| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2021/00572/И |
| Дугаар | 155/ШШ2021/00888 |
| Огноо | 2021-09-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/00888
| 2021 оны 09 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2021/00888 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
нэхэмжлэгч: У.Н-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Т.Д-д холбогдох,
хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай 155/2021/00572/и индекстэй иргэний хэргийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч У.Н, хариуцагч Т.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 2018 оны 01 дүгээр сард Цуурай авто сургуульд жолооны курст сурч байхдаа Т.Дтэй танилцсан. Хариуцагч нь тус сургуульд багшилдаг байсан. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр бидний хүү Н.Я мэндэлсэн. Хүүхдээ төрсний дараа Т.Д нь хүүхэдтэйгээ ирж уулзахгүй миний хүүхэд биш гээд байсан учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж Т.Д хүү Н.Ягийн төрсөн эцэг мөн болох нь батлагдсан. Иймд Т.Дг хүү Н.Яийн эцэг болохыг тогтоолгож, хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах хүсэлт гаргасан. ...Хариуцагч нь өөрөө дугаараа сольж хариуцлагаа хүлээхээс зугтаж байсан. Хүүхэд өвдчихсөн байхад нэг ч удаа ирж, утсаар ярьж байгаагүй. Тийм учраас ээжтэй нь холбоо барьж энэ тухайгаа хэлсэн. Одоо надад энэ хүмүүстэй дахин холбоо бариад байх шаардлагагүй.гэв.
Хариуцагч Т.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Бид 2018 оны 01 дүгээр сард танилцсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр над руу залгаж хүүтэй болсон гэдгээ хэлсэн. Эцэг тогтоох шинжилгээ хийлгэх саналыг би өөрөө гаргаж шинжилгээ хийлгэж, миний хүүхэд мөн болох нь батлагдсан. Миний хүүхэд мөн гэдэг дээр маргах зүйлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд би хүү Н.Яийн эцэг нь мөн учраас өгөх ёстой тэтгэлгээ хугацаанд нь өгөхөө илэрхийлж байна. ...2012 онд гэр бүлээ батлуулж байсан. Нэхэмжлэгч нь намайг гэр бүлтэй гэдгийг мэдэж байсан. ...Гэр бүлтэй учраас цаашдаа хамт амьдарна гэсэн ойлголт байхгүй. ...У.Н нь эхнэр лүү байнга залгаж мессеж бичиж улмаар манай ээж болон ах дүү нар руу мессеж бичсэн. Намайг болон манай эцэг, эх, эгч нарыг фейсбүүк дээр тавьж байсан. Хамгийн зөв арга нь шүүхээр явах нь зөв юм байна гэж үзсэн....гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Н нь Т.Дд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Ж.Түвшинсанаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, маргаагүй болно.
Нэхэмжлэгч У.Н, хариуцагч Т.Д нарын дундаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Н.Я төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Гантуяагийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 3260 дугаартай ....Т.Д нь Н.Яийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 %-ийн магадлалтай байна... гэх бичилттэй шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Н.Яийн төрсөн эцгээр Т.Дг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч Т.Д нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Я нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.Дгээс хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч У.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдэд сар бүр хариуцагч Т.Д нь төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Н.Ят сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,337 төгрөг, нийт 105,537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Над олгохоор тогтов.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч У.Над, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Дд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Н.Я-ийн төрсөн эцэг Т.Д мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Н.Яийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Дгээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ундрахад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Дгээс улсын тэмдэгтийн хураамж 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Над олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч У.Над, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Дд тус тус мэдэгдсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ