Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.......,

Улсын яллагч ............,

Шүүгдэгч ........,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ..........д холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ........ дугаар сарын ...........-ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн  хамт Завхан аймгийн ........... сумын ............ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ..............овогт .......... /регистрийн дугаар............./

Шүүгдэгч .......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ....... сумын “........багт байрлах ........ тоот өөрийн гэртээ 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед хохирогч төрсөн охин .......... “утасны сим карт сольж өгөөгүй” шалтгаанаар маргалдаж, улмаар хүн суудаг жижиг модон сандлыг авч шидсэнээс сандал түүний эрүүл мэндэд нь буюу толгойн тус газарт цохиж духны баруун хэсэгт нэвтэрсэн шинэ шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шатанд оролцогч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ” гэж заасан журмын дагуу хохирогч ...........д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр “шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

             Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч ........... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ............. сумын ............. багийн нутаг дэвсгэрийн .............тоотод өөрийн гэртээ 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн үед төрсөн охин .......... “гар утасны сим сольж өгөөгүй” гэсэн шалтгаанаар, маргалдаж, улмаар хүн суудаг жижиг модон сандлыг авч шидсэнээс сандал түүний толгойн тус газарт цохиж духны баруун хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

......... сандалаар цохиулсанаа шууд тусган мэдүүлсэн хохирогч ........ “…2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд дүү болох ......... хамт байж байтал гаднаас ......... жаахан архи уусан бололтой орж ирээд “Миний хоёр охинд 15,000/ арван таван мянга/ төгрөг байна уу?” гэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй гэтэл аав нэг хүн рүү утсаар залгаад мөнгө асуугаад байгаа бололтой ярьж байтал утас нь цэнэггүй болоод унтарсан. Тэгтэл утсаа цэнэггүй болчихлоо гээд том өрөөний хана руу шидсэн. Тэгээд дүү бид хоёрын утсыг цэнэгтэй юм уу аваад ир гэхээр нь бид хоёр чимээгүй байж байтал манай дүү ........ та нөгөө илүү байдаг утсандаа сим картаа хийчихгүй юм уу гэсэн. Гэтэл аав миний утасны сим картыг та хоёр хийгээд өгөөдөх гэхээр нь та өөрөө хийчихээч гэтэл аав би хийж чадахгүй байна гэхээр нь би ч бас хийж чадахгүй гэтэл аав над руу уурлаад босоод ирсэн юм. Тэгтэл манай дүү ............. аавыг та одоо боль гээд би айгаад ээжтэй ярих гээд утсаар залгаад байж байтал нүүрний духны хэсэг рүү нэг юм ирээд цохьсон тэгтэл нүүр рүү халуун зүйл урсаад байхаар нь гараараа бариад үзтэл цус гоожсон байхаар нь дүүгээ дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн...Урьд өмнө нь аав дүү бид хоёртой хэрүүл маргаан хийж, загнаж, зодох зүйл болдоггүй байсан...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас /

........... ........... цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч ........ “…2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд төрсөн эгч ........ хамт байж байтал гаднаас аав жаахан архи уусан бололтой орж ирээд “Миний хоёр охинд 15,000/ арван таван мянга/ төгрөг байна уу?” гэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй байсан мөнгөөрөө зааланд тоглох гээд цаг авсан гэж хэлсэн.... та өөрөө хийчихээч гэтэл аав би хийж чадахгүй байна гэхээр нь бид ч бас хийж чадахгүй гэтэл аав эгч рүү уурлаад босоод ирэхээр нь би аавыг та одоо боль гээд эгч ээжтэй ярих гээд утсаар залгаад байж байтал эгч рүү аав хүн суудаг жижиг модон сандал аваад шидтэл толгойн тус онотол толгойн хэсгээс нь цус гоожоод байхаар нь хамт дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн. Эгчийн духны хэсэгт сандлаар цохисны улмаас язарсан байсан тэр хэсэгт нь сумын эмчээр 9 оёо тавиулсан. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бид хоёртой хэрүүл, маргаан хийж, загнаж, зодох зүйл болдоггүй байсан. Тухайн үед эгчийг утасны сим карт сольж өгсөнгүй гэж уурлаад сандал шидсэн...” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

Гэрч .......... “…2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад ажил дээрээ иртэл манай охин .......... дүүгээ дагуулаад эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд юу болов гээд асуутал “Аав намайг сандлаар цохисон гээд духны дээд хэсэгт нь язарсан шархтай байсан. Тэгээд ........ ....... биеийн байдлыг нь үзүүлээд духны язарсан хэсэгт 9 оёо тавиулаад ....... хандсан...” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч ......... үйлдлийн улмаас хохирогч .......... биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн ................. /2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн .......... дугаартай/ “...1. .......... духны баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан буюу 2025 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 4. ......... биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон бөгөөд бусад нотлох баримтуудтай мэдүүлгийн эх сурвалж тохирсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан бөгөөд уг эрхийг зөрчиж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг сандалаар цохиход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч .......... хохирогч ........ толгойн тус газарт духны баруун хэсэгт шарх үүсгэсэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ......... нь хохирогчийг сандалаар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ......... хохирогч ............Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай сандал шидсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

  • Хохирлын талаар:

Шүүгдэгчээс хохирогч ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч ....... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч ....... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр ............ саналын хүрээнд буюу шүүгдэгч ........д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан жижиг модон сандлыг устгахыг тус тус дурдаж,

 түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт ................ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5. Шүүгдэгч ........... 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч хохирогч ........... төлөх төлбөргүй, шүүгчдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнүээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан жижиг модон сандал 1 ширхэгийг устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАЛЖИННЯМ