Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0270

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Цэцгээгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 27 дугаар зүйлийн 27.1.1, Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 25 дугаар зүйлийн 25.5, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан М.Цэцгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамж, 0349253 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо: “Чингэлтэй дуүргийн 12 дугаар хороо Булгийн 20 гудамж 1042a тоотод хаягт бүртгэлтэй, гуравдагч этгээдийн Гомбо овогтой Отгонбилэгийн өмгөөлөгч Д.Очирваань миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Маргаан бүхий газар нь анх нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжаар Батномгон овогтой Дэлгэрцэцэгт өмчлөгдсөн байдаг. Улмаар өмчлөх эрх нь баталгаажсан газрыг 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулан Б.Дэлгэрцэцэгээс Г.Отгонбилэг нь худалдан авч өнөөдрийг хүртэл газраа ашиглаж, амьдарч байгаа юм. Г.Отгонбилэгийг тухайн газрыг 2012 онд худалдан авахад Б.Дэлгэрцэцэг нь 219 м.кв талбай бүхий газрыг бухэлд нь тойруулан банзаар хашаа барьсан байдаг ба үүнийг тухайн үед нэхэмжлэгч эс зөвшөөрч Б.Дэлгэрцэцэгтэй маргалдаж байсан талаар талууд мэдүүлдэг. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121, нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийг нэхэмжлэгч М.Цэцэгээ нь 2012 онд мэдсэн гэж үндэслэлтэй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2015 оноос эхлэн орц, гарц хааснаас болж гэрлүүгээ орж чадахгүй талаар бичсэн ба түүний энэхүү үндэслэл худлаа болохыг шүүхээс хийсэн газрын үзлэгээр нэхэмжлэгчийн орц, гарцыг хаагаагүй болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл гурвдагч этгээд нь эзэмших эрх олгогдсон 219 м.кв талбай бүхий газрыг бүхэлд нь биш 110 м.кв газрыг хашаалан бодитоор эзэмшиж байгаа ба бодит байдал дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нөгөө талаар ...дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг Б.Дэлгэрцэцэгт эзэмшүүлсэн гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 12 хороо орсон болох нь Чингэлтэй дүүргийн иргэдийн хурлаар баталсан газар зохион байгуулалтын 2012 оны төлөвлөгөө болон Чингэлтэй дүүргийн 12 хорооны Засаг даргын мэдүүлгээр маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон болохыг нотлож байна.

3. Б.Дэлгэрцэцэг, түүний эцэг Батномгон, Г.Отгонбилэг нар нь “Хүний үйл ажиллагааны улмаас эвдрэл гэмтэлд орж ашиглалтгүй болсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн тул газар эзэмших эрхийг олж авсан. Б.Дэлгэрцэцэг нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ холбогдох байгууллагаар дамжуулан гаргахдаа шинээр эзэмших эрх олгогдсон буюу Булгийн 20-1042а тоот хаягт кадастрын зураг хийлгэж өгсөн нь хүсэлтэд дурдагдсан газарт эзэмших эрх олгогдоогүй гэсэн дүгнэлтийг няцааж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны А/121 дүгээр захирамжийн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсэг болон 0349253 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2011 оны 625 дугаар захирамжийн Б.Дэлгэрцэцэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” М.Цэцгээгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар тус дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 20-1042а тоот, 219 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар Б.Дэлгэрцэцэгт эзэмшүүлж, гэрчилгээ олгож, нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар тус газрыг Б.Дэлгэрцэцэгт өмчлүүлжээ. Үүний дараа буюу 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тус газар нь Г.Отгонбилэгийн өмчлөлд шилжсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд өмчлүүлсэн газар нь “Орц, гарц хаасан, шинээр хашаа босгосноор нүүрэн талын хашаа байхаа больж, эдийн засгийн үнэлгээ буурсан, төлөвлөгдөөгүй байршилд газар эзэмшүүлж, өмчлүүлсэн” хэмээн тодорхойлжээ.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг баталжээ. Уг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс үзэхэд тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэгт газар эзэмшүүлсэн байна. Мөн газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч М.Цэцгээгийн хашааны орц, гарц дээр давхардуулан газар эзэмшүүлсэн нь газрын кадастрын зургууд болон маргаан бүхий газрын үзлэгээр тогтоогдож байна.

Энэ нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” гэж заасныг зөрчсөн, түүнчлэн гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандан өөрийн төрсөн эцэг Т.Батномгоны эзэмшил 625.42 м.кв талбай бүхий Булгийн 20-1042 тоот хашааны тал хэсгийг шилжүүлэн авах тухай өргөдөл гаргаж байжээ. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Т.Батномгоны эзэмшил газрын зохих хэсгийг охин Б.Дэлгэрцэцэгт шилжүүлэх талаар асуудлыг шийдвэрлэх ёстой байтал мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтыг үндэслэн тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлжээ.

Түүнчлэн гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэгээс Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлд хавсаргаж өгсөн кадастрын зургаар тус дүүргийн 12 дугаар хорооны Булгийн 20-1042а гэж байхгүй хаягийг шинээр бий болгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий 219 м.кв газарт нэхэмжлэгчийн хашааны орц, гарц байгаа хэсэг хамаарч байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчин Чингэлтэй дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд заагдаагүй, бусдын эзэмшил газартай давхцал байгаа эсэхийг газар дээр нь нягтлан шалгалгүй Б.Дэлгэрцэцэгт газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг Б.Дэлгэрцэцэгт олгохдоо мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг зөрчсөн. Энэ нь нэхэмжлэгч М.Цэцгээгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Отгонбилэгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дугаар зүйлийн 51.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Г.Отгонбилэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

            ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

            ШҮҮГЧ                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР