анх надтай түрээслэх талаар уулзаж байсан. Д.Эрдэнэбулганыг үнэхээр зориглоод юм хийх гэж байгаа бол хийдээ би дэмжээд өгье гэж хэлж байсан. 2016 оны 09-р сараас орж засвараа хийж эхэлсэн. 2016 оны 11-р сард засвараа дуусгаад үйл ажиллагаагаа эхэлсэн. Бидний үйл ажиллагаа эхлээд их сайн эхэлсэн. Үлдсэн юм нь гэвэл буйдангийн бүрээс л хийсэн. Бусад бүх эд материалыг бүгдийг нь аваад явсан. Өөрөө авахгүй болохоор нь бүгдийг нь бөөгнүүлж гадаа гаргаад тавьж байсан... гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган түрээсийн гэрээ байгуулаад хариуцагч М.Эрхэмбаяртай тохиролцож тухайн түрээслэсэн эд хөрөнгөд зардал гаргаж, бүрэн хэмжээний засвар хийсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тухайн эд хөрөнгийн түрээслэхээс өмнөх байдал, засвар хийсний дараах байдлыг харьцуулан харуулсан гэрэл зургууд болон зохигчдын тайлбар, гэрч Г.Ганчимэг, Г.Шижир, Ц.Доржпүрэв нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хариуцагч М.Эрхэмбаяр Х.Эрдэнбулганыг засвар хийснийг үгүйсгэдэггүй, хүлээн зөвшөөрдөг.
Хариуцагч гэрээ цуцласан үндэслэлээ Х.Эрдэнэбулган түрээсийн төлбөрөө сүүлийн 4 сарын хугацаанд хугацаандаа төлөөгүй гэж тайлбарладаг ба талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэрээ байх тул гэрээ цуцласан үндэслэл ач холбогдолтой биш юм.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч М.Эрхэмбаяр нь нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд түрээслүүлсэн эд хөрөнгөө буцааж авсан, энэ талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө зарцуулж тухайн байранд хийсэн завсар үйлчилгээний хөлс, зардлын материалын хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган нь тухайн түрээслэсэн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийсэн зардалд нийт 126 төрлийн бараа материал, ажил үйлчилгээ хийсэн зардал болох 23343720 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд зохигчид мэтгэлцэхдээ М.Эрхэмбаяр нь Х.Эрдэнэбулганы засвар хийсэн бүх материал, эд зүйлийг тухайн байрнаас салгаж гаргаж тавьсан, Х.Эрдэнэбулган аваад явсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбар, татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ямар эд хөрөнгө, эд зүйл, барилгын материалыг гаргаж тавьж, Х.Эрдэнэбулганд хүлээлгэж өгснөө нотлоогүй.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган нэхэмжилсэн эд зүйлээс паркетан шал, хөшиг, агааржуулалтын хоолойн хэсэг, ажбур зэргийг буцааж авсан, бусад эд материалыг буцааж аваагүй гэж тайлбарласан ба түүний тайлбар хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэбулган агааржуулалтын хоолойг 5100600 төгрөгөөр авч суурилуулж хийлгэсэн гэж тайлбарлаж Таэбонг Гунжу Кисүл ХХК-ийн үнийн санал гэх баримтыг нотлох баримтаар гарган өгсөн боловч уг агааржуулалтын хоолойны ямар хэсгийг өөрөө буцааж аваад, ямар хэсгийг тухайн түрээслэсэн байранд үлдээсэн болох нь тогтоогдохгүй, мөн агааржуулалтын хоолойг хийлгэхэд зарцуулсан зардлын баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй үндэслэлгүй, мөн тэрээр буйдан 3800000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан боловч тухайн түрээслэсэн байранд байсан буйданд бүрээс хийсэн гэж зохигч тайлбарласан, буйдангийн бүрээсийн мөнгө, эсхүл буйданг худалдаж авахад зарцуулсан мөнгө нэхэмжлээд байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганы нэхэмжлэлээс хөшигний 1134000 төгрөг, авжурны 60000 төгрөг, паркетан шалны 2640000 төгрөг, агааржуулалтын хоолой, сэнснүүдийн үнэ 5100600 төгрөгийг хасч тооцон үлдэх засвар хийсэн зардлыг хэрэгт авагдсан барилгын бараа материал авсан зарлагын баримтуудад үндэслэн хариуцагч М.Эрхэмбаяраас 9090420 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлээс 14253300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274675 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 160396 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч М.Эрхэмбаяраас 9090420 /есөн сая ерэн мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд олгож, нэхэмжлэлээс 14253300 /арван дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга гурван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганы хариуцагч БЭБХ ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274675 /хоёр зуун даван дөрвөн мянга зургаан зуун даван тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамж 160396 /нэг зуун жаран мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Эрдэнэбулганд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ