| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/01483/И |
| Дугаар | 155/ШШ2020/00131 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 155/ШШ2020/00131
| 2020 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2020/00131 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1981 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, Маргад салонд гоо сайханч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-16 тоотод оршин суух, .............. дугаар регистртэй, Баатарууд овогт Дашдаваажавын Баярмаагийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-16 тоотод оршин суух, ..................... дугаар регистртэй, Хар адуутан овогт Гончигийн Баттөрд холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2019/01483/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Д.Баярмаа, хариуцагч Г.Баттөр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Г.Баттөртэй 1997 онд танилцан үерхэж байгаад 1998 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд охин Б.Уламбаяр 1999 онд, охин Уянгамөрөн 2009 онд төрсөн. Миний нөхөр Г.Баттөр 2014 оноос 2015 оны хооронд өөр эмэгтэйтэй гэр бүлийн харьцаатай болж, зан ааш нь өөрчлөгдөн, архи ууж, агсам тавьж, зодох болсон. Энэ бүхнийг тэвчиж байсан ч Г.Баттөрийн охин, хүү хоёрыг тэр эмэгтэй төрүүлсэн. Дахин ийм алдаа гаргахгүй гэж зөндөө уучлалт гуйж байсан ч засч чадахгүй өдий хүрсэн. Г.Баттөрийн энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Том охин Б.Уламбаяр одоо 20 настай, оюутан болсон. Бага охин Уянгамөрөнг өөрийн асрамжид авна. Г.Баттөр өөрийн хашаа байшинг том охин Б.Уламбаярын нэр дээр шилжүүлэн өгч, өөрт ногдох хувийг бага охин Б.Уянгамөрөнгийн тэтгэлэгт өгч, цаашид харж хандаж байхаар тохиролцсон тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Баттөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд гэр бүл болж, 2 хүүхэд төрүүлсэн. Том охин Б.Уламбаяр насанд хүрсэн, оюутан. Бага охин Б.Уянгамөрөн 10 настай. Хамт амьдрах хугацаанд бидний дунд үл ойлголцол, хардалд бий болсноос гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, 2 хүүхэдтэй болсон. Би эхнэр Д.Баярмаагаас зөндөө уучлалт гуйсан боловч хүлээж аваагүй. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидний амьдарч байгаа Мөрөн сумын 9 дүгээр багийн 6-16 тоотод байрлах хашаа байшинг том охин Б.Уламбаярын нэр дээр шилжүүлж, өөрт ногдох хэсгээ бага охин Б.Уянгамөрөнгийн тэтгэлэгт өгөхөөр тохиролцсон. Би хоёр хүүхдээ цаашид харж, хандан, тусалж байна. Бага охин Б.Уянгамөрөнг ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч Г.Баттөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид хоорондоо тохиролцон, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг авахгүй гэх тайлбар гарган шаардлагаа багасгажээ.
Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд нэхэмжлэл гарган гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Д.Баярмаа, Г.Баттөр нар 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын даргын олгосон ПА №06 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
тэдний хамтран амьдрах хугацаанд охин Б.Уламбаяр 1999 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр, охин Б.Уянгамөрөн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус тус төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр олгосон Монгол улсын иргэний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний бүртгэлийн ажилтны олгосон №0339196/501 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, охин Б.Уянгамөрөн эрүүл бойжиж буй тухай Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Охин Б.Уламбаяр насанд хүрчээ.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Уянгамөрөнг эх Д.Баярмаагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.
Охин Б.Уламбаяр насанд хүрсэн, охин Б.Уянгамөрөн эх Д.Баярмаагийн асрамжид үлдсэн нь эцэг Г.Баттөрийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдаж байна.
Иймд Д.Баярмаа, Г.Баттөр нарын гэрлэлтийг цуцалж, охин Б.Уянгамөрөнг эх Д. Баярмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.729 төгрөг, бүгд 102.929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Баатарууд овогт Дашдаваажавын Баярмаа, Хар адуутан овогт Гончигийн Баттөр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Уянгамөрөнг эх Д.Баярмаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Г.Баттөр, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Баярмаа нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 102.929 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярмаад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА