Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/02547

 

 

 

 

 

 

 

 

2019 12 09

181/ШШ2019/02547

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  КТМ ХХК ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: РМ ХХК-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 63 032 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч КТМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: РМ ХХК нь 2018 оны 05 сарын 10-ны өдөр Т-07 дугаартай Түрээсийн гэрээг байгуулж, Коматцу D65E маркийн бульдозерыг жолоочийн буюу опператорын хамт 1 сарын 26 000 000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгээр авч ашигласан байдаг. Түрээслэгч РМ ХХК нь түрээсийн зүйлийг 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд газар шорооны ажил хийж гүйцэтгэсэн /ашигласан/ боловч техникийг түрээслэн ашигласан хугацааны төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Талууд Нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлэхэд РМ ХХК нь 63 032 200 төгрөгийг КТМ ХХК-д төлөх өртэй гарсныг харилцан баталсан байдаг. Иймд хариуцагч РМ ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 63 032 200 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч КТМ ХХК нь хариуцагч РМ ХХК холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 63 032 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

2018 оны 05 сарын 10-ны өдрийн Т-07 тоот Түрээсийн гэрээ-гээр Түрээслүүлэгч КТМ ХХК нь Коматцу бульдозер D65E маркийн техникийг опператорын хамт шилжүүлэн Түрээслэгч РМ ХХК-д эзэмшүүлэн ашиглуулах, Түрээслэгч РМ ХХК нь 1 сарын 26 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр талууд тохиролцон Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байна. /хх-6-7/

Түрээслүүлэгч КТМ ХХК нь түрээсийн техникийг 2018.05.13-ны өдөр түрээслэгчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд түрээслэгч РМ ХХК нь техникийг эзэмшиж, ашиглаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 26-ны буцаан хүлээлгэн өгсөн болох нь түрээсийн төлбөрийн тооцооны баримтаар тогтоогдож байна.

 

Түрээслэгч РМ ХХК нь 2018.05.13-ны өдрөөс 2018.07.26-ны өдрийг хүртэл хугацааны хөлс 65 000 000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 8 000 000 төгрөгийг төлж үлдэх 57 000 000 төгрөгийг төлөөгүй байна.

Түрээсийн гэрээний 4-р зүйлд Түрээслэгч талын хариуцах зүйлс:-д ...тээвэрлэлтийн зардал, түргэн элэгдэх эд ангийн зардал орсон байх тул Түрээслүүлэгч КТМ ХХК-ийн нэхэмжилсэн тээврийн зардал 625 000 төгрөг, түргэн элэгдэх эд ангийн зардал 5 407 200 төгрөг нь гэрээний дагуу түрээслэгч РМ ХХК-ийн хариуцах зардалд хамаарч байна. /хх-9-10х/

Талууд гэрээгээр тээвэрлэлтийн зардал, түргэн элэгдэх эд ангийн зардал зэргийг түрээслэгч хариуцахаар тохиролцсон байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай нийцсэн байна.

Түрээслэгч РМ ХХК нь түрээсийн төлбөр, зардал 63 032 200 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь талуудын тооцоо нийлсэн акт /хх-8х/-аар тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлээр хариуцагч РМ ХХК-иас түрээсийн төлбөр, зардал 63 032 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КТМ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч РМ ХХК-ийн захирал Д.М нь нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан боловч хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар РМ ХХК-иас 63 032 200 /жаран гурван сая гучин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж КТМ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч КТМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473 150 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч РМ ХХК-иас 473 150 /дөрвөн зуун далан гурван мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж КТМ ХХКолгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ОЮУНТУЯА