| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00159/И |
| Дугаар | 146/ШШ2017/00212 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 146/ШШ2017/00212
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1965 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл 3, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Өлийн 03-08 тоотод оршин суух, РД:ЙР65061601, Гарьд овогт Дагвын Батдуламын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдулам нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батдулам миний бие Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10-н жилийн сургуулийн дотуур байранд жижүүрээр 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдээгүй тул миний ажиллаж байсан жил тооцогдохгүй байна. Иймд миний 1 дүгээр 10-н жилийн сургуульд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батдулам нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаартай тодорхойлолт, 1984 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Батдуламд олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймаг Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 37 дугаартай тодорхойлолт, 1988 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Батдуламыг шагнасан сайшаалын үнэмлэх, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон цогцолбор сургуулийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, гэрч Ц.Дагиймаагийн ...Би 1986 оны 10 дугаар сард 1 дүгээр сургуульд жижүүрээр ажилд ороод 1987 онд ажиллаж байхад Д.Батдулам 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр жижүүрээр тус сургуульд ажилд орсон. Тэрнээс хойш хамт ажиллаж байгаад цомхотголоор 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилгүй болсон... гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Даариймаагийн ...Би анх 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үйлчлэгчээр ажилд орсон. Намайг ажиллаж байхад 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сургуульд байрны жижүүрээр ажилд орсон. Тэрнээс хойш хамт ажиллаж байгаад цомхотголоор 1993 оноос эхлэн ажилгүй болсон... гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Гарьд овогт Дагвын Батдуламыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд жижүүрээр ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Гарьд овогт Дагвын Батдуламыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр 10-н жилийн сургуульд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Батдуламын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА