Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 344

 

Б.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлалтай, Б.М-т холбогдох  1714001350071 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан А овогт Б-ийн М.

Б.М- нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1900 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын * дүгээр баг, *** тоотод Б.Б-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ыг нийт 54 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, хохирогч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Б.М-ыг хохирогч Б.Б-ын бие махбодид зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан гэж шийтгэх тогтоол, магадлалд дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Б.Б- шүүгдэгч Б.М-тай маргалдан зүй бус авир гаргасан бөгөөд түүнийг заамдаж хойш түлхэх үед ширээн дээр байсан хутга гарт нь таарч авсныг салгах гэж оролдож байгаад газарт унаж хохирогч гэмтэл авсан байдаг. Харин хохирогчийг санаатай алах, гэмтээх, айлгах санаа зорилго байгаагүйгээс гадна хутгыг Б.М- нь барих, далайх үйлдэл хийгээгүй гэдгийг хохирогч мэдүүлдэг. Анхан шатны шүүх Б.М-ын үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэхгүй гэж няцаан дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан өрөөсгөл байдлаар дүгнэсэн. Өмгөөлөгч болон Б.М-ын хувьд Б.Б-ын бие махбодид хүнд хохирол учруулсан гэдэгтэй маргадаггүй бөгөөд харин түүнд гэмтэл учруулах шууд болон шууд бус санаа зорилгыг агуулаагүй байсан гэдгээ шүүх хуралдаанд болон прокурорын шатанд илэрхийлсээр ирсэн. Хохирогч хутгыг барьсан байх явцад Б.М салгахаар ноцолдох үед 2 гартаа ээлжлэн барьж аваад өгөхгүй байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг бөгөөд үүнийг хохирогч үгүйсгэдэггүй нь тухайн үйлдэл болсон байх боломжтойг харуулдаг. Харин дээрх үйлдлийг хийх болон хутга салгахаар оролдож ноцолдож унах үед шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүд учрах бүрэн боломжтой. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гартаа хутга барьсан хүнтэй газар унан ноцолдоход өөрийн болон бусдын биед гэмтэл учруулж болохыг ухамсарласан хэдий ч шүүгдэгч хүсэж хохирогчтой ноцолдож түүнд  гэмтэл учруулсан тул шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Б.М-ын хувьд тухайн хутгыг салгах оролдлого хийснээс хохирогчийг гэмтээх санаа зорилго агуулаагүй харин Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн үйлдлийн улмаас бусдад хор уршиг учрах, гэмтээх боломжтой гэдгийг мэдэх ёстой байтал мэдэлгүйгээр, гэм буруугийн болгоомжгүй байдлаар газарт унаж хутганд гэмтэн дээрх хор уршиг учирсан байх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогчид тус гэмтлийг учруулахыг хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн шинж чанар хэрэгт авагдаагүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж Б.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэрэг нотлогдсон, хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Түүнчлэн шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.М-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх Б.М-ыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн цагдан хоригдсон 54 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.М- нь хохирогч Б.Б-ын гартаа барьсан хутгыг булаан авахаар ноцолдож байгаад газар унахдаа түүнийг хутгалсан гэж мэдүүлдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдсэн, хэргийн шийдвэрлэлтийн талаар хувийн сонирхолгүйгээр мэдүүлэг өгөх үүрэгтэй, хөндлөнгийн гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар дээрх үйл баримт үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Б.М-ын гэм бурууг дан ганц шинжээчийн дүгнэлт бус харин шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж үнэлсний үндсэн дээр тогтоосон байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар магадлал тус тусыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

          ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН