Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00913

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 25 өдөр Дугаар 142/ШШ2017/00913 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Төгөл хаус 5 дугаар байр, 5 тоотод оршин суух, Банди овогт Бадарчийн Эрдэнэцэцэг /регистрийн дугаар: ХЛ64121500/ ,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Багануур дүрэг, 1-р хороо Наран хороолол 10 дугаар байр 12 тоотод оршин суух, Шарайд овогт Даваасүрэнгийн Дамбапэлжээ /регистрийн дугаар: УГ50010110/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-35а-1 тоотод оршин суух, Хотгойд овогт Хандын Жанцансамбуу /регистрийн дугаар: ФА64060815/-д холбогдох

 

Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагч Х.Жанцансамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэд болох Ц.Энхболд, Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Даниста ХХК-ийн оноосон нэрийг Даниста од ХХК болгон өөрчилж, 2006 оны 12 дугаар сарын 20-ны улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Энхболд нь нас барсан тул өв залгамжлалын дагуу түүний эхнэр Б.Эрдэнэнцэцэг уг компанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Даниста од ХХК-ийн дүрэмд тусгагдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 288491612 төгрөг бөгөөд түүний 44 хувийг нь Б.Эрдэнэцэцэг, 44 хувийг нь Д.Дамбапэлжээ, 12 хувийг нь Х.Жанцансамбуу нар эзэмшдэг. Даниста од ХХК нь Орхон аймагт худалдаа, үйлчилгээний Даниста зах-ыг шинээр барьж, ашиглалтанд оруулж, тус захаараа байнгын үйл ажиллагаа явуулсаар байна. Х.Жанцансамбуу нь өнгөрсөн хугацаанд Даниста од ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүд болон тамга, тэмдгийг эзэмшиж, компанийн эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулж, банк санхүүгийн холбогдолтой бүхий л баримтанд гарын үсэг зурж, баталгаажуулж байсан. Х.Жанцансамбуу нь эхэндээ компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг хэл амгүй, зөрчилгүй хийж байсан боловч харин 2008 оноос эхлэн удирдлагын болон ажлын зөрчил дутагдал гаргаж, компанийн хөрөнгө мөнгийг үрэлгэн, замбараагүй захиран зарцуулж, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийлгэхгүй, саад хийж, ажилчдынхаа цалин хөлсийг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэж, хувьцаа эзэмшигч нарын санал, шаардлагыг үл тоож, эрх барих байгууллагын шийдвэр, тогтоолыг үл биелүүлж, тэднийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргах болсон. Даниста од ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 88 хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигч нарын зүгээс удаа дараа Хувь нийлүүлэгчдийн хурлыг зохион байгуулж, улмаар гүйцэтгэх удирдлага Х.Жанцансамбууд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авч, биелүүлэхээс татгалзсан.

Тиймээс Даниста од ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол (хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар)-оор Х.Жанцансамбууг компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд тус компанийн 44 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэгийг томилсон. Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын зүгээс Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тул ажлаа хүлээлгэж өгөх, улмаар компанийн эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байх шаардлагуудыг түүнд удаа дараа бичгээр хүргэж байсан. Хамгийн сүүлд Даниста од ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын зүгээс Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлын ажил, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэгт шилжүүлэн өгөхийг бичгээр шаардсан боловч тэрээр одоог хүртэл биелүүлээгүй байна. Иймд тухайн асуудлаар шүүхэд хандаж байна. Тиймээс Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Даниста од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Х.Жанцансамбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би анх 2002 онд өөрийн найз Ц.Энхболдтой хамтарч Даниста -Од ХХК-ийг үүсгэн байгуулж бүтэн 16 жил удирдаж ирсэн бөгөөд Орхон аймгийн Эрдэнэт хотод том хэмжээний үйлчилгээний зориулалттай барилга бариулж одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.Миний бие өөрийн үүсгэн байгуулсан компанидаа ямар ч хохирол учруулаагүй. Хөрөнгө мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан юм байхгүй. Нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс нь компаний үйл ажиллагаанд огт оролцдоггүй, зүгээр хувь хүртээд сууж байдаг хүмүүс. Хувь хүний орлогын албан татваруудыг Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нар төлөх ёстой. Байгууллагын нэр дээр намайг төлбөр тооцоо гаргасан мэтээр хэлсэн. Би тэр зүйлийг шалгуулна гэж хэлсэн. Хөрөнгө оруулалтын талаар ярилцъя, хувь хүний орлогын албан татварыг компани төлөхгүй гэж хэлсэн. Д.Дамбапэлжээд 3 сарын ашгийг нь өгөхгүйгээр 5 сая гаран төгрөгийг нь төлсөн. Та нар өөрсдөө компниа өр төлбөртэй болгож байгаа гэдгийг нь хэлсэн. Бид нарын хүсэлтээр аудитын шалгалт хийх ёстой байтал Д.Дамбапэлжээгийн хүн ирээд шалгахаар ямар шалгалт болох вэ?. 78.000.000 төгрөгний хувьцааны мөнгө авчихаад 15.000.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой байтал компаниар төлүүлнэ. Х.Жанцансамбуу чи өр гаргасан байна гэдэг нь юу гэсэн үг вэ?. Дамбапэлжээ өөрийнхөө танидаг хүнийг авчирж шалгуулчихаад 80.000.000 төгрөгний 10%-ийг төлөх ёстой гэж надад хэлсэн. Би 80.000.000 төгрөгний ажил хийгээд байхад яагаад 8.000.000 төгрөг төлөх ёстой гэж. Д.Дамбапэлжээ 350.000.000 төгрөг аваад бүгдийг нь авсан. Орлогын албан татварт 35.000.000 төгрөг өгөх ёстой. Б.Эрдэнэцэцэгийг урвуулж миний эсрэг болгож байгаа. Энэ мэдэгдлүүдийг би аваагүй, үзээгүй юм байна. Хэн хэн ямар хөрөнгө гаргасан талаарх зүйлийг Энхболдоос хойш мэдэж байгаа ганцхан хүн гэвэл би. Д.Дамбапэлжээ нэг ч төгрөг өгөөгүй. Улаан толгойд байсан хэдэн хавтангуудыг нь Дамбапэлжээгийн хөрөнгө гээд биччихсэн. Би энэ компанийг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн санхүүг нь барьсан. Хөрөнгө оруулалтын талаар хуралдая гэтэл хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх ёсгүй хойшлуулъя гэсэн. Энэ асуудлыг оруулаад ирэхээр Б.Эрдэнэцэцэгийг урвуулж тамга тэмдэгээ авъя гэж байгаа. Энэ хүн шаардлага тавих эрхгүй хүн. Миний хөрөнгө оруулсан зүйл юу вэ гэхээр дулааны шугам, урд байгаа 15х12 суурь миний хөрөнгөөр хийсэн, 7х7 сэндвинчин барилга минийх, 14 ширхэг павилоныг би хийсэн, урд нь байгаа 5 ширхэг гражийг би хийсэн. Энэ компани өмчлөлийн маш их маргаантай байгаа. 288.000.000 төгрөг биш, 177.000.000 төгрөгөөр боссон компани юм. Хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ гэдгийг би удаа дараа хэлсэн. Энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Энэ бүх зүйлийг Д.Дамбапэлжээ судалсан. Энэ хүн манай гэрийн гадаа ирж хойно урдаас нь зураг аваад явсан. Оношилгооны төвийн хажуу талд байдаг 4 давхар байшингийн зургийг авсан гэдгийг хүүхдүүд харсан. Би барилгын олон компанитай. Д.Дамбапэлжээ маш их шуналтай хүн. Санхүүгийн доголдол гаргасан гэж хэлж байна. Энэ асуудлыг бүгдийг нь шалгуулъя гэхээр шалгуулж чадахгүй байгаа. Өөрийнхөө таньдаг аудит хийдэг хүнийг авчирч шалгуулсан. Эхлээд намайг сайн ажилласан, дараа нь доголдол гаргасан гэх үндэслэлээр намайг зайлуулж энэ их хөрөнгийг өөрийн болгох гэж байна. Талийгаач Энхболд бид хоёр нэг анги байсан. Д.Дамбапэлжээ надаас Даниста-Од ХХК-нийг булааж авах ажиллагаагаа явуулж байна. Даниста-Од ХХК-нд миний маш их хөрөнгө байгаа. Энэ хөрөнгийг бүгдийг нь авах санаатай байгаа. Б.Эрдэнэцэцэг бид 2 нэг анги юм. Давж заалдах шатны шүүхэд бүх нотлох баримтаа гаргаж ярина гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхболд Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Даниста компанийг анх үүсгэн байгуулсан. Дараа нь 2006 онд Даниста-Од гэдэг нэрээр өөрчилсөн. Тус компаний хувьцаа эзэмшигч Энхболд нь нас барж эхнэр нь хувьцаа эзэмшигч болж 2016 онд бүртгүүлсэн байдаг. Одоо Даниста-Од компаний хувьцаа эзэмшигч нь Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ, Х.Жамцансамбуу нар юм. Компанийг үүсгэн байгуулсан цагаас нь эхлэн Х.Жанцансамбуу удирдаж үйл ажиллагааг нь хариуцаж ирсэн. Эхэн үедээ Х.Жанцансамбуу нь хэл амгүй, зөрчилгүйгээр ажлыг хийдэг байсан. 2008 оноос эхлэн ажлын алдаа дутагдал гаргах, хөрөнгө мөнгийг замбараагүй захиран зарцуулах, санхүүгийн хяналт шалгалт хийлгэхгүй саад хийх, ажилчдын цалинг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэх, хувьцаа эзэмшигчдийн санал шаардлагыг үл тоож эрх барих байгууллагын тогтоол, шийдвэрийг үл биелүүлэх гэх мэтээр хэл ам гаргах болсон. Ийм учраас Даниста-Од компаний хувьцаа эзэмшигчдийн зүгээс Х.Жанцансамбууг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын албан тушаалаас нь чөлөөлж, Даниста-Од ХХК-ний гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэцэцэгийг томилсон. Гэвч Х.Жанцансамбуу нь хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, гэрээ гэрчилгээ, тамга тэмдэгийг Б.Эрдэнэцэцэгт шилжүүлж ажлаа хүлээлгэж өгөөгүй. Даниста-Од компаний хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлага нь Даниста-Од компаний Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулах, Даниста-Од компаний гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэж өгөхийг Х.Жанцансамбууд даалгаж өгөх шаардлагыг шүүхэд гаргасан. Тус компани нь нийт 288.491.612 төгрөгний дүрмийн сантай юм. 44%-ийг нь Б.Эрдэнэцэцэг эзэмшдэг. Мөн 44%-ийг Д.Дамбапэлжээ эзэмшдэг. 12%-ийг Х.Жанцансамбуу эзэмшдэг. Компаний тухай хуульд зааснаар компаний эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байдаг. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулах, өөрчлөх татан буулгах хүртэлх энэ бүх дээд эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлдэг. Нийт хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, Б.Эрдэнэцэцэгийг томилсон. Энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг Х.Жанцансамбуу зөвшөөрөхгүй байгаа юм гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Х.Жанцансамбуу нар нь хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Данистад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдэгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд дараах үйл баримт тогтоогдож, уг үйл баримтанд талууд маргахгүй байна.

Үүнд: Д.Дамбапэлжээ, Х.Жанцансамбуу, Ц.Энхболд нар нь 2002 оны 05 сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, компанийн дүрмийг баталж, уг дүрмээр компанийн дүрмийн сан 5 сая 500 мянган төгрөгийн барилгын материалаас бүрдсэн хөрөнгөтэй бөгөөд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 55000 ширхэг хувцаатай байхаар Ц.Энхболд уг хувьцааны 24750 ширхэг, Д.Дамбапэлжээ 24750 ширхэг, Х.Жанцансамбуу 5500 ширхэг хувьцаа эзэмшихээр дүрмийг баталж байжээ. /хэргийн 8-10-р тал/

2006 оны 12 сарын 20-нд Даниста ХХК-ийг Даниста-Од ХХК болгон өөрчилж, компанийн дүрмийн сан буюу өөрийн хөрөнгө 288491612 төгрөг байхаар, уг хөрөнгийн 44 хувийг Ц.Энхболд, 44 хувийг Д.Дамбапэлжээ, 12 хувийг Х.Жанцансамбуу эзэмшихээр зааж компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. /хэргийн 11-14-р тал/

2016 оны 07 сарын 25-нд Даниста-Од ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Бадарчийн Эрдэнэцэцэг, Даваасүрэнгийн Дамбапэлжээ, Хандын Жанцансамбуу нар бүртгэгдэж компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 288491612 төгрөг ба нэг бүр нь 2884,9 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100000 ширхэг энгийн хувьцаа байхаар, хувьцааны 44 хувийг Б.Эрдэнэцэцэг, 44 хувийг Д.Дамбапэлжээ, 12 хувийг Х.Жанцансамбуу эзэмшихээр зааж компанийн дүрмийг шинэчлэн баталжээ. /хэргийн 15-18-р тал/

Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Жанцансамбуу ажилладаг бөгөөд Даниста-Од ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 09 сарын 01-нд, 2017 оны 10 сарын 11-нд хуралдуулсан, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2017 оны 10 сарын 12-нд №01 тоот ажил сайжруулах шаардлагыг тус компаний хувьцаа эзэмшигч Д.Дамбапэлжээ, Б.Эрдэнэцэцэг нараас хүргүүлж, Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн №02 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн санал болон өөрийн нь хүсэлтийг харгалзан 2017 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн Х.Жанцансамбууг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэцэцэгийг томилж, уг тогтоолд Д.Дамбапэлжээ, Б.Эрдэнэцэцэг нар гарын үсэг зурж баталгаажуулжээ./хэргийн 19-26, 101-145-р тал/

Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн шийдвэрийг эс зөвшөөрч хувьцаа эзэмшигч Х.Жанцансамбуу компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, гүйцэтгэх захирлын ажлыг томилогдсон гүйцэтгэх захирал Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэж өгөөгүй байна.

Компанийн гүйцэтгэх удирдлага, түүнийг сонгож томилох эрхийг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэх талаар Компанийн тухай хуулиар зохицуулсан байх ба шүүх Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 сарын 12-ны өдрийн №02 тоот тогтоол хууль, журмын дагуу гарсан эсэх, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хууль журмын дагуу зарлаж, хуралдуулсан эсэх, хурлын шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар хуулийн агуулгын хүрээнд дүгнэлт хийж үзлээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна, 59.3-т хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна., хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах санал, шаардлагыг гүйцэтгэх удирдлагад гаргах эрхтэй, хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д гүйцэтгэх удирдлага,... эсхүл хуулийн 61.7-д заасан ...санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч ...хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэрийг бие даан гаргаж болно, хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал....-ыг сонгох, бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хуралд хуулиар олгожээ. Компанийн хуулийн 63 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зохицуулалт байгаа ба 63 дугаар зүйлийн 63.10-т хувьцаа эзэмшигчдийн хурал нь хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан.

Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигч гүйцэтгэх удирдлагад нэрээ дэвшүүлэх санал гаргах талаар хуульд нэг бүрчлэн зохицуулжээ.

Даниста-Од ХХК-ийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлагыг хэн гаргасан, хурал хуралдуулах болсон шалтгаан, хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг баталсан хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 сарын 12-ний өдрийн хурлыг Компанийн тухай хууль, журам, компанийн дүрэмд заасны дагуу зарласан эсэх, хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг хэлэлцэж баталсан байдлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүйн улмаас Даниста-Од ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №02 тоот тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туулыг шүүхэд удаа дараа дуудсан, мөн шүүх хуралдаанд удаа дараа дуудаж тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаануудад биечлэн оролцох боломжгүй, өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хариуцагч Х.Жанцансамбуугийн өмгөөлөгч Д.Оюунчимэгт шүүх хуралдааны тов хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын хариуцагч Х.Жанцансамбууд холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Данистад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Жанцансамбуугаас албадан гаргуулж, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарт олгуулж, Данистад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Жанцансамбууд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ