Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/00129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн 16-03 тоотод оршин суух Жоов овогтой Бямбын Мягмардалай/НЬ-............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 37-09 тоотод оршин суух Хурлад овогтой Лхагважавын Анхбаатар /РЭ-................/-т холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Мягмардалай, хариуцагч Л.Анхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмардалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Л.Анхбаатартай 2014 онд танилцаад, нэг гэрт орж хамт амьдарч эхлээд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Энххүслэнг төрүүлсэн.Энэ хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй явж байгаад, 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Нөхөр Л.Анхбаатар хэрүүл хийх бүртээ намайг зайл, яв гэж хөөдөг байсан. Энэ байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.

Иймд Энххүслэнгийн эцэг Л.Анхбаатар мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасны тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Л.Анхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Б.Мягмардалайтай 2014 онд танилцаад, нэг гэрт орж хамт амьдарч эхлээд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Энххүслэнг төрсөн. 2019 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна.Би охин Энххүслэнгийн эцэг нь мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээнэ гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мягмадлай нь хариуцагч Л.Анхбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг, тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.Мягмадлай, Л.Анхбаатар нар нь 2013 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин М.Энххүслэн төрсөн болох нь:

2014 оны 08 дугаар сарын 13-ны төрсөн хүү Жоов овогтой Мягмардалайгийн Энххүслэн /РЮ-14281301//-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын баян багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14/05 дугаартай: ...Мягмардалай овогтой Энххүслэн /РЮ-14281301/ нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян 14 дүгээр багийн 37-09 тоотод оршин суудаг... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Далайн Элбэрэлт ӨЭМТ-ийн их эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт,зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Энххүслэн нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба хариуцагч Л.Анхбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа охин Энххүслэн нь миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.... гэх тайлбарыг өгсөн, Энххүслэн нь бага насны хүүхэд бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Энххүслэнг төрсөн эх Б.Мягмардалайгийн асрамжид үлдээж, эцэг Л.Анхбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102.729/нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Жоов овогтой Мягмардалайгийн Энххүслэн /РЮ-14281301/-ийн төрсөн эцэг Хурлад овогтой Лхагважавын Анхбаатар /РЭ-87110377/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 зааснаар 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.Энххүслэнг төрсөн эх Б.Мягмардалайгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин М.Энххүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Анхбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Анхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 102.729/нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мягмардалайд олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ