| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2018/00851/И |
| Дугаар | 151/ШШ2018/01093 |
| Огноо | 2018-10-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 151/ШШ2018/01093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Д.Алтантуул даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, ............. сум, 2 дугаар баг, Хөшөөт цавхангай хороо, 1 дүгээр гудамж, 7 тоотод оршин суух, .................................... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ............. сум, 2 дугаар баг, Хөшөөт цавхангай хороололд байрлах ................................... холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин, ур чадварын нэмэгдэл цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн төлөөлөгч А.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уртнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.............. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............. цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанчимэг нь тэтгэвэрт гарах нас чинь болсон тул ээлжийн амралтаа аваад үргэлжлүүлээд тэтгэвэртээ гар гэх шалтгаанаар намайг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/05 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Надад ажлаас гарсан чөлөөлсөн тушаалыг гардуулж, танилцуулаагүй. Би ээлжийн амралтаа 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл амарсан. Ингээд ажилдаа орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал чинь гарсан тул ажиллах боломжгүй гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай гэр цэцэрлэгт ажил гэсэн боловч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ах Мянган-Аюуш нь тархины гүн харвалт өгч чөлөө авсан. 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр ах нь нас барсан. 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр утсаар ярьж ажилдаа орох талаар хэлсэн. Тэгээд маргааш нь 20-ны өдөр очиж уулзахад гэр цэцэрлэг 2-3 хоног үлдсэн ажиллуулахгүй гэсэн. Миний хувьд ээлжийн амралтаа авч дуусаад намраас өндөр насны тэтгэвэрт гарах өргөдлөө өгөх бодолтой байсан боловч, цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанчимэг нь миний 1 жилийн өмнө тэтгэлэг авах тухай өргөдлийг үндэслэж намайг намайг өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл өгсөн гэж 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр миний ажлын байран дээр ажилд авах зар гарган сонгон шалгаруулалт явуулж Л.Болорцэцэгийг 2018 оны 5 дуаар сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажилд томилсонд гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.............. нь 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгт тогоочоор ажиллаж эхэлсэн. Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанчимэг нь тэтгэвэрт гарах нас чинь болсон, ээлжийн амралтаа аваад ажлаас гар гэсэн шалтгаанаар 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/5 дугаар тушаалаар ажлаас халсан байгаа. Б..............д ажлаас халсан тушаал танилцуулаагүй, гардуулаагүй. Ээлжийн амралтаа 5 дугаар сарын 8-ны өдрөөс 6 дугаар сарын 4-ны өдөр хүртэл амраад ажилдаа орох гэсэн боловч ажлаас халсан гэдэг тайлбар хэлдэг. 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай гэр цэцэрлэгт ажил гэсэн боловч 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн ах Мянган-Аюуш нь тархины гүн харвалт өгч чөлөө авсан. 2018 оны 6 дугаар сарын 14-ны өдөр ах нь нас барсан. 2018 оны 6 дугаар сарын 19-ны өдөр утсаар ярьж ажилдаа орох талаар хэлсэн. Тэгээд маргааш нь 20-ны өдөр очиж уулзахад гэр цэцэрлэг 2-3 хоног үлдсэн ажиллуулахгүй гэсэн. Б..............ы хувьд ээлжийн амралтаа авч дуусаад намраас өндөр насны тэтгэвэрт гарах талаар бодож байсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. 2017 онд гаргасан өргөдлийг нь үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Уг тушаал нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/5 дугаартай ............. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.1, 40.1.3 дугаар зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өргөдөл гарган хүсэлт тавьсан тул ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргасан. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байгаа. 1 жилийн өмнө гаргасан хүсэлт дээр хариуцагч тал тайлбар хэлэхдээ тэтгэмжийн асуудал тухайн оны төсөвт суугдаагүй учраас тэтгэмж нь суугдасны дараа ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбар хэлдэг. Гэвч тэтгэмжийн журамд төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 10 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэрээ албан ёсоор тогтоолгож ажил олгогчид албан ёсоор өргөдөл гаргасных нь дараа энэ журамд заасны дагуу тэтгэмж олгоно гэсэн байгаа. Тэтгэмж бол хөдөлмөрийн харилцаанаас арай өөр зохицуулалт. Тэтгэмж нь ирээгүй учраас жилийн өмнө өргөдөл гаргаснаар халж байна гэдэг нь үндэслэлгүй байна. Хэрэв ажилтан өөрөө жилийн дараа хүссэн байвал чөлөөлж болно. Гэхдээ удаа дараа амаараа хэлж байсан гээд байгаа. Амаар хэлж байсан бол шүүхэд ингэж нэхэмжлэл гаргаад явж байхгүй. Бичгээр хүсэлт гаргаагүй, тэтгэвэрт гарах хүртэл хүсэлт гаргаагүй байхад жилийн өмнөх өргөдлөөр нь ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргах өргөдөл гомдолын тухай хуульд тухайн өргөдлийг 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө гэсэн байдаг байгаа. Өргөдөл шийдвэрлэх хугацаа дууссан энэ хүн дахиж өргөдөл гаргаагүй байсан. Тийм учраас цаашид ажил үүргээ гүйцэтгээд явах боломж байсан. 4 хүүхэдтэй эмэгтэй 55 нас хүртэл өөрийн хүсэлтээр хөдөлмөрлөх эрхтэй. Гэтэл өөрийн хүсэлтээр гарах ёстой байтал тэрийгээ тайлбарлахдаа тэтгэмж хугацаа хэтэрсэн гэж хөдөлмөрийн харилцаанд зохицуулагдаагүй зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байгаа тул Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн эрхлэгчийн Б/5 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагч ............. цэцэрлэг, түүний эрхлэгч А.Алтанчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан талбартаа: Нотлох баримтуудыг байгууллагын зүгээс болон хувийн зүгээс бүгдийг гаргаж өгсөн байгаа. Боловсролын тухай хуулийн 43.1.4-д зааснаар 25 ба түүнээс дээш жил ажилласан өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо гэж байгаа энэ хүн удаа дараа тэтгэвэртээ гармаар байна гээд хүсэлтээ өгчихөөд дахиад шүүхэд хандаад байгаа нь ойлгомжгүй байна. Ажлаас гарсан талаар мэдээгүй гээд байгаа. Тухайн үед гэрчлэх зүйл нотлох баримт байхгүй байсан учраас ингээд байна. Нэг ажлын байранд 2 хүн давхар ажиллах ямар ч боломжгүй ажил хүлээлцээд баримт дээр гарын үсгүүдээ зурсан байгаа. Энэ нь ажлаас гарсан гэдгээ нотлох баримт гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй гэж байгаа хамгийн гол үндэслэлүүд нь нотлох баримтад авагдсан байгаа 2 өргөдөлөөр нотлогдоно гэж үзэж байна. Үүний дагуу Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас тэтгэмж олгосон байгаа. Хуулийн цоорхойг ашиглаж, эрүүл мэндийн хувьд ч тэнцэхгүй байж улсыг хохироосон ажил хийж байна гэж үзэж байна. Төрийн сангаас тэтгэмж нь ороод ирсэн байгаа учраас өндөр насны тэтгэвэр тогтоолгож байна гэж үзэж байгаа. Тушаалтай холбоотой миний тайлбарлах зүйл бол тушаал дээр тодорхой дурдсан байгаа. Тэтгэвэртээ гарч байгаа учраас ажилласан хугацааны амралтын мөнгийг тооцож олгоно гэсэн байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.............. нь Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б5 дугаартай Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн тогоочийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.334.976 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэл гаргасныг,
хариуцагч байгуулагын төлөөлөгч, Төв аймаг ............. сумын ............. цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанчимэг ...Б.............. нь өөрийн тэтгэвэрт гарах хүсэлтээ амаар /2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр/, бичгээр гаргаж байсан ба Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж болох тэтгэмжээ 2018 оны төсвийн төсөлд суулгуулах өргөдөл, тэтгэвэрээ тогтоолгох хүсэлтээ илэрхийлсэний дагуу хүсэлтийг ёсоор болгож тэтгэвэрт нь гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх, хариуцагч ............. цэцэрлэг, түүний эрхлэгч А.Алтанчимэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг зөрчсөн байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шаардлагын хувьд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б.............. нь Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн тогоочоор 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл хугацаанд тогоочоор ажиллаж байсан болох нь Төв аймгийн ............. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 15 дугаартай Ажилд түр томилох тухай тушаал, Б..............ы нийгмийн даатгалын НДД0796396 дугаар дэвтэрт бичилт хийсэн байдал, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хэргийн 50, 52-57, 100 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогч ............. цэцэрлэг, Б..............тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж, энэ хугацааны цалин олговроо зохих журмаар авсан, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч Б.............. нь ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ажил олгогч тал ...тэтгэвэр авах эрх үүсэж, өргөдөл гарган хүсэлт тавьсан гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8, 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1-д заасныг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх 5/,
Хариуцагч ...өргөдөл гарган хүсэлт тавьсан, тэтгэвэр авах эрх үүссэн гэж тайлбарлах боловч уг тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэж үзлээ.
Учир нь: Б.............. нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн БССУТ-ийн санхүүд, Төв аймаг ............. сумын нийгмийн даатгалын байцаагчид 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэх, /тухайн өргөдөлд он сар өдөр тавигдаагүй/... өргөдөл тус тус гаргасныг өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Мөн түүнчлэн тэтгэвэр авах эрх үүссэнийг улсад 28 жил ажилласан 50 нас хүрсэн, 4 хүүхэдтэй гэж тус тус үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж хуульчилжээ.
Энэ нь ажилтан хүйсийн байдлаас хамааралгүй иргэний үнэмлэхэд заасан нас нь 60 хүрсэн байхыг ойлгоно.
Нийгмийн даатгалын холбогдох хуульд зааснаар ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаж болохгүй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед /сул орон тоо гаргаагүй байх үед/ буюу 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдөр тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн Төсвийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч сонгон шалгаруулах хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 102 дугаар тал/
Ажил олгогчид өргөдөл гаргаагүй, өөр бусад байгуулагад өргөдөл гаргасан явдлыг өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргасан гэж үзэх боломжгүй бөгөөд ажил олгогч өөрөө тухайн асуудлыг тодруулаагүй, өргөдөл хүсэлтийг аваагүй байж, сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас гаргасан тогтоол, шийдвэр баримтлах бодлогын хүрээнд ажилтанг ажлаас чөлөөлж байгаа явдал нь ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймээс шүүх хариуцагч ............. цэцэрлэгийг, нэхэмжлэгч Б..............ыг өндөр насны тэтгэвэрт гарах өргөдөл гаргаагүй, мөн өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хязгаарлан, үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б..............ыг урьд эрхэлж байсан ............. сумын ............. цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоов.
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан боловч ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б5 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийгэх шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин ур чадварын нэмэгдэл цалин гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тооцож, 2.334.976 төгрөг гаргуулж, ур чадварын нэмэгдэл цалинг гаргуулах шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заалтаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх шаардлага нь үндэслэл бүхий байх хэдий ч ажилгүй байсан хугацааны олговорт 645.930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 1.689.046 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь: Сургуулийн өмнөх боловсролын байгууллага нь зуны 3 сарын хугацаанд амардаг бөгөөд амралтын хугацааны цалинг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б..............ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгт даалгах нь зүйтэй байна.
Б.............. нь ...Надад ажлаас гарсан чөлөөлсөн тушаалыг гардуулж, танилцуулаагүй. Би ээлжийн амралтаа 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэл амарсан. Ингээд ажилдаа орох гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал чинь гарсан тул ажиллах боломжгүй гэж хэлсэн... гэж тайлбарласныг хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Алтанчимэг нь бичгийн баримтаар тушаалыг танилцуулсан, гардуулсныг үгүйсгэж чадаагүй энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул Б..............ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгээс 20.028 төгрөгийг гаргуулан улсын орлох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б..............ыг Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас ............. цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б5 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны олговорт 645.930 /зургаан зуун дөчин таван мянга есөн зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б..............д олгож, үлдэх 1.689.046 /нэг сая зургаан зуун наян ёсөн мянга дөчин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Б..............ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгсөн болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 зааснаар хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. цэцэрлэгт 20.028 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушаахыг даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ