| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 181/2016/01154/И |
| Дугаар | 181/шш2017/00577 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 181/шш2017/00577
2017 оны 02 сарын 17-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00577 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х.Б ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Х
Хариуцагч: Ч.М нарт холбогдох
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 13 742 846 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сугарсамбуу, хариуцагч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Х, Ч.М нар нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1490012189 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Зээлдэгч нь Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 41.25 м.кв талбай бүхий хувийн сууц,
Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 375 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан.
Зээл төлөх хуваарийг ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, үндсэн төлбөр 9 076 66 төгрөг, хүү 4 402 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 621 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 500 төгрөг, нийт 13 742 846 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Х-ын гуйснаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гарсан төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүтэй маргахгүй, зөвшөөрч байгаа гэв.
Хариуцагч Д.Х нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Б ХХК нь Д.Х, Ч.М нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн төлбөр 9 076 66 төгрөг, хүү 4 402 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 621 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 500 төгрөг, нийт 13 742 846 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Д.Х, Ч.М нар нь Х.Б ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1490012189 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэйгээр авсан байна.
Зээлийн гэрээний үүргийг Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 41.25 м.кв талбай бүхий хувийн сууц,
Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 375 м.кв талбайтай эзэмших эрхтэй газраар хангуулахаар барьцаалж, зохих бүртгэлд бүртгүүлжээ.
Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 076 66 төгрөг, хүү 4 402 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 621 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэхүү мөнгөн төлбөрийн үүргийн хэмжээ, зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний харилцаанд зөрчил гарсан үйл баримтууд дээр хариуцагч талаас маргаагүй болно.
Иймд хариуцагч нар гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул тэдгээрээс зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 9 076 66 төгрөг, хүү 4 402 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 621 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 500 төгрөг, нийт 13 742 846 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, эзгүйд нь хэргийг хянан шийдвэрллээ.
Мөн хариуцагч Д.Х нь БНХАУ руу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ руу явсан тул шүүх хуралдааныг хойшлуулах, мөн өмгөөлөгч авах хүсэлтэй болохоо хариуцагч Ч.Мээр уламжлан гаргасан байх ба бичгээр хүсэлт, зохих баримтыг ирүүлээгүй. Шүүх хуралдааны товтой 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Д.Х өөрөө биечлэн танилцсан, хүндэтгэн үзэх шалтгааны баримтыг ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Хариуцагч Д.Х-т 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарснаас хойш өмгөөлөгч авч эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах хангалттай хугацаа өнгөрсөн байх тул өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х, Ч.М нарын Х.Б ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1490012189 дугаартай зээлийн гэрээг цуцалж,
хариуцагч Дугаржавын Хосбаяр, Чулуунбатын Мөнгөнцэцэг нараас үндсэн зээлийн үлдэгдэл 9 076 66 төгрөг, хүү 4 402 059 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 241 621 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 22 500 төгрөг, нийт 13 742 846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1490012189-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 1490012189-02 дугаартай барьцааны гэрээнд тус тус заасан барьцааны зүйл болох
Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 41.25 м.кв талбай бүхий хувийн сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-2203025725/,
Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 44 дүгээр гудамж, 685 тоот, 375 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар /гэрчилгээний дугаар 000446675/-аар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.Х, Ч.М нараас 249 164 төгрөг гаргуулан Х.Б ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ