Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/82

 

А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-,

А.Б-, Т.Т- нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч А.М-, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, С.Оюунцэцэг,

шүүгдэгч Н.Б-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж,

шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

шүүгдэгч Т.Т-, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М- даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/778 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Э-ын гаргасан давж заалдах гомдлоор А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох эрүүгийн 1808015150311 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. А.М-, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй

             2. М.Э-, 1988 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            -  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,

            3. А.Б-, 1995 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлсэн,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр биелүүлсэн,

            4. Т.Т-, 1989 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 ах, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            5. Н.Б-, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            6. Д.Н-, 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            7. Ч.Э-, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            А/ А.М- нь М.Э-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,

            мөн Н.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан,

            Б/ М.Э- нь А.М-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож,  Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т-, А.Б- нарыг татан оруулан хатгагчаар оролцсон,

            В/ Т.Т- нь А.М-, М.Э-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож,  Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

            Г/ А.Б- нь А.М-, М.Э-, Т.Т- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож,  Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

            мөн дангаараа 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд “Эхнэрийн бөгс, хөхийг базлаа” гэх шалтгаанаар А.М-ийн нүүр болон хэвлийн тус газарт пивоны шилээр зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

            Д/ Н.Б- нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,

            Е/ Д.Н- нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,

            мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Д-гийн нүүрэнд цохиж унагаан “зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Ё/ Ч.Э- нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Д.Н- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            - М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            - Т.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

            - А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            - Н.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

            - Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            - Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос А.Б-, А.М-, М.Э-, Т.Т- нарыг урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргээс 17.600.000 төгрөгийг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож,

А.М-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, мөн албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус зохион байгуулсан гэм буруутайд,

            М.Э-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

            Т.Т-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд,

            А.Б-ийг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Н.Б-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэм буруутайд,

            Д.Н-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Ч.Э-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

            прокуророос А.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

            А.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

            Т.Т-, А.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ялаар,

            Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

            Д.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар, Д.Н-д оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 90.000 төгрөгийг тэдгээрийн эдлэх ялаас хасаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-н цагдан хоригдсон 250 хоног, А.Б-ийн цагдан хоригдсон 269 хоног, Т.Т-гийн цагдан хоригдсон 239 хоног, М.Э-н цагдан хоригдсон 209 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,

            А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт урьд авсан цагдан хорих, Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Н-аас 450.000 төгрөгийг хэд хоногийн өмнө зээлж авсан байдаг. Энэ хэрэг үүсэхээс өмнө зээлсэн мөнгөө хугацаандаа буцааж өгсөн. Миний бие энэ хэрэгт огт оролцоогүй бөгөөд хэнтэй ч утсаар яриагүй, урьдчилан үгсэн тохиролцсон зүйлгүй. Н-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, гүйцэтгэгчээр оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Прокурорын зүгээс хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй, шүүхээс удаа дараа хэргийг буцаасан боловч тухайн ажиллагаанууд хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн Н- нь төрийн албан хаагчид, прокурор, шүүгчдийн нэрийг барьж нэр бүхий хүмүүсээс хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө гээд нийт 70-80 сая төгрөгийг залилж авсан байх тул түүний үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд миний үйлчлүүлэгчийг 250 хоног цагдан хоригдсон гэж дурдсан бөгөөд түүний хувьд 2 хоног дутуу бодогдсон. Учир нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 48 цаг баривчлагдсан /1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал/ байхад уг 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцоогүй. Мөн улсын яллагч М-г “Б-, Н-, Э- нартай бүлэглэн тэдний албан тушаалын байдлыг ашигласан...” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Үүнийг шүүх үзэхдээ М- орчуулагчийн албан тушаалаар олж авсан мэдээллээрээ залилах гэмт хэргийг зохион байгуулсан тул албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэх гэдгийг тайлбарласан байгаа. Иймд тухайн зүйлчлэл тохирсон эсэхийг анхаарч үзнэ үү. Түүнчлэн албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж буруутгагдсан этгээдүүдэд шүүх торгох ял оногдуулсан хэрнээ М-д хорих ял оногдуулсныг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 2 гэмт хэрэгт холбогдсон бөгөөд нэг нь торгох ялын санкцитай. Иймд М-н хувийн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Мөн залилах гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд ял хөнгөрүүлэх эрх хэмжээ байгаа тул ихийг хийж бүтээх залуу насандаа болчимгүй зангаасаа болж эрхээ хязгаарлуулсан, мөн өөрийгөө болон ар гэрээ давхар сэтгэл зүйн хувьд ялласан харамсалтай нөхцөл байдалд байгаа, энэ талаараа зохих дүгнэлтийг хийсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. 70-80 сая төгрөг авсан гэх асуудал энэ хэрэгт хамааралгүй, бусад журмаар нь шалгуулах үндэслэлтэй. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжтой байсан. Энэ талаар гомдол гаргаагүй боловч шүүхээс харгалзан үзэхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Оролцогчоос гаргасан давж заалдах гомдолд тусгайлан гаргах санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор “...анхан шатны шүүх хэргийг бүрэн гүйцэд нотолж чадаагүй...” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан. Үүний дараа прокурор Амарзаяа Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн ч хэргийг анхан шатны шүүхэд буцааж хэлэлцсэн. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт 3-7 хоногийн өмнө мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломж олгох ёстой байтал шүүх хуралдаан болох өглөө надад мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцуулсан. Шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад шүүгч М- шахаж шаардаж, прокурор Амарзаяа загнаж аашлаад шүүх хуралдаан сонин байдалтай явагдсан. Мөн Н- нь Сонгинохайрхан дүүргийн прокурор Отгонбаяр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Есөн-Э-, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М- нарын нэрийг барьж бусад хэргийн оролцогч нараас 70-80 сая төгрөг авсан. Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчид хэзээ ч мөнгө авахгүй гэж үзэж байгаа тул Н- хүний нэрийг барьж хэрэгт холбогдсон хүмүүст худал хэлж, тэдгээрийн мөнгийг авч залилсан. Үүнийг энэ хэрэгтэй хамт шалгах ёстой. Бүх бичлэг гар утсан дээр байгаа. Энэ бичлэгийг анхан шатны шүүхэд гаргаж өгч хэлэлцүүлэх гэсэн боловч шүүгч М- хүлээж аваагүй, хэлэлцүүлээгүй. Энэ хэрэгт 7 хүн холбогдсон бөгөөд хэргийн учир шалтгаан, сэдэл зорилго юу байсныг шалгаж тогтоогоогүй. Хятад Улсын иргэн “хүүхэн олж өгөөч” гэж М-г дарамталж, цалин мөнгийг нь өгөхгүй байсан учир М- яах ч аргагүй байдлаар тухайн хүнд хүүхэн олж өгөхийн тулд энэ асуудлыг зохион байгуулсан гэж үздэг. Гэтэл “Монгол эмэгтэй олоод өг” гээд шахаж шаардаж, М-г дарамталж байгаа Хятад Улсын иргэн манай улсад зөвшөөрөлтэй орж ирсэн эсэх, мөн тэрээр зүй бус шаардлага тавьж Монгол хүүхнүүдийг бэлгийн дарамтад оруулах үндэслэл байсан эсэх, яагаад улсын хилээр гарч явсан эсэхийг шалгах тогтоох ёстой байсан. Нэр бүхий холбогдогч нарыг Хятад Улсын иргэнээс 17 сая төгрөг залилж авсан гэдэг боловч энэ үйлдэл нь нотлогдоогүй. Энэ хэрэг шалгагдаж дуустал тухайн иргэн Монгол Улсаас гарах ёсгүй байсан. Прокурор энэ талаар хориг тавьж, гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тухайн иргэнийг байлгасан бол Монгол хүүхнүүдэд хэрэгтэй байсан гэж үзэж байна. Учир нь, Хятад Улсын иргэн “хүүхэн олж өг” гэсэн зүй бус шаардлага тавиагүй бол энэ хэрэг гарахгүй байсан. Хэргийн материалд авагдсан М-, Б-, Энхтөр, Н- нарын мэдүүлгээс үзэхэд, Э-ын үйлдэл оролцоо тогтоогддоггүй. Э- 450.000 төгрөгийг авсан асуудлын тухайд Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “М- надад баярлалаа гээд 1.000.000 төгрөг өгсөн. 1.000.000 төгрөгөөс 450.000 төгрөгийг Э-од зээлүүлсэн” гэж мэдүүлдэг. Э- Н-аас урьд нь удаа дараа мөнгө зээлж, буцааж өгч байсан бөгөөд 450.000 төгрөгийг энэ эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Н-д дансаар шилжүүлж өгсөн байдаг. Гэм хор, хохирол байхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх ёсгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан байхад үүнийг тогтоогоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх, гэм буруугийн болоод шударга ёсны зарчмыг зөрчсөн. Гэм буруугүй хүнийг хохироож байгаад гомдолтой байна. Учир нь, Э- цагдаагийн байгууллагад 19 жил ажиллаж, тодорхой хэмжээний шагнал, урамшуулал авч байсан. Гэтэл өнөөдөр ажилгүй болж, халагдсан. Н-д шаардлага тавиагүй гэж прокурор үзэж байгаа ч Э- “манай маршрут биш тул бид нар явахгүй, дуудлага их байгаа тул хийхгүй” гэж хэлсэн байдаг. Ийм байхад Э-ыг буруутгаж хохироож байгаад гомдолтой байна. Иймд Э-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М-, М.Э- нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М-н цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгөхийг хүсэж байна. М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр байхгүй атал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, бусад холбогдсон хүмүүст торгох ял оногдуулсан. Иймд түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг хоёр дахин багасгаж өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М- нь төлөвшсөн, эх орондоо хийж бүтээх боломжтой залуу харагддаг. Гэтэл түүнд ирсэн дарамт шахалтаас болж ийм байдалд орсон болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Э-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр энэ гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж буруутгагдсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Э- нь 3 хүүхэдтэй, эх нь сахарын өвчтэй хэвтрийн байдалд байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн талаар маргасан зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялаас доогуур хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй, эх нь өндөр настай зэрэг байдлыг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т-гийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Т- нь гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгөх талаар санал гаргасан боловч хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй. Шүүгдэгч Т- нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байгаа, гэм буруу дээрээ маргадаггүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үүнээс хойш дахин ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй. Хувийн байдлын хувьд өндөр настай, хүнд өвчтэй эхийн хамт амьдардаг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугаа ухамсарлаж байна. Хоригдож байх хугацаандаа тухайн үед гаргаж байсан өөрийн үзэл бодол, буруу зан ааш, ойлголтоо алдаатай байсан гэдгийг маш сайн ухамсарлаж байна. Зан төлөвшил маань ирээдүйд дахин буруу зүйл хийхгүй, амьдралаа зөв зүйтэй жолоодон явна гэдэгт итгэлтэй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн миний энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 зүйл ангийг нэг зүйл ангид багтааж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Энд байх хугацаандаа буруу зүйл хийснээ ойлгож, ухаарсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

Прокурор  М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э- нь М-, Б-, Н- нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн цагдаагийн албан хаагч гэдэг албан тушаалын байдлаа ашигласан. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Цагдаагийн Ерөнхий газрын дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлтсийн явуулсан шалгалтын материалууд, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст хамт ажилласан хүмүүсийн бүртгэл, гэрч Уртнасан, Энхтөр, Намуундалай, Сод, Отгонзаяа, хохирогч Ш.Г, гэрч Цуй Хай Мин нарын мэдүүлэг, “Юнител”-ийн утасны дугаарын лавлагаа, түүнд хийгдсэн үзлэг зэргээр давхар нотлогддог. Э- “би цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртэй гарах болсон. Прокурор Амарзаяа намайг уг тэтгэмжийг авч чадаагүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн мэтээр ярьдаг” гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч М- “1.000.000 төгрөгийг Э- миний гараас авсан” гэж мэдүүлдэг. Н- “би тухайн өдөр Э- гэх офицертэй хамт үүрэг гүйцэтгэсэн, Э- бүх процессыг мэдэж байсан, Э- надаас 450.000 төгрөгийг зээлж аваагүй, М-н өгсөн 1.000.000 төгрөгөөс 550.000 төгрөгийг би, 450.000 төгрөгийг Э- авсан” гэж мэдүүлдэг. Хэрэг шалгагдах явцад Э- 450.000 төгрөгийг “зээлсэн мөнгөө өгөв” гээд шилжүүлсэн байсан. Өмгөөлөгч Даваасүрэн анхан шатны шүүх хуралдаанд ёс зүйгүй оролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэнэ гэж заасан. Гэтэл шүүх хуралдаанд 2 ширхэг СиДи бариад “шүүгч Есөн-Э-, прокурор Отгонбаяр нар хахууль авсан, үүнийг хяналтын шатны шүүхийн тогтоолд бичсэн байгаа, энэ 2 СиДиг өгнө” гэж хэлээд шүүх хуралдааны үед төвөгтэй байдал үүсгэсэн. Улмаар прокурорын зүгээс “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд явуулах ёстой” гэж хэлсэн. Гэтэл давж заалдах гомдолдоо мөн энэ талаараа дурдсан байна. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагад хандаж шалгуулах эрхтэй талаар удаа дараа тайлбарлаж өгсөн. Э-ын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шийдвэрээ гаргасан. Э-ын гаргасан давж заалдах гомдолд яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудыг үгүйсгэсэн нэг ч тайлбар байхгүй. Өмгөөлөгч Нарантуяагийн “М-н цагдан хоригдсон 2 хоног дутуу тооцсон” гэх тайлбар үндэслэлтэй. Түүнийг сэжигтнээр байцаахдаа 48 цаг баривчилсан бөгөөд үүнийг шүүх оруулж тооцоогүй байна. Албан тушаалын байдлаа ашиглаж гэдгийг улсын яллагчийн зүгээс энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан. Э-, Н- гэх хоёр цагдаагийн албан хаагч байгаагүй байсан бол М-, Б- нар Ш.Г гэх хүнээс залилах гэмт хэрэг үйлдэж мөнгө авахгүй байсан буюу энэ гэмт хэрэг үйлдэгдэхгүй байсан. Шүүгдэгч нар үйлдлээрээ нэгдсэн учир прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх ял шийтгэл оногдуулсан. Мөн өмгөөлөгч Даваасүрэн Хятад Улсын иргэнийг Монгол Улсын хилээр гарахад прокурор ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэж байна. Гэтэл тухайн хүн энэ хэргийн хүрээнд хохирогчийн эрх, үүргийг эдэлж оролцсон. Өмгөөлөгч “Монгол эмэгтэй хүний эрх ашиг зөрчигдсөн” гэж байгаа боловч Отгонзаяа гэх хүн энэ хэрэгт ямар нэгэн гомдол гаргаагүй. Иймээс бид хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулж, хилээр гарах эрхийг хязгаарлаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Энэ хэрэг амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилготой, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн материаллаг шинжтэй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг багасгах, зарим өмгөөлөгч нар М-д торгох ял оногдуулах талаар санал гаргаж байгаа боловч прокурорын зүгээс үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. М-н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай хоёр гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 болон 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Иймд шүүгдэгч Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

             Прокуророос А.М-г М.Э-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            мөн Н.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

            М.Э-г А.М-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож,  Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т-, А.Б- нарыг татан оруулан хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            Т.Т-г А.М-, М.Э-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            А.Б-ийг А.М-, М.Э-, Т.Т- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож,  Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Л.Ш.Ч, Л.Д.Г нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

            мөн дангаараа 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд “Эхнэрийн бөгс, хөхийг базлаа” гэх шалтгаанаар А.М-ийн нүүр болон хэвлийн тус газарт пивоны шилээр зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            Н.Б-ыг А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

            Д.Н-ыг өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

            мөн дангаараа 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Д-гийн нүүрэнд цохиж унагаан “зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            Ч.Э-ыг өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Д.Н- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Ш.Гыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, А.Б-, А.М-, М.Э-, Т.Т- нарын холбогдсон дээрэмдэх гэмт хэргээс “17.600.000 төгрөгийг дээрэмдсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, нэр бүхий 7 шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

            А.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

            М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

            Т.Т-, А.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ялаар,

            Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

            Д.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар, Д.Н-д оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 90.000 төгрөгийг тэдгээрийн эдлэх ялаас хасаж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

             Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч А.М- нь хохирогч Ш.Г-тай хамт ажилладаг бөгөөд орчуулагчийн албан тушаалаар өөрийн олж авсан мэдээллийг ашиглан залилах гэмт хэргийг зохион байгуулсан тул залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж зөвтгөх нь зүйтэй...” хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Залилах гэмт хэргийн хохирогч нь хийсвэрлэн бодох оюун ухаан бүхий амьд бие организм байх бөгөөд гэмт этгээдээс хуурамч баримт бичиг хэрэглэх, өөрийгөө хөрөнгө мөнгөтэй хүн болгон итгүүлэх, тусгай албаны үнэмлэх буюу хувцас хэрэглэх, түүнийгээ үзүүлэх гэх мэт янз бүрийн хийсвэр арга хэрэглэхэд түүнд дүн шинжилгээ хийж хариу үйлдэл үзүүлэх чадвартай хүн байдаг. Энэ явцдаа төөрөлдөх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.

            Хууль тогтоогч “Нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ... өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, ... эсхүл зохиомол байдлыг зориуд бий болгох ... замаар бусдыг төөрөгдөлд оруулж ... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тусгайлан зохицуулсан.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх шинжид Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдүүдийн үйлдлийг хамааруулж ойлгохоор байна.

            Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ДШМ/617 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 439 дугаартай тогтоолд “...шүүгдэгч Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож, доод хэмжээг оногдуулах болсон, бусад шүүгдэгчийн хувьд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон шалтгаан үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхойлоогүй...” гэж заасан заалтуудад төдийлөн ач холбогдол өгөлгүй дурдсан зөрчлийг давтан гаргаснаас гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон асуудлаар гаргасан санал, үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ огт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүйгэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Э-ын гэм буруу болон мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/778 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН