Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/01004

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/01004

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.А

Хариуцагч: С.Д

3 328 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Д нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3 300 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдэж авсан. Энэ мөнгийг бэлнээр надаас авсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 07-нд Хаан банкин дахь өөрийнхөө -- дугаарын дансандаа 400 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-нд 200 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-нд 250 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-нд 20 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-нд 500 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30 нд 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-нд 30 000 төгрөг нийт 5 300 000 төгрөг авсан. Хүү Б.Б виза картыг надад өгснөөр уг картаар нь би 1 972 000 төгрөг авсан. С.Д өөрийн хүү Б.Б хамт анх над дээр ирж байсан бөгөөд дээрхи дансаар л надаас мөнгө авдаг байсан учир би хүү Б.Б нь зээлийн гэрээг /бүх мөнгөө нийлүүлж нэгтгээд/ 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 5 800 000 төгрөг өгсөн гэсэн гэрээг хийж байсан боловч дээрхи мөнгийг аваагүй гэснээр шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл надаар мөнгө хийлгэсэн байсан данс нь С.Д гийн данс болохыг шүүх хурлаас хойш олж мэдлээ. Иймд С.Д гаас 3 328 000 төгрөгийг гаргуулан Т.А надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А гэдэг эмэгтэйг би урьд өмнө таниж мэдэхгүй. Г гэдэг хүүхэнтэй машинд ээжийнх нь гэрийн гадаа надыг дуудаж хорхой өвсний сүлжээнд оруулна. 7 хоногт 40 сая төгрөгийн боломжтой сүлжээ. Би энд хүмүүс оруулж байгаа. Та хүүхэд, ахан дүүсээ оруул, би мөнгийг нь өгье гээд миний хүүхдийн Худалдаа хөгжил банкны виза картыг барьцаалж аваад 2 сая төгрөгийг өгсөн. Г бас энэ мөнгөнөөс хамаатан садангаа оруулж эхэлсэн. Ингээд би аль учраа мэдэхгүй бөөн мөнгөний барьцаанд хүүгийнхээ виза картыг энэ хүүхэнд тавьсан. Би тавилгын дэлгүүртэй, худалдагч эмэгтэйг сайн таньдаг, гал тогооны ком, стенк хоёрыг эвдэрхий учир хямдаруулж өгнө гээд дахин өрний сүлжээнд орсон. Манай хүү Б.Б  цалин бонус ороход хэрэгцээний мөнгийг нь би өөрийнхөө --- гэсэн данс руу шилжүүлж авч бид нар хоол хүнс хэрэгцээний юмыг авдаг байсан. Би барьцаанд 10 хувийн хүүтэй мөнгөнд орчихоод Худалдаа хөгжлийн банкнаас 12 дугаар сард 2015 онд цалингийн зээл нэмж авч бүх өрөө өгсөн. Энэ эмэгтэй саяхан Р.Ү гэдэг шүүгчтэй Т.А бид 2 шүүх хуралдаанд орсон. Би С.Б гэдэг өмгөөлөгч авч шүүх хуралдаанд орсон. Шүүх надаас нэхэмжилсэн мөнгийг хэрэгсэхгүй болгосон. Өмгөөлөгч С.Б хуралдаанд оролцоогүй. Яагаад ч юм ирээгүй. Би нотлох баримтууд болох банкны дансны хуулгыг миний дансруу шилжүүлсэн хаан банкны хуулга зэрэг өмгөөлөгчид байсан. Бичиг баримтууд өмгөөлөгчид байсан болохоор би гэрчлэх ямар ч баримт байхгүй шүүгч Р.Ү шууд хурал хийсэн. Давж заалдах хоног дээр бас өмгөөлөгч за одоо би тайлбар бичнэ гээд өдий хүртэл хугацаа алдсан. Ингээд бид нар Т.А аас авлагатай байтал эргээд төлбөрийн өрөнд орсон. Цалингаас 50 хувиар суутгаж авчихсан байна. Т.А дахин -- дансанд хийсэн мөнгө авна гээд бас нэхэмжилсэн байна. Ийм учраас би энэ Т.А ыг цагдаагийн газраар залилсан гээд шалгуулна. Ганц би ч биш. Г гээд олон хүнийг хорхой өвсний сүлжээнд оруулж залилан мэхэлсэн. Иймд энэ асуудлыг би зөвшөөрөхгүй. 1-рт залилан хийж байгаа, 2-рт Өмгөөлөгч Ж.Нямаа хэл амаар доромжилж нэр төр гутааж өртэй бөөстэй хүмүүс байгаа юм гээд манай үйлдвэрийн ажилчдын дунд хэрүүл маргаан үүсгэдэг. Т.А , Ж.Н хоёр залилан мэхлэх арга барилаа дахин давтаж байна. Иймд би энэ хэргийг талаар Цагдаагийн газар өргөдөл гаргасан. Энэ мэтээр ядарсан ард иргэд болон намайг хэдэн удаа нэг хэргийг хэдэн шүүгчээр шийдүүлдэг юм бол залилангийн шинж чанартай асуудлыг салгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.А , хариуцагч С.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 328 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хорхой өвсний сүлжээнд орууллаа гээд дэвтэр дээр гарын үсэг зуруулсан. Гар дээрээ мөнгийг хүлээж аваагүй, визагаар төлбөр тооцоо бүрэн хийгдсэн байх учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч С.Д д 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3 300 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, Хаан банкны -- дугаарын дансаар 2013 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 400 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 30 000 төгрөг нийт 5 300 000 төгрөг өгсөн. Хариуцагч С.Д гийн хүү Б.Б виза картаар 2 496 000 төгрөг авснаас 524 000 төгрөгийг буцааж өгсөн, одоо зээлийн үлдэгдэл 3 328 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шардлагын үндэслэлээ өөрийнхөө Хаан банкны --- дугаарын дансны хуулбар болон 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д 3 300 000 төгрөг авсан нь үнэн болно, виза картаар мөнгө авахыг зөвшөөрөв гэсэн дэвтрийн хуулбар, тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 142/ШШ2016/01041 дугаартай шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлохоор баримтуудаа шүүхэд ирүүлсэн байна. /хх 4-10, 26-30, 81/

Хариуцагч С.Д нэхэмжлэгч Т.А аас бэлнээр 3 300 000 төгрөг аваагүй, хорхой өвсний сүлжээнд элсүүлсэн гээд дэвтэр дээр бичүүлсэн, гарын үсэг зурсан нь үнэн. Миний хүүгийн виза картыг авч дээрх мөнгөнүүдээ авсан байх учиртай. Илүү гарсан мөнгийг надад шилжүүлсэнээ надад мөнгө зээлдүүлсэн гэж авах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2015 онд Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээл авч бүх өрөө төлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Хаан банкны -- дугаартай дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны """" дугаартай хүү Б.Б дансны хуулгаар нотлохоор шүүхэд ирүүлсэн байна. /хх 36-46/

Хариуцагч С.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарын үндэслэл болсон хүүгийнхээ данснаас нийт хэдэн төгрөгийг ямар цаг хугацаанд Т.А авсан талаар болон буцааж авсан мөнгөн дүнгийн талаар мэтгэлцээгүй, ...оны эцэст, ...баярын үеэр авсан цалингийн зээлээр бүх өр, зээлээ төлсөн гэсэн тайлбар нь тодорхойгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.А Б.Б виза картнаас авсан байж болох мөнгийг С.Д гийн ...зээл аваад виза картаа хаалгасан гэсэн тайлбартай харьцуулан тооцож нийт 3 617 000 төгрөгийг Т.А нь Б.Баянмөнхийн данснаас авсан байна гэж дүгнэв. /2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл/

Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч С.Д д 3 300 000 төгрөгийг бэлнээр өгөөгүй боловч хариуцагч С.Д уг мөнгийг хүүгийнхээ виза картанд орж ирэх цалингаар төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.А нь хариуцагч С.Д гийн ХААН банкин дахь -- тоот дансанд 2013 оны 12 дугаар сарын 07-ний өдөр 400 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 200 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 250 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 30 000 төгрөгийг нийт 2 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч түүнийг авсан болох нь дансны дэлгэрэнгүй хуулгын баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Б.Баянмөнхийн виза картнаас авсан мөнгөнөөс түүнд буцаан өгсөн 524 000 төгрөгийн талаар хариуцагч С.Д няцаагаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн 524 000 төгрөгийг нийт авсан 3 617 000 төгрөгөөс хасаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иймд хариуцагч С.Д гаас 2 207 000 төгрөг /5 300 000-3 093 000=2 207 000/ гаргуулан Т.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 121 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 68 198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 50 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Д гаас 2 207 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 121 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68 198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Д гаас 50 262 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ