| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2018/00407/И |
| Дугаар | 182/ШШ2018/00494 |
| Огноо | 2018-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2018/00494
| 2018 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 182/ШШ2018/00494 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй нийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: АББГ-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох
Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 16,643,880 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: НАББГ нь “Х” ХК-тай Гэр хороолын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох НАББГ 11,095,920,000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр төлөх, нийлүүлэгч тал болох “Х” ХК усан халаалттай сайжруулсан 20,000 зуух нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
НАББГ нь гэрээний нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 3,328,776,000 төгрөгийг 2012 оны 09 сарын 01-ний өдөр137,589,408 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус “Х” ХК-ийн дансанд шилжүүлсэн. Нийлүүлэгч талын хүсэлтийг үндэслэн гэрээний хугацааг 2 удаа сунгасан боловч зуухны нийлүүлэлтийн хэмжээг 6248 зуухаар зогсоож, гэрээг цуцлах саналаа”Х” ХК-ийн ерөнхий захирал Б.Э 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 328 дугаартай албан бичгээр захиалагчид ирүүлснийг хүлээн авч, гэрээг цуцалсан болохыг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Мөн дээрх гэрээтэй холбоотойгоор Цэвэр агаарын сан , Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк ХХК, “Х” ХК-иудын хооронд Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах хамтын ажиллагаа-ны ЦАС-2012/12/05 дугаартай гэрээг 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Уг гэрээг нийлүүлэгчийн хүсэлтээр 3 удаа сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нийлүүлж суурилуулах зуухны тоог 20000 ширхэг байсныг 6248 ширхэг болгож өөрчилсөн. Гэрээний талууд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дээрх хамтын ажиллагааны гэрээг дүгнэж протокол үйлдсэн бөгөөд гэрээний биелэлт, шийдвэрийг шалгахад гэрээний дагуу 6248 зуух суурилуулахаас нийт 6218 ширхэг суурилуулсныг тооцоо нийлсэн баримтаар баталгаажуулж гүйцэтгэлийг 6218 ширхэг зуух гэж талууд харилцан зөвшөөрч нйилүүлэгч суурилуулах ёстой нйит зуухнаас 30 ширхэгийг дутуу суурилуулсан байна гэж дүгнэсэн. Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээний дагуу захиалагчаас 6248 ширхэг зуухны төлбөр 3,466,365,408 төгрөгийг нийлүүлэгчид бүрэн шилжүүлсэн байхад 6218 ширхэг зуухыг суурилуулсан тул дутуу суурилуулсан 30 ширхэг зуухны үнэ 16,643,880 төгрөгийг захиалагчид буцаан төлөхийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ дүгнэх хурлын тэмдэглэлээр болон албан бичгээр мэдэгдсэн боловч Хурд ХК нь төлбөрийг төлж барагдуулаагүй болно. Иймд хариуцагч “Х” ХК-аас дутуу суурилуулсан 30 ширхэг зуухны үнэ болох 16,643,880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Х” ХК нь НАББГтай Гэр хороолын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийүүлэх НАЧА/12/9 дугаартай гэрээг 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээгээр захиалагч тал болох НАББГ 11,095,920,000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр төлөх, нийлүүлэгч тал болох “Х” ХК усан халаалттай сайжруулсан 20,000 зуух нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
Манай компани 2012 оны 10 сарын 24-ний өдрөөс 2013 оны 01 сарын 23-ны өдрийн хооронд 12 удаагийн ачилтаар 6248 ширхэг усан халаалттай зуух нийлүүлсэн. Үлдэгдэл 13752 ширхэг зуухыг зуухны хэрэглээ, захиалга бага, валютын ханшны өсөлт зэрэг шалтгаанаар нийлүүлэх боломжгүй болсон тул гэрээг цуцлах хүсэлтээ 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 328 дугаартай албан бичгээр захиалагчид хүргүүлснийг хүлээн авч, гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/513 дугаартай албан бичгээр цуцалсан болохоо бидэнд мэдэгдсэн. 6248 ширхэг зуухны нийлүүлэлтийн зардлыг НАББГ нь гэрээний нөхцлийн дагуу урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 3,328,776,000 төгрөгийг 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, үлдэгдэл 137,589,408 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус тус манай компанийн дансанд шилжүүлсэн. Зуух нийлүүлтийн төлбөр бүрэн хийгдсэн.
Мөн Цэвэр агаарын сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк ХХК, “Х” ХК-уудын хооронд Эрчим хүчний хэмнэлттэй усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах хамтын ажиллагаа-ны ЦАС-2012/12/05 дугаартай гэрээг 2012.12.05-ны өдөр байгуулсан. Уг гэрээг талууд тохиролцож 3 удаа сунгаж, нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд нийлүүлж суурилуулах зуухны тоог 20,000 ширхэг байсныг 6248 ширхэг болгон өөрчилсөн.
Зуух суурилуулалтын явцад манай компани хэрэглэгчийн буруугаас үүссэн 124 зуухыг буцаан авч засварлаж, 94 зуухыг дахин суурилуулсан. Үүнээс 30 ширхэг зуухны эвдрэл ноцтой, засвар авахгүй болохыг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн техникийн комиссын актаар баталгаажсан. Эвдэрсэн зуухыг шинэ зуухаар сольж суурилуулсан зардал болох 47,12 сая төгрөгийг санхүүжүүлж өгөхийг хүссэн албан тоотыг удаа дараа НАББГазарт өгсөн боловч санхүүжилтын эх үүсвэр байхгүй шатгаанаар санхүүжүүлээгүй. Энэ зардалд эвдэрсэн зуухыг буцаан авах, засварласан зардал тооцогдоогүй.
Манай компани НАББН-ыг 30 ширхэг зуухны үнэ нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг хүргэж байна.
1.Манай компани Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай зуух нийлүүлэх НАЧА/12/9 тоот гэрээний дагуу нийлүүлэх ёстой 6248 ширхэг зуухыг 100 хувь нийлүүлсэн. Нотлох баримт болох гаалийн бүрдүүлэлт, захиалагч НАББГазар нийлүүлэгч “Х” ХК-ийн Ажил хүлээлцэх акт-аар нотлогдож байгаа.
2. Зуухны үнэ нэхэмжлэх үндэслэл болж байгаа 2014 оны 12 сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрт 1. Эрчим хүчнийхэмнэлттэй усан халаалтын зуух нийлүүлж суурилуулах ЦАС-2012/12/05дугаартай хамтын ажиллагаахны гэрээг 2015.03.31-нийг хүртэл сунгана. 2. НАББГнь зуухны баталгаажилтыг дээрх хугацаанд багтаан ЦАС-д хүргүүлнэ. 3. НАББГ-аас баталгаажилт хийхэд “Х” ХК-ийн зүгээс машинаар дэмжлэг үзүүлнэ гэж шийдвэрлэсэн ба 30 ширхэг зуухны үнийг төлөх талаар шийдвэр гаргаагүй болно.
3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаарын сан , Хас банк ХХК, “Х” ХК нарын 2015 оны 02 сарын 11-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протокол -д 6248 зуух бүрэн суурилуулсан боловч ашиглалтын явцад 124 зуух эвдэрч, үүнээс 94 зуухыг засварлаж, дахин суурилуулсан. 30 ширхэг зуухны эвдэрэл ноцтой тул засварлах боломжгүйг техникийн комиссын актаар тогтоосон талаар уг протоколын гэрээний биелэлт, шийдвэр бүлгийн шалгасан нь хэсэгт тэмдэглэгдсэн байгаа.
4. Мөн уг протоколд 30 ширхэг зуухны суурилуулалтын зардалд олгох татаасны төлбөр 9,150,000 төгрөгийг суутган тооцсон. НАББГазар хамгийн сүүлчийн баталгаажилтын баримтаар /2015 оны 02 сарын 03-ны өдрийн / зуухны үнийг суутгах, алданги тооцох шийдвэр гаргаагүй.
5. Ашиглалтын буруугаас засвар авахгүй 30 ширхэг зууханд акт тогтоох, суурилуулалтын явцад хэрэглэгчийн буруугаас 124 айлын зуухыг дахин сольж суурилуулсан зардлын талаар АББГазар, “Х” ХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэрээр:
-Зуухны нийлүүлэлт бүрэн хийгдсэн нь баримтаар батлагдаж сахүүжилт олгогдсон.
-Хэрэглэгчийн хариуцлагагүй, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж ашиглагдах боломжгүй болсон 30 ширхэг зуухыг ашиглалтаас хасч, зуухны үнийн суутгал хийх үндэслэлгүй.
-Хэрэглэгчдэд суурилуулж, ашиглалтын явцад эвдэрсэн зуухнуудыг засварлаж дахин суурилуулалтын зардлыг /47,12 сая төгрөг/ эх үүсвэргүй тул олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Иймд эвдэрч ашиглалтын шаардлага хангахгүй болсон 30 ширхэг зуухны үнийн төлбөрийн асуудлыг дээрх хурлын тэмдэглэлээр 30 ширхэг зуухыг ашиглалтаас хасч, зуухны үнийн суутгал хийх үндэслэлгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд манай компани 30 ширхэг зуухны үнийг захиалагчид төлөх үндэслэл байхгүй.
Мөн компани хэрэглэгчийн буруугаас эвдэрсэн зуухнуудыг сольж, дахин суурилуулсан зардал болох 47,12 сая төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Зуух нийлүүлэгч “Х” ХК нь 6248 ширхэг зуух нийлүүлэх явцад валютын ханшны өсөлтөөс 171,8 сая төгрөгийн алданги хүлээж байсныг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд гаргаж байсан болно гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НАББГ хариуцагч “Х” ХК-нд холбогдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 16,643,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Талуудын хооронд эрчим хүчний хэмнэлттэй, усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу нийлүүлэх 6248 зуухнаас 6218 зуухыг нийлүүлж, 30 ширхэг зуух дутуу нийлүүлсний улмаас эдгээр зууханд төлсөн төлбөр 16,643,880 төгрөгийг гаргуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Компани 6248 зуух нийлүүлж, суурилуулсан боловч 94 ширхэг зуухыг эвдрэл, гэмтлийн улмаас буцаан татсан. Үүнээс 30 ширхэг зуух нь засах боломжгүй байсан. “Х” ХК ажлаа зохих ёсоор хийсэн. Ажлыг хүлээн авч энэ тухай протокол үйлдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шарадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сард НАЧА/2012/9 тоот гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулах гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээний дагуу “Х” ХК нийт 20,000 ширхэг зуух нийлүүлэх, суурилуулах үүрэг хүлээсэн байжээ. /хх-ийн 8-10 дугаар тал/ Уг гэрээг 2013 оны 2 дугаар сарын 6, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус сунгасан байна /хх-ийн 24, 25, 39, 40 дүгээр тал/. Улмаар энэ гэрээг 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцож цуцалсан байна. /хх-ийн 45, 46 дугаар тал/. Гэр хорооллын айл өрхөд усан халаалттай сайжруулсан зуух нийлүүлж, суурилуулах тухай НАЧА/2012/9 тоот гэрээг байгуулсан нэмэлт, өөрчлөлт оруулсан, цуцалсан үйл баримтын талаар харилцан маргахгүй байгаа.
2. Дээрх гэрээний зэрэгцээ 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын тусгай сан Цэвэр агаар сан (Санхүүжүүлэгч), Хас банк (банк), “Х” ХК (нийлүүлэгч), Нийслэлийн агаарын чанарын алба (Захиалагч) нарын хооронд Эрчим хүчний хэмнэлттэй, усан халаалттай зуух нийлүүлж, суурилуулах хамтын ажиллагааны ЦАС-2012/12/05 тоот гэрээ байгуулагджээ. Тус гэрээгээр нэг бүр нь 554,850 төгрөгийн үнэ бүхий Канад улсад үйлдвэрлэсэн СМ-BOSE0602 маркийн эрчим хүчний хэмнэлттэй, усан халаалттай, 20,000 ширхэг зуухыг “Х” ХК нийлүүлж, нэг бүрийг 380,000 төгрөгөөр хэрэглэгчийн гэрт суурилуулах, бүтээгдэхүүний үнэ болон суурилуулах үнээс 305,000 төгрөгийг Засгийн газрын Цэвэр агаар сан нийлүүлэгчид шилжүүлэх, захиалагч талаас хэрэглэгчид зуухыг хүргэх, суурилуулах, бүтэгэдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавих, гэрээний үндсэн харилцаа зохих журмын дагуу явагдахад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах үндсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлэхээр тохирчээ /хх-ийн 50-54 дүгээр тал/.
Тус гэрээнд 2014 оны 02 дугаар сарын 12, 2014 оны 07 дугаар сарын 03, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээ хэрэгжих хугацаа, зуухны шинж чанар, зуухны тоог өөрчлөн 6248 ширхэг зуух нийлүүлэх, суурилуулахаар тусгасан байна /хх-ийн 56-57 дугаар тал/.
Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзлээ. Худалдагч тал болох “Х” ХК нь гэрээнд заасан шаардлага хангасан 6248 ширхэг зуухыг импортлон оруулж ирж худалдан авагчийн заасан этгээдийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба үүгээрээ тус гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай хэлбэрээр байгуулагджээ.
3. Талууд 6218 ширхэг зуух доголдолгүй бөгөөд хугацаандаа зохих ёсоор нийлүүлэгдэж, суруилуулагдсан үйл баримтын хувьд маргахгүй байна. Харин 30 ширхэг зуухны нийлүүлэлтийн үнийг бүрэн шилжүүлэн авсан боловч суурилуулаагүй гэх үндэслэлээр Нийслэлийн агаарын чанарын албаны эрх залгамжлагч НАББГ нь 30 ширхэг зуухны үнэ 16,645,500 /554850*30/ төгрөгийг нэхэмжилж байна.
Зохигчид гэрээ хэрэгжин зуух суурилуулж байх явцад нийт 124 ширхэг зууханд асуудал гарч хэрэглэгч дуудлага өгсний дагуу очиж буцаан хураан авч эвдрэлийг засах арга хэмжээ авагдсан, үүнээс 30 ширхэг зуух дахин засварлагдах боломжгүй байсны улмаас эргэж суурилуулагдаагүй үйл баримтын талаар харилцан маргахгүй байна. Түүнчлэн нийт 6248 ширхэг зуухны үнэ болон суурилуулалтын үнийг нийлүүлэгчид бүрэн шилжүүлсэн бөгөөд нийлүүлэгч доголдолтой 30 ширхэг зуухны суурилуулалтын үнийг захиалагчид буцаан шилжүүлсэн харин нийлүүлэлтийн үнийг буцаан төлөөгүй үйл баримтын талаар мөн маргахгүй байна.
4. Эдгээр 30 ширхэг зуухны нийлүүлэлтийн үнийг буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрөн татгалзахдаа зуухнуудын эвдрэл гэмтэл биднээс шалтгаалаагүй, хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа, тухайн үед талууд энэ талаар харилцан тохиролцож суурилуулалтын үнийг буцаан төлөх, харин бүтээгдэхүүний үнийг нийлүүлэгчид үлдээхээр санал нэгдсэн. Энэ олон жилийн дараа өмнөх даргын шийдвэрийг өөрчилж байгаа нь ойлгомжгүй байна гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т Нийлүүлэгч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, стандарт чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг өөрийн зардлаар Банктай урьдчилж тохирсон түгээлтийн хуваарийн дагуу хэрэглэгчийн хаягаар хүргэж өгч, мэргэжлийн өндөр түвшинд угсарч суурилуулна гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээний худалдагчийн үндсэн үүрэг нь биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг нийлүүлэх явдал байдаг.
Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан эвдрэл, гэмтэлтэй хэмээн хэрэглэгчээс буцаан татагдсан 30 ширхэг зууханд нийлүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар хожим нь доголдол үүссэн болохыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй, талууд зуух доголдолтой болохыг мэдэж, нийлүүлэгч “Х” ХК 30 ширхэг хэрэглэгчээс буцаан татсан ч засварлагдаагүй талаар харилцан зөвшөөрч байна. Гэвч, гэрээний талууд 2015 оны 02 дугаар сарын 11-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж тус протоколын гэрээний биелэлт, шийдвэр гэх хэсэгт ... 6248 ширхэг зуухыг бүрэн суурилуулсан боловч ашиглалтын явцад 124 ширхэг зуух эвдэрч, үүнээс 94 зуухыг засварлаж дахин суурилуулсан. 30 зуухны эвдрэл ноцтой /их бие задарсан/ тул засварлах боломжгүйг техникийн комисс актаар тогтоосон гэж дурдсан байна. Тодруулбал гэрээний хэрэгжилтийн талаар талууд харилцан акт үйлдэх үед гэрээний зүйл биет байдлын доголдолтой болохыг захиалагч, санхүүжүүлэгч, банк зэрэг нийлүүлэгчийн нөгөө талд байх этгээдүүд бүрэн мэдэж байсан боловч нийлүүлэгчээс дээрх 30 зуухтай холбоотой суурилуулалтын зардлыг буцаан авснаар гэрээг биелсэн гэж үзэж дуусгавар болгохоор шийдвэрлэж байжээ. /хх-ийн 70 дугаар тал, түүний арын нүүр/
Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна. Түүнчлэн талуудын хооронд гэрээ дүгнэн хаасан протоколын шийдвэрлэх хэсэгт нийлүүлэгч тал гэрээний үүргээ 99.5 хувь биелүүлснийг зөвшөөрч, 30 зуухны суурилуулалтын үнэ 9,150,000 төгрөгийг худалдан авагч талд буцаан олгож үлдэх 409,615,000 төгрөгийг нийлүүлэгчид шилжүүлэн гэрээг хаахаар шийдвэрлэснийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл 30 зуухны биет байдлын доголдлыг гэрээний хэрэгжилтийн 0.5 хувь гэж үзэж тус хувьд ногдох үнийг суурилуулалтын үнэ 9,150,000 төгрөгөөр тооцон тохиролцож гэрээг дуусгавар болгосон гэж дүгнэхээр байна. Энэ нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасан үндэслэлээр буюу гэрээний дагуу харилцан тохиролцож үүргийг дуусгавар болгосон явдал болжээ.
Эдгээр үйл баримтаас нийлүүлэгч НАББГ доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэж дүгнэхээр байх тул НАББГ мэдсээр байж хүлээн авсан доголдолтой 30 ширхэг зуухны үнэ 16,643,880 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй гэж шүүх дүгнэлээ.
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг НАББГыг болон гэрээг тухайн үед дүгнэн хаасан эрх бүхий бусад этгээдүүд төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагыг шударгаар төлөөлөх, нийтлэг эрх ашгийг хангаж ажиллах үүргээ зөрчсөн гэж үзвэл эдгээр албан тушаалтнуудад холбогдуулан шаардлага гаргах боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч НАББГаас хариуцагч “Х” ХК-нд холбогдуулан гаргасан 16,643,880 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА