Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/41

 

А.Ш-т холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/886 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.Ш-т холбогдох эрүүгийн 1909001321131 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             А.Ш-, 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “А” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 1, ганцаар оршин суух, ял шийтгэлгүй,

            А.Ш- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж, өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Ш-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг бэлтгэж, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ш-ийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 490.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, А.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Ш-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Ш-ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй байна. Тэрээр уг программыг эцэг, эхчүүд үр хүүхдэдээ хараа хяналт тавих зориулалтаар зохиосон ба зохиосон даруйдаа хууль зөрчиж байгаа эсэхийг мэдэхээр “Цэц” хууль зүйн товчоонд хандсан байдаг. “Цэц” хууль зүйн товчооноос хянаад гэмт хэргийн шинжгүй хэмээн үзсэн тул интернетэд сурталчилгааг байршуулсан.

Хохирогч Ү.А-, Б.Б- нар нь зарын дагуу гэрээг сайн дураар хийж төлбөрийг төлсөн ба өөрийн нөхрийн гар утсанд суулгасан нь гэрээгээ зөрчсөн үйлдэл юм. Энэ тохиолдолд хариуцлагыг өөрсдөө хүлээх талаар гэрээний 7 дугаар зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч Ү.А-, Б.Б- нар нь мэдээллийн хамгаалалттай сүлжээнд нэвтрэх үйлдлийг хийсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 болон 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай дүгнэлт зэрэг эргэлзээтэй нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 1824 дугаартай дүгнэлтэд “...гар утасны мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдлийг хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл гэж үзэхгүй хэдий ч...” гэж заасан нь шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлттэй нийцдэггүй. Түүнчлэн 1/553 дугаартай дүгнэлтийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга н.Чинбат гэх хүн гаргасан боловч тэрээр дүгнэлт гаргах хэмжээний тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь тодорхой бус байдаг.

Нөгөөтэйгүүр тус газар нь чиг үүргийнхээ хүрээнд тогтоол, шийдвэр гаргадаг бөгөөд веб сайтуудтай холбоотой харилцааг л зохицуулдаг болно. Хэрэгт А.Ш-ийг яллагдагчаар татах тогтоолыг 2016 он хэмээн бичсэн байдаг. Шүүхийн хувьд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэхээр байна. Учир нь дээрх бичиглэл прокурорын шатанд бичсэнийг шүүх шууд техникийн шинжтэй алдаа хэмээн үзэж байгаа нь учир дутагдалтай. Иймд А.Ш-ийн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд нэвтрэх программыг бэлтгэж, өөрийн сайтаар дамжуулан бусдад худалдсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Ш-ийн өмгөөлөгч Т.Баярцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэсэн шинжтэй бөгөөд хүний хувийн мэдээлэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байхыг шаардаж байгаа. Гэтэл А.Ш-ийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэр харагддаггүй.

Энэхүү программ нь хүүхдийнхээ хаана явж байгааг хянах боломжийг эцэг, эхчүүдэд олгох зорилготой юм. Харин өөр бусад хүмүүс буруугаар ашигласаны төлөө А.Ш-ийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй. А.Ш- анхнаасаа бусдын мэдээлэлд халдах санаа зорилгоор уг программыг зохиогоогүй. 1 дүгээр хавтас хэргийн 163-164 дүгээр талд гэрч н.Энхбатаас “А.Ш-ийн www.taslal.mn вэб сайтын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа юу, уг үйл ажиллагааг явуулахын тулд заавал зөвшөөрөл авах шаардлагатай юу” гэж асуухад “шаардлагагүй” гэж хариулсан байдаг.

Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт орохдоо 2019 оны 5 дугаар сараас хойш үйл ажиллагааг явуулахад зөвшөөрөл олгохоор заагдсан. А.Ш-ийн зохиосон программыг дэлхий нийтээрээ ашигладаг. Иймээс түүний үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. ...” гэв.

            Шүүгдэгч А.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний охин бусдад хүчирхийлүүлж би хохирогч болсон. Яг энэ төрлийн гар утасны программ ашиглаж уг гэмт хэргийг илрүүлж таслан зогсоосон байдаг. Би уг программыг эрт мэдсэн бол эрт арга хэмжээ авах боломжтой байжээ гэж бодсон. Гадны программыг судалж үзээд өөрөө хийж болох юм байна гэсэн санаа төрсөн. Би 2 жил гаруй хугацаанд уг программыг хийсэн. Тухайн үед адил төрлийн программын ханшийг хараад, серверийнхээ төлбөрийг бодоод, үнийг нь тогтоогоод хууль зүйн товчоонд хандсан. Цагдаагийн байгууллагын хүмүүстэй уулзаж байсан. Тэд намайг сервер дэх мэдээллээ сайн хадгалаарай гэсэн. Түүнээс хууль зөрчиж байна гэж хэлээгүй. Бусад эцэг, эхчүүдэд надтай адил зовлон битгий тохиолдоосой. Ийм боломж байдаг юм шүү гэдэг үүднээс энэхүү программыг зохион бүтээгээд, хуулийн байгууллагатай уулзаж, ярилцаад явж байсан. Надад нэг ч хүн “гэмт хэрэг байна” гэж хэлж байгаагүй. Харин ч сайшааж байсан тул нийгэмд хэрэгтэй зүйл хийж байна гэж баярлаж явсан. Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “...энгийн хэрэглээний программ. Хэн ч гар утаснаасаа татаж авах болно. Хууль бус программ биш” гээд бичиг өгсөн. Уг бичгийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. ...” гэв.

            Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Ш- уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн. Санаатай үйлдэл биш байсан бол зохион бүтээсэн программаа бусдад үнэ төлбөргүй ашиглуулах байсан. Хавтас хэрэгт авагдсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дүгнэлтэд “...гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдэл нь хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш хэдий ч цахим төхөөрөмжид нэвтэрсэн үйлдэл мөн...” гэсэн нь тухайн зүйл, хэсгийг тодорхойлсон хэсэгтэй нийцэж байдаг. Анхан шатны шүүх хавтас хэргийн хүрээнд гэмт хэрэг тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай эхнэр Б гадаад улсад байх хугацаандаа миний 981143** дугаартай “LG” загварын гар утас болон “Samsung” загварын гар утсыг www.taslal.mn сайтад бүртгүүлж, миний хувийн мэдээ мэдээллийг авч байсныг би өнөөдөр мэдсэн. Эхнэр гадаад улсад байх хугацаандаа миний хэнтэй цуг, юу хийж явааг дандаа мэддэг байсан. Би “Чи яаж мэдээд байгаа юм бэ” гэж асуухад “Надад хэлдэг хүн байдаг юм” гэж хэлдэг байсан бөгөөд уг асуудлаас болж манай гэр бүл, бид хоёрын дунд хэрүүл тасардаггүй байсан. Одоо миний хувийн мэдээлэл тэр www.taslal.mn сайтад хадгалагдаж үлдсэн байгаа учир надад аюултай байна. Манай эхнэр www.taslal.mn сайтын Хаан банк дахь данс руу “30.000 төгрөг шилжүүлээд өг” гэж хэлэхэд нь би шилжүүлдэг байсан. ...” /1хх 147-148/,

- хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэр А заримдаа миний хаана юу хийж явааг мэдчихдэг байсан. Би зарим үед гайхдаг байсан ч мэдчихсэн юм байлгүй гээд өнгөрдөг байсан. Тэгээд хүний гар утас хянах зорилготой программ байдгийг саяхан мэдсэн тул одоогоор ямар асуудал гараад байгааг дэлгэрэнгүй хэлж чадахгүй байна. Одоо миний гар утсанд элдэв программ суугаагүй байгаа. Эхнэр намайг мэдсэнийг мэдээд устгасан байх. ...” /1хх 150-151/,

- гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны дундуур www.taslal.mn сайтын талаар мэдсэн. ... сайтаар орж судлахад заавар нь бүгд байсан. Тэгээд зааврын дагуу нөхөр О 981143** дугаартай “LG” загварын гар утсанд суулгаад туршиж үзэхэд ажиллаж байхаар нь төлбөрийг нь Хаан банкны дансаар хийгээд ашиглаж эхэлсэн. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр би нөхөр лүүгээ хэлж нөхрийнхөө Хаан банкны дансаар энгийн багцын үйлчилгээг 3 удаа авч ашигласан. Нийт 90.000 төгрөг төлж, хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлбөр төлж ашигласан. Би энэ сайтыг нөхөр О хаана, юу хийж явааг хэнтэй юу ярьж байгааг мэдэх зорилготойгоор ашигласан. ...” /1хх 152-153/,

- гэрч Ү.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны эхээр фэйсбүүкээр www.taslal.mn сайтын талаар сурталчилгаа явж байсныг хараад эхлээд өөрийн 24 настай хүүхэд Л-г хаана, юу хийж явааг олж мэдэх зорилгоор уг сайтад бүртгүүлж үйлчилгээг авсан. Тэгээд би хүүхдээ хянахаас илүү www.taslal.mn сайтад бүртгүүлсэн гар утсыг өөрийн хоёр дахь нөхөр Э-т өгсөн. Манай нөхөр хаана яваа нь мэдэгдэхгүй, өөрсдийн мөнгийг яаж зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй байсан учир нөхөртөө өгч тагнаж үзэхэд юу хийж яваа нь ер нь тогтоогдож эхэлсэн. ...” /1хх 156-157/,

- шүүгдэгч А.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би эцэг хүний хувьд өөрийн хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадаагүйгээс болоод охиноо 11 настай байхад нь бусдад олон удаа хүчиндүүлснийг мэдээгүй явсан. Миний охинд тохиолдсон зүйл өөр хүүхдүүд, эцэг эхчүүдэд битгий тохиолдоосой гэсэндээ энэ программыг бий болгосон. Программаа бүтээсний дараа “Цэц” хуулийн фирмд хандаж зөвлөгөө авахад “Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүй, ямар нэгэн тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, та энэ үйлчилгээг явуулж болно” гэж хэлсэн. Тэд гэрээг хийж өгсөн бөгөөд тэр нь миний е-мэйл хаягт хадгалагдсан, төлбөрийн нэхэмжлэх нь байгаа. Программыг ажиллуулж эхлэх хугацаанд кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дэслэгч Г гэх хүн намайг анх дуудаж уулзаад “Сервер чинь хаана хадгалагддаг вэ, мэдээллийн аюулгүй байдлаа яаж хамгаалдаг вэ” гэж асуухад нь “Бусдын мэдээллийг алдахаас сэргийлээд бид нар Америк Улсад серверт хадгалдаг“ гэхэд “Гадны үнэтэй программыг Монгол улсад хямдаар нутагшуулаад олон хүүхдийг хамгаалах гэж байгаад талархаж байна, хүмүүст бусдын мэдээллийг алдаж болохгүй шүү” гэсэн. Үүний дараа Тагнуулын Ерөнхий газраас технологи талын хошууч Мэгзэр гэх хүн намайг дуудаж уулзаад “Сайн байна, хамтарч ажиллая, танай мэдээллийн санг ашиглая” гэхэд нь би “Хувь хүний нууц байдаг тул болохгүй” гэсэн. Эдгээр газраас надад болохгүй гэж хэлсэн бол би энэ программыг ашиглуулахгүй байсан. Энэ программ нь дэлхийн бүх улс оронд байдаг энгийн программ бөгөөд Монгол Улсад л байдаггүй. Манай үйлчилгээ нь хүүхдийн гар утсанд байгаа мэдээллийг серверт хадгалсны төлөө мөнгө авч байгаа гэсэн үг. Программ нь үнэгүй. Би нийгэмд өөрийнхөө чадах хэмжээнд тус болж, бусдад дахиад зовлон битгий тохиолдоосой гэсэндээ л энэхүү программыг бүтээсэн. Хэрэглэгч мэдээллийг өөрийн бүртгэлтэй дансаар нэвтэрч үзнэ. Хөндлөнгөөс хэн нэгэн харах боломж байхгүй. Онолын хувьд би харах боломжтой. …” /1хх 233-245, 3хх 40-42/ гэсэн мэдүүлгүүд,

- www.taslal.mn вэб сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 19-25/,

- “А” ХХК-ийн Хаан банк дахь 5062147763 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 45-53/,

- шүүгдэгч А.Ш-ийн үйл ажиллагаандаа ашигладаг зөөврийн компьютер, цахим төхөөрөмж, гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1хх 134-135/,

- шүүгдэгч А.Ш-ээс хураасан зөөврийн компьютер, цахим төхөөрөмжийг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1816 дугаартай “...зөөврийн компьютерт суулгасан программуудаас үзэхэд программ хөгжүүлэгч мэргэжилтэй хүний компьютер байж болохоор байна. ...” /1хх 171-172/ гэх,

- www.taslal.mn вэб сайтад хийсэн үзлэгийн үр дүнд бэхжүүлэн авсан “1b7d03c64f32149e281a1bc4df924fcc” hash код бүхий файлыг шинжилсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1824 дугаартай “...“1b7d03c64f32149e281a1bc4df924fcc” hash кодтой файлд гар утасны дуудлагын түүх болон зурвас байршил заасан мэдээллийн хамт, зурган болон дууны, дүрс бичлэгийн файлууд байна. Уг файлд байгаа Taslal_Android.sql гэсэн нэртэй файлуудад “Taslal_Android” гэсэн нэртэй өгөгдлийн баазын “Calls_0, SMS_0, Active_ap_suulgaagui” гэсэн нэртэй хүснэгтүүдийн мэдээллийг агуулж байна. Эдгээрт өгөгдлийн баазад бүртгэгдсэн хамтаар хадгалагдсан байна. ...”/1хх 180-188/ гэх дүгнэлтүүд,

- мөн цахим төхөөрөмж, хамгаалалттай сүлжээ гэх ойлголттой холбогдуулан зарим асуудлыг тодруулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/553 дугаартай “...хамгаалалттай сүлжээний хувьд мэдээлэл, өгөгдлийг дамжуулахдаа кодчиллын аргаар нууцалсан байдаг. Уг кодыг задалж мэдээллийн анхны төлөвт хувирган хэрэглэгчид хүргэдэг. Гар утас нь цахим төхөөрөмжийн нэг төрөлд хамаардаг. Гар утасны мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд дамжуулж буй үйлдэл нь хамгаалагдсан сүлжээнд нэвтэрсэн үйлдэл биш хэдий ч цахим төхөөрөмжид нэвтэрсэн үйлдэл мөн болно. ...” /1хх 199-200/ гэх дүгнэлт,

- шинжээч Б.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...цахим төхөөрөмж гэдэг нь цахим мэдээллийг боловсруулах зориулалттай төхөөрөмж гэж ойлгож болно. Андройд үйлдлийн системтэй гар утас цахим төхөөрөмж мөн. Орчин үед цахим төхөөрөмж сүлжээ буюу интернетэд холбогдох болсон иймээс уг төхөөрөмжид байгаа мэдээллийг сүлжээгээр алдах эрсдэл нэмэгддэг. Цахим гэлтгүй ямар ч мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авах нь хууль бус үйлдэл. ...” /1хх 194-195/ гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан судлахад;

А.Ш- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж байгаа www.taslal.mn вэб сайтаар дамжуулж, өөрийн зохион бүтээсэн андройд үйлдлийн системтэй цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш бусдад худалдан борлуулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч А.Ш-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийсэн ба тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах” гэмт хэрэг нь цахим мэдээллийн сүлжээнд нэвтрэхийн тулд тусгай зориулалт бүхий программ, хэрэгслийг хууль бусаар бэлтгэсэн, борлуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үйлдлийг бүрэн хийснээр төгсдөг.

Өөрөөр хэлбэл, бодит хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүйн гадна, энэ гэмт хэргийг үйлдэж олсон орлогын хэмжээнээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй болно.

Шүүгдэгч А.Ш- давж заалдсан гомдолдоо “...уг программыг эцэг, эхчүүд үр хүүхдэдээ хараа хяналт тавих зориулалтаар зохиосон бөгөөд хууль, хяналтын байгууллагаас аливаа хууль тогтоомж зөрчсөн гэж үзээгүй учраас интернетэд сурталчилгааг байршуулсан. Ү.А-, Б.Б- нар нь гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлсөн. Ингэхдээ уг программын өөрсдийн нөхрийн гар утсанд суулгасан явдал нь гэрээгээ зөрчсөн үйлдэл тул хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой. ...” хэмээн маргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д “...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэж, мөн зүйлийн 17-д “...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.” гэж заасан.

Үүний үндсэн дээр 1995 онд Хувь хүний нууцын тухай хууль батлагдан гарч, энэ хуулийн 4 дүгээр зүйлд хувь хүний нууцыг захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдэд ангилснаас гадна, 2001 онд шинэчлэн найруулсан Харилцаа холбооны тухай хуулиар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулж, энэ хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодорхойлсон ба эдгээр хуулийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Шүүгдэгч А.Ш-ийн тус шүүх хуралдаанд гаргасан “...тухайн программыг хэний гар утсан дээр суулгаж байгааг хянах боломжгүй...” гэсэн тайлбар, мөн тухайн программыг авч ашиглах үйлчилгээний нөхцөл /2хх 33-35/-ийн 1.3-т “Та компанийн вэб сайтад бүртгүүлсэн, аппликейшинг татан авч идэвхжүүлсэн эсхүл “Зөвшөөрөх” товчлуурыг дарснаар энэхүү гэрээний нөхцөл, болзлуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.”, 4.1-д “Хэрэглэгч аппликейшныг турших зорилгоор хязгаарлагдмал эрхтэйгээр хоёр хоногийн турш ашиглана.”, 4.2-т “Хэрэглэгч аппликейшныг үргэлжлүүлэн ашиглахыг хүссэн нөхцөлд Компанийн санал болгосон төлбөрийн багцаас сонголтоо хийж, үйлчилгээний хөлс буюу төлбөрийг төлнө.”, 8.1-д “Хэрэглэгч компанийн вэб сайтад бүртгүүлснээр энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.” гэж тус тус зааснаас үзэхэд, хэрэглэгчид түүний бэлтгэсэн уг программыг ашиглан бусдын гар утсан дахь мэдээллийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй буюу түүнд мэдэгдэлгүй олж авснаар Монгол Улсын Үндсэн хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцад хууль бусаар халдах бодит нөхцөл бололцоо бүрдсэн байна.

Мөн дээрх программыг бэлтгэх болсон шалтгаан нь шүүгдэгч А.Ш-ийн гэмт үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймээс гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ш-ийг цахим төхөөрөмж, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх программыг бэлтгэж, борлуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Түүнчлэн дээрх программыг бусдад худалдан борлуулснаас олсон ашиг болох “А” ХХК-ийн Хаан банк дахь 5062147763 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон 490.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон шүүгдэгч А.Ш-ээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/886 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ш-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Т.Баярцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН