Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/83

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Д.Гансүх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н-д холбогдох эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Н-, 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар эдгээр ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 сарын баривчлах ялаар тогтоосон ба 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Халзангийн даваа” гэх газарт амь хохирогч О.У-ыг зодож “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал” бүхий олон тооны шарх, гэмтлийг учруулж өвтгөн шаналгаж, онц хэрцгийгээр санаатай алсан,

            мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хосмандах” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Төв аймгийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 12 жилийн хорих ял дээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан нийт цагдан хоригдсон 251 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Н-гаас 3.534.216 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т олгож, Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Н- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие онц харгис хэрцгийгээр хүний амь хохироосон гэсэн хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна.

            1. С-ын болон бусад хүмүүсийн мэдүүлгээр би маш их согтолттой байсан нь батлагддаг. Мөн би тэр үед согтсоноос болоод бараг осгох шахаж, 2 хөлийн шилбэ бүхэлдээ хайрагдаж, хөлдөж эхэлсэн байдаг. Ийм хэмжээний согтолттой хүн талийгаачийг хүүе гэхийн завдалгүй зодож бэртээсэн гэж С- ярьдаг. Үүнийг зөвөөр шүүн тунгааж өгөхийг хүсэж байна. Талийгаач нь надаас нуруугаар жаахан намхан боловч биерхүү, зузаан хүн байсан. Бас цагдаагийн алба хашиж байсан, хорих ангид ял эдэлж байсан гэдэг. Ер нь надад тийм амархан зодуулахаар хүн биш байсан. Би талийгаачийг өвлийн хүйтэнд осгоод эсвэл чонод бариулаад амиа алдчихвий гэсэндээ л араас нь авч ирэхээр явсан. Надад хүний амь хохироох сэдэл байгаагүй.

            2. Шинжээч эмч Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн гэмтлийг авсан хүн 5-6 минутын дотор амьсгал бүтэлтэнд орж нас барна...” гэж мэдүүлсэн. Гэтэл намайг талийгаачийг зодсон гэх үеэс хойш Века, И-, Б- нар ирээд буцаж отог руу явж автомашин авч ирээд талийгаачийг аваад явсан байдаг. Энэ хооронд 2-3 цаг болсон байх. Отгийн наана автомашин эвдрээд зогссон. Тэгээд Века талийгаачийг үүрээд явсан. Үүрч яваад юу болсныг хэн ч хараагүй. Би С-ыг “Алаад хаячихъя” гээд нүүр, цээж рүү нь өшиглөж байсныг санаж байгаагаа хэлдэг боловч үүнийг авч хэлэлцээгүй. С-, Д- гэх найздаа “Би хүн алчихлаа, гэхдээ нээх юм бодогддоггүй юм байна” гэж хэлж байсан гэдэг. Энэ талаар Д- мэдүүлэг өгсний дараа, С- руу “Төрөл гээд мэдүүлгээ буцаачихлаа шүү” гэж мессеж бичсэн байдаг. Угтаа С-, Д- нар төрөл садан биш, багын найзууд юм.

            Би талийгаачийг 2-3 удаа цохисноо хүлээн зөвшөөрдөг боловч хүний амь хохироосон гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Үйлдээгүй хэргийнхээ төлөө эд хийж бүтээх залуу насаа ийм газарт өнгөрөөж байгаадаа маш их харамсаж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, эрх зүйн байдлыг маань дээрдүүлж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг учрал болох үед хэдхэн цагийн өмнө талийгаач “В-” гэгчид нүүр лүүгээ өшиглүүлэн үхэлд хүрэх гэмтлийг авсан гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь гэрч А-, С-, Б- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Харин Н- талийгаачийг яаж зодож гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Шинжээчийн дүгнэлтэд “...амь хохирогч хамар яснаас цус гараад уушги руу нь орсны улмаас нас барсан. Шууд үхэлд хүрэх гэмтэл аваагүй. Хохирогчийг согтуу байхад нь дээш харуулж хэвтүүлснээс уушги руу нь цус орж нас барсан. Доош харуулж хэвтүүлсэн бол амь нас хохирохгүй байсан. Хамар ясны хугарал авсны дараа тодорхой хөдөлгөөн хийх боломжтой. Амь хохирогч өөрөө унаад хамраа хугалах боломж байхгүй. Нүүрэнд учрах гэмтэл нь учрах үедээ дотор салс, судас гэмтээнэ. Дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчийн уушги руу цус орсны улмаас амьсгал нь бүтэж нас барсан байна...” гэж тусгагдсан. Үүнээс үзвэл Н- хүнийг онц харгис хэрцгийгээр алсан болох нь тогтоогддоггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Д.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул Н-д холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууриас оролцож байна. Н-г хүний биед олон тооны шарх учруулж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг, энэ хэрэгт гэрчээр оролцсон В-, түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол болон бусад нотлох баримтыг харьцуулж үзэхэд, Н-г дангаараа У-ын биед олон тооны шарх гэмтэл учруулсан, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл байгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар дүгнэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Үүнд:

1. Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор В-ыг амь хохирогч У-ын эрүүл мэндэд “хамрын дээвэр яс, хамар ясны хоёр хажуугийн нөмөрцөг яс, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмрөл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Гэтэл Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор дээрх гэмтлүүдийг Н- учруулсан гэж яг адилхан дүгнэсэн. В-ын учруулсан хөнгөн гэмтлээс үүссэн амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэрээр амь хохирсон. Н- хохирогчид гэмтэл учруулсан гэм буруутай хэдий ч тэрээр шүүхийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг бүгдийг нь дангаараа учруулаагүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл В-ын үйлдэл холбогдлоос эхлэлтэй байхад уг гэмтлүүдийг Н- учруулсан мэтээр дүгнэж, түүний эрх зүйн байдлыг дордуулсан.

2. Н-д холбогдох хэргийн хүндрүүлэх зүйлчлэл болсон гэмтлүүдийн заримыг өөр этгээд учруулсан болохыг шийтгэх тогтоолд ялгаж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй. Н-г хохирогчид учирсан гэмтлийг хамааруулсан прокурорын дүгнэлтэд хөтлөгдөж хэргийг хэт нэг талыг барьж ялласан. Цагаатгах болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Шүүхийн 2 шийтгэх тогтоолыг харьцуулж хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хохирогчид учирсан өвчүү, хавирганы хугарлыг Н-, нүүрний гэмтлийг В- учруулсан нь харагддаг. Н- хохирогчийн нүүрэнд цохисноор В-ын өмнө учруулсан шарх сэдэрч амьсгал бүтэлтэнд орж нас барсан. Үүнээс үзэхэд Н- нь гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогчийн үхэл, түүний үйлдэл хоёрын хооронд шууд бус шалтгаант холбоо байна. Ер нь шүүхийн практикт шууд бус санаатай үйлдлээр бусдын амь нас хохирсон тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж дүгнэх тохиолдол ховор байдаг.

3. Гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хохирогч У-ыг хүнд зэргийн согтолттой, осголтын байдалтай, ухаангүй шахам байхад нь түүнд тусламж үзүүлж Н-гаас гадна О-, В- нар отог руу нь аваачих гэж түүнийг чирч, автомашинаар тээвэрлэсэн, замд нь автомашин эвдэрсэн тул өргөж буулгах зэрэг үйл явдал болсон. Мөн тэд шарилыг нь Төв аймгийн Эрдэнэ сумаас Сэлэнгэ аймгийн Мандал сум хүртэл гэр бүлийн хүмүүсийнх нь оролцоогүйгээр удаан хугацаанд тээвэрлэн явсан. Шөнө уусан архи нь гараагүй халамцуу залуусын үйлдлээс амь хохирогчийн өвчүү, хавирга хугарах, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл амь хохирогчид учирсан бүх гэмтлийг Н- учирсан мэтээр дүгнэж хэргийг хүндрүүлж зүйлчилсэн.

4. Шүүх Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй. Энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч Н- хохирогч У-ыг согтуу осгохоос нь өмнө отог руу нь буцаах гэсэн санаатай очсон болохоос амь насыг нь хохироож зодоон хийх зорилгоор очоогүй. Гэтэл Н-, О- нарын үйлдлийг эсэргүүцэж зодоон үүсгэсэн хохирогчийн үйлдлээс улбаалж амь нас нь хохирсон. Өөрөөр хэлбэл, талийгаач шөнө оройн цагаар архи их хэмжээгээр хэтрүүлж хэрэглэсэн, маргааш өглөө нь архи нэмж уусан. Ходоодны агууламжид 3,4 промилли, цусанд нь 3,2 промилли спиртийн агууламж илэрч, биеэ авч явах чадваргүй болсон. Шөнө буюу Н-тай зодоон үүсгэхээс 4-5 цагийн өмнө В-т зодуулсандаа шаралхаж отгоос 3 километр зайтай ганцаар явсан байдаг. Мөн явахыг нь хориглох үед Н-гийн чихийг хазчихдаг. Иймд хохирогчийн буруутай үйлдэл байсныг анхаарч үзнэ үү.

5. Н- хохирогчийг зодсон үйлдлийг гэрчилсэн цор ганц гэрч болох С-ын мэдүүлэг байдаг. Гэтэл түүний мэдүүлэг үнэн зөв гэдгийг нотолсон баримт байхгүй. Н- мэдүүлэхдээ “хамт байсан С- талийгаачийг алаад хаячихъя гэж хэлээд дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсныг санаж байна” гэж мэдүүлсэн байхад С- гэрчээр мэдүүлэхдээ “Нямка надад чи Ууганаа ахыг осгосон байсан гэж хэлээрэй, чи энэ хэргийг даачих” гэдэг. Эндээс үзэхэд тэд хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй. Дээрх нөхцөл байдалд үндэслэн гэрч С-, Н-д өширхөх, өөрөө хэрэгт холбогдохоос зайлсхийх зорилгоор түүний эсрэг эрх зүйн байдлыг нь дордуулсан мэдүүлэг өгөх бүрэн үндэслэлтэй. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэх ёстой байсан.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Н-д холбогдох хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны зарчим, шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын өмгөөллийн үгтэй санал нийлэхгүй байна. Учир нь, анхан шатны шүүхээс 2020 оны 6 дугаар сард хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан. Үүнд нь прокурор эсэргүүцэл бичсэн тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасан. Улмаар анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Н-гийн үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан болохыг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Тухайн шүүх хуралдаанд 7 бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг ахалж байсан шинжээч, гэмт хэрэг үйлдэгдэхэд байсан гэх гэрч С- нар оролцсон бөгөөд тэдний тайлбар, мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. 07 цагийн үед В- гэгчтэй маргалдаж зодолдсон. Энэ үйлдлийн улмаас амь хохирогчийн биед хамар ясны хугарал үүссэн буюу хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогддог. 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “... 2 удаагийн үйлдэл учир хамар ясны хугарлыг хэн учруулсныг нарийн тодорхой зааглах боломжгүй. Гэхдээ Н-гийн үйлдлийн улмаас олон удаагийн хавирганы хугарал, өвчүүний ясны хугарал үүсч, хамар ясны хугарлын гэмтэл сэдэрсэн, амьсгалын хоолой руу цус орсноор амьсгал бүтэлтэнд орж нас барсан. Иймээс Н-гийн буруутай үйлдлийн улмаас дээрх гэмт хэрэг үйлдэгдэж хохирогч У- амь насаа алдсан шалтгаант холбоотой...” гэж гарсан. Мөн шинжээч эмч “...дээрх олон удаагийн хавирганы хугарал, өвчүүний ясны хугарлыг авсан хохирогч босох, суух зэргээр идэвхтэй үйлдэл хийж өөрийн амьсгалын хоолойг чөлөөлөх  боломж бүрдэхгүй...” гэж тайлбарласан. Иймд өвчүүний ясны хугарал, хавирганы хугарал нь Н-гийн үйлдлийн улмаас учирсан тул түүнийг онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Түүнчлэн онц харгис хэрцгий аргаар үйлдэгдсэн гэж үзэхгүй гэж өмгөөлөгч ярьж байгаа ч энэ талаар тайлбарласан Улсын Дээд шүүхийн тайлбарт “бусдыг алах, амь насыг нь хохироох үйлдлийг хийхдээ бусдын биед олон тооны шарх сорви үүсгэснийг онц харгис хэрцгий гэнэ” гэж заасан. Хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүсгэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч нар В-ын үйлдэлтэй холбож тайлбарлаж байгаа боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч “...хэрэв В-ын үйлдлийн улмаас нас барах байсан бол тухайн шөнө амьсгал бүтэлтэнд орж нас барах байсан. Харин амь хохирогч В-ын үйлдлээс биш Н-гийн үйлдлээс болж нас барсан...” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчид зохих ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Хэрэгт хийгдвэл зохих бүх ажиллагаа хийгдсэн, нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1. Амь хохирогч О.У-ын хувийн болон аж байдлын талаар мэдүүлсэн түүний хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...миний ах У- 1976 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн … Өмнөговь аймгийн цагдаагийн газарт 2 жил, Өвөрхангай аймгийн нэгэн цэргийн ангид 2 жил тус тус ажилласан. Дараа нь Улаанбаатар хотын Амгалан гэх газарт байдаг цэргийн анги руу шилжсэн. Уг газартаа хэсэг ажиллаж байгаад ажлаасаа гарч, ажилгүй байх хугацаанд гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн. ... Б- гэх эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч эхэлсэн ба дундаас нь охин Энххүслэн төрсөн. У- ах ял эдэлж гарч ирээд дахин эхнэртэйгээ хамтран амьдарч эхэлсэн. Ер нь архи уухаараа жоохон сахилгагүй талдаа хүн байсан. Эрүүлдээ бол бусадтай нийтэч, сахилгатай, наргиантай, ажилд сайн хүн байсан. 2017 оны 12 дугаар сард хүмүүстэй хамт самранд явсан. Тэгээд зодуулж цохиулсан байдалтайгаар нас бараад Зүүнхараагийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн юм байна. У- ахад надаас өөр ах, дүү байхгүй. ...” /1хх 10-11, 2хх 101, 4хх 147/,

- гэрч Ч.Б-ын “...би У-тай 2007 оны 8 дугаар сард албан ёсоор гэр бүл болсон. Түүнээс хойш 2008 онд охин Энххүслэн төрсөн. У- бид хоёр 2017 онд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болоод гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан. У- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхээс 6 сарын хорих ял шийтгүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр ирээд ... цаашид дахин гэр бүл болж амьдаръя гэж надаас гуйснаар бид хоёр хамтран амьдарч эхэлсэн. У- ... архи дарс уудаг, уусан үедээ миний дагавар охин, мөн надад агсам тавьдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 25-нд агсам согтуу тавьсан, тэгээд самарт явсан. Харин эрүүлдээ бол муу зан гаргадаггүй байсан. Муу ч сайн ч миний хань нөхөр минь байсан юм. ... талийгаачид төрөл садангийн холбоотой хүн О-аас өөр хүн байхгүй.” /1хх 23, 112-113/ гэх мэдүүлгүүд,

- 2017 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуулын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Халзангийн даваа” гэх газарт болсон үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч Б.С-ын “...би Э- ахын самрын бригадад багтаж 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр нийтдээ 18 хүн явсан. ... самар түүгээд ууланд 1 сар орчим болсон. Хоол хүнс дуусаад Э- ах, эхнэр Аагий болон Цэрэндэлгэр эгч нарын хамт Улаанбаатар хот руу явсан ... 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө тэд ирсэн. Аагий эгч 750 граммын Хараа архи 2 шилийг гаргасан. Манай отог дотор Энхбаяр ах, У- ах, Бааска ах, Г- ах, Века /В-/ тухайн шил архийг хувааж уусан. ... тэр үед У- ах их согтсон байсан. Согтуудаа Э- ахад “Чамайг явсан хойгуур энэ Века чинь хоёр отгийн хүмүүсийг ерөнхийд нь айлгаад, ажил хийлгэхгүй их том юм байна лээ шүү” гэж хэлсэн чинь Нямка /Н-/ “Би таныг Векад хэлнэ” гээд отгоос гараад явсан. ... У- ахын дээр Века мордоод суучихсан толгой руу нь гараараа цохиж байсан. Д- эгч, Нямка хоёр салгаад Века өөрийнхөө отог руу явсан. Тэгээд байж байтал жижиг Нямка хүрч ирсэн. У- ах жижиг Нямкад хандаж “Чи миний хөнжил гудсыг өөрт отогт хүргээд өгчих, би энд байж чадахгүй юм байна, өөр отогт очиж хонолоо” гэж хэлсэн. Тэгээд хөнжил, пүүгээгээ аваад жижиг Нямкатай хамт гараад явсан. Маргааш өглөө гэгээ орж, 07 цаг өнгөрч байхад ... доод самрын отгоос нэг эгч гүйж ирээд “Танай отгоос шөнө манайд ирсэн хүн чинь хот руу явна гээд алхаад явчихлаа шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь Нямка бид хоёр ... У- ахын араас нь явсан. Явахдаа машин дотроос 750 граммын Сархад архи 1 шилийг аваад явсан. ... У- ах нэлээд даарчихсан хоёр гараа үлээгээд сууж байсан. Бид хоёр түүнд “Отог руугаа очъё” гэж хэлэхэд “Би буцаж очихгүй” гээд байсан. Тэр үед Нямка над руу архиа гаргаад ир гэж дохисноор би архи гаргаж өгсөн. Ингээд Нямка архиа задлаад таганд нь хийгээд өөрөө эхэлж уугаад, дараа нь У- ахад хийж өгсөн. Нямка надад шилтэй архийг өгөөд тойруулчих гэхээр нь би тэр хоёрт архийг нь аягалж өгөөд байсан ... архи талдаа орж байхад тэр хоёр “Буцна, буцахгүй” гэх асуудлаас болоод босч ирээд хоорондоо барьцалдаад авсан. Нямка У- ахыг шанаадахад Ууганаа ах уначихсан. Тэгтэл Нямка хүүе гэхийн завдалгүй түүний дээрээс болон толгой, нуруу руу нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Би дундуур нь орж Нямкаг салгаад “Чи отог руу явж бай, би Ууганаа ахыг араас чинь аваад очъё” гэхэд Нямка миний үгэнд ороод явсан. Би Ууганаа ахыг босгоход буцаж унаад байсан. Тэгээд Нямкагийн араас гүйж очоод Ууганаа ах дээр дагуулж ирэхэд ... Нямка Ууганаа ахыг “Чи битгий баашлаад бай, босоод ир явъя” гэхэд Ууганаа ах юу ч дуугарахгүй байсан. Тэгэхэд Нямка гараараа Ууганаа ахын нуруу руу хоёр удаа цохисон. Би Нямкаг татаж холдуулаад “Чи хүн алчихлаа шүү дээ” гэхэд Нямка Ууганаа ахын дээр мордож байгаад сэргээх гээд алгадаад байсан. ... 1 цаг 30 минутын дараа “Зил 131” машинтай Бааска ах, түүний эхнэр Д-, Века нар хүрч ирсэн. Ингээд Ууганаа ахыг өргөөд машины бүхээгт оруулсан. ... отог хүрээгүй байхад өгсүүр хэсэг дээр машин хий эргээд явахааргүй болоод Века Ууганаа ахыг машинаас буулгаж үүрээд дээш өгсөөд хэсэг явж байснаа бид нарыг дуудаад байсан. Бид нар гүйгээд очиход Ууганаа ах нас барчихсан байсан. ... Ууганаа ах Нямкад зодуулаад бараг тэр дороо ухаангүй болчих шиг болсон. Нямка надад “Чи отог руу очоод Э- ахад дүүг чинь хүн алчихлаа” гээд хэлээдэх гээд байсан. Би тэр хоёрыг орхиод явж болохгүй байсан юм. Нэмж хэлэхэд хэрэг болсны дараа Мандал сум руу ирж байхад Нямка надад “Би эхнэр хүүхэдтэйгээ амьдармаар байна. Чи Ууганаа ахыг осгочихсон байсан гээд хэлээрэй, намайг алсан гэж битгий хэлээрэй, ер нь чи энэ хэргийг даачих, би ар гэрт чинь мөнгө өгч тусалж байя” гэж гуйгаад байсан. ... тухайн хэрэг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн орчим үйлдэгдсэн. ...” /1хх 25-26, 108-109, 4хх 148-149/,

- гэрч В.В- /Века хочтой/-ын “...Н- надад “Ууганаа ах чамайг янз бүрээр Э- ахад хэлээд хор найруулаад байна” гэж хэлсэн. Тэгээд би У- ахад “Та юу яриад байгаа юм бэ, би танд ямар гэм хийсэн юм” гэхэд У- ах над руу дайраад биед хүрэх шиг болохоор нь харсан чинь гартаа халив барьчихсан байсан. Тэрийг нь Н- гараас нь салгаж авсан. Би У- ахыг орон дээр татаж унагаагаад дээр нь гараад суусан чинь У- ах яаж байгаад ч юм мэдэхгүй Н-гийн чихнээс хазчихсан. Энэ үед Д- эгч орж ирээд салгахад Н- У- ахын дээрээс цохих шиг харагдсан. Ингээд би Д- эгчийн хамт гараад өөрийнхөө отогт очсон. Үүр цайх үеэр У- ахыг доошоо явах гэж байна гэхээр нь отгоос гарсан чинь У- ах отгийнхоо үүдэнд нэлээд согтчихсон байдалтай хөнжил, пүүгээгээ үүрчихсэн явах гэж байхаар нь уулзах гээд явахад Д- эгч, Даваа ах хоёр намайг хориглоод отог руу оруулсан ... замд С-, Н-, У- ах нар байж байсан. У- ах дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь хавдаад, чихнээс нь цус гарчихсан, юм ярьж чадахгүй, гар нь даараад бараг хөлдчихсөн юм уу гэмээр цайрч цагаарсан байдалтай байсан. Н- маш их согтолттой байсан. “У- ахыг яагаад ийм болгочихсон юм бэ” гэхэд “Та нар зүгээр яв, С-ад ямар ч хамаа байхгүй, би өөрөө У- ахыг ийм болгочихсон юм” гээд байсан. Би С-ыг “Чи эрүүл байж яагаад ийм байдалд хүргэж байгаа юм бэ” гээд загнахад “Би салгаж хамгаалж чадсангүй ээ, энэ хоёр нэг шил архи хувааж уугаад маргалдаад, ийм юм болчихлоо” гээд байсан. Тухайн үед надтай хамт явсан И-, Б- хоёр дээшээ отог руугаа машин авч ирэхээр явсан. Удалгүй А- эгч ирсэн. Бид нар У- ахыг сэргээх гэсэн боловч сэргэхгүй, ямар нэгэн эсэргүүцэлгүй, зөвхөн амьсгалах төдий байдалтай байсан. Тэгээд отгоос машин ирээд У- ахыг машинд өргөж оруулаад отог руу явж байхад замд машин эвдрээд, би У- ахыг үүрээд явж байхад У- ах бүүр амьсгалахгүй болчихсон. Б- ах, И- бид гурвыг очиход У- ахын нүүр нь битүү хавдаад хамрын нүхэнд нь цус нөжирсөн, хоёр чихнээс нь цус гоожиж байсан. Н- дээр нь суучихсан өмссөн цагаан цамцных нь ханцуй цус болоод хөлдчихсөн байсан. Бидний машин аваад эргээд очиход Н-гийн цагаан цамц байхгүй болчихсон байсан. Би архи уусан боловч тийм ч их согтуу байгаагүй. Болсон үйл явдлыг мэдэж байна. ...” /1хх 50-51/,

- гэрч Б.И-ийн “...А- эгч удалгүй хашхираад “Хөөе В-, У- хоёр хоорондоо зодолдоод байна, та нар ирж салгаач” гэхээр нь Д- эгч бид хоёр ... очсон чинь У- ахын хамраас нь цус гарчихсан, В- хажууд нь сууж байсан. ... В- босч ирээд У- ахын нүүр лүү нь 2 удаа цохиод авсан. У- ах цохиулчихаад ширээн дээрээс хоолны сэрээ аваад В- луу дайрахаар нь би сэрээг нь аваад салгасан. Тэр хоёр зодолдохоо болихоор нь би тамхи асаагаад сууж байсан чинь Ууганаа ах В- луу дайраад дахиж зодоон болсон. Тэгтэл хажуунаас нь Н-, У- ах руу “Чи салгаж байхад чинь чих хазчихлаа” гэж хэлээд В-той нийлээд У- ахыг зодоод эхэлсэн. Би дундуур нь ороод салгасан. В- тэр зодоон болсон газраас гараад өөрийнхөө отор руу явчихсан. ... маргааш нь 11 цагийн орчим урд зүг рүү Хагийн хар нуур руу явж байтал С-, Н- нар сууж байсан. Бид гурав тэр хоёр дээр явж очсон чинь газарт У- ах ухаангүй хэвтэж байсан. ... Б- ах У- ахыг харчихаад “Наад хүн чинь бараг үхчихсэн байна шүү дээ, наад гарыг нь хар даа” гэж хэлсэн. У- ах ямар ч хөдөлгөөн байхгүй, нүүр нь битүү хавдчихсан бага зэрэг амьсгалж байсан. Н- нэлээд согтуу, С- харин эрүүл байсан. Н- “Одоо оройтсон, та нар яв” гээд байсан. Б- ах машин авч ирнэ гээд явсан. ... нэг цаг орчмын дараа эргэж иртэл Э- ахын эхнэр А- эгч тэд нар дээр ирсэн байсан. Ингээд У- ахыг машинд өргөж оруулсан. Отог руугаа явж байтал машин эвдрээд зогссон. У- ахыг В- үүрээд түрүүлээд явсан. Бид хэд машинаа засаад байж байтал В- гүйж ирээд “У- ах амьсгалахаа больчихлоо” гэж хэлсэн. Бид нар очиж үзэхэд У- ах ямар ч амьсгаагүй болчихсон байсан ...  С-аас би “...юу болсон юм бэ” гээд асуухад “...Н- У- ахыг цохиж унагаагаад байсан” гэж ярьсан. ...” /1хх 48-49/,

- гэрч Д.Б- /Бааска хочтой/-ийн “...алхаад явж байсан чинь С-, У-, Нямка нар замд байсан. Миний урд И-, Века нар явж байсан. Тэр гуравт дөхөж очоод Века “Та хоёр энэ У-ыг юу болгоод хаячихав аа” гээд байсан. У- нь зам дээр хөндлөн байдлаар дээш харсан нүүр ам нь хавдаад цус болчихсон танигдахын аргагүй хоёр гар нь алга хүртлээ цайчихсан, юу ч дуугарахгүй байсан. Нямка түүний дээр мордоод суучихсан байсан юм байна лээ. Тэгээд би шууд “Машин асаагаад ирье” гээд отог руу өгссөн. Араас И- ирэхээр нь асуухад “Ууганаа ахын амьсгаа нь тасалдаад байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр отогт ирээд харсан зүйлээ хэлэхэд Э-ын эхнэр Аагий гүйгээд явсан. Бид нар машинаа асаагаад доош уруудаж очиход У- дөнгөж нэг муухан амьсгаатай байсан. Түүний машинд өргөж оруулаад дээш отог руу явсан. Замд машин эвдрээд У-ыг машинаас буулгаад Века үүрээд Аагийтай хамт явсан. Намайг машин дээрээ байж байтал Э- хүрч ирээд “У- нас барчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 27-28/,

- гэрч Э.А- /Аагий хочтой/-ийн “...биднийг хүнсэнд явахад самарт явсан У- ах “Шинэ жилийн архи авч ирээрэй” гээд захисан. Тэгээд захисан юмыг нь авч ирсэн болохоор У- ахад өгсөн. Нийт 7 шил архитай очсон. Ууганаа ах отог дотор архиа задлаад манай нөхөр болон Батсүмбэр сумаас ирж самарт явж байсан хүмүүстэй хамт уусан. ... Века хэзээ ч гараад явчихсан юм, бүү мэд намайг эргээд отог дээр ирэхэд Ууганаа ахын дээр гараад мордчихсон зодож байсан. Хажуунаас нь Нямка, С- хоёр салгах гээд зууралдаж байсан. Би отгоос гараад “Э- аа энэ Века чинь Ууганаа ахыг зодоод байна шүү дээ” гэж хашгирснаар Д- гүйж ирсэн ... нэг харахад Н- Ууганаа ахыг цохиж байх шиг харагдаж байсан. Би салгаж холдуулаад загнасан чинь “Би салгаж байхад энэ Ууганаа ах чинь миний чихийг хазчихсан шүү дээ” гэсэн. Ингээд зодоон салж ... Ууганаа ахын хамар амнаас цус гарсан байсан. Урагдсан футболкоороо арчиж цэвэрлээд хөнжил гудсаа хуйлаад явах гээд зэхэж байсан. ... Өглөө үүр цайгаад гэгээ орчихсон байхад Ууганаа ах доороос отог руу ирж явсан. ... хувцсаа давхарлаж өмсөөд байсан. Тэгэхээр нь самрандаа гарах гэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэр үед Ууганаа ахын нүүр нь хөхрөөд хавдаад эвгүй болчихсон байсан. ... С-, Нямка хоёр “Ууганаа ах гэр лүүгээ явна гээд явсан гэдгийг доод отгийн тогооч эгч хэллээ, бид хоёр араас нь яваад ирэх үү” гэхээр нь тэг гэж хэлсэн. ... Би отгоос гаралгүй байж байхад 1 цаг орчмын дараагаар Б-, И- хоёр амьсгаадан гүйж орж ирээд “Н-, С- хоёр нийлж байгаад нөгөө У-ыг чинь зодоод алчихсан байна шүү дээ, машинаа асаа очъё” гэсэн. ... Н-, С- хоёр хоёулаа зам дээр өвдөглөөд суучихсан, Н-гийн нүүр, хувцас, гутал нь цус болчихсон байсан. Хажууд нь Ууганаа ахыг гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр дээгүүр нь нөмрөгчихсөн байсан. Би хөнжлийг нь сөхөхөд У- ахын нүүр ам нь цусаар битүү бохирлогдсон, чихнээс нь цус гарчихсан, унтаж байгаа хүн шиг хурхирах чимээтэй ухаан мэдрэлгүй шахуу хэвтэж байсан. Мөн түүний гарын хуруунууд нь хөлдчихсөн юм шиг цайчихсан байсан. Би юу болсныг асуухад Н- “Миний буруу” гээд уйлаад байсан. Нямка тэр үед согтуу байсан. Харин С- эрүүл байсан. Ингээд би Ууганаа ахыг осгоочихгүйн тулд С-, Нямка хоёртой ойр хавиас мод цуглуулж гал асаасан. Гал асаад дуусч байхад Н- “Аниа би куртик, цамцаа шатаачихъя” гээд тайлаад гал руу хийчихсэн. Гал унтрах гээд байсан учраас Ууганаа ахын куртикийг бас галд шатаасан. ... Энэ үед нөгөө хэд машинтайгаа ирсэн. Ууганаа ахыг шууд эмнэлэг бараадуулъя гэсэн. Эхлээд осгосон байдлыг нь сэргээе гээд машинд өргөж оруулаад отог руугаа явсан. Гэтэл Ууганаа ах отог руу явж байх замд нас барчихсан юм. ...” /1хх 29-30, 102, 3хх 177, 4хх 147-148/,

- гэрч Н.Э-ын “...Улаанбаатар хот руу явахад надтай хамт манай эхнэр А-, танил Д- нар явсан. ... биднийг хотоос ирэхэд бүгд сэрсэн. Талийгаач У- намайг хот руу явахад 1 шил архи, 1 блок тамхи захисан. Тэгээд талийгаач захисан зүйлээ авъя гэхэд хотоос авч ирсэн 8 шил архиныхаа 3 шилийг нь гаргаж өгөөд “За даврахгүй ууна шүү” гэсэн. ... би архи ууж байх дундуур нь хажуу талын отог руу явж очсон чинь Б-, Д-, В-, Б- нар нэлээд согтчихсон сууж байсан. Намайг ороход В- ганцаараа надтай зөрөөд гарсан. ... В- эргэж ирээд У- дургүй хүргээд байна гэж ярих шиг болсон. ... үүрээр 07 цагийн орчим сэрэхэд У- отог дотор ороод зогсчихсон нүүр ам нь тэгшрээд хавдчихсан, цүнх саваа ухаад суугаад байх шиг байсан. ... нэг мэдэхэд манай отог дотор хүмүүс орж ирээд У- доошоо явж байсан гэж ярьж байсан. ...” /1хх 31-32, 99-100/,

- гэрч П.Д-ийн “...Э-, А- бид гурав хүнс бэлдээд ... шөнөдөө отог дээр очсон. ... 0,5 литрийн 3 шил архи гаргасан. У- уг архийг хундгалж, олуулаа ууж эхэлсэн. ... Тэр үед Э-, Н- нар орж ирсэн. Н- “У- ах хэрэгтэй хэрэггүй юм яриад байна” гэсэн. Энэ үед Века гараад явсан байна лээ. ... нөгөө отгоос А- “Э-аа энд зодоон болоод байна” гэж хашхирсан. Очиход Века У-тай зууралдаад орон дээр байж байсан. Века зууралдаж байх үедээ У-ын нүүр лүү гараараа 1 удаа цохиод авсан. Н- тэр хоёрыг салгахаар дундуур нь ороод “энэ У- ах миний чихийг хазчихлаа шүү дээ” гээд У-ын нүүр лүү нь гараар самардаж цохисон. Би Векаг аваад дээд талын отог руу очсон. ... У- ах пүүгээ дэвсгэрээ аваад доошоо явсан. ... тэгээд унтаж байхад Б- орж ирээд доор “У- ахыг зодчихсон байна, машинаа асааж очиж авч ирье” гэсэн. Би босоод ... машинтай доош уруудсан. Отгоос уруудаад модноос гараад тал дээр очих хүртэл 10 орчим минут явахад зам дээр гал түлчихсэн байсан. ... машинаас буухад тэр хавиар цасан дээгүүр цус цацарсан, У- ахын хамраас цус гарчихсан, нүүр нь хоёр тийш хавдчихсан, амьсгалж байх боловч дуугарахгүй, нэлээн эвгүй харагдаж байсан. Бид нар У- ахыг осгочихсон юм байна, отог руу авч очоод яаралтай тусламж үзүүлье гээд машинд өргөж оруулаад дээш өгсөж байтал машин эвдрээд У- ахыг Века үүрээд отог руу явсан. ... удалгүй манай нөхөр Б- хүрч ирээд “У- ах нас барчихлаа” гэсэн. ...” /1хх 33-34/,

- гэрч Б.Н- /Жижиг Нямка хочтой/-ийн “...У- ах “Энэ Века ер нь даам гарчихсан юм байна” гэж яриад байсан. Э- ахыг хүнсэнд явахад У- ах бид хэдийг ахалж үлдсэн. Ингээд архи дууссаны дараа Э- ах, Н- хоёр дээд отог руу Векатай уулзахаар явсан. Удалгүй Века орж ирээд “Та яагаад хөгийн, хөгийн юм яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Би болон бусад зарим нэг хүмүүс тухайн үед унтаж байсан юм л даа. Би хүмүүс орж гарах чанга чанга ярих үед сэрсэн. Нэг мэдэхэд Н- “Ёо энэ Ууганаа ах чинь чих хазчихлаа шүү дээ” гэж орилж байсан. Тэгээд Векаг гараад явсны дараа У- ахын хоёр нүд нь хөхөрчихсөн байсан. У- ах босоод С-ыг “Чи намайг доод отог руу хүргээд өгчих” гэхэд С- явахгүй байхаар нь би У- ахыг хүргэж өгөхөөр болсон. Доод отог руу явж байхад У- ах “Би согтоод байна, Века намайг зодож байхад чи яагаад намайг өмөөрөөгүй юм бэ” гэж асууж байсан. Би ч тэгсгээд их юм ярилгүй доод отогт хүргэж өгчихөөд буцаж ирсэн. Тухайн үед 04 цаг болж байсан. Ингээд би унтаж амарсан. Өглөө гэгээ орж байхад сэрсэн чинь хэн ч билээ У- ахыг орж ирээд цүнхээ аваад доошоо явсан, араас нь Н-, С- хоёр явсан гэж хэлж байсан. Тэгээд байж байтал Б- ах ирээд “У- ах тэр доор бараг хөлдчихсөн байна, гар нь цайчихсан байна лээ, машин асаагаад очихгүй бол болохгүй нь ээ” гээд машин асаагаад явсан. Түүнээс хойш 1 цагийн дараагаар У- ах нас барсан гэдгийг мэдсэн. ...” /1хх 35/,

- гэрч Б.Д-гийн “...би С-ыг ажилдаа гарсан болов уу гэж асуусан. С-, Нямка хоёр У-ын хойноос явсан юм байгаа биз гэж нэг нь хэлсэн. ... Сүүлд Игориос сонсоход Века, Нямка хоёр урд отог дээр архи ууж байгаад У- ахыг зодсон гэж хэлсэн. Бааска ах И-, Века нар ерөөсөө явлаа гээд явсан. Удалгүй Бааска ах “У-” гээд л гүйгээд ороод ирсэн. Яасан бэ гэтэл “Нямка, С- нар У- ахыг чинь зодсон байна, гар хөл нь хөлдсөн байна” гэсэн. Удалгүй тэнд байгаа хүмүүс машин асаагаад У- ахын байгаа газар луу явсан. Би бас очсон. Тэгэхэд Аагий эгч, Нямка нар У- ахын хажууд байсан. … Аагий эгч түрүүлж мэдээд очсон юм байна лээ, Очиход Нямка шал согтуу цамц шатаагаад У- ахыг тэврээд сууж байсан. У- ах амьсгаатай байсан. Бид нар машиндаа суулгаад явах гэтэл машины туслах ажиллахгүй байсан. Тэгэхээр нь отог дээр аваачихаар болоод Века ах У- ахыг үүрээд явж байсан. Намайг дуудахаар нь би яваад очтол амьсгал хураасан байна гэж байсан. ...” /1хх 36-37/,

- гэрч С.О-ийн “...Э- эхнэрийн хамт хоол хүнс цуглуулахаар Улаанбаатар хот руу яваад ... шөнө 23 цаг өнгөрч байхад ирсэн. Манай бригад 2 отог болоод байрласан. Э-, Аагий, Д- өөрийн отог дээрээ ирсэн. Би дээд талын отог дээр байсан юм. Тэгтэл Д- хотоос ирсэн гээд 1 шил архи гаргасан. Маргааш нь өглөө босоход уусан хүмүүс бүгд шартаад орондоо хэвтээд байсан. Би унтаж байсан чинь гаднаас Бааска билүү Века нарын нэг нь орж ирээд У- ахыг нас барсан гэж хэлсэн. ...” /1хх 38/,

- гэрч Д.Б-гийн “...манай отог дээр Д- эгч нэг шил архи авчирч өгөөд манай отгийнхон буюу Века, Д- болон түүний нөхөр Бааска, О- нар уусан. Г- доод талын отог дээр очиж уусан юм байна лээ. Надад нэг шил архи авчирсныг гаргаад нийтдээ 2 шил архи уусан. Маргааш өглөө нь хоолоо хийж байтал Бааска, И-, Века нар ар араасаа орж ирээд доор У- дээр Нямка гараад цохиод байна. Нэлээд цус нөж гарсан байна. Хажууд нь С- байна. Бүгдээрээ одоо машин тэргээ асаагаад эмнэлэг бараадуулъя гэж байсан. ...” /1хх 39/,

- гэрч М.А-гийн “...Э- эхнэртэйгээ Улаанбаатар хот руу хүнсэнд яваад ... шөнө ирсэн. Ирээд 3-4 шил архи гаргаж өгөхөөр нь манай отгийнхон бүгд сууж байгаад уусан. Би ганц нэг уугаад унтсан. Өглөө нь доод отгийн тогооч ирээд танай отгийн нэг залуу доор явж байна шүү гэсэн. Тэгээд араас нь С-, Нямка хоёр У-ыг авчирна гээд явсан. Удалгүй У-ыг нас барсан гэж сонссон. ... С- уусан эсэхийг мэдэхгүй. Харин Нямка уучихсан явж байсан. Гэхдээ согтчихсон биеэ хянах чадваргүй байгаагүй. ...” /1хх 41/,

- гэрч Ц.Г-ын “…өөрөө байрлаж байсан хойд талын отог дээрээ очсон чинь Бааска гэх залуугийн эхнэр Улаанбаатар хотоос ирсэн баярын юм гээд 1 шил архи задалсан байсныг хувааж уугаад амарсан. Маргааш өглөө нэлээн унтаж байгаад боссон. Урд отог дээр хоол идэх гээд очтол У- хөнжил пүүгээгээ аваад явсан гэж Нямка хэлж байсан. Би хоолоо идчихээд отог дээрээ ирээд эргээд урд отгоос сүх авахаар очтол И-, Бааска нар нэлээн сандарсан ирсэн. Яав гээд асуутал У- гар хөл нь хөлдөж байна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь бид нар машинаа асаахаар болоод арай гэж асаагаад араас нь Аагий гэх эмэгтэй И-, Бааска нарыг дагуулаад очсон. Тэгсэн удалгүй У-ыг нас барсан гэж хэлсэн. У-, Века, И- нар нэг бригад юм. Нямка гэх залуу бид нарыг авч явсан. ... У-, Века нар маргалдаад У- хөнжил пүүгээгээ аваад явсан гэж хоол идэх гээд очиход урд отгийнхон ярьж байсан. ...” /1хх 42-43/,

- гэрч Л.Э-гийн “...Э- ах урд талын отог дээр хүмүүстэй архи уусан. Би хойд талын отог дээр байрладаг юм. Би бол уугаагүй унтаж амарсан. Манай отог дээр хэрүүл маргаан болоогүй. Урд талын отог дээр хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ. ... Века урд отог дээр очоод ирье гэж явсан. Нэлээн удаан байж байгаад ирэхдээ У- нас барчихлаа гэж байсан. ...” /1хх 44/,

- гэрч Л.Б-ын “...Э- ирээд ... 3 шил архи гаргаж ... хувааж уусан. Бид архиа уугаад отог дотроо байж байтал хажуу талын отгийн В- талийгаачид хандаж “Та хүнд намайг шургаж мууллаа, шургаандаа өөрөө уналаа” гээд отог дотор талийгаачтай зодолдож нүүр ам руу нь цохисон. Манай отог дотор байсан хүмүүс В-ыг салгаад отог руу нь аваад явсан. В-ыг салгаад авч явсны дараа талийгаачийн нүүр ам нэлэнхийдээ цус болчихсон байсан. ... шөнө 05 цагийн орчимд унтсан. Маргааш нь өглөө Э-ын эхнэр Аагий “Нөгөө У- чинь нөгөө отгоос гараад явчихсан юм шиг байна, энэ болохгүй шүү, эргүүлээд аваад ир” гэж хэлээд С-, Н- хоёрыг явуулсан. Тэр хоёр таг чиг болчихсон. ... Удалгүй Б- гүйж ирээд “У-, Н-, С- нар бүгдээрээ хөлдчихсөн, согтуу байж байна, машинаа асаа” гэж хэлсэн. Тэгээд машинаа асаах гэж цаг гаран болсон. Машинаа асааж нэг цаг орчмын дараа И-, В-, Б- нар “У- нас барчихлаа” гээд уйлаад буцаад хүрээд ирсэн. ...” /1хх 45-46/,

- гэрч З.С-ийн “...дээд отог дээр байхдаа 750 граммтай архийг тухайн отгийнхонтой хувааж уусан. Тэгээд буцаад отогтоо ирээд унтаад өгсөн. Шөнө юу болсныг мэдээгүй. Маргааш өглөө нь манай отгийнхон У-ыг нас барсан байна” гээд байсан. ...” /1хх 47/ гэх мэдүүлгүүд,

- тухайн өдөр амь хохирогч О.У-тай маргалдаж, улмаар түүний биед халдах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдүүлсэн шүүгдэгч Б.Н- /Нямка хочтой/-ийн яллагдагчаар өгсөн “... талийгаач нас барахынхаа урд шөнө В-той муудалцсан. ... талийгаач В-т зодуулсныхаа дараа өөр отог руу явсан. Талийгаачийг С- бид хоёр отог руугаа авч очих гээд очиход тэрээр “би одоо ийм байдалд орсон юм чинь отог руу яаж буцах юм бэ” гэж хэлээд явахгүй байхаар нь би маргалдсан. ... би талийгаачийн нүүр хэсэгт нь 2 удаа цохисон.” /1хх 179-180/ гэх мэдүүлэг,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-9/,

 - талийгаачийн цогцосны гадна байдал болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 72-77/,

- яллагдагч Б.Н-, гэрч Б.С- нарын зөвшөөрснөөр тэднийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 72-74/,

- амь хохирогч О.У-ын цогцост задлан шинжилгээ хийсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч Г.Ган-Эрдэнийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай “...талийгаачийн цогцост … баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, хүзүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт. Баруун зүүн чамархайн булчин, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон … нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хүнд, ... дээд уруулын дотор талд үүссэн язарсан шарх, гэмтэл нь хөнгөн, ... дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь дээрх гэмтлүүд болон хүнд зэргийн согтолтын улмаас биеэ авч явах чадваргүй болж улмаар нам хэмийн ерөнхий үйлчлэлээр осгож нас баржээ.” /1хх 68-70/,

- хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Долгормаа, Ш.Цэцэгмаа, Б.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 495 дугаартай “Урьд гаргасан 08 дугаартай шинжээчийн дүгнэлтийн баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээд уруулын язарсан шарх, дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэний зулгаралт, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна. Хэдий хугацаанд амьд явах эсэхийг тогтоох боломжгүй. Баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх болон осголтоос урьдчилан сэргийлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой.” /1хх 134-136/ гэсэн дүгнэлтүүд,

- талийгаачийн цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 152-156/,

- хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн шинжээч Ө.Сарангэрэл, Н.Туяа, Н.Энхцолмон, М.Аригуунтөгс, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 626 дугаартай “...08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 495 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. ... хэргийн материалд авагдсан материалуудтай танилцан, шарилд дахин шинжилгээ хийхэд хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл хугарлууд, өвчүү ясны 2 дугаар нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 6 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8 дугаар хавирга суганы урд шугамаар, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, 10 дугаар хавирга далны шугамаар, зүүн талын 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 5 дугаар хавирга эгэмний дотор шугамаар, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар, 12 дугаар хавирга далны шугамаар тус тус хугарлын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугарлууд зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид учирсан дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Шүүх эд эсийн шинжилгээгээр бүтэлтэндны гялтан нимгэн, цулцангийн таславч жигд бус тэлж тасарсан, капилляр нь цус дүүрэлттэй, ихэнх цулцангийн хөндий хоосон, цөөн цулцан хавантай, гялтан доорх эдэд сийрэг лимфоциттэй, венийн судсууд цус дүүрэлт, улаан эсийн тромботой, зарим гуурсан хоолой авчсан, хөндийдөө цустай байх ба талийгаач нь хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл хугарлуудаас цус алдаж улмаар амьсгалын замд орж гадны биет /цус/ орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Талийгаачийн цогцост өвчүү ясны 2 дугаар нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 6 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8 дугаар хавирга суганы урд шугамаар, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, 10 дугаар хавирга далны шугамаар, зүүн талын 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 5 дугаар хавирга эгэмний дотор шугамаар, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар, 12 дугаар хавирга далны шугамаар тус тус хугарлын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугарлууд учирсан байх ба уг хугарал гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх олон хавирганы хугарал нь цээжний хавхлаас шинж үүссэн гэх үндэслэл тогтоогдсонгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж яаралтай үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ. Талийгаачийн цогцосноос авсан ходоодны агууламжид 3,4 промилли, цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь үхэлд нөлөөлөхгүй. ...” /1хх 143-147/,

- хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн шинжээч М.Энхбаяр, Т.Амартүвшин, Б.Ариунзул, Т.Чимэд-Очир, Б.Ганзориг, Т.Номинцэцэг, Г.Ханхүү нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай “...08 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. 495 дугаартай дүгнэлт талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан байна гэснээс бусад нь үндэслэлтэй байна. 626 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид учирсан хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана, /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананы цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр нь гэмтлийн хүнд зэрэгт, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарлууд гэмтлийн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугарлуудаас цус алдаж амьсгалын замд цус орсноос амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. Амьсгалын дээд замд цус сорогдож орсон даруйд амьсгал бүтэж түргэн зуур үхэлд хүрнэ. Талийгаачийн биед учирсан өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарлууд байх бөгөөд хоёр талын олон хавирганы хугарал гэж ойлгож болох боловч хавирганы хавхлаас шинж үүсгээгүй байна. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн ходоодны агууламжид 3,4 промилли, цусанд илэрсэн 3,2 промилли спиртийн агууламж нь үхэлд нөлөөлөхгүй. Нүүрэнд учирсан гэмтлүүд нь дээрх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийн нүүрэнд учирсан гэмтлүүд нүүрний хэсэгт өшиглөх үед үүсэх боломжтой. Нүүрний гэмтэл үүсмэгц цус алдаж улмаар амьсгалын замд цус орж сорогдолт хэлбэрийн амьсгал бүтэлтийн шинж үүсэх боломжтой. ...” /3хх 160-164/ гэсэн дүгнэлтүүд,

- эдгээр дүгнэлттэй холбогдуулан тайлбар хийсэн шинжээч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамрын дээвэр яс уг хэсгээрээ, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод хананууд цөмөрч хугарсан нийлмэл гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан өвчүү ясны 2 дугаар нугалам хэсэгт хөндлөн хугарал, цээжний баруун талын 5 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 6 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаар, 8 дугаар хавирга суганы урд шугамаар, 9 дүгээр хавирга суганы урд шугамаар, 10 дугаар хавирга далны шугамаар, зүүн талын 6 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 7 дугаар хавирга эгэмний дунд шугамаар, 5 дугаар хавирга эгэмний дотор шугамаар, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар, 12 дугаар хавирга далны шугамаар тус тус хугарлын тэгш ирмэг гадна талдаа, шүдлэг ирмэг нь дотор талдаа шууд хугарлууд нь гэмтлүүд нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. ...” /1хх 157-158/,

- шинжээч Ц.Оюун-Эрдэнийн “... дээрх хавирганы хугарлууд шинэ бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ямар нэг байдлаар хуучин хугарсан, бороолсон хавирга байгаагүй. Хугарал орчим булчин, зөөлөн эдэд цус хуралт үүссэн нь амьд ахуйдаа үүссэн шинэ гэмтлүүд юм. Дээрх гэмтлүүдийг авсан хүн амьд явах боломжтой ба, өвчин зовуур ихтэй эмнэлгийн тусламж хэрэгтэй болно. Ерөнхийдөө хавирганы хугарал нь 1 сараас дээш хугацаанд улаан эсийн болон ялтас эсүүд бороололтын явцад ...цусан бороо, ясан бороо зэргээр эдгэрэлтийн явц явагддаг. Талийгаачид үүссэн дээрх хавирганы хугарлууд нь бороололт үүсээгүй шинэ хугарал бөгөөд булчинд нь зөөлөн эдийн цус хуралт үүссэн болох нь шинэ гэмтэл гэдгийг харуулж байгаа ба уг цус хуралт нь эмчилгээ, хувь хүний хувийн онцлог, хугарлын байрлал зэргээс шалтгаалан янз бүрээр эдгэдэг, ерөнхийдөө 8-7 хоногийн хугацаанд уг зөөлөн эд, цус хуралт нь шимэгдэж эхэлдэг ба талийгаачид үүссэн гэмтэлд хүрэн улаан өнгийн цус хуралт, булчин, зөөлөн эдэд хурсан байсан бөгөөд бороололт үүсээгүй байгаа нь шинэ гэмтэл юм. ...” /1хх 246-248/,

- шинжээч М.Энхбаярын “...талийгаач нь ухаантай байсан бол амьсгалын замд цус орсныг мэдрээд ямар нэг байдлаар зайлсхийх бөгөөд, шууд цусаар амьсгалахаас амьсгал бүтэлт нь үүснэ. Талийгаачийн олон хавирга гэмтсэн боловч үүнээс болж шууд ухаан алдаагүй, харин талийгаач хүнд зэргийн согтолттой байсан ба, согтолтын улмаас тухайн үед ухаангүй болсныг тогтоох боломжгүй. Шинжээч бид нүүрний гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор амьсгал бүтэлтэнд орж нас барсан гэдгийг тогтоосон. Нүүрний гэмтэл авах үед ухаан алдаж унасан. Тухайлбал нүүр толгой цохих үед тархины доргилт үүснэ. Тархины доргилтын үед түр зуур ухаан алддаг. Үүнийг нас барсан хүний задлан шинжилгээгээр тархи доргисон, ухаан алдсаныг тогтоох боломжгүй боловч ухаан алдсаныг илтгэх гол шинж нь амьсгал бүтэлт байгаа юм. Талийгаач У-ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа зовуур шаналал үүсгэнэ. Гэхдээ дээрх гэмтлүүд нь учрах үедээ ямар зовуур шаналал үүсгэснийг задлан шинжилгээгээр тогтоох боломжгүй. ... Эрүүл согтуу хүнд дээрх олон тооны гэмтэл үүсэхэд зовуур шаналал адилхан үүсэх боловч согтуу хүн арай бага мэдрэх тал байдаг. ... Тухайн талийгаачид үүссэн хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс /зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугарлууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд дээрх гэмтлүүдээс үүдэн гарсан цус нь амьсгал бүтэлт үүсгэж байгаа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Энэ талаар бид дүгнэлтэд тусгаагүй юм байна. Амьсгал бүтэлтэнд орсон хүн 5-6 минутын дотор нас барах боломжтой байдаг юм. Талийгаач урьд өдөр нь бас дээрх хамрын хугарлуудын аль нэгийг нь авсан байж болно. Гэхдээ хамрын олон нийлмэл хугарал үүссэн байгаа нь талийгаачийн нас барах цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх гэмтлүүдээс үүдсэн цус алдалт нь амьсгал бүтэлтэнд оруулж нас барсан гэж үзэж байна. Талийгаач нь амьсгал бүтэлтэнд ороход хүртэл цус алдаж байгаагаа мэдэхгүй ухаангүй согтуу, эсхүл ухаан алдалтлаа зодуулсан нөхцөлд л үүсэх бөгөөд дээрх гэмтлийг аваад хэрэв ухаан санаа нь эрүүл, биеэ авч явах чадвартай байсан бол амьд үлдэх магадлалтай байсан гэж үзэж байна. Талийгаачийн ходоод болон цуснаас илэрсэн спиртийн агууламж нь орчиндоо харилцаагүй болох хэмжээний хүнд зэргийн согтолтод хамаарна гэж үзэж байна. ...” /3хх 73-74, 166-169, 4хх 149/ гэсэн мэдүүлгүүд,

- В.В-т холбогдох эрүүгийн 1834000000479 дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 89-100/,

2. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хос мандал” караокед болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн талаар мэдүүлсэн хохирогч А.Х-ын “...би 18 цагийн үед ... Н-тай очиж уулзаад явъя гэж ярилцаад очсон. Н- үйлчилгээний төвийн “Хос мандах” гэх караокенаас гарч ирж ... караокены нэг өрөө рүү ... оруулж ирээд архиа хундгалсан. ...Би “Архиа болиоч ээ, архиа ууж дуусаагүй байж согтлоо, ... чи согтчихоод байгаа юм биш үү” гэхэд Н- ... уурлаж ширээн дээр байсан архины хоосон шилийг авч миний зүүн нүдний хажуу хэсэгт цохисон. Миний нүүр лүү цус урсаад ирсэн. ... Н-гийн найз “Хөөе, чи хүн аллаа шүү дээ” гээд татаад авсан. Ингээд би гэмтлийн эмнэлэг орж шархандаа косметик оёдол тавиулсан. ...” /3хх 39-40/ гэх мэдүүлэг,

- тухайн өдөр хохирогч А.Х-ын биед халдсан талаар мэдүүлсэн шүүгдэгч Б.Н-гийн яллагдагчаар өгсөн “...ширээн дээр байсан пивоны шилийг гараараа цохих үед шил нь Х-ын баруун хөмсөг орчим онож цус гарсан. Ингээд Х-ыг Гэмтлийн эмнэлэгт авч очиж хөмсөгт оёдол тавиулсан. Х-ыг зодож хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...” /3хх 53-56/ гэх мэдүүлэг,

- хохирогч А.Х-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Чимэд-Очирын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14076 дугаартай “А.Х-ын биед зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” /3хх 46/ гэсэн дүгнэлт зэргийг харьцуулан шинжлэн судлахад;

            Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Халзангийн даваа” гэх газарт амь хохирогч О.У-тай “Отог руугаа буцаж явсангүй” гэх шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүнийг цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас “...хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал...” бүхий олон тооны шарх, гэмтлийг учруулж өвтгөн шаналгаж, онц хэрцгийгээр санаатай алсан,

мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хосмандах” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Х-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд “...зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-гийн гэм буруутай үйлдлүүдийг бодитой тогтоож, үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Аливаа юмс үзэгдэл, үйл явц нь тодорхой шалтгааны үр дүнд бий болдог бөгөөд энэхүү ойлголт нь гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох болон Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглэхэд ч ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.

Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Амь хохирогч О.У- нь 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ В.В-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнд зодуулсан байх боловч тухайн шөнөө өөрийн байрлаж байсан отог гэх газраасаа өөр газарт очиж хоносон, өглөө нь хөнжил, хэрэглэлээ зэхээд Улаанбаатар хотын зүг ганцаараа явсан зэргээр идэвхтэй үйл хөдөлгөөн хийж, бусадтай харилцаж байжээ.

Харин үүний дараа Б.С-, Б.Н- нар буцааж авч ирэхээр араас нь очсон байх бөгөөд улмаар Б.Н- нь түүнтэй хамт архидан согтуурах үедээ “Отог руугаа буцаж явсангүй” гэх асуудлаас болж толгой руу нь алгадах, өшиглөх, нуруу руу нь цохих зэргээр зодсон, ийнхүү зодуулах явцдаа О.У- нь Б.Н-гийн үйлдлийн хариуд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүй, зодуулснаас хойш дахин босоогүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй ба эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй байсаар тухайн өдрөө нас барсан байна.

Цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 08, хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 495 дугаартай дүгнэлтээр талийгаачид “баруун 5, 6 дугаар хавирганы хоёрлосон хугарал, зүүн 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал, дээд уруулын дотор талд язарсан шарх, дух, хөмсөг, баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, зүүн чих, дээд уруул, эрүү, хүзүү, зүүн гарын тохойн үе, шуу, алганы ар, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт. Баруун зүүн чамархайн булчин, баруун зүүн нүдний дээд доод зовхи, цээжний болон нурууны булчин давхарга, зүүн хөлийн шилбэнд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн гэмтэл” учирсан болохыг тодорхойлж, түүний үхлийн шалтгааныг “нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан” гэж тогтоосныг давтан шинжилгээ хийсэн шинжээчдийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 626, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлтээр үгүйсгэн талийгаачид “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал” бүхий гэмтэл учирсан болохыг тодорхойлж, түүний үхлийн шалтгааныг “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугарлуудаас цус алдаж амьсгалын замд цус орсноос амьсгал бүтэлтэнд орж нас барсан” гэж тогтоожээ.

            Эдгээр дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан ба бие биенээ үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдлыг сүүлд гарсан буюу 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 1105 дугаартай дүгнэлтээр арилгасан байна.

Уг дүгнэлтээр “...талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаачийн ходоодны агууламжид 3,4 промилли, цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн нь үхэлд нөлөөлөхгүй...” гэж үзсэн бөгөөд энэхүү нөхцөл байдлын талаар шинжээч М.Энхбаяр мөн нотлон мэдүүлжээ.

                Мөн гэмт үйл явдал болохыг харсан гэрч Б.С-аас “...Н- У- ахын нүүр лүү нь цохиж унагаагаад хүүе гэхийн завдалгүй дээрээс нь хөлөөрөө өшиглөж зодоод байсан. У- ах Н-д зодуулаад ухаангүй болчих шиг болсон...” гэж тогтвортой мэдүүлсэн бөгөөд энэ нь дээрх үйл явдал болж өнгөрсний өмнө болон дараах нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч Э.А-, В.В-, Б.И-ь, Д.Б-, П.Д-, Б.Д- нарын мэдүүлгүүдтэй агуулгын хувьд зөрүүгүй байх ба хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй байдлаар нотолсон байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулдаг.

Уг гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

            Амь хохирогч О.У-т учирсан олон тооны гэмтлүүд нь тус бүрдээ хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах боловч түүний үр дагавар болох амьсгалын замд цус орсноос үүдсэн “амьсгал бүтэлт” нь хохирогчийн согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө аврах, хамгаалах чадваргүй байдалтай нь давхцаж үхэхэд хүргэсэн бөгөөд шүүгдэгч Б.Н-гийн хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулан зодож буй ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Н-гийн цохих, өшиглөх үйлдлийн үр дагаварт амь хохирогч О.У-ын биед “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал” бүхий олон тооны шарх гэмтэл учирч, улмаар амьсгал бүтэлтийн улмаас буюу хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханануудын цөмөрсөн нийлмэл хугарлуудаас цус алдаж амьсгалын замд цус орж нас барсан байх бөгөөд энэхүү хохирол нь шүүгдэгч Б.Н-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримт сэлт, түүнчлэн уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Н-гаас өөр хэн нэгэн хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байна.

“Онц харгис хэрцгийгээр” гэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан. 

Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлтээр амь хохирогч О.У-ын биед олон тооны шарх, гэмтэл учирсан болохыг тогтоосон ба шинжээч М.Энхбаяраас “...талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь тус тусдаа зовуур шаналал үүсгэнэ ... эрүүл согтуу хүнд дээрх олон тооны гэмтэл үүсэхэд зовуур шаналал адилхан үүснэ...” гэж, шинжээч Ц.Оюун-Эрдэнээс “...гэмтлүүдийг авсан хүн ... өвчин зовуур ихтэй эмнэлгийн тусламж хэрэгтэй болно...” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч Б.Н-гийн гэмт үйлдэл дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 12 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг 12 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгч Б.Н-гаас гаргуулж, түүнд олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасанд тус тус нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан “гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог дахин нягтлуулах”, мөн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН