Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

Улсын яллагч Г.Ганхөлөг

Шүүгдэгч ******************

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х********н Н***********ангийн М***********д холбогдох 20152*************дугаартай хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: 

Шүүгдэгч ****************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь

Яллагдагч Л.М*********** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн нутаг дэвсгэрт өөрийн ****** ХӨВ улсын дугаартай "Соната-З"- маркийн автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан 'Жолооч хөдөлгөөний аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан иргэн Л.П***********г дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь Шүүгдэгч ******************гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 21- ний өдөр би гэртээ байж байгаад орой 19:00 цагийн орчимд өөрийнхөө машиныг унаж гараад 9 дүгээр хороонд найз Б*********ийн гэрт очиж өдөр нь ашигласан машиныхаа багажийг өгчхөөд гэртээ харихаар явж байсан. Аюулгүйн тойрог руу орох гээд ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тийшээ чиглэлтэй аюулгүйн тойргийн гэрлэн дохио дээр зогссон. Намайг зогсонгуут миний урдуур нэг цагаан өнгийн Соната машин урсгал сөрөөд ороод ирэх гэхээр нь би гэрлээрээ дохиод Соната машин цаашаа урсгалдаа ороод явсан. Тэр машиныг өнгөрсний дараа гэрлэн дохио солигдоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд явсан. Уулзвар гарах гэж байсан чинь миний машин донслоод нэг юман дээгүүр гарчих шиг болохоор нь уулзвар гараад замаа чөлөөлж зогсоод машинаасаа буугаад ирсэн чинь зам дээр хүн хэвтэж байсан. Тэр хүн дээр очиход хойд уулзвараас эргүүлийн машин ирсэн. Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудпага өгсөн. ... Би П*********** гуайг Улаанбаатар хотоос ирэх үед нь 60 000 төгрөг шилжүүлсэн, мөн Мөрөнд байхад нь 20 000 төгрөгийн эм тариа авч өгсөн, 20 000 төгрөг бэлнээр өгсөн. Цаашид хохирлыг төлж барагдуулна гэх /хх-ийн 41-42, 44-45-р хуудас/,

Хохирогч Л.П***********гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би зах дээр өнжсөн. Би урд захын тэнд мах, гурил болон ойр зуурын ачаа зөөх ажил хийж хэдэн төгрөг олоод олсон мөнгөөрөө захын тэнд танихгүй 2 хүнтэй архи уучхаад 7 дугаар хороонд байдаг төрсөн дүү Ба***********гийн гэрт очиж хонох санаатай алхаж явсан. Би захаас уруудаад алхаж явж байснаа санаж байна. Архи их уусан болохоор ухаан санаа орж гараад явж байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар тодруулсан чинь намайг машинд дайруулсан гэж байсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10 хоног хэвтээд эмнэлгээс гарсан өдөртөө Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Хотод хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад 2015 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Машинд дайруулсандаа гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг гаргуулж авна гэх /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч П.Б***********ы мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүр жолоочоор ажиллаж байсан. Тухай өдөр 19:00 цагийн орчим 6 дугаар хороо руу дуудлаганд явчхаад эргээд цагдаагийн газар руу явсан. Захаас доошоо аюулгүйн тойрог руу уруудах аспальтан замаар уулзвар руу орох гээд явж байтал уулзвар дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд нэг бараан өнгийн Соната маркийн тээврийн хэрэгсэл зам дээр юм дайрсан бололтой овгоноод машинаас нь цас унах шиг болоод яваад өнгөрөхөөр нь харсан чинь замын голд хүн хэвтэж байсан. Тэгээд би уулзвараар баруун гар тийшээ эргээд уулзвар нэвтрэхэд нөгөө бараан өнгийн тээврийн хэрэгсэл зам чөлөөлж зогсоод замын голд хэвтэж байгаа хүн дээр очиход юу ч дуугарахгүй согтуу бололтой байхаар нь нэгдсэн эмнэлэгт дуудлага өгч түргэн ирэхээр нь замын голд хэвтэж байсан хүнээ явуулаад жолоочийг цагдаагийн газар авч ирж согтуурлыг багажаар шалгахад 00 хувьтай байсан гэх /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Л.Ю**********ын мөрдөн байцаалтад өгсөн: ... Л.П*********** нь миний төрсөн ах байгаа юм. ... 2004 онд эхнэрээсээ салаад ... 2005 онд хүнд цохиулж толгойдоо гэмтэл авч тэр цагаас хойш манай гэр бүлийн тоонд орж бүртгэгдсэн. ...2014 онд ах манай гэр бүлийн бүртгэлээс өөрийн хүсэлтээр хасуулаад 7 дугаар хороонд төрсөн дүү Ба***********гийн ам бүл дээр бүртгүүлсэн. Үүнээс хойш Б***********гийн гэрээр амьдарч байсан юм. ...2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг гэртээ байж байсан чинь орой 20:00 цагийн үед миний таньдаг хүн над руу утастаад П*********** ахыг нэгдсэн эмнэлэг руу аваад явлаа та очоод үзээч гэхээр нь би эмнэлэг дээр очиход манай ах байсан. Тэгээд мэс заслын тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн гэх гэх /хх-ийн 27-28-р хуудас/, мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 625 тоот дүгнэлт:

1. П***********гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2.П***********гийн биед цээжний хөндийд шингэн хурсан, баруун талын зургаан хавирга, зүүн талын зургаан хавирганы далд хугарал, зүүн зулаад шарх, зүүн хацарт зулгаралт, баруун бугалганд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. З.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 34-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8 -9-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/, зам тээвэр осол дээр тогтоосон акг, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 29-30-р хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 55-р хуудас/, зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ****************** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 56-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************** нь хохирогчийн эмчилгээний зардал 3 000 000 нэмэмжилсэнээс 2 300 000 төгрөгийг өгч үлдэгдэл 300 000 төгрөг дээр 2016.7.20-ны дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн нарын мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн “Хэлцэл” /хх-ийн 115-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шүүгдэгч нь хохирогчтой харилцан тохиролцож хохирол гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ****************** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ****************** ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч

**************** эзэмшлийн №24****** дугаартай жолооны үнэмлэхийг цагдаагийн газарт шилжүүлж, хяналтын камерын бичлэгтэй СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Х*******н Н*************гийн М***********г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчижтээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ******************гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч ******************д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыгХөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******************гийн эзэмшлийн №243**** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоолын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч ****************** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 .1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ