Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Шүүгдэгч Б.Сайнбилэг, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж,

            Насанд хүрээгүй шүүгдэгч П.Лхагвадорж, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Отгонцэцэг, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан,

            Нийслэлийн, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баяраагийн Сайнбилэг, Наваан овогт Отгонцэцэгийн Лхагвадорж нарт холбогдох 201725030131 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хаалттай хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уул 3 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Баяраагийн Сайнбилэг (РД:УП9206056),

            2.Монгол улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 6 дугаар гудамж, 15а тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Пүрэвжавын Лхагвадорж (РД:УК00231595),

            нар нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ти Эм Эл” ХХК-ийн эзэмшлийн 54-13 УНЕ улсын дугаартай Хово (Howo ZZ1047) маркийн автомашины урд салхины шил, баруун том толь, урд буфер, 2 хаалганы бариул зэргийг гэмтээж нийт 559.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.Б.Сайнбилэгээс:-2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би 22-99 УНП улсын дугаартай микро автобусыг жолоодож явахдаа Хово маркийн машинтай шахалцсан. Тэгтэл жолоочийн хажууд явсан залуу нь над руу салаавч гаргахаар нь би Баянбүрдийн автобусны буудал дээр уг Хово маркийн автомашиныг шахаж зогсоод бууж, машиных нь хаалгыг татахад бариул нь хөлдүү байсан учир хугарсан. Тэгтэл өөр Хово машины жолооч нар ирээд биднийг зодоход анх маргалдсан жолоочийн автомашин урд талынхаа автобусыг шүргэсэн. Тэрнээс биш бид Хово машины шил, толь зэргийг нь хагалаагүй. Бид зөвхөн бариул хугалсан. Бид тэр толь, шил зэрэгт гар хүрээгүй, Гэм буруугаа ойлгож байна, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

            2.Насанд хүрээгүй О.Лхагвадоржоос:-Баянбүрдийн автобусны буудал дээр Хово машины жолоочийн хажууд явсан хүн салаавч өгөхөөр нь дарж зогсоод бид хоёр, хоёр талаар нь очоод бариулыг нь таттал хугарсан. Гэтэл тэдэнтэй хамт урд нь явж байсан 2 Хово машины жолооч нар бууж ирээд биднийг зодсон. Тэгтэл анхны Хово өнхөрөөд машин мөргөж шил, толь зэргээ эвдсэн. Гэм буруугаа ойлгож байна. Дахин зохисгүй үйлдэл гаргахгүй, ял хөнгөлж өгнө үү гэв.

            Хохирогч Н.Биндэръяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Миний бие “Ти Эм Эл” ХХК-д автын механикчийн ажилтай бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ ус түгээлтийн машинуудад үзлэг хийж бүртгэж гаргасан. Манай компанийн 54-13 УНЕ улсын дугаартай Хово машины жолооч Гантулгыг орой ажил тараад ирэхэд нь машинд үзлэг хийхэд салхины шил, хаалганы бариул, баруун талын толь зэрэг гэмтсэн байсан. Би жолооч Гантулгаас болсон явдлыг тодруулахад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байгаад микротой залуучуудад машинаа цохиулж гэмтээсэн гэсэн. Би 54-13 УНЕ улсын дугаартай автомашины гэмтсэн хэсгүүдийг янзлуулах хүртэл компанийн гражид байлган ажилд гаргаагүй. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр салхины шил, толь зэргийг шинээр авч суурилуулсан. “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнэлгээний комисс 679.000 төгрөгөөр үнэлсэн байсан, үнэлгээн дээр гаргах гомдол хүсэлт байхгүй. Манай байгууллагаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 54-13 УНЕ улсын дугаартай Хово маркийн автомашины салхины шил болон толийг янзлуулсан. Мөн зарлагын баримтыг өгсөн байгаа үнийн дүн дээр байгаа 315.000 төгрөгийг төлөөд өгчихвөл гомдол санал байхгүй гэжээ.

            Мөрдөн байцаалтад жолооч Э.Гантулга хохирогчоор мэдүүлэхдээ:-Миний бие нь “Ти Эм Эл” ХХК-д жолоочийн ажил хийдэг. Би хөдөө орон нутагт ачигчийн хамт цэвэр ус түгээлтэнд явдаг. Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед ачигч Ганболдын хамт Чойр руу цэвэр ус түгээлтэд явах гэж байгаад Эх нялхасын гэрлэн дохионоос эхлэн 22-99 УНП улсын дугаартай микро маркийн автомашинтай шахалцаж эхэлсэн. Тэгээд Баянбүрдийн автобусны буудал дээр микроны жолооч нь яаж яваад байгаа хоёр банди вэ гэсэн чинь манай ачигч Ганболд өөдөөс нь салаавч өгсөн. Тэгээд тэд нар Баянбүрдийн автобусны буудал өнгөрөөд бид хоёрыг шахан зогсож 2 залуу бууж ирээд хаалга татахаар нь түгжсэн чинь хаалганы бариул хугарсан. Тэгээд нэг залуу нь толь руу цохиод хугарсан бариулаар салхины шил рүү цохиод явсан. Тухайн үед манай хамт ажилладаг нөгөө ээлжний жолооч урд талд явж байгаад харсан юм шиг байна лээ. Тэгээд хүрч ирээд салгасан. Тэгээд тэр 2 залуу явж машин өнхөрөөд цэнхэр өнгийн автобусны крилло руу дөнгөж хүрээд зогссон. Манай машинд хоёр талын хаалганы бариул хугарч, салхины шил цуурч, баруун талын толь хагарч, урд гупер хагарсан. Учирсан хохирлыг барагдуулмаар байна гэжээ.

            Гэрч Ж.Мэнджаргалаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Миний бие Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Баянбүрдийн автобусны буудлын зүүн талд тос маслын худалдааны ТҮЦ ажиллуулдаг. 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед микротой залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд микротой залуучууд нь ачааны машиныг шахсан байдалтай микроноос 2 залуу бууж ирээд ачааны машины 2 талын хаалгыг татаж бариулыг нь хугалаад, жолоочийн эсрэг талын хаалганы бариул татаад байсан залуу толь болон салхины шил хагалаад, урд талаас нь ачааны машины залуутай адилхан хувцастай 2 залуу ирээд салгаж байсан. Тэгээд тэд нар хоорондоо зодолдоод байж байтал ачааны машин арагшаа өнхрөөд баруун салааны цэнхэр өнгийн автобусыг шүргээд зогссон байсан. Тэгээд микротой залуучууд нь яваад өгсөн гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Б.Сайнбилэг нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-99 УНП улсын дугаартай микро автобус жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “Ти Эм Эл” ХХК-ийн эзэмшлийн 54-13 УНЕ улсын дугаартай Хово (Howo ZZ1047) маркийн автомашины жолоочийг шахсан, салаавч гаргасан гэх шалтгаанаар замын голд автомашинаараа шахаж зогсон, улмаар шүүгдэгч Б.Сайнбилэг, П.Лхагвадорж нар бүлэглэн 54-13 УНЕ улсын дугаартай Хово (Howo ZZ1047) маркийн автомашины 2 хаалганы бариулыг хугалж, баруун том толийг хугалж, хугарсан толины сууриар урд салхины шилийг хагалж, “Ти Эм Эл” ХХК-ийн эд хөрөнгөнд 559.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Биндэръяагийн “…Манай компанийн 54-13 УНЕ улсын дугаартай Хово машины жолооч Гантулгыг орой ажил тараад ирэхэд нь машинд үзлэг хийхэд салхины шил, хаалганы бариул, баруун талын толь зэрэг гэмтсэн байсан. 54-13 УНЕ улсын дугаартай автомашины гэмтсэн хэсгүүдийг янзлуулах ... зарлагын баримтыг өгсөн байгаа үнийн дүн дээр байгаа 315.000 төгрөгийг төлөөд өгчихвөл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, Э.Гантулгын хохирогчоор мэдүүлсэн “…Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед ачигч Ганболдын хамт Чойр руу цэвэр ус түгээлтэд явах гэж байгаад Эх нялхасын гэрлэн дохионоос эхлэн 22-99 УНП улсын дугаартай микро маркийн автомашинтай шахалцаж эхэлсэн. Тэгээд Баянбүрдийн автобусны буудал дээр микроны жолооч нь яаж яваад байгаа хоёр банди вэ гэсэн чинь манай ачигч Ганболд өөдөөс нь салаавч өгсөн. Тэгээд тэд нар Баянбүрдийн автобусны буудал өнгөрөөд бид хоёрыг шахан зогсож 2 залуу бууж ирээд хаалга татахаар нь түгжсэн чинь хаалганы бариул хугарсан. Тэгээд нэг залуу нь толь руу цохиод хугарсан бариулаар салхины шил рүү цохиод явсан. Манай машинд хоёр талын хаалганы бариул хугарч, салхины шил цуурч, баруун талын толь хагарч, урд гупер хагарсан.” гэх мэдүүлэг, гэрч Ж.Мэнджаргалын “…2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед микротой залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд микротой залуучууд нь ачааны машиныг шахсан байдалтай микроноос 2 залуу бууж ирээд ачааны машины 2 талын хаалгыг татаж бариулыг нь хугалаад, жолоочийн эсрэг талын хаалганы бариул татаад байсан залуу толь болон салхины шил хагалаад, урд талаас нь ачааны машины залуутай адилхан хувцастай 2 залуу ирээд салгаж байсан.” гэх мэдүүлэг, зураг таньж олуулах ажиллагааны тухай тэмдэглэл, авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч талаас гомдол саналгүй, эвлэрсэн гэсэн хүсэлт, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Сайнбилэг, Боржигин овогт Пүрэвжавын Лхагвадорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Сайнбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Лхагвадорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж, түүнд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж шүүх үзэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулахаар шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч нараас хохирогчид нийт 315.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Б.Сайнбилэгт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Б.Сайнбилэгийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт Баяраагийн Сайнбилэг, Боржигин овогт Пүрэвжавын Лхагвадорж нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.Лхагвадоржийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаа 6 дугаар гудамж, 15а тоотод оршин суух түүний эх Наваан овогт Нямсүрэнгийн Отгонцэцэг (РД:ЦГ77092968)-ийн хяналтад өгсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Б.Сайнбилэгийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Сайнбилэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Сайнбилэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сайнбилэг, насанд хүрээгүй шүүгдэгч П.Лхагвадорж нарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ