Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/40

 

С.А-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

шүүгдэгч С.А-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911029900955 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             С.А-, 1996 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаар оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            С.А- нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-тай маргалдан улмаар түүний нүд рүү гараараа цохиж “хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс өдийг хүртэл “Болор Евроком” ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа 2020 оны 10 дугаар сараас эхлэн цалин 2.500.000 төгрөг болж нэмэгдсэн. Шүүхээс оногдуулсан ялыг компанийнхаа удирдлагуудад танилцуулахад ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах талаар надад мэдэгдсэн. Би энэ ажилдаа цаашид ажиллах хүсэлтэй байгаа тул энэхүү байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос С.А-ыг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Б-тай маргалдан улмаар түүний нүд рүү гараараа цохиж “хамар ясны далд хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад, хохирогч А.Б-, гэрч Э.Б-, шүүгдэгч С.А- нар 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын тойргийн автобусны буудлын арын зам дээр А.Б-, Э.Б- болон С.А-, түүнтэй хамт явсан гэх О-, Б- нар тус тус тээврийн хэрэгслээр зорчин явахдаа “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж улмаар зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж зогсон харилцан зодоон үүсгэсэн талаар мэдүүлжээ. 

Дээрх хүмүүс нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн үйлдлээ олон нийтийн газар нийтэд илээр үзүүлсэн байхад олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байж болох энэхүү үйлдлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, зөвхөн А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд С.А-ыг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь буруу байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг тодорхойлохдоо энэ хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Прокурор Г.Ууганбаатар нь тус шүүх хуралдаанд “эдгээр хүмүүс нь нийгмийн хэв журмыг зөрчсөн үйлдлээ удтал үргэлжлүүлээгүй тул олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй гэж дүгнэсэн” гэх тайлбарыг өгөх боловч энэ талаар шалгавал зохих ажиллагааг явуулаагүйн гадна, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулахгүй байх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.А-т холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч С.А-ын давж заалдах гомдлыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 4ий өдрийн 2020/ШЦТ/853 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.А-т холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол С.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН