Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2022/0192

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би Ц.Т*****-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч***** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.Т***** нь тус шүүхэд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулж тус газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ГБМЗХ2019/***** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006144 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Ц.Т****-аас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ГБМЗХ2019/***** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006144 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Т*****-аас Р.Ч*****-д олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах; гэж заасан эрхийг олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч***** нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д  Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Т*****-ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Т***** нь шинжээчийн зардал болох 1,620,500 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Ц.Т****-ын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ГБМЗХ2019/***** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006144 дүгээр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.М*****-д даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                 Н.ДАМДИНСҮРЭН