Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,

            Улсын яллагч Д.Нямсүрэн,

            Шүүгдэгч А.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Ц.Ган-Од нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их буурлууд овогт Адъяахүүгийн Эрдэнэбаатарт холбогдох, 201725030195 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч нээлтэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Орхон суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Нэг шугам” ХХК-д цахилгаан сантехникийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 2-24 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Их буурлууд овогт Адъяахүүгийн Эрдэнэбаатар (РД:УШ92082236),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2017 оны 01 дүгээр сарын 04-ний 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6-39б тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, шалтгаангүйгээр Д.Чинбатад хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

             Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Би тухайн үед согтуу байсан. Би хохирогч Чинбатыг танина. Би багын найз Нямсүрэн найзыгаа өмөөрч зодсон. Өмнө нь манай найзын машинаар нь хулгайн эд зүйл зөөлгөөд баахан цагдаа сэргийлэх болсон. Би өмнө нь нэг их сүртэй бодож байгаагүй. Тухайн үед таараад “чи яагаад тэгж байгаа юм бэ” гэсэн чинь чамд хамаагүй гэж хэлээд надад салаавч гаргаад байхаар нь би цохьсон. Машинаасаа бууж ирээд намайг өшиглөөд унагаасан. Тэгээд босч ирээд зууралдаж байхад манай эхнэр болон найзын эхнэр нар нь дэлгүүрээс гарч ирж таараад салгасан. Чинбат зугтаагаад гүйцээд явсан. Хохирогч Чинбат машинаа гудамж таглаад тавьсан байсан. Ардаас нь 2-3 машин сигналдаад байсан. Манай найз Энхбаяр машиныг унаад холдуулж тавиад надад түлхүүр өгсөн. Эхнэр бид хоёр цагдаа дуудаад хорооны цагдаа намайг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Хохирогч Д.Чинбатаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аавынхаа 54-45 УБЦ улсын дугаартай машиныг нь унаад хүнтэй уулзчихаад, халтууранд явж байгаад гэр рүүгээ харих замдаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй ногоон дэлгүүр орж тамхи авчихаад машиндаа суугаад явах гэтэл хар өнгийн машинаас Цогбадрах бууж ирээд мэнд мэдээд байж байтал Цогбадрахтай хамт явсан Эрдэнэбаатар гэх залуу машины цонхоор миний баруун шанаа руу цохьсон. Тэгэхээр нь би “чи яаж байна аа” гэхэд тэр дахиж цохиод энгэрээс татаад машинаас буулгасан. Малгайтай цамцыг толгойгоор дарж байгаад зодсон, тэр үед “юу болоод байгаа юм бэ?” гэх эмэгтэй хүний дуу гараад Эрдэнэбаатарыг надаас салгахаар нь би босоод хойшоо гүйгээд дэлгүүр орж цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүдний доор хавдаж шалбарсан, баруун араа хугарсан, цээж хөндүүртэй байсан гэжээ.

            Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:

            1.Н.Энхбаяраас:-…Би дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь Чинбат, Эрдэнэбаатар 2 бие биенээ заамдчихсан байсан. Тэр хоёрыг Эрдэнэбаатарын эхнэр бид 2 салгасан. Тэгээд нэг харахад Чинбат гүйгээд яваад өгсөн байсан. Чинбат машинаа гудамж таглаад тавьчихсан байхаар нь би машиныг нь унаж гудамж чөлөөлж тавиад түлхүүрийг нь Эрдэнэбаатарт өгчихөөд гэр рүүгээ харьсан гэжээ.

            2.О.Уянгаас:-…22 цагийн үед гэр рүүгээ алхаж байхад манай нөхөр Эрдэнэбаатар, Чинбат 2 гудамжинд барьцалдаад бие биетэйгээ зодолдох гэж байгаа бололтой зогсч байхаар нь очоод салгаж холдуулсан. Эрдэнэбаатарыг аваад гэр рүүгээ явах гэтэл явахгүй гээд, тэгэхээр нь буцаад очтол Чинбат байхгүй болчихсон Энхбаяр, Чинбатын машин нь зам таглаад зогсчихсон байна гээд машиныг нь унаад урд гудамжинд тавьчихаад түлхүүрийг нь өгсөн гэжээ.

            Хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.09-ний ¹1200 тоот дүгнэлтэд:

            1.Д.Чинбатын биед баруун нүдний гадна хэсэг, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч А.Эрдэнэбаатар нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6-39б тоот хашааны гадна зогсож байсан 52-45 УБЗ улсын дугаартай автомашин дотор сууж байсан Д.Чинбатыг шалтаг шалтгаангүйгээр цохьж зодсоноос хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Чинбатын “…Цогбадрахтай хамт явсан Эрдэнэбаатар гэх залуу машины цонхоор миний баруун шанаа руу цохьсон. Тэгэхээр нь би “чи яаж байна аа” гэхэд тэр дахиж цохиод энгэрээс татаад машинаас буулгасан. Малгайтай цамцыг толгойгоор дарж байгаад зодсон ... Миний баруун нүдний доор хавдаж шалбарсан, баруун араа хугарсан, цээж хөндүүртэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Энхбаярын “…Би дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь Чинбат, Эрдэнэбаатар 2 бие биенээ заамдчихсан байсан. Тэр хоёрыг Эрдэнэбаатарын эхнэр бид 2 салгасан.” гэх мэдүүлэг, гэрч О.Уянгын “22 цагийн үед манай нөхөр Эрдэнэбаатар, Чинбат 2 гудамжинд барьцалдаад бие биетэйгээ зодолдох гэж байгаа бололтой зогсч байхаар нь очоод салгаж холдуулсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.01.09-ний ¹1200 тоот акт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Их буурлууд овогт Адъяахүүгийн Эрдэнэбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч А.Эрдэнэбаатарын хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.100.000 төгрөг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Их буурлууд овогт Адъяахүүгийн Эрдэнэбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаатарыг 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Эрдэнэбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эрдэнэбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ