Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 133/ШШ2018/00010

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- ............ тоотод оршин суух, эрэгтэй, Т овогт Тйн Г-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Говь-Алтай аймгийн ЗД-ын дэргэдэх НТБ-ыг төвд холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан /1623/, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бурмаа /2094/, гэрч Ц.Ц, Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Говь-Алтай аймгийн НТБ т-дийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар тус төвийн ахлах менежерээр ажиллаж эхэлсэн. Тус төвийн санхүү, орон тооны асуудал хүндрэлтэй байна гэсэн төвийн захирлын хүсэлтийн дагуу 2017 оны 5 дугаар сараас эхлэн тус төвийн нийгмийн ажилтны орон тоонд ажилласан. 2017 оны 06 сараас ээлжийн амралтаа авч төвийн захиралтай тохиролцсоны дагуу нэг сарын чөлөө авч амарч байгаад хугацаандаа ажилдаа ирсэн. Гэтэл энэ хугацаанд ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, мөн уг ажлыг гүйцэтгэж байгаа намайг сонгон шалгаруулалтанд орох боломжгүйгээр сонгон шалгаруулалт зарлаж өөр хүнийг ажилд авсан. Би тус төвд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны эрх, үүрэг ажил үүргийн ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй өгөгдсөн үүрэг даалгаврыг хангалттай биелүүлж үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус төвийн захирал Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөнөө мэдэгдсэн. Би уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 1985 онд барилгын инженер, багш мэргэжлээр төгссөн. Энэ цагаас хойш төрийн байгууллагад 32 жил ажиллаж байна. 2013-2015 оны 07 сар хүртэл аймгийн тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын ажлыг хийж байгаад 2015 оны 07 сарын 15-наас Насан туршийн боловсролын захирлын албан тушаалыг хашиж байгаад 2017 оны 01 сарын 26-нд энэ ажлаа Б.Б захиралд хүлээлгэн өгсөн. Аймгийн Засаг даргын сонгууль болсноос хойш, үндсэндээ 08 сарын хугацаанд энэ ажлаа өг, тэтгэвэртээ гарах болсон таныг албан тушаал түр бууруулаад ахлах мэргэжилтэн гэсэн орон тоон дээр тэтгэвэрт гарах хүртэлх хугацаанд чинь энэ ажил дээр байлгаж байя. Б.Б гэдэг хүнийг намын шаардлагаар заавал даргын ажлаа өг, өөрөө ч гэсэн одоо заавал даргын ажил хийнэ гэсэн хүсэлт гаргаад байгаа тул ажлыг солилцмоор байна гэсэн хүсэлт гаргасан. Би тэтгэвэрт гарах болсон, улсад 32 жил ажилчихсан учраас маргаад яахав залуу хүн ажиллъя гэж байгаа учраас би ямар нэгэн хэрүүл маргаан гаргаагүй, та бүхэн харин энэ хэлсэн амандаа хүрээд ажиллаарай гэдгийг аймгийн Засаг даргатай тохиролцоход өөрөө ч байж байсан. Ингээд ажлахаар боллоо шүү, та хоёр ингэж ажлаарай гэдгийг хэлээд би ахлах мэргэжилтэн гэдэг ажлыг хийж эхэлсэн. Миний ажлыг 2017 оны 01 сарын 26-нд хүлээлцэж энэ өдрөөс би ахлах мэргэжилтэнээр ажилласан. Миний ажил тамга дардаггүй л байсан болохоос хүмүүсийн ажил үүргийг хуваарилах, тэдгээрийн ажлыг шалгах, 7 хоног болгон ажил төрлийг шалгаж чиг үүрэг, үүрэг даалгавар өгч ажиллаж байсан. Б.Б захирлыг олон жил төрийн албаны ажил хийгээгүй хүн учраас ийм ажил дээр нь ингэдэг юм, ийм ийм үүрэгтэй байдаг юм гэдэг талаас нь чиглэл өгөөд хоёулаа ийм ийм ажил хийе гээд ер нь маргалдаангүй 5-6 сар, амралтаа авах хугацаа хүртэл хоорондоо зөвшилцөж ажилласан. Би амралтаа аваад 09 сарын 11-нд ажилдаа ирэхэд ажлаас халсан тушаалыг нягтлан бодогч, бичиг хэрэг Цэрмаа өгсөн. Яагаад ажлаас халж байгаа үндэслэлээ надад хэлчих, өмнө нь яагаад хэлчихэж болдоггүй юм уу? гэхэд Цэрмаа ямар нэгэн баримт байхгүй, захирал үүнийг өг гэж хэлсэн. Тэр өдөр нь би Засаг даргатай уулзахаар очиход Хами аймаг руу явсан байгаад уулзаж чадаагүй, байгууллагын дарга нарын хурал орж байсан, захирал харагдаагүй, уулзъя гэж хэлсэн байдлаар төгссөн. Эхлээд ажил хүлээлцэхдээ ярьж тохирчихоод ийм зүйл хийж байгаад гайхаж, их харамсаж байгаа. Энэ хүн 08 сарын 26-нд надтай утсаар яриад та сонгон шалгаруулалтанд ор, нийгмийн ажилтны сонгон шалгаруулалт болох гэж байна, дээрээс ажлаас хал гэж байгаа, та багшлах эрхгүй гэхээр нь би сонгон шалгаруулалтанд орж чадахгүй, надад багшлах эрхийн үнэмлэх авах шаардлага байхгүй, нийгмийн ажилтны орон тооны сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт гаргаад түүнийгээ одоо төв газраараа батлуулчих тэгээд сонгон шалгаруулалтыг хийх ёстой гэдгийг хэлсэн. Яагаад ингэж хэлсэн гэхээр манай байгууллага аймгийн НТБ т-д гэж явдаг учраас сургагч багш нар маань 5 чиглэлээр ажил үүргээ явуулдаг. Эдгээр багш нар тусгай дунд, дээд боловсролтой багшлах эрхийн үнэмлэх шаарддаггүй, шаардах үндэслэл ч байхгүй. Багшлах эрхийг яагаад шаарддаг гэхээр албан бус боловсролд багшлаж байгаа хүмүүст энэ шаардлагыг тавьдаг. 2013 он хүртэл албан боловсролын статустайгаар явж байгаад 2013 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар Насан туршийн боловсрол болгоод албан бус боловсрол гэдгийг хүчингүй болгосон байдаг. Тийм учраас аймгийн Есөнбулаг сумын албан бус боловсролын ажлыг манай дээр дайвраар, гэрээгээр явуулж, албан бус боловсролд сурч байгаа хүмүүст ерөнхий боловсролын сургуулийн багш нараар багшлуулдаг, бид нар ерөнхий боловсролын сургуулийн багш нараас авч багшлуулах юм уу ийм байдлаар явдаг байсан. Намайг багшлах эрхийн үнэмлэх ав гэхээр нь авдаггүй гэсэн учраас би үүнийг тайлбарлаж яриад байна. Намайг мэргэжил боловсролгүй, ажилдаа тэнцэхгүй гэж тайлбарлаад байгаа. Би төрийн албаны шалгалтаа өгөөд тангарагаа өргөсөн, барилгын инженер, багш мэргэжилтэй. Б.Б нь математикийн багш гэсэн баклаврын дипломтой байдаг байх. Намайг багш биш гэж үзсэн байна лээ. Би 2000 онд магистрын зэрэг авсан, өөрийгөө боловсролгүй хүн гэж бодохгүй байгаа. Нийгмийн ажилтны үнэмлэхгүй гэсэн байна лээ. Би тэр байтугай аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар нь хүртэл ажиллаж, зохих ёсны шалгалтыг хүртэл өгсөн. Иймд Насан туршийн боловсролын захирал Б.Бгийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дугаар тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хамт олон нийгмийн бүхий л орчин, цаг хугацаанд өөрийнхөө хэрэгцээ боломжинд нийцүүлэн боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрт адил тэгш олгох, төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, орон нутгийн иргэдийн насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог бэхжүүлэх, хүссэн хүн бүрт хэрэгцээтэй боловсролоо, бололцоотой хугацаандаа, өөртөө тохирсон хэлбэрээр, сургуулиас гадуур эзэмших орчинг бүрдүүлж, тасралтгүй, тогтвортой үйлчилгээ үзүүлэх, хүссэн хүн бүрт боловсролын тасралтгүй үйлчилгээг сургалтын таатай орчинд үзүүлж, бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ажиллаж байгаа. Сургуулийн нийгмийн ажилтан гэж суралцагч, эцэг, эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг ажилтан байх ёстой. Гэтэл Т.Г нь өөрийн дээрх үндсэн ажлаа хийдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, идэвх санаачлагагүй ажиллаж тус төвийн багш ажилчдын хамт олны үнэлгээгээр байнга хангалтгүй гэсэн үнэлгээ авч байсан. Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажил, үйлчилгээ явуулах эрх авсан иргэнийг нийгмийн ажилтнаар ажиллуулахаар хуульчилсан бөгөөд нийгмийн ажлын анхан шатны мэдлэг, ур чадвар байхгүй байгаа тул Т.Г-ээс удаа дараа төрийн албан хаагчийн анкет болон нийгмийн ажилтнаар ажиллахад шаардагдах холбогдох баримтыг авчирч өгөхийг шаардсан боловч ажиллах хугацаандаа өгөөгүй. Түүнчлэн НТБ т-дд ахлах менежер гэсэн орон тоо байхгүй үндэслэлийг боловсролын газраас удаа дараа албан бичиг хүргүүлж энэ орон тоон дээр ийм хүн байх ёсгүй гэдэг шаардлагыг тавьсан учраас шаардлагын дагуу үндэслэл байгаа гэж үзэж энэ тушаалыг гаргасан. Т.Г гуайг ажлын ур чадвар муу гэсэн үндэслэлийг гаргасан байгаа. Удаа дараа ажлын байранд хэрхэн ажиллах, цаг барьж, ажлын хариуцлагатай, идэвхитэй ажиллах тал дээр удаа дараа үүрэг даалгавруудыг өгч байсан. Наад зах нь ахлах менежер, нийгмийн ажилтан хийж байхдаа төлөвлөгөө гаргаад ажлынхаа тайланг гарга гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгч байсан. Нийгмийн ажилтныхаа үүргийг энэ хүн хангалтгүй биелүүлдэг байсан учраас өөрөө энэ ажлыг хийхгүй байсан учраас манай сургалтын менежер Баярбилэгт би ерөнхийд нь давхар даалгаад чи энэ ажлыг хамруулаад хийгээд яваач гэдэг үүрэг даалгаврыг өгдөг байсан. Нөгөө хүн маань та хүнээрээ ажлыг нь хийлгэ, ажил нэмэгдээд байна гэдэг. Мөн хамт ажиллаж байгаа хүмүүсээс маргаан гардаг. Зарим нь юм хийж байхад, зарим нь юм хийхгүй байна. Ажлын ачаалал ийм байна, зарим нь дуртай цагтаа яваад, дуртай цагтаа ирдэг гэдэг. Төрийн албаны ажил алдагддаг гэх мэт олон сөрөг үр дагавар гараад байсан учраас би энэ тал дээр арга хэмжээ авсан. Өөрөө ч гэсэн хэлж байна хамтарч ажиллах хугацаанд бид хоёр хоорондоо зөрчил маргаан гаргадаггүй байсан гэж байна. Маргаан гардаг байсан удаа дараа бид нар анхааруулга өгөөд, би удаа дараа амаар сануулж, анхааруулж явж байсан. Хичээлийн шинэ жил эхлэх болоход Т.Г гуай ажилдаа ирээгүй, би сургалтын менежерээр шат дараалсан арга хэмжээ авхуулж дуудуулаад хамгийн сүүлд нь би өөрөө дуудсан. Өмнө нь болохгүй байгаа зүйлээ та бид хоёр яриад тохироод явсан. Одоо бол ажилдаа сэтгэл гаргаад ажилмаар байна. Таныг сонгон шалгаруулалтанд оруулмаар байна гэдгээ хэлсэн, үнэхээр сонгон шалгаруулалтанд ороод, өмнөх дутагдалаа арилгаад ажиллавал би дэмжих хүсэл сонирхолтой байсан. Өмнө нь ажиллаж байсан, тэтгэвэрт удахгүй гарах гэж байгаа хүнийх нь хувьд хүндэтгэх, үнэлэх сэтгэл байсан. Даанч энэ хүн маань төрийн албаны тухай хуулийг зөрчөөд, дээрээс нь санал, хүсэлт тавиад байхад ажилдаа ирээгүй. Надад хувийн ажил байна, би очиж чадахгүй гэдэг хариултуудыг бүх хүмүүст өгсөн.

 

Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт байдаггүй гэж байна. Манайх ЕБС-ийн Насан туршийн боловсролын нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт гэж байдаггүй боловч ЕБС-ийн явдаг. ЕБС-ийн ажлын байрны тодорхойлолтыг өнөөгийн ажлын нөхцөл байдалтайгаа уялдуулж байгаад бид нар ийм тодорхойлолт гаргасан байдаг. Бичиг баримтыг бид нар бүрдүүлээд бэлэн болгосон. Тэгээд ч Т.Г гуай ирээгүй, ажлын хариуцлага үнэхээр тааруу байсан энэ хүн ч гэсэн өөрөө мэдэж байгаа байх. 2017 оны эхний хагас жилд хийсэн ажлын төлөвлөгөөг ч гэдэг юм уу? ажлын тайлан ерөөсөө байдаггүй. Дээрээс нь нэмээд шинэ хичээлийн жил эхлээд 2017 оны 08 сарын 28-нд бид нар ажилдаа ороход үүнээс хойш 10 хоногийн 80 цагийн ажил тасалсан учраас бид хамт олноос ирж байгаа санал, хүсэлтийг хүлээж авахаас өөр аргагүй болсон. Дээрээс нь энэ хүний ажлын хариуцлага муу байсан учраас энэ тушаалыг гаргаж оронд нь сонгон шалгаруулалтаар хүн авсан ажиллуулж байгаа. Т.Г гуай 2017 оны 01 дүгээр сарын 25-наас 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа нийт ажлын 91 хоног ажиллахаас ажлын 32 хоног тасалсан нь манай хамт олны хурлаар хэлэлцэн батлагдсан дотоод журамд төвийн багш ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш өдөр тасалсан бол энэ зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажилтантай байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцална гэж заасан тул дээрх зөрчил нь ажлаас халах үндэслэл болж байгаа. Т.Гийн гаргасан зөрчилд удаа дараа сануулж дахин ажил таслахгүй байх, өөрийн хариуцсан ажилдаа идэвх санаачлагатай ажиллах талаар үүрэг даалгавар өгч байсан боловч энэ байдал засагдахгүй дахин давтан зөрчил гаргасаар байсан. Т.Гтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурах зэрэг ажлуудыг зохион байгуулах гэхээр албан ёсоор чөлөө зөвшөөрөлгүйгээр ажил таслах, утсаар ярьж шалтаг тоочин ажилдаа ирэхгүй байх зэрэг байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байсан.

 

НТБ т-дийн захирал Б.Б би боловсролын талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах, суралцагчийн авъяас, чадварыг хөгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцохоор хуульчилан хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлэн удаа дараа ажил тасалж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Боловсролын соёл, шинжлэх ухааны 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хамтарсан 172/592 дугаар тушаалаар батлагдсан Нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажиллахгүй, ажлын байранд тавигдах наад захын шаардлагыг бүрэн дүүрэн хангаагүй, мэргэжлийн болоод ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байсан тул Т.Гийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ийм дутагдалууд гаргаад ажлаасаа чөлөөлөгдсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

 

 

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн захирал нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4, байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.3, 10.2.7 гэсэн заалтуудыг үндэслэн нийгмийн ажилтанаар ажиллаж байсан Т.Гийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна /хх-8/.

 

 

 

Нэхэмжлэгч Т.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна /хх-2/.

 

 

 

Түүнчлэн Т.Г нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дд ахлах менежер, нийгмийн ажилтанаар ажиллаж байсан болох нь тус төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 тоот ахлах менежерээр томилсон тушаал, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 тоот нийгмийн ажилтанаар томилсон тушаал, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот ажлаас чөлөөлсөн тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ахлах менежерийн албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажил байдлын тодорхойлолт, 0128056 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн багш, ажилчдын ажил амралтын хоногийн зохицуулах тухай Б/08 тоот захирлын тушаал, хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай Б/06 тоот захиралын тушаал, хавсралтын нотариатаар батлуулсан хуулбар, цагийн бүртгэлийн нотариатаар батлуулсан хуудас, 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай насан туршийн боловсрол төвийн удирдах зөвлөлийн хурлын протокол, цалингийн зардлын тооцоо, хариуцагчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдсон /хх-6, 7, 8, 10-12, 28-30, 59-61, 82-83, 84-85, 107-111, 112-113, 114-122, 25-27/.

 

 

 

1. Ажил олгогч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Гийг нийгмийн ажилтаны албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг үндэслэжээ.

 

 

 

Дээрх тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.

 

 

 

Хариуцагч буюу ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Т.Гийг хамт олны хурлаар хэлэлцэн баталсан дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж, 476 цаг ажил тасалсан, ур чадвар хангалтгүй, удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч хангалтгүй биелүүлж ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж маргасан /хх-25-27, шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Гийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн ахлах менежерийн албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/02 тоот тушаалаар томилсон байх бөгөөд уг тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 тоот тушаалаар хүчингүйд тооцож, ахлах менежерээр ажиллаж байсан Т.Гийг нийгмийн ажилтанаар томилж, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалаар нийгмийн ажилтаны албан тушаалаас нь чөлөөлсөн байна /хх-6, 7, 8/.

 

Зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний талаар хариуцагч тал маргаагүй, уг гэрээнд ажилтаны ажлын байрыг ахлах менежер, хөдөлмөрийн гэрээний хугацааг байнга гэж тусгасан байна /хх-10-12/.

 

 

 

Ажил олгогчийн зүгээс ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байсан Т.Гтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа ажлын байрыг нь өөрчлөн нийгмийн ажилтанаар томилсоны дараа түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д ...хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгнө гэж, мөн хуулийн 24.3-т ...хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохгүй гэсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ажил олгогч буюу хариуцагч ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

 

 

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар, туршилтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна... гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай туршилтын хугацаагаар 6 сар хүртэлх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд ямар ажлын байранд, хэдий хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохыг тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтой.

 

 

 

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан зохицуулалтыг хариуцагч зөрчиж, улмаар нийгмийн ажилтанаар ажиллаж байгаа Т.Гтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 40.1.2-т заасныг үндэслэн Т.Гийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.

 

 

 

Түүнчлэн ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж тайлбарлаж байх боловч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн нийгмийн ажилтаны ажлын байранд ажиллаж байгаа Т.Г нь ур чадварын хувьд тэнцэхгүй болохыг мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой ба Т.Гийг ур чадварын хувьд тэнцэхгүй гэх шийдвэр, дүгнэлт гараагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэл тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй болно.

 

 

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нийгмийн ажилтаны албан тушаалд ажиллаж байгаа Т.Гтэй тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг батлаагүй, ажилтанд тухайн албан тушаал дээр хийвэл зохих ажил үүргийг танилцуулаагүй атлаа уг ажилтны мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар хүрэхгүйгээс ажил үүрэг бүрэн хийгдэхгүй байна гэж үзвэл зохих журмаар тогтоосон өөрөөр хэлбэл ажилтаны энэ байдлын талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гарсан байх шаардлагатай байжээ /хх-87-91/.

 

Түүнчлэн НТБ т-дийн хамт олны Т.Гэд өгсөн хамт олны үнэлгээ гэх баримтыг ирүүлсэн боловч дүгнэлт хийсэн гээд сургалтын менежер гарын үсэг зурсан, хамт олны үнэлгээ дүгнэлтийг хэрхэн яаж авсан болон ямар арга хэлбэрээр нэгтгэн дүгнэсэн болох нь, хамт олон нь ажилтаны ажил мэргэжлийн ур чадварыг дүгнэж шийдвэр гаргах эрхтэй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно /хх-99-100/.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч удаа дараа ажлын байранд хэрхэн ажиллах, цаг барьж, ажлын хариуцлагатай, идэвхи санаачлагатай ажиллах тал дээр удаа дараа үүрэг даалгавар өгсөн боловч биелүүлээгүй, ахлах менежер, нийгмийн ажилтан хийж байхдаа төлөвлөгөө, ажлынхаа тайланг гаргах үүргийг хангалтгүй биелүүлдэг байсан учраас түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Т.Гийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй гэж үзсэн бол хариуцагч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэх байдал мөн хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй болно.

 

 

 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 106 дугаартай албан бичгээр ...2012 онд Насан туршийн боловсролын үндэсний төв нэртэй болсноос хойш манай төвүүдийн захирал, багш, нийгмийн ажилтан, арга зүйч нарын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлаагүй, Говь-Алтай аймгийн НТБ т-д нийгмийн ажилтныхаа ажлын байрны тодорхойлолтыг тус төвөөр батлуулсан зүйл байхгүй гэх лавлагааг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй /хх-74/.

 

Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн захирлаар тус тус томилогдсон болон 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн, 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр инженер-багш мэргэжлээр сургууль төгсөж 1999 онд техникийн ухааны магистрын зэрэг авсан болохыг нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/10 тоот тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/47 тоот захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, 109235 дугаартай дипломын нотариатаар батлуулсан хуулбар, М2878 дугаартай магистрын дипломны нотариатаар батлуулсан хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан болохыг мөн дурдах нь зүйтэй /хх-52, 53, 54, 55-56, 57-58/.

 

 

 

2. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 09 тоот тушаалыг гаргахдаа байгууллагын дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.2.3, 10.2.7-д заасныг үндэслэл болгосон байх бөгөөд хэрэгт нотлох баримтаар аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төвийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн батлав гэх хаягтай дээр нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-д гэх тамга дарсан 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн огноотой, Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн төвийн дотоод журам,

 

аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байгууллагын хамт олны хурлаар хэлэлцэн батлав гэх хаягтай дээр нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-д гэх тамга дарсан, 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой, Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн төвийн дотоод журам гэх хоёр өөр журмыг нотлох баримтаар гаргасан /хх-92-97, 101-106/.

 

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж, мөн хуулийн 130.2-т хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж тус тус заажээ.

 

 

 

Хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргасан дээрх хоёр дотоод журмын 10-т хөдөлмөрийн сахилга хүлээлгэх хариуцлага, 10.2-т дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажилтантай байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлана гээд ажил олгогчийн 09 тоот тушаалын үндэслэл болсон 10.2.3-т төвийн багш ажилчид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нийлбэрээрээ 3 ба түүнээс дээш өдөр тасалсан гэж, 10.2.7-д цалинтай болон цалингүй чөлөөний хугацааг хэтрүүлсэн гэж тус тус заажээ /хх-96/.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч нь аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төв, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-д хоёр нь адил чиг үүрэг бүхий нэг байгууллага гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төвийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан дотоод журмыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-д дагаж мөрдөж ажиллах эрх зүйн зохицуулалттай холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд цаасан дээр бичигдсэн дээрх хоёр байгууллагын оноосон нэр өөр, өөр болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал бөгөөд зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байх боловч ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй юм.

 

 

 

Учир нь ажил олгогчийн зүгээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтаны хөдөлмөрлөх харилцаа дуусгавар болохоор байна. Тиймээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд ажилтны ажлын байр өөрчлөгдөх тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд нэгэн адил өөрчлөгддөг тул өмнөх хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, шинэ ажлын байранд дахин хөдөлмөрийн гэрээ байгуулагдах учиртай.

 

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Г нь нийтдээ 476 цаг ажил тасалсан, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд ажил тасалбал ноцтой зөрчилд тооцохоор заасан гэж тайлбарласан боловч ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан болох нь нотлогдоогүй, аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн арга зүйн төвийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын баруун бүсийн төвийн дотоод журмын 10.2-т ноцтой зөрчлийн талаар тусгасан байх боловч уг дотоод журмыг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-д дагаж мөрддөг болох нь нотлогдоогүй бөгөөд ажил олгогчийн зүгээс ажилтаны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэл болгоогүй, харин мөн хуулийн 40.1.2-т заасан ур чадварын хувьд тэнцэхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн талаар тайлбарлаж, маргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

 

 

Ажил олгогчийн зүгээс 2017 оны 03, 4, 5, 8, 9 дүгээр саруудын цагийн тооцооны бүртгэлийн хуудасны нотариатаар батлуулсан хуулбар, 3, 4, 5, 8 дугаар саруудын ажлын цагийн тооцоо, 3, 8, 9 дүгээр саруудын цалингийн зардлын тооцоо гэх баримтуудыг нотлох баримтаар гаргасан бөгөөд 2017 оны 3 дугаар сард нэхэмжлэгчийн ажил тасалсан цагийг 56 гэж бичсэн байх боловч тухайн үед сануулж байсан гэх тайлбар үндэслэлээ нотлоогүй, ажил олгогч нь ажил тасалсан гэх нэхэмжлэгчийн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно /хх-107-111, 114-122/.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

 

 

Маргааны зүйл ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 09 тоот тушаал тул уг тушаалын үндэслэл болсон тухайн албан тушаал, ажил дээр хийвэл зохих ажил үүргийг бүрэн эрхлэн биелүүлэхэд ажилтан Т.Гийн мэргэжлийн мэдлэг, түүнийгээ хэрэглэх ур чадвар хүрэхгүйгээс ажил үүрэг бүрэн хийгдэхгүй байгааг тухайн байгууллагын албан тушаалтны ажиглалт, шалгалтаар тогтоохгүй атал мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын шийдвэр гаргалгүйгээр нэхэмжлэгч Т.Гийг ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговоролгоно... гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцох-оор тус тус заасан тул ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо 0128056 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарт бичигдсэн сүүлийн бичилт нь 2017 оны 8, 7, 6 дугаар сарууд байх боловч хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн багш ажилчдын ажил амралтын хоногийг зохицуулах тухай Б/08 тоот, ээлжийн амралт олгох тухай Б/06 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Гэд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн амралт олгож, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цалингүй 21 хоног амрах чөлөө олгож шийдвэрлэсэн байна /хх-82-83, 84-85/.

 

 

 

Дээрх тушаалаар нэхэмжлэгч Т.Г 2017 оны 8 дугаар ажил хийгээгүй боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөгөөр бичилт хийгдсэн талаар талууд тайлбарлаж байх тул түүний өмнөх 3 сарын дундаж цалингаас тооцоход 2017 оны 7, 6, 5 дугаар сарууд байх бөгөөд эдгээр саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.243.560 + 179.218 + 552.373 = 1.975.151 : 3 сар = 658.383 : 20 = 32.919 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч Т.Гийн ажилгүй байсан хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх ажлын 84 өдрөөр тооцож олговорт 2.765.196 /хоёр сая долоон зуун жаран таван мянга нэг зуун ерөн зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт ...дахин нотлохгүй... гэж заасан тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 12 дугаар сарын 29-ний өдөр, 4.1.4-д Шинэ жилийн өдөр 1 дүгээр сарын 1-ний өдөр зэрэг дээрх ажлын өдрүүдэд бүх нийтээр амрахаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо эдгээр амралтын өдрүүдийг хасаж тооцсон болно.

 

 

 

Нэхэмжлэгч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргаагүй боловч ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалын үндэслэлийн талаар талууд маргасаны улмаас шүүхээс нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бөгөөд ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.Гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дд даалгах нь зүйтэй.

 

 

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагад нягтлан бодогч ажилтай Ц.Цэрмаа, нярав-үйлчлэгч ажилтай Т.Гэрэлмаа нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд гэрчүүд нь нэхэмжлэгч Т.Гийг ажил тасалсан болон тасалсан хугацааны цалин бодогдоогүй, 1 дүгээр улиралд урамшуулалт цалин бодогдсон болон Т.Гэд сануулсан ажил олгогчийн тушаал гараагүй талаар, төвийн төсөв санхүүтэй холбоотойгоор цалингүй амралт олгосон талаар тус тус мэдүүлсэн болно /хх- шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.193 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Т-ийн Г-ийг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дийн нийгмийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх НТБ т-дөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 84 хоногийн олговорт 2.765.196 /хоёр сая долоон зуун жаран таван мянга нэг зуун ерөн зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Г-д олгосугай.

 

 

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Т.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

 

 

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт ногдох улсын тэмдэгтийн хураамж 59.193 /тавин есөн мянга нэг зуун ерөн гурван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ