| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А,
Орчуулагч О.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Н.В.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.В.Х холбогдох эрүүгийн ................ тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Социалист В улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Бүгд Найрамдах Социалист В Улсын нийслэл Х хотод төрсөн, ... настай, эрэгтэй, к үндэстэн,бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ................. хүүхдийн хамт амьдардаг, Бүгд Найрамдах Социалист В Улсад оршин суудаг, Н-ийн С дүүргийн ... дугаар хороо, ................ тоотод оршин суудаг, .......... ажилтай байсан ВаН.В.Х /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.В.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн 811 дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.В.Х нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Монгол Улсад ажиллаад олон жил болсон, тэгээд мөнгө хангалттай олох зорилгоор Монгол Улсын хилийг хууль бусаар гарах гэж явсан. Монгол Улсад амьдардаг В-ууд бүгдээрээ гадаад паспортоо захиралдаа өгдөг, өөртөө паспортоо авч явдаг Вьетнам ажилчин байдаггүй. Тэгээд T захиралд миний гадаад паспорт байгаа гэдгийг баталгаатай мэдэж байсан ч асуухаас айсан, намайг явуулахгүй байх гэж бодоод паспортгүй ч гэсэн БНХАУ-аар дамжин В руугаа буцъя гэж бодсон. БНХАУ-аас В руу яаж явах талаар бодоогүй. Монгол Улсаас л гарахыг л бодож байсан. Тэгээд сүүлд ажиллаж байсан засварын газраас 1 сарын өмнө нь замын машинд гар өргөж суусан, тооцоогоо бэлнээр хийсэн. Улаанбаатар хотод яг хэзээ ирснээ санахгүй байна, ямартай ч ирсэн хойноо T захиралтай утсаар холбогдож байсан. Улаанбаатар хотод ирээд Гандантай ойрхон байдаг K-д ганцаараа 5-6 хоносон, тооцоогоо өөрийн хаан банкин дахь .... дугаарын данснаас шилжүүлсэн. Өдрийн 130,000 төгрөгөөр бодож тооцоогоо хийж байсан. Буудлаас гараад замаас такси бариад тэр такситайгаа шууд З рүү явсан. Төлбөр нь 500,000 билүү 600,000 төгрөг болсон ба бэлэн мөнгөөр төлсөн. Би анх хөдөө байдаг засварын газраас гарахдаа биедээ нийт 1,000,000 төгрөгтэй байсан. Дансандаа бага мөнгөтэй байсан. 2024 оны 11 сарын 08-ны орой З-д очоод 1 хоноод маргааш өглөөнийх нь буюу 2024 оны 11 сарын 09-ний өглөө Замын-Үүдийн эргэн тойрноор нь алхаж ажиглаж байгаад тус өдрийнхөө орой 18 цаг өнгөрөөгөөд хилийн бүс рүү алхаж эхэлсэн. Тэгээд 20 цагийн үед баригдсан. Тас харанхуй болсон байсан болохоор хилийн тор хаана байгааг ч мэдээгүй, урагшаа алхаж байгаад л баригдсан. Google map-аас харж байгаад тухайн газраар хил нэвтрэхээр шийдсэн, хэн нэгэн надад зааж өгсөн, тусалсан асуудал байхгүй...” гэжээ.
Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Ахлах ахлагч Э.С би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр техникээр хянах манаанд дэд ахлагч Э.И-тэй цуг үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед дэд ахлагч Э.И 19-20 цагийн үед нэг юм харлаа шалгаад өгөөч гэж надад хэлсэн. Тухайн зүйл нь хариуцсан хэсэгт ажиглагдаж байгаагүй зүйл байхаар нь хэсэг ажигласан. Ажиглах үедээ Амсарын хярын хилийн харуулын дарга, дэд ахлагч Д.О-д утсаар мэдэгдэж хилийн 811 тэмдгийн чиглэлд дулаацах байр луу хурдан очиж бай. Хүн байж болзошгүй зүйл байгаа тул шалгах шаардлагатай байна. Явж байх хооронд чинь тодорхой болчих байх гэж мэдэгдсэн. Үүний дараа шуурхай жижүүрт мэдэгдсэн. Мөн заставын даргадаа хүн байж болзошгүй зүйл ажиглагдаж байна камераар хянаад байж байна гээд утсаар ярьж байх үед хүн гэдэг нь тогтоогдсон. Тогтоогдсон даруйд шуурхай жижүүр отряд, застав, хилийн харуул руу мэдэгдэж шуурхай бүлгүүдийг гаргаж тус чиглэлд чиглүүлсэн.” гэжээ. /хх-ийн 08-09/
Гэрч Э.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “2024 оны 11 дүгээр сарын 09-ний оройны 19 цаг 20 минутад хяналтын удирдлагын төвд хилийн 810-р баганаас 815-р баганын хооронд дахь хилийн бүсийг камераар хянаж байхад 811 дүгээр баганаас 812 дугаар баганын инженерийн 3-р заагт 2 зааг руу явж байгаа хөдөлгөөн илэрсэн. Хилийн инженерийн 1,2,3-р заагийг Хилийн тухайн хуульд зааснаар хилийн хяналтын бүс гэж үздэг, Монгол Улсын талаас гадагшаа чигт инженерийн 3-р заагийг нэвтэрсэн үйлдэл гарах юм бол Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэж үзнэ. Хилийн инженерийн 1,2,3 мөр хянах зурвастай мөн хоорондоо торон хашаатай, инженерийн 3-р заагаас 2-р зааг хүртэлх 700-900 метр орчим байдаг. Хөдөлгөөн илрэх үед буюу 19 цаг 20 минутын үед би ганцаараа хянаж байсан болохоор хилийн 815 дугаар баганын 819 дүгээрр баганын хоорондох камерыг хянаж байсан ахлах ахлагч С-т мэдэгдсэн. Тэгээд манай ахлагч хүн байна гээд 2024 оны 11 дүгээр сарын 09-ний оройны 19 цагт 21 минутад шуурхай жижүүр болон харуулын дарга, дэд ахлагч Д.О-д мэдэгдсэн. Дэд ахлагч Д.О-д хөдөлгөөн илэрсэн чиглэлд яаралтай очиж шалгах үүрэг чиглэл өгсөн. Харуулын дарга, дэд ахлагч Д.О-д үүрэг өгснөөс хойш 10 минутын дараа буюу 19 цаг 31 минутад тухайн хил зөрчигчийн явж байсан хилийн инженерийн 1 болон 2-р заагийн дунд Монгол Улсаас гадагш чиглэлд гүйж байхад нь саатуулсан. Тухайн процессыг миний хяналтын камераар бичиж, баталгаажуулсан. Тэгээд ХЦ-ийн ........-р ангийн хилийн албаны дарга Э.З болон ангийн шалгалт хамгаалалтын штабын дарга зэрэг хүмүүс тухайн зөрчигчийг саатуулсан газарт мөрдөгч үзлэг хийнэ гээд очсон. Миний бие үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэсэн...” гэжээ /хх-ийн 36-37/
Гэрч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Хошууч С.С би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ангийн шуурхай жижүүрт үүрэг гүйцэтгэж байх үед 19:30 цагийн орчмын үед теле камерын хянагч-оператор, дэд ахлагч Э.И Амсарын хярын хилийн харуулын камерын доор хүн байх шиг байна гэж хэлсэн. Би камераар харахад хүн байж болзошгүй зүйл ажиглагдсан. Хүн юм уу шувуу байж магадгүй юм шиг байна гэж хэлээд ажиглаж байхдаа Амсарын хярын хилийн харуулын дарга дэд ахлагч Д.О-д 1 цэрэг дагуулаад очиж шалга гэж үүрэг өгсөн. Ажиглаад байж байтал босоод, хөдлөөд, хүн болох нь тогтоогдсон. Тэгээд хилийн зүг чиглээд алхаж эхэлсэн. Дэд ахлагч Д.О үүрэг өгсөн байсан тул дахин холбогдож хүн болох нь тогтоогдсон талаар мэдэгдэж явах чиглэлийг нь хааж, саатуулах үүрэг өгсөн. Үүний дараа ангийн удирдлага болон хилийн заставын даргад мэдэгдсэн. Мөн хилийн тагнуулын тасгийн даргад мэдэгдсэн. Үүссэн цагийн байдлыг 19:30 цагт отрядын штабын даргад утсаар танилцуулж, өгсөн чиглэлийн дагуу ажиллаж, шалгалт хамгаалалтын застав, Амсарын-Хярын хилийн харуулаас томилгоот бүлэг, хаалт манаануудыг гарган хилийн 811 дүгээр тэмдгийн чиглэлийг хаалгаж, отряд, хилийн заставын шуурхай бүлгийг 19:40 цагт бэлэн болгож гаргасан...” гэжээ /хх-ийн 11-12/
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний оройны 19 цаг 20 минутын үед ХЦ-ийн 0108-р ангийн шуурхай жижүүр, хошууч Содбаяраас "...Амсрын хярын урд байршуулсан хяналтын камерын урд үл мэдэгдэх объект байна. Очиж шалга..." гэсэн дуудлага ирсэн. Шуурхай жижүүр тухайн үед ХЦ-ийн 0108-р ангийн хашаанд хяналт удирдлагын төвд үүрэг гүйцэтгэж байсан. Хяналтын удирдлагын төвд шуурхай жижүүрээс гадна оператор хянагчид үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шуурхай жижүүрээс өгсөн үүргийн дагуу тухайн газарт ахлах байлдагч Б-ийн хамт хоёулаа мотоциклоор хилийн цэргийн инженерийн 2 дугаарт заагт ирэхэд нэг хүн хилийн тор руу гүйж байсан. Манайх нийт хилийн инженерийн 3 заагтай, зааг болон хоорондоо торон хашаатай. Хилийн 1,2,3-р инженерийн заагийг Хилийн тухай хуульд зааснаар хилийн бүс гэж үздэг. Манай Амсрын хярын хилийн харуулын цэг нь инженерийн 2-р заагт байрладаг, Б бид 2-ыг очиход тухайн хүн хилийн инженерийн 3-р заагийг нэвтэрсэн, 2-р инженерийн заагийг даваад инженерийн 1-р зааг руу гүйж явж байсан. Бид хоёрын араас 2-р инженерийн заагийг даваад инженерийн 1-р зааг руу гүйсэн. Араас нь гүйж байхдаа миний бие "...Зогс..." гэж тушаахад тухайн хүн эргэж харчхаад цаашаа үргэлжлүүлэн гүйсэн. Тэгээд миний бие тухайн хил зөрчигчийг гүйцэж түрүүлэн газар хэвтүүлж саатуулсан, араас 3-4 минутын дараа билүү ямартай ч маш хурдан заставын дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ жолоочийн хамт өөрийн машинтайгаа түрүүлж ирсэн, дараа нь хилийн албаны тусгай тасгийн дарга, хошууч Э.З 4 хүний бүрэлдэхүүнтэй ирж тухайн хил зөрчигчийг ангийн төв рүү авч явсан. Миний бие болон ахлах байлдагч Б бид хоёр харуулын үүргээ гүйцэтгэж үлдсэн...” гэжээ /хх-ийн 40,41/
-Хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 02-20/,
-Н.В.Х-ын үйлдлийг бэхжүүлсэн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист В Улсын иргэн НН.В.Хнь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн 811 дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Н.В.Х-гийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Бүгд Найрамдах Социалист В Улсын иргэн Н.В.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 19 цаг 20 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн 811 дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон
гэрч Э.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2024 оны 11 дүгээр сарын 09-ний оройны 19 цаг 20 минутад хяналтын удирдлагын төвд хилийн 810-р баганаас 815-р баганын хооронд дахь хилийн бүсийг камераар хянаж байхад 811 дүгээр баганаас 812 дугаар баганын инженерийн 3-р заагт 2 зааг руу явж байгаа хөдөлгөөн илэрсэн. Хилийн инженерийн 1,2,3-р заагийг Хилийн тухайн хуульд зааснаар хилийн хяналтын бүс гэж үздэг, Монгол Улсын талаас гадагшаа чигт инженерийн 3-р заагийг нэвтэрсэн үйлдэл гарах юм бол Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэж үзнэ. Харуулын дарга, дэд ахлагч Д.О-д үүрэг өгснөөс хойш 10 минутын дараа буюу 19 цаг 31 минутад тухайн хил зөрчигчийн явж байсан хилийн инженерийн 1 болон 2-р заагийн дунд Монгол Улсаас гадагш чиглэлд гүйж байхад нь саатуулсан. Тухайн процессыг миний хяналтын камераар бичиж, баталгаажуулсан. Тэгээд ХЦ- ийн 0108-р ангийн хилийн албаны дарга Э.З болон ангийн шалгалт хамгаалалтын штабын дарга зэрэг хүмүүс тухайн зөрчигчийг саатуулсан газарт сөрөг мөрдөгч хийнэ гээд очсон, миний бие үргэлжлүүлэн үүргээ гүйцэтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний оройны 19 цаг 20 минутын үед ХЦ-ийн ....-р ангийн шуурхай жижүүр, хошууч С-аас "...Амсрын хярын урд байршуулсан хяналтын камерын урд үл мэдэгдэх объект байна. Очиж шалга..." гэсэн дуудлага ирсэн. Шуурхай жижүүр тухайн үед ХЦ-ийн ...-р ангийн хашаанд хяналт удирдлагын төвд үүрэг гүйцэтгэж байсан. Хяналтын удирдлагын төвд шуурхай жижүүрээс гадна оператор хянагчид үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд шуурхай жижүүрээс өгсөн үүргийн дагуу тухайн газарт ахлах байлдагч Б-ийн хамт хоёулаа мотоциклоор хилийн цэргийн инженерийн 2 дугаарт заагт ирэхэд нэг хүн хилийн тор руу гүйж байсан. ...Б бид 2-ыг очиход тухайн хүн хилийн инженерийн 3-р заагийг нэвтэрсэн, 2-р инженерийн заагийг даваад инженерийн 1-р зааг руу гүйж явж байсан. Бид хоёрын араас 2-р инженерийн заагийг даваад инженерийн 1-р зааг руу гүйсэн. Араас нь гүйж байхдаа миний бие "...Зогс..." гэж тушаахад тухайн хүн эргэж харчхаад цаашаа үргэлжлүүлэн гүйсэн. Тэгээд миний бие тухайн хил зөрчигчийг гүйцэж түрүүлэн газар хэвтүүлж саатуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, хойшлуулшгүй ажиллагааны материал /хх-ийн 02-20/, Н.В.Х-ын үйлдлийг бэхжүүлсэн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 77/, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Н.В.Х нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, боомт бус газраар, явганаар нэвтэрсэн нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2-р хэлтсийн хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.В.Х нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Н.В.Х/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Хилийн цэргийн ... дугаар ангийн хариуцсан чиглэл, хилийн 811 дүгээр тэмдгийн зүүн талаар 250 метр газраар Монгол Улсын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын тал руу боомт бус газраар явганаар Монгол Улсаас хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.В.Х/-гийн үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Монгол улсад оршин суух тодорхой хаяггүй, тогтмол орлогогүй зэрэг байдлыг харгалзан торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна.
Монгол Улсын хил хэн ч халдашгүй дархан байх бөгөөд шүүгдэгч нь хил зөрчиж баригдах үедээ хилчдээс зугтаасан зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын хэмжээ болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эдлэх 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.В.Х/-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ-г дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт т хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч НэгН.В.Х, /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.В.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.В.Х/-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
5. Шүүгдэгч Н.В.Х/ нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.В.Х/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ