| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1810020170295 |
| Дугаар | 2021/ДШМ/156 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ДШМ/156
Д.Б-, Ц.О-, Ё.М- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Х.Эрдэнэтуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэг, түүний өмгөөлөгч М.Амарбаяр,
иргэний хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, Н.Нямжаргал,
шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн,
цагаатгагдсан этгээд Ё.М-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Б.Норовжанцан,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн, шүүгдэгч Ц.О-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэг, иргэний хариуцагч Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-, Ц.О-, Ё.М- нарт холбогдох эрүүгийн 1810020170295 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.Б, 1966 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “М” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
2. Ц.О-, 1979 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “М” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
3. Ё.М-, 1953 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 68 настай, эрэгтэй, инженер-механикч мэргэжилтэй, “ЦК” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүд, ач нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Д.Б- нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн барилгын хашаанд барилгын кран угсрах ажлыг гүйцэтгэх явцад “ЦК” ХХК-ийн кранчнаар ажиллаж байхдаа “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д заасны дагуу мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн, компанийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн баталсан кранистын “Ажил, албан тушаалын тодорхойлолт”-ын 8-д “Кранист нь зөвхөн томилогдсон дохиочны заавраар ажиллах, ачааг даац хэтрүүлэн өргөх, огцом өргөх, хурдтай тавих” зэрэг аюулгүй ажиллагааны заавар, дүрмийг зөрчиж мэргэжлийн дохиочны удирдлагын дор ажил үүргийг гүйцэтгээгүйн улмаас “М” ХХК-ийн барилгын туслах ажилтан М.Д- нь өргөгч краны 2 секц төмрийг холбон өгч, кранист Д.Б- краны секц төмрийг өргөх үед өргөж байсан секц төмрийн булан нь Б.Д-, М.Д- нарын сууж байсан секц төмрийг тулсны улмаас хөлөөрөө хөндийрүүлэх гэж жийх явцад доор байсан секц төмрүүд нурж М.Д- нь унаж нас барж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,
“Цамхаг кран” ХХК-ийн захирал Ё.М- нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6-д “Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага /хувь хүн/ хариуцна гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна” гэсэн заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалт, “М” ХХК болон “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 3.4-т “Гүйцэтгэгч нь ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллана” гэсэн заалтуудыг биелүүлээгүйн улмаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн барилгын хашаанд туслах ажилтан М.Д- нь чингэлэг дээр байсан краны секц төмрийг зөөвөрлөх явцад унаж нас барж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,
Ц.О- нь “М” ХХК-д талбайн инженерээр ажиллаж байхдаа “Ажлын байрны тодорхойлолт”-ын 8-д “барилгын талбайд хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой явуулж, барилгыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд ашиглалтад оруулахад барилгын мэргэжилтэй туслах ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана”, 9-д “барилгын явц, барилгын гүйцэтгэлд хяналт тавьж, чиглэл өгч, батлагдсан зураг төслийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах” гэж заасан үндсэн үүргийн дагуу хяналт тавин ажиллаагүй, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн барилгын хашаанд оосорлогч, дохиочин Ү.Э-ийг ажиллуулалгүй, мэргэжлийн бус “М” ХХК-ийн барилгын туслах ажилтан М.Д-г ажиллуулж, туслах ажилтан М.Д- нь чингэлэг дээр байсан краны секц төмрийг зөөвөрлөх явцад унаж нас барж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-, Ё.М-, Ц.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос Ё.М-д хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Д.Б-ийг мэргэжлийн бус дохиочны удирдлагын дор кранистын ажил үүргийг гүйцэтгэж, оосорлогч дохиочин аюулгүй зайд гараагүй байхад кранаар ачаа өргөсний улмаас М.Д-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ц.О-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандаж, хийх ёстой үйлдлээ хийгээгүй эс үйлдэхүйн улмаас М.Д-гийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-, Ц.О- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар Д.Б-, Ц.О- нараас өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих 2.730.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэгт олгож, 2020 оны 11 дүгээр сараас хойш Д.Б-, Ц.О- нараас сар тутам 105.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Б.Ариунтуяа, Д.Ануунтуяа нарыг 16 нас хүртэл хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэгт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэгийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч тал нь нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Д.Б-, Ц.О-, “М” ХХК-иас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 2018 оны 8 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг хүртэл хугацаанд “ЦК” ХХК-д зөөвөрлөн угсрах ажилд гэрээний дагуу ажиллаж эхэлсэн. 29-ний өдөр тус ЦКы 2 ажилчин надтай уулзаад “маргааш өглөө кран дээр нэмж угсрах секц төмрийг чингэлэг дээрээс буулгаж зөөвөрлөн угсрахад бэлэн болго” гэж үүрэг даалгавар өгсөн. 30-ны өглөө ажил эхлэхэд Д.Д- эхний секц төмрийг оосорлож би түүний дохиогоор чингэлэг дээрээс секц төмрийг 180 градус эргэж буулгасан. Тухайн үед ЦКы 2 ажилчин ирж уулзаад “ажлаа явуулж бай, хувцсаа солиод ирье” гэж хэлсэн. Миний бие ажлаа цааш үргэлжлүүлэн кранаа эргүүлж, дараагийн оосорлосон секц төмрийг дэгээнд өлгөх үед талийгаач М.Д- ирсэн байсан харагдсан. Тухайн үед хэн нь оосорлосныг мэдэхгүй байна. Д.Д-ийн мэдүүлгээр талийгаач М.Д- оосорлосон гэж мэдүүлдэг. Цааш ажлаа үргэлжлүүлэн Д.Д-ийн дохиогоор өргөх үйлдэл эхлэхэд 20 см өргөгдсөн секц төмөр оосортоо гулсан чингэлгийн ар луу гулсахад миний бие үйлдлийг зогсоосон. Хажуугийн хуруутай секц төмөр нурахад талийгаач М.Д- нь нурж байгаа секц төмрийг барьж хамт нуран унасан. Надад М.Д-тэй ажиллах үүргийг өгсөн хүн байхгүй. Тухайн үед ЦКы мэргэжлийн кран угсардаг ажилчид үүрэг даалгавар өгч ажиллуулж байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт зөвхөн “М” ХХК-ийн ажилчид байсан мэтээр ярьсан. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад яригдаагүй заалтуудыг шийтгэх тогтоолд оруулсан байсан. Иймд миний бие 2 компанийн асуудлаас болж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өөрийн гэм бурууг ойлгон түүний улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1-т “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” үйлдэл, 2-т “бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирох” гэсэн үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоор заасан.
Д.Б- нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2-т заасан нөхцөл буюу “бусад болгоомжгүй үйлдэл” гэх гэмт хэргийн шинж хамааралгүй, харин “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх гэмт хэргийн шинж хамааралтай байж болох юм.
Анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзвэл Д.Б-ийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” бусад хэм хэмжээний актыг зөрчсөн буюу 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх гэмт хэргийн шинжийг хангасан, мөн гэм буруугийн хөнгөмсгөөр найдах буюу болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь насанд хохирол учруулсан буюу “бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирох” шинжийг давхар хангасан гэж дүгнэснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй гэмт хэргийн шинжийг тодорхойлж өгсөн. Харин 2002 оны Эрүүгийн хуульд болгоомжгүй гэмт хэргийг тодорхойлохдоо “хөнгөмсгөөр найдсан”, “хайхрамжгүй хандсан” гэж ялгаатай зохицуулсан. 2015 оны Эрүүгийн хуулиар “хөнгөмсгөөр найдсан”, “хайхрамжгүй хандсан” гэсэн ойлголт байхгүй болсон байхад анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн “хөнгөмсгөөр найдсан” гэсэн ойлголтыг дүгнэлтдээ тусгасан нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх “ЦК” ХХК-ийг хуулийн этгээдийн хувиар яллагдагчаар татсан мэтээр тайлбарласан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бас нэг үндэслэл болно.
Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй тухайд:
“М” ХХК нь “ЦК” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээ байгуулан барилгын ажил эхлэх болсонтой холбогдуулан өөрийн компанийн краныг угсруулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Тус гэрээний 1.2 дугаар заалт буюу гэрээний зорилгод “Захиалагчийн ЦКыг угсрах, магадлал, засвар үйлчилгээг гүйцэтгэх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулна”, 3.4 “Гүйцэтгэгч нь /ЦК/ ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хариуцан ажиллана” /2хх 161-162/ гэж тус тус заасан.
Уг харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт нь Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм” юм. Уг дүрмийн 3.2 дугаар зүйл “Шинэчлэн өөрчлөх, засвар, угсралт”-ийн 3.2.1-д “Кран ба түүний эд анги, элементүүдийг шинэчлэн өөрчлөх, засварлах, угсралтын ажлыг мэргэшсэн ажилчидтай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, энэхүү дүрэм болон стандарт, техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байгууллага аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.”,
8.4.2-д “Кран эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь ачаа өргөх кран, түүний зам, оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног савны бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч, тэдгээрийн бүрэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна”. Үүний тулд: а. “кран, ачаа оосорлох сольдог хэрэгсэл, ээлжийн тоног, савны ашиглалтын хяналт хариуцагч, мөн тэдгээрийн бүрэн бүтэн байдал ба кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилчдыг томилох”;
8.4.14-д “Кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогчийн үүрэгт ажилд мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүсийг томилон ажиллуулна”,
8.4.23-д “Кранчин түүний туслах, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч, засварчин, цахилгаанчин, оосорлогчийг тухайн байгууллагын тушаалаар томилж, ажиллуулна” гэж тус тус заасан.
Гэрээний дээрх заалт, дүрмийн заалтуудаас үзвэл краныг угсрах, өөрчлөх, засварлах ажлыг мэргэшсэн ажилчидтай, техникийн нөхцөл боломжоор хангагдсан, энэхүү дүрэм болон стандарт, техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан компани уг ажлыг хийж гүйцэтгэх эрхтэй бөгөөд энэ ч үүднээс тусгай зөвшөөрөлгүй, мэргэшсэн ажилчидгүй “М” ХХК нь 3 хоногийн хугацаанд краныг угсруулахаар тусгай зөвшөөрөлтэй мэргэшсэн ажилчидтай “ЦК” ХХК-д 4.000.000 төгрөгийн хөлс төлж хийлгэхээр болсон.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “М” ХХК болон “ЦК” ХХК нь энэхүү ажиллагааг 6.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч “ЦК” ХХК 2.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх, “М” ХХК уг хөнгөлөлтийн хариуд 5033 УНМ улсын дугаартай авто краныг, мөн ажилд нь туслах зорилгоор ажилчдын хүн хүчийг ашиглуулахаар тохиролцсон. /Гэрч Ц.О-ын мэдүүлэг 1хх 122/
Энэ нөхцөл байдлыг гэрч Ё.М- мөн нотолсон байдаг. /1хх 126-128/,
Гэтэл анхан шатны шүүх Ё.М- нь “Чингэлэг дээрээс краны секц төмрийг шилжүүлсэн зөөвөрлөх ажиллагааг 2 сая төгрөгт багтааж “М” компани өөрөө хариуцахаар, манай тал бусад ажлыг 4 сая төгрөгт багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Би өөр компанийн ажилчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд сургалт явуулах үүрэггүй” /Шийтгэх тогтоолын 10 дугаар тал/ гэсэн шүүхийн шатанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг өөр ямар нэгэн нотлох баримтгүйгээр үнэн зөв гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн дүгнэлт нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй болохыг харуулж байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.М- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Кран угсрах тал дээр “М” компани өөрсдөө машин техник, хүн хүчээр тусална гэсэн тул секц төмрийг яг тэр зөөнө гэсэн тодорхой юм байхгүй, хоёр талаасаа ярьж байгаад аль боломжтой байдлаар нь л зөөж байсан” /1хх 126/ гэх мэдүүлгээр шүүхийн дээрх дүгнэлт үгүйсгэгдэнэ.
Анхан шатны шүүх хэргийн гол нөхцөл байдал болсон кран угсралтын ажлын нэг хэсэг болох секц төмрийг зөөвөрлөх ажиллагааг “М” компани хариуцаж байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийснээс шийтгэх тогтоол бүхэлдээ үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч С.Баяраа “Секц төмөр зөөвөрлөх нь кран угсрах ажиллагааны нэг хэсэг мөн бөгөөд энэхүү ажпыг тусгай зөвшөөрөлтэй, тусгай мэдлэг бүхий ажилчидтай “ЦК” ХХК гүйцэтгэх ёстой байсан” гэдгийг мэдүүлдэг.
“ЦК” ХХК нь гэрээний үнийн дүнгээс 2.000.000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн нь тэднийг хийх ёстой байсан ажлаа хийгээгүйг зөвтгөх, тусгай мэдлэг бүхий ажилчид нь туслахаар тохиролцсон Д.Д-, Д.Б- нарт зааварчилгаа өгөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Мөн “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний 3.4-т “Гүйцэтгэгч нь /ЦК/ ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хариуцан ажиллана” гэж заасан зохицуулалтыг шүүх анхаарч үзээгүй, үгүйсгэх нотлох баримтыг дүгнэлтдээ дурдаагүй нь шүүхийн дүгнэлт хэргийг бодит байдалд нийцээгүй болох нь харагдаж байна.
“Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д заасны дагуу кран эзэмшигч байгууллага нь ачаа өргөх үед мэргэжлийн оосорлогч, дохиочин томилох үүрэгтэй бөгөөд аюулгүй ажиллагааг мөн хариуцах ёстой.
Хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр 5033 УНМ улсын дугаартай авто краныг 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 30-ны өдөр эзэмшиж байсан компани нь “ЦК” ХХК болох нь тогтоогддог.
Тодруулбал, “ЦК” ХХК нь осол болсон цаг хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр краныг эзэмшиж байсан, тухайн ажил үүргийг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байсан компанийн хувьд мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулах үүрэгтэй байсан.
Иймд тус компани, түүний гүйцэтгэх захирал Ё.М-ын үйлдлийг цагаатгах үндэслэлгүй юм.
Мөн тус компанийн ажилтан Д.А-, Ц.Б-, Ц.Баттүвшин нар нь “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх” гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэх “кран угсралтын” ажлыг хийж гүйцэтгэж байсан тусгай мэдлэг бүхий ажилчдын хувьд ямар үүрэг оролцоотой оролцсон болохыг шалгаагүй, тогтоогүй нь хэргийн байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, шүүгч гүйцэтгээгүй гэж үзнэ.
Мөрдөгч, прокурор, шүүгч нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй нь “Кран угсралт”-ын үеийн кран ажиллуулах /секц төмөр өргөх ажиллагааг урд өмнө нь “М” ХХК-ийн ажилчид хийж гүйцэтгэж байгаагүй, энэ нь тусгай зөвшөөрөлтэй компанийн хийх ёстой ажил/, кран угсраад бэлэн болсон үеийн барилгын кран ажиллуулах 2 өөр ажиллагаа, 2 өөр ойлголтыг нэг ойлголт мэтээр ойлгож, “М” ХХК-ийн барилгын ажил хийгдэх үед гаргасан барилгын ажлын үеийн кран өргөх ажиллагаанд зориулан гаргасан тушаал, шийдвэрийг хэрэг болсон кран угсралтын ажлын үйл баримттай холбож дүгнэсэн нь мөн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэхэд мөн хүргэж байна.
Д.Б- нь томилогдсон оосорлогч, дохиочны заавраар ажил гүйцэтгэх ёстой ба тухайн цаг хугацаанд томилогдсон дохиочин нь Д.Д- байсан бөгөөд түүний мэргэжлийн дохиочин мөн эсэх, тушаалаар томилогдсон дохиочин мөн эсэхийг шалгах үүрэг түүнд хууль, хэм хэмжээний актаар олгогдоогүй юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий шинжээчийн гаргасан дүгнэлтээр “ЦК” ХХК-ийг хууль, хэм хэмжээний актын хэд хэдэн заалтыг зөрчсөн нь хүний амь нас хохирох шалгаан болсон гэж дүгнэлт гаргасан.
Гэтэл шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/36 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримтыг дурдаагүй, ямар учраас шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дүгнэлтдээ мөн заагаагүй нь шүүхийг дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэх дараагийн үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж тус тус заасан.
Прокуророос Д.Б-ийг “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д заасны дагуу мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн”, /хэддүгээр заалтын хэд дэх хэсэгт заасныг зөрчсөн болох нь тодорхойгүй, уг журамд ийм заалт байхгүй/ компанийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн баталсан кранистийн “Ажил, байдлын тодорхойлолт”-ын 8-д заасан заалтыг зөрчиж мэргэжлийн дохиочны удирдлагын дор ажил үүргийг гүйцэтгээгүйн улмаас М.Д- нас барсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт уг заалтыг зөрчсөн эсэх тал дээр өмгөөлөх, яллах тал мэтгэлцсэн ба уг заалттай холбоотойгоор нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Гэтэл шүүхээс дээрх заалтыг зөрчсөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт огт яригдаагүй, хэлэлцүүлэгдээгүй, яллах дүгнэлтэд дурдаагүй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.4, мөн хуулийн 18.2 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2, “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.18-ын “з”, “ф”, “Барилга угсралтын ажилд мөрдөх аюулгүйн ажиллагааны заавар”-ын 18.23, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаар тушаалаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын”-ын 6.6, 6.6.2, 6.6.9, 6.6.10 заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээгүй, хэргийг бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд “...Саранцэцэгт оногдох хэсгийг хасаад 375.000 төгрөг болж байна. Үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 270.000 төгрөгийг хасахад 105.000 төгрөгийг төлбөрт гаргуулах тооцоо гарч байна...” гэж дүгнэсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу ажилтан сар бүр хуульд заасан хувь хэмжээгээр өөрийн хөдөлмөрийн үр шим цалингаас тодорхой хувийг Нийгмийн даатгалын санд төлж, даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд сангаас буцаан төлдөг нийгмийн халамжийн үйлчилгээ юм. Тухайн даатгуулагч цалингаасаа хувь хэмжээгээр даатгал хийлгэж байгаа нь ажилтан эрүүл мэнд, амь насаа алдсан тохиолдолд эрх ашгийг хамгаалах, холбогдох тэтгэвэр тэтгэмжийг төлж буй нийгмийн хамгааллын бодлогоор хэрэгждэг харилцаа байдаг. Тодруулбал, нийгмийн даатгалын хуулиар даатгуулагч хөдөлмөрийн үр дүнгээс төлбөр төлж даатгалын тохиолдол бий болсон үед буцаан авах эрх үүсдэг.
Харин хохирогч Н.Саранцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулахаар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх зүйн хамгаалалтын хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ ажилтан өөрөө төлсөн буюу нас барсан тохиолдолд төрөөс буюу нийгмийн даатгалын сангаас олгодог тэжээгчээ алдсаны тэтгэмжийг /нийгмийн хамгааллын харилцаа/ гэмт хэргийн улмаас болон гэм хор, хор уршгийн учирсан хохиролтой хамтатган тооцож нэгтгэн бодож байгаа нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулахад тухайн этгээдүүд өөрийн буруутай үйлдлийн хариуцлагыг өөрсдөө бие даан арилгах эрх зүйн үр дагавар үүсэх ёстой. Шүүхээс хохирлоо нэхэмжилж буй нэхэмжлэлийн үндэслэл нь гэмт хэргийн улмаас цаашид бий болох үр дагаварт чиглэсэн ба юуны өмнө хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэдний сурч боловсрох, хөгжих, эрүүл бойжих зэрэг үндсэн эрхийг хангахад оршиж байна. Гэтэл шүүхээс хохирлын нэхэмжилсэн дүнг хуулийг буруу хэрэглэн үндэслэлгүй тооцоог гаргажээ.
Талийгаачийн ажиллаж байх үед төлсөн даатгалын төлбөрийг эргүүлж авч буй харилцааг гэмт хэргийн хохиролд хамтатган тооцох үндэслэлгүй байх тул М.Д-гийн сард 750.000 төгрөгийн цалинг /1хх 222/ нас барагчийн дундаж орлого гэж үзээд өөрт нь болон эхнэр Н.Саранцэцэгт /2хх-240/ оногдох хэсгийг хасахад 375.000 төгрөгийг төлбөрт гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхээс төлбөрийг хууль буруу тайлбарлан тооцоог буруу хийсэн байх тул сар бүрийн 375.000 төгрөгийг Д.Б-, Ц.О- нараас гэмт хэрэг болсон 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс тооцон Д.Ануунтуяа, Б.Ариунтуяа нарт 18 нас хүртэл олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
Талийгаачийн охин Б.Ариунтуяа 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг гарах үед 12 настай, Д.Ануунтуяа 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед 5 настай байсан. Б.Ариунтуяа нь 2023 оны 6 дугаар сард, Д.Ануунтуяа 2031 оны 9 дүгээр сард 18 нас хүрнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан 2018 оны 8 сарын 30-ны өдрөөс 2031 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл нийт 13 жил буюу 136 сар болж байгаа болно.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сар тутам төлөхөөр тогтоох хэсгийн 5 дахь заалтад дурдсан байна. Энэхүү шийдвэр нь тун ойлгомжгүй бөгөөд хүүхдүүдийн эрх ашигт нийцэхгүй, эрх зүйн тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сар бүрд тооцогдох хэмжээг шүүх тооцож гаргасан атлаа төлөх ажиллагааг шийдвэр гарснаас хойш 18 нас хүртэлх буюу 13 жил /2031 онд 18 нас хүрнэ/ сар тутам төлөх нь хүүхдүүдийн эрх ашигт нийцэхгүй, ноцтой зөрчсөн шийдвэр болжээ.
Тухайн шүүгдэгч нараас гаргаж буй төлбөр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хүүхдүүдийн эрх ашгийн хүрээнд, тэднийг 18 нас хүртэлх хугацаанд сурч боловсрох, эрх ашгийг хамгаалахад зориулагдана. Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдэд нэг жилийн хорих ял өгсөн атлаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүүхдүүдэд 13 жилийн урт хугацаанд төлөх ёстой гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд давж заалдах гомдлын 1 дэх хэсэгт заасан сар бүрийн 375.000 төгрөгийг сар түтам биш нэг дор төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.
3. Нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагчийг хэргийн материалтай танилцаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзжээ. Иргэний хариуцагчаар татагдсан “М” ХХК-ийн захирал Д.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын дуудсаны дагуу ирж танилцаагүй болон тус шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2141 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэсэн хэдий боловч М ХХК- ийн захирал Д.Б- нь өмгөөлөгчийн хамт эрх ашгаа хамгаалан тайлбар, мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцсоноос үзвэл Д.Б- эрх ашгаа хамгаалах бололцоогүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Иргэний хариуцагч нь прокурорын шатанд хуульд заасны дагуу дуудахад ирээгүйгээс гадна шүүхийн захирамжийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байна. Нөгөө талаараа шүүгчийн туслахад танилцуулахаар даалгасан байхад захирамжийн биелэлтийг хангах нь хохирогчийн хийх үйлдэл биш гэдгийг анхаарах нь зүйтэй юм. Ямартаа ч иргэний хариуцагчаар татагдсан Д.Б- нь хуульд заасан эрх ашгаа хамгаалан шүүх хуралдаанд оролцсоныг дурдах нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь “М” ХХК-ийн удирдлагын хариуцлага алдсан үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Тухайлбал компанийн удирдлага барилгын тухай хууль, холбогдох дүрэм журам зааврын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, тухайлан хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажиллуулаагүй зэрэг ноцтой зөрчлийг гаргасан болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Иймээс ч тус компанийн хоёр ажилтан анхан шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Гэтэл Компанийн удирдлага гэмт хэргийн улмаас нас барсан ажилтны эрх ашгийг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан төлбөрийг төлөхөөс татгалздаг. Өөрөөр хэлбэл компани нь өөрсдийн ажилтнуудаа хорих ял эдлүүлж, амь насаа алдсан байхад ямар ч эрүүгийн болон бусад хариуцлага хүлээхгүй үлдэж байна.
Компанийн удирдлагын өөрсдийнх нь гаргасан “Үйлдвэрлэлийн ослын акт” үндэслэлгүй байх бөгөөд талийгаач ажил үүргээ гүйцэтгэх явцад тухайн компанийн 2 ажилтны буруутай үйлдлийн улмаас амь насаа алдсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож шийдвэрлэгдсэн. “М” ХХК-ийн удирдлага тухайн гэмт хэрэг гарах нөхцөл байдалтай шууд холбоотой, гэмт хэрэг үйлдсэн ажилтнууд нь шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээхээр шийдвэрлэсэн учир компанийн удирдлагаас хуулийн дагуу нэхэмжилсэн нэхэмжлэлийг нэг мөр шийдвэрлэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүхээс баримт дутуу, үндэслэл тодорхойгүй, оролцогчийн эрх хангагдаагүй зэрэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй байна.
“М” ХХК хөдөлмөр аюулгүй байдлыг огт хангаж ажилладаггүй бөгөөд хууль заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийг ажиллуулдаггүй байсан. Шүүгдэгч талбайн инженер Ц.О-т гэрээгээр үүрэг хүлээлгэн холбогдох хууль тогтоомжийг зөрчин ажиллаж байсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогддог.
Тухайн гэмт хэрэг гарах нөхцөл нь дан ганц шүүгдэгч нараас шалтгаалаагүй бөгөөд хохирогчийн зүгээс “М” ХХК-ийн удирдлага болох захирал Д.Б-ын шууд буруутай үйлдэл нь уг гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болсон. Тодруулбал “М” компани барилгын салбарт 15 жил үйл ажиллагаа эрхэлсэн гэсэн атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад барилгын норм дүрэм, стандартыг огт баримталж ажиллаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер томилж ажиллуулаагүй, мэргэжлийн хүмүүсийг томилоогүй зэрэг нь тухайн гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болсон нь тодорхой харагддаг. Иймд тухайн гэмт хэрэгт “М” ХХК-ийн удирдлага захирал Д.Б-ыг холбогдуулан шалгах ёстой гэж үзэж байна.
Иймд “М” ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжилсэн төлбөр болох 36 сарын цалинтай тэнцэх 27 сая төгрөг, анхан шатны шүүхээс холбогдох хуулийг буруу хэрэглэн тооцоог үндэслэлгүй гаргасан байх тул уг төлбөрийг сар бүрийн 375.000 төгрөгөөр тооцож зөвтгөх, тус төлбөрийг сар тутам төлөхөөр бус нэг дор гаргуулах талаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие “М” ХХК-ийг 1993 онд үүсгэн байгуулж тус компанийн захирлаар 27 жил тасралтгүй ажиллаж байна. Манай компани барилга засвар, барилгын дээврийн ажлыг хийж байгаад 1998 оноос барилга угсралтын ажлыг дагнан гүйцэтгэж байгаа юм. 2013 онд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наран-Ухаа орон сууцны бичил хорооллын барилгын ажлыг эхэлсэн боловч Морин давааны цэвэрлэх байгууламж хугацаандаа ашиглалтад ороогүй учир 2015 оноос тэг зогсолтод орсон. 2018 оны 8 дугаар сард цэвэр ус, бохирын техникийн нөхцөл олгогдсон тул уг цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Ажил эхлэхийн өмнө бэлтгэл хангах, тоног төхөөрөмжүүдийг суурилуулах, бараа материал татан авах зэрэг ажлуудыг хийж эхэлсний дотор Наран-Ухаа хотхоны зүүн талд байрлаж байсан 5 давхар суурин краныг буулгаж хотхоны хойд тал руу шилжүүлэн, 9 давхар барилга дээр ачаа өргөж гаргах боломжтойгоор өндөрсгөн угсрах шаардлагатай болсон юм. Манай компани барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй, харин кран угсрах, суурилуулах ажлын тусгай зөвшөөрөлгүй тул энэ ажлыг гүйцэтгүүлэхээр кран угсрах тусгай зөвшөөрөл бүхий хэд хэдэн компанитай уулзалт хийж, судалсны эцэст өмнө нь хамтран ажиллаж байсан “ЦК” ХХК-ийг сонгож 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх №18/08/27-01 дугаартай гэрээг байгуулсан юм. Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхийн тулд “ЦК” ХХК нь суурин краныг буулгаж, зөөвөрлөн суурилуулахад шаардлагатай машинт краныг Тэхийн зогсоол болон бусад газраас түрээслэн авч ашиглах ба түрээсийн компаниудын дундаж үнэ буюу 2 сая төгрөгөөр танай компаниас хөлслөн авах боломжтой гэсэн тул манай компани гэрээт ажлын хөлс болох 6 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг хасаж тооцон ажил гүйцэтгэх 3 хоногт “М” компанийн эзэмшлийн 50-33 УНМ улсын дугаартай 30 тонны даацтай машин краныг жолоочийн хамт “ЦК” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн Ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч болон гүйцэтгэгч талуудын үүрэг хариуцлагыг тодорхой заасан бөгөөд кран буулгах, зөөж шилжүүлэх, өндөрсгөн угсрах бүхий л ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “ЦК” ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 30-ныг дуусталх хугацаанд хийж дуусган акт үйлдэж манай компанид хүлээлгэж өгөх, ажил гүйцэтгэх үедээ ажилчдын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллах, шаардлагатай сургалт, зааварчилгааг зохион байгуулах үүргийг хүлээсэн байдаг. Кран угсрах ажлыг “ЦК” ХХК-иар гүйцэтгүүлэхээр гэрээ хийсэнтэй холбогдуулан миний бие 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “М” ХХК-ийн ерөнхий захирлын 084 тоот тушаал гаргаж, 50-33 УНМ улсын дугаартай машинт краныг 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 30-ны өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгэгч тал буюу “ЦК” ХХК-ийн зааварчилгааны дагуу уг компанид ажиллуулах, тусгай зөвшөөрөл бүхий “ЦК” ХХК-ийн мэргэжилтэй ажилтнууд болон машин техникийг энэ хугацаанд барилгын талбайд нэвтрүүлэх, үйл ажиллагааг гэрээнд зааснаар явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг инженер Ц.О-т даалгасан. Ийм л нөхцөл байдалтайгаар “М” компани захиалгаар барилгын талбайд кран буулгах, шилжүүлж зөөвөрлөх, өндөрсгөж угсрах ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “ЦК” ХХК хариуцан гүйцэтгэхээр болсон бөгөөд уг ажиллагаанд “М” компаниас ямар ч ажилтан, ажилчин оролцохгүй, хяналт тавьж, үүрэг чиглэл өгөхгүй, зөвхөн ажил дууссаны эцэст угсарсан суурин кранаа актаар хүлээн авах нөхцөлтэйгээр “ЦК” ХХК-д 4 сая төгрөг төлсөн юм.
2. Кран угсрах ажиллагааны үед 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “М” компанийн туслах ажилтан М.Д- машинт кранаар чингэлэг дээр байсан краны секц төмрийг зөөвөрлөх явцад унаж нас барсан осол гарсан. Энэ хэргийг шалгах явцад миний бие компанийн захирлын хувьд холбогдох асуудлаар гэрчийн мэдүүлэг өгсөн, манай байгууллагын ажилтан нас барсан учир оршуулгын зардлыг компаниас гаргаж, хохирогчийн ар гэрт хамт олноороо тусламж дэмжлэг үзүүлсэн. Мөн компанийн ажилтан, алба хаагчдын ажил үүргийн хуваарь, тушаал шийдвэр болон шаардлагатай бүхий л бичиг баримтыг хуулийн байгууллагад бүрэн гаргаж өгсөн. 2020 оны 6 дугаар сарын дундуур намайг Дундговь, Өмнөговь аймагт явж байхад Хан-Уул дүүргийн прокурорын газраас утасдаж М.Д- нас барсан хэрэгт иргэний хариуцагчаар татсан тогтоол гарсан тухай мэдэгдсэн бөгөөд “хөдөө ажлаар явж байна” гэдгээ хэлэхэд “шүүх хуралдаанд дуудахад очоорой” гэж хэлсэн. Дүүргийн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэх үед хуралд гэрчээр биш иргэний хариуцагчаар оролцох болсноо мэдэж, өмгөөлөгч авч, хурлын өмнө хэргийн материалтай танилцсан. “М” ХХК, компанийн захирал миний бие ажил олгогчийн хувьд нас барсан М.Д-д 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нөхөн төлбөр буюу 27 сая төгрөг төлөх нэхэмжлэлээр иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа тэр үед ойлгосон бөгөөд иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолыг надад танилцуулаагүй, хуульд заасан эрх үүргээ эдлэх, хэрэгжүүлэх боломжоор мөн хангаагүй юм. Шүүх хуралдаан эхлэх үед шүүгч С.Сэржмядаг иргэний хариуцагчийн эрх үүргийг надад танилцуулсан боловч би прокурор, мөрдөгчийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, нэхэмжлэлийн талаар тайлбар мэдүүлэг өгөх, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах зэрэг олон эрхээ хязгаарлуулж хасуулсан, тэр нь шүүх хурлын үед хэрэгжих ямар ч боломжгүй болсон гэдгийг ойлгож мэдсэн юм. Шүүх хуралдаанд надаар тайлбар хэлүүлсэн гэвч шүүгдэгч шинжээч нарт асуулт тавих, иргэний хариуцагчийн хувьд санал дүгнэлт хэлэх боломж олгоогүйд гомдолтой байна.
3. М.Д- нь “М” компанийн туслах ажилтан мөн боловч “ЦК” ХХК-ийн гүйцэтгэж байгаа кран угсрах, шилжүүлэн зөөх ажилд оролцох ёсгүй, тэр хүнийг уг ажилд хэн ч томилоогүй, тухайн үед ажилдаа цагтаа ирээгүй, ямар ажил гүйцэтгэх талаар үүрэг даалгавар аваагүй байсан юм. Манай компанийн барилгын талбайд осол болж М.Д- нас барсан асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дүгнэлт гаргаж,
М.Д-г Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа хэрэглэсэн, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр цусанд 0.8 промилли спиртийн агууламж илэрсэн учир Үйлдвэрлэлийн осолд тооцохгүй гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд оролцсон МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа энэ талаар тодорхой тайлбарлаж ярьсан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтийг огт тусгаагүй, тэр ч байтугай байгууллагын орон тооны бус комиссын шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг “Согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд орсон” гэх дүгнэлтийг шүүх шууд хүлээн авах боломжгүй, эргэлзээ төрүүлж байна, иргэний нэхэмжлэлийн талаар нэмэлт нотлох баримт шаардлагатайн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Д- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, байгууллагын хашаа давж орж ирэн, удирдлагын заавар даалгаваргүйгээр өөр бусад байгууллагын эрхлэн гүйцэтгэж байсан ажил руу орж мэргэжлийн хүний гүйцэтгэх ёстой ажлыг дур мэдэн хийснээс осолд орсон гэдэг нь бүрэн нотлогдож тогтоогдсон, энэ талаар МХЕГ-ын шинжээч нар, шүүх эмнэлгийн шинжээч дүгнэлтээ гаргасан учир дахин ямар нотлох баримтыг хаанаас, хэнээс нэмж гаргуулахыг
ойлгохгүй байна. Шүүх ослын шалтгаан тодорхойгүй, шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, ослын шалтгааныг тогтоосон МХЕГ-ын шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй бол иргэний нэхэмжлэлээс гадна Д.Б-, Ц.О- нарыг гэм буруутайд тооцох, ял шийтгэл оногдуулах асуудлыг ч шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
4. Шүүх М.Д-гийн амь нас хохирсон асуудалд кранчин Д.Б-, инженер Ц.О- нарыг буруутай гэж үзэж ял шийтгэл оногдууллаа. Тусгай зөвшөөрөл бүхий “ЦК” ХХК нь манай барилгын талбай дээр кран буулгах, шилжүүлэн зөөх, угсрах ажлыг иж бүрнээр хийж дуусган, акт үйлдэж хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажилласан. Уг ажиллагаанд “М” компанийн ямар ч ажилчид оролцох ёсгүй бөгөөд хэрэв дур мэдэн оролцсон бол үүний бурууг гэрээгээр хулээсэн үүргийнхээ дагуу “ЦК” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй энэ компани өөрийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагаандаа мэргэжлийн бус, гадны байгууллагын ямар ч хүнийг оролцуулах ёсгүй юм. “М” ХХК нь машинт крантай, кранисттай, инженертэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн ажилтантай. Гэвч кран угсрах ажлын тусгай зөвшөөрөлгүй учир хөлс төлж, гэрээ байгуулж тусгай
зөвшөөрөлтэй компаниар уг ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд гэрээнд аюулгүй ажиллагааны бүх асуудлыг “ЦК” ХХК хариуцахаар үүрэг хүлээсэн. МХЕГ-ын шинжээчдийн дүгнэлтээр “ЦК” ХХК нь барилгын үйлдвэрүүд дагаж мөрдөх Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмийн 4.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.3, 28.1.4, 28.8 дугаар зүйлүүдийг зөрчиж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн ба осолдогч М.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд зөвшөөрөлгүй хашаа даван орж, хариуцсан инженерт цагаа бүртгүүлж мэдэгдээгүй, ажлын даалгавар наряд, аюулгүй ажиллагааны зааварчилга авалгүй дур мэдэн ажлын байранд нэвтэрч үүрэг гүйцэтгэсэн нь уг осол гарах хүчин зүйл болсон гэж заасан. “ЦК” XXК гэрээгээр хүлээсэн үүрэг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллага хийж гүйцэтгэх ёстой ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн бол кран угсрах, эд анги зөөх шилжүүлэх энэ ажиллагаанд уг компанийн мэргэжлийн ажилчдаас өөр хэн ч оролцох ёсгүй байсан гэдэг нь бүрэн нотлогдож тогтоогдсон байхад прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Ё.М-ыг цагаатгаж, Д.Б-, Ц.О- нарт ял шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Д.Б- нь краны хамт “ЦК” ХХК-д үүрэг гүйцэтгэхээр уг компанийн мэдэлд очсон. Энэ хүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, мэргэжлийн дохиочин ажиллуулах, мэргэжлийн бус оосорлогч ажиллуулахгүй байх асуудлыг “ЦК” ХХК хариуцна. Ц.О- “ЦК” ХХК-ийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанд оролцох, хяналт тавих, уг ажилд хүн томилох, ажиллуулах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ямар ч үүрэг байхгүй, хэрэв оролцсон бол “ЦК” ХХК шууд таслан зогсоох үүрэгтэй. Миний бие захиалагч компанийн захирлын хувьд манай байгууллагын захиалгаар хийгдсэн кран угсрах, зөөвөрлөх ажилд осол гарахын өмнөх 2 өдөр “ЦК” ХХК-аас ямар мэргэжлийн хэдэн хүн ажилласан, эдгээр ажилтнуудын хэн нь аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын асуудлыг хариуцаж байсан, кранчин Д.Б-өд ажлын байрны зааварчилгаа өгсөн эсэх, өгсөн бол хэдийд ямар байдлаар өгсөн зэргийг шалгах, осол болсон өдөр гадны байгууллагын ажилчдыг яагаад ажиллуулсан, энэ ажилд хэн хяналт тавих ёстой байсан, уг компани ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилго бүхий эрсдэлийн үнэлгээг яагаад хийгээгүй зэргийг тодруулан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна.
5. Мэргэжлийн хяналтын байгууллагын удаа дараагийн дүгнэлтэд М.Д-гийн нас барсан асуудал “Үйлдвэрлэлийн осол” биш гэдгийг тодорхойлсон. Осол болох үед кранчнаар ажиллаж байсан Д.Б- “ЦК” ХХК-ийн мэдэлд шилжин ажиллаж байсан, прокурор Д.Б-ийг ЦКы ажилтан гэж яллах дүгнэлтдээ бичсэн, яллагдагчаар татахдаа ч ингэж тодорхойлсон нь үндэстэй юм. Учир нь “ЦК” ХХК манай захиалгаар суурин краныг буулгах, зөөх угсрах ажлыг гүйцэтгэхдээ 2 сая төгрөгт тооцон машинт краныг түрээсэлсэн, хэрэв манай компанид машинт кран байгаагүй бол тэхийн зогсоол эсвэл бусад газраас түрээслэн ажиллуулах байсан нь тодорхой бөгөөд аль ч тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй байгууллагын хувьд аюулгүй ажиллагааны бүхий л асуудлаа хариуцаад, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах нь мөн тодорхой юм. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлтийг огт хэрэгсэхгүй орхиж. “М” ХХК-ийн үндсэн ажилтан болох Д.Б-ийн болгоомжгүй үйлдэл, инженер Ц.О-ын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас туслах ажилтан М.Д- нас барсан гэж шууд дүгнэсэн, N818/08/27-01 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-гээр “ЦК” ХХК нь “М” компанийн чингэлэг дээр хураасан краны секц төмрийг зөөвөрлөн, шилжүүлэх ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй буюу гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байна, бодит байдал дээр гэрээнд заагдаагүй ажлыг гэрээнд заасан ёсоор биелүүлэхийг ажил гүйцэтгэгч талаас шаардах, байгуулагдаагүй гэрээг биелүүлээгүй үндэслэлээр ажил гүйцэтгэгч талд хариуцлага тооцох хуулийн үндэслэлгүй гэж шууд дүгнэсэн нь шүүгч кран угсрах ажлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь эд ангийг шилжүүлэх, зөөвөрлөх ажил мөн, тусгай зөвшөөрөлтэй компанийн гүйцэтгэх ёстой кран угсрах, суурилуулах ажил нь энэ бүгдийг багтаасан “Цогц” ажиллагаа гэдгийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд шинжээч С.Баяраагийн өгсөн мэдүүлгийг дур зоргоороо үгүйсгэсэн, өөрийн ойлголт, мэргэжлийн бус хүний санаа бодлоор асуудалд хандсан ноцтой алдаа гэж үзэж байна. Түүнчлэн шүүх уг осол, “ЦК” ХХК-тай байгуулсан гэрээтэй огт хамааралгүй, төсөл хэрэгжүүлэх барилга угсрах ажилтай холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 77/1 тоот тушаалыг үндэс болгон Ц.О-ыг ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны хариуцагч байсан гэж дүгнэж, Ц.О- нь “М” ХХК-д барилгын ерөнхий инженерийн албан тушаал дээр талбайн инженерийн ажил үүргийн гүйцэтгэж байсан болох нь 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ, ажил албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж буруутгаж байгаа зэрэг нь огт үндэслэлгүй юм. Шүүх тусгай зөвшөөрөлтэй “ЦК” ХХК манай байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хугацаанд тодорхой ажлыг хөлсөөр хийж гүйцэтгэсэн, энэ ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэдэг учир мөнгө төлж кран угсрах ажлыг цогцоор нь гүйцэтгүүлэхээр захиалсан, “ЦК” ХХК гэрээт ажлаа гүйцэтгэж байх явцад осол болж М.Д- нас барсан, энэ ажлыг гүйцэтгэхэд “М” ХХК-ийн ямар ч ажилтан оролцохгүй, оролцох боломжгүй, оролцуулсан бол “ЦК” ХХК-ийн буруу, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэдгийг огт ойлгоогүй, тэр ч байтугай Ц.О- нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр кранист Д.Б-, туслах ажилтан М.Д- нарт чингэлэг дээр хураалттай байсан краны секц төмрийг шилжүүлэн зөөх үүргийг амаар өгч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа өгч танилцуулаагүй, ачаа зөөх шилжүүлэх ажиллагааг биечлэн удирдаагүй, дохиочин Ү.Э-ийг арматур төмөр авахуулахаар явуулж, түүнийг эзгүй байхад туслах ажилчин Б.Д-ийг оосорлогч дохиочноор ажиллуулсан гэж энэ осолд хамааралгүй, кран угсрах ажилд хамаагүй асуудлыг нотлох баримтаар үнэлэн Ц.О-, Д.Б- нарт ял шийтгэл оногдуулсныг зөвшөөрөх боломжгүй байна.
6. Шүүх хоёр байгууллагын хооронд хийгдсэн “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-г шийтгэх тогтоолоороо тайлбарлан “Уг гэрээний зүйл нь “М” ХХК-ийн ЦКыг угсрах магадлал, засвар үйлчилгээг гүйцэтгэх ажил” байна гэж шууд тулгаж дүгнэсэн, “М” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 084 дүгээр тушаал нь нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримт, автокраны краны жолооч, дохиочин, оосорлогчийн хамт “ЦК” ХХК-ийн мэдэлд ажиллуулахаар тохиролцсон тохиролцоо биш, “ЦК” ХХК нь 50-33 УНМ дугаартай автокраны жолооч, дохиочин, оосорлогчийн ажил олгогч биш, эдгээр ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг уг компани хариуцна гэж тооцох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээ, компанийн захирлын тушаалыг тайлбарлан, гэрээний заалт, тушаалын үндэслэлийг хэлэлцсэн шүүх хурал мэт дүгнэлт хийсэн нь огт ойлгомжгүй, шүүгч ослын шалтгаан, буруутай этгээдийн гэм бурууг хэлэлцэхдээ хэт нэг талыг барьж, энэ талаар мэргэжлийн байгууллагаас тогтоосон акт дүгнэлтийг хэрэгсэхгүй орхисон нь үндэслэлгүй байна.
7. Анхан шатны шүүх хурал тодорхой шалтгаанаар хойшлогдох үед шүүгч С.Сэржмядаг хохирогч талд шууд зөвлөгөө өгч, нэхэмжлэлийн шаардлагад холбоотой баримт материалаа бүрдүүлэх талаар зааж зааварлаж байсан, шүүх хуралдаанд намайг оролцуулсан атлаа иргэний хариуцагчийн тайлбар мэдүүлгийг бусад оролцогчийн нэг адил дарааллаар сонсоогүй, санал дүгнэлт хэлүүлээгүй, миний эрхийг маш бүдүүлгээр хязгаарласан, иргэний хариуцагчаар татсан тогтоолтой хуульд заасан үндэслэл журмын дагуу танилцаагүй, эрх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байхад шууд шүүх хурлыг үргэлжлүүлэн явуулж, илт үл тоосон хандлага байнга гаргаж байсан, гаргасан шийдвэрээ танилцуулж алх цохисны дараа “М” ХХК буруутай гэж тайлбарлан шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй манай компани, иргэн намайг олны өмнө үндэсгүйгээр ялласан, мэргэжлийн байгууллага шинжээчдээс гаргасан удаа дараагийн дүгнэлт, тэдний мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй, шууд орхигдуулсан учир маш их гомдолтой байна.
8. Анхан шатны шүүхийн буюу шүүгч С.Сэржмядагийн гарын үсэг зурсан шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, Ц.Одхүү гэдэг ямар ч яллагдагч байхгүй атал тогтоолын 1 дүгээр хуудасны 13 дахь мөрөнд шүүгдэгч Д.Б-, Ц.Одхүү, Ё.М- гэж 4 дүгээр хуудасны 8,18 дахь мөрөнд шүүгдэгч Д.Б-, Ц.Б-, Ё.М- гэх зэргээр бусдын нэр хүнд хувь заяанд нөлөөлж болохуйц алдаа мадаг ихтэй зөвхөн “М” ХХК-ийг буруутгах нотлох баримтыг түүж, сонгож, өөрөө дүгнэн бичсэн зэрэг нь асуудалд бодитой биш, өрөөсгөл хандаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг харуулж байна. Миний бие энэ хэргийн иргэний хариуцагч юм бол хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, эрүүгийн хэрэгтэй хамтад нь өөрийн хариуцах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Д.Б-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Д- нас барсан хэрэгт эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих хүн гэх үндэслэлээр “М” ХХК-ийн захирал Д.Б-ыг иргэний хариуцагчаар татаж, шүүх хуралдаанд оролцуулсан гэж үзэж байна. Прокурор иргэний хариуцагчаар татсан тогтоолдоо Д.Б-т эрх үүргийг тайлбарласугай гэж заасан боловч шүүх хуралдаанд дуудаж оролцуулах хүртэл хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээс Д.Б- нь дээрх хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт хүсэлт гаргах”, 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.11, 1.12 дахь хэсэгт заасан буюу “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох, прокурор мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, мөрдөн байцаалт дууссан үед хавтаст хэргийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах, прокурор, мөрдөгч, шинжээч, мэргэжилтнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах зэрэг хуульд заасан эрхээ эдэлж чадаагүй юм. Шүүгч шүүх хуралдаан эхлэх үед эрх үүргийг танилцуулсан боловч хуульд заасан эдгээр эрхээ нөхөн хэрэгжүүлэх боломж байхгүй, шүүх хуралдааны шатанд уг эрх нь сэргээгдэх боломжгүй байхад анхан шатны шүүх энэ байдалд хууль зүйн үндэстэй дүгнэлт хийлгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлтэд: “Хяналтын прокурорын тогтоолоор хэрэгт “М” ХХК, “ЦК” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хуульд заасан эрх үүргийг танилцуулахаар шийдвэрлэсэн боловч иргэний хариуцагч уг тогтоолтой танилцаагүй, шүүгчийн захирамжаар эрх үүргийг танилцуулахыг даалгасан боловч мөн танилцаагүй болох нь баримтаар тогтоогдож байна” гээд “Иймд цаг хугацааны хувьд оролцогч талууд хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул хэн алинд нь хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх бодит боломж, бололцоо олгох үүднээс холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй" гэж заагаад “Нэгэнт шүүхээс нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байгаа учир өмгөөлөгч нараас гаргасан тухайн үед тээврийн хэрэгсэл болон ажилтнуудыг “ЦК” компанийн мэдэлд шилжүүлсэн байсан, “ЦК” компанитай хариуцлага тооцох эсэх асуудал болон Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан “М” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй гэсэн шийдвэрийг тогтоолд тусгуулах саналыг үндэслэлтэй эсэх асуудалд шүүх дүгнэлт гаргах шаардлагагүй тул мөн хэлэлцэхгүй орхилоо. Талууд тухайн асуудлаа жичдээ шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Шүүхийн энэ шийдвэрээс үзвэл хохирогч буюу иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг тусад нь шийдвэрлүүлэхээр иргэний шүүхэд хандах тухай заасан гэж ойлгож болох боловч “ЦК” ХХК-тай хариуцлага тооцох, тээврийн хэрэгсэл болон ажилтнуудыг “ЦК” ХХК-ийн мэдэлд шилжүүлсэн тухай” асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлэх боломжгүй, хэн алинд нь эрх үүргээ хэрэгжүүлэх бодит боломж, бололцоо олгох асуудлыг хэн хариуцах, хэн аль нь гэдэгт хэн хамаарах гэдгийг заагаагүй, “ЦК” ХХК, “М” ХХК-ийн хэн нь буруутай, хэн нь иргэний хариуцагч гэдгийг шалгаж, нотлон тогтоосны эцэст, эрх үүргийг нь хэрэгжүүлсний үндсэн дээр жичид нь хэлэлцүүлэхээр заасан гэж ойлгогдож байна. Гэтэл шүүх иргэний хариуцагчаар татагдсан “ЦК” ХХК-ийн захирал Ё.М-ыг гэм буруугүй гэж цагаатгасан, уг компанийн кранист Д.Б-, “М” компанийн инженер Ц.О- нарыг буруутай гэж үзэж ял шийтгэсэн.
3. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэг Иргэний хуулийн 497, 499, 508 дугаар зүйлд зааснаар “Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах”-ыг Д.Б-, Ц.О- нар болон ажил олгогч “М” ХХК-иас шаардах эрхтэй байна гэж шийтгэх тогтоолдоо дүгнэсэн бөгөөд Н.Саранцэцэгийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Д.Б-, Ц.О- нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин иргэний хариуцагч Д.Б-аас нэхэмжилсэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 27 сая төгрөгийг “Өнөөдрийн шүүх хуралдаанаар гаргах боломжгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын үндэслэл тодорхойгүй, баримт хангалтгүй цугларсан тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж мөн дүгнэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” олгоно гэж тодорхой заасан. 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр М.Д- нас барсан ослын талаар Хөдөлмөрийн улсын байцаагч Г.Баясгалангийн хянаж баталгаажуулсан байгууллагын байнгын комиссын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн акт, МХЕГ-ын шинжээчдийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05/092/14 дугаартай дүгнэлтүүдэд уг ослыг “Үйлдвэрлэлийн осол”-д тооцохгүй гэж дүгнэсэн. Шинжээч С.Баяраа шүүх хуралдаан дээр энэ талаар тодорхой тайлбарлаж мэдүүлсэн. Нэгэнт шинжээчийн дүгнэлтээр “Үйлдвэрлэлийн осол” биш гэж тогтоогдсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэгийн ажил олгогчоос нэхэмжилсэн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг “М” ХХК төлөх үндэслэл байхгүй юм. Шүүх мэргэжлийн шинжээчдийн удаа дараагийн дүгнэлт, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг нотлох баримт гэж үзээгүй, М.Д- нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бус, харин “Д.Б-ийн болгоомжгүй үйлдэл, Ц.О-ын болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас осолд орж амь нас нь хохирсон нь тогтоогдсон тул комиссын шийдвэр, шинжээчийн дүгнэлтийг шууд хүлээн авах боломжгүй эргэлзээ төрүүлж байна. Иймд иргэний нэхэмжлэлийн талаар нэмэлт нотлох баримт шаардлагатайн улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм. Ослын шалтгааныг тогтоосон мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг шүүх өөрийн үзэмжээр нотлох баримтаас хасаж, хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд хэрэв эргэлзээ төрүүлсэн гэж үзэж байвал давтан шинжилгээ томилох, өөр бүрэлдэхүүнээр шинжилгээ хийлгэх замаар өмнөх дүгнэлтийн үндэстэй эсэхийг тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтээс өөр ямар ч нэмэлт нотлох баримтыг бүрдүүлэх боломжгүй бөгөөд “Үйлдвэрлэлийн осол”-д өртсөн ажилтанд олгох нөхөн олговрыг МХЕГ-ын Хөдөлмөрийн улсын байцаагчийн ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтийг үндэслэн олгодог хуулийн заалт тодорхой бий.
4. Шүүх хуульд заасан тодорхой үндэслэлээр иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байхад “Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй”, “Нэмэлт нотлох баримт шаардлагатай”, “Хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын үндэслэл тодорхойгүй, баримт хангалтгүй цугларсан” гэх зэрэг үндэслэл муутай өөр өөр шалтгаан зааж “Хэлэлцэхгүй орхилоо” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Харин иргэний хариуцагчаар татагдсан “М” ХХК-ийн захирал Д.Б-т хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлаж, энэ эрхийнхээ дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул хүлээн авах боломжгүй байна.
1. Хэрэгт цугларсан “М” ХХК, “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.4-т “Гүйцэтгэгч нь ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллана” гэх,
2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын гаргасан шинжээчийн дүгнэлтийн 13-т “... “ЦК” ХХК-ийн ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн зүйлийн 28.1.1-д “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх заалтуудыг зөрчсөн...” /2хх 194-198/ гэх,
2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05-092-36 дугаартай дүгнэлтэд “... “ЦК” ХХК нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6-д Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага /хувь хүн/ хариуцна гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна.” гэх,
Тус байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдпагын тогтолцоо нэвтрүүлэх, мөн зүйлийн 28.1.4-д ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, мөн зүйлийн 28.8-д “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” /3хх-1-4/ гэх,
Гэрч Д.Б-ын “...Би “М” ХХК-ийг үүсгэн байгуулаад 26 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. “ЦК” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Ажил 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусах ёстой байсан. Гэрээнд гүйцэтгэгч нь гэрээт ажилд шаардлагатай, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, ажиллах хүчний зардлыг хариуцна. Ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг бүрэн хангаж ажиллана. Захиалагчтай тохиролцож аюулгүй бүсийг тогтоосны үндсэн дээр ажлыг эхлүүлж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх явцдаа шаардлагатай сургалт зааварчилгааг зохион байгуулна гэж заасан. Мөн гэрээнд ороогүй нэг асуудал байгаа. Энэ нь “ЦК” ХХК нь гэрээ байгуулахаасаа өмнө манайх ажилчдаа өгч тэдний ажилд туслуулна, харин ажиллагааны зааврыг тэднийг өгөхөөр болж амаар тохироод дараа нь бичгээр гэрээ байгуулсан. Тэрний дагуу краны секц зөөвөрлөх, газар шороо ухах ажилд манай ажилчид тусалж байсан ба тэдэнд ямар нэгэн зааварчилгаа өгсөн эсэхийг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч “Цамхаг кран” ХХК-ийн захирал Ё.М- нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6-д “Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага /хувь хүн/ хариуцна гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна” гэсэн заалт,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, мөн зүйлийн 28.1.4-д ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, мөн зүйлийн 28.8-д “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалт,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, мөн зүйлийн 28.1.1-д “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэсэн заалт,
“М” ХХК, “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 3.4-т “Гүйцэтгэгч нь ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллана” гэсэн заалтуудыг биелүүлээгүйн улмаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн барилгын хашаанд туслах ажилтан М.Д- нь чингэлэг дээр байсан краны секц төмрийг зөөвөрлөх явцад унаж нас барж, амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон нь тогтоогдож байгаа.
2. Шүүх “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний зүйл нь “М” ХХК-ийн ЦКыг угсрах магадлал, засвар үйлчилгээг гүйцэтгэх ажил байна. Тухайн гэрээнд “ЦК” ХХК нь “М” ХХК-ийн чингэлэг дээр хураасан ЦКы секц төмрийг зөөвөрлөн, шилжүүлэх ажил гүйцэтгэх талаар тохиролцоогүй байна гэж буруу дүгнэсэн. Учир нь, чингэлэг дээр хураасан секц төмрийг зөөвөрлөн шилжүүлж байж ЦКыг угсрах ёстой. Энэхүү ажил нь цогц 1 ажил болохыг мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон шүүгдэгч Ц.О-, Д.Б-, гэрч Д.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Шүүх гэрээг буруу тайлбарласан. Учир нь, №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харна” гэж заасан байгаа. Дээрх ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний зорилго нь “Захиалагчийн ЦКыг угсрах, магадлал, засвар үйлчилгээг гүйцэтгэх, түүнтэй холбоотой асуудлыг зохицуулахад оршино” гэдэг. Уг гэрээнээс харахад ЦКыг угсрах ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн байна. Краныг угсрахад чингэлэг дээр хураасан секц төмрийг зөөвөрлөн шилжүүлж байж ЦКыг угсрах ёстой. Энэхүү ажил нь нэг цогц ажил болохыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид болон шүүгдэгч Ц.О-, Д.Б-, гэрч Д.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа.
Мөн гэрээний 4-т “...Гүйцэтгэгч нь ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллана” гэж заасан. Ё.М- нь энэ заалтын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй байсан. Тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг болон Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь тогтоогдож байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Н.Нямжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Д.Б- нь “...тухайн үед Б.Д-той хамт томилогдон секц төмөр өргөх ажлыг хийж байсан. Осолд гарахад хэн секц төмөр оосорлосныг мэдээгүй. 180 градус эргэхэд л оосорлочихсон байсан. Улмаар 20 см өргөхөд нуралт үүсч эхэлсэн...” талаар мэдүүлдэг. Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй, зөрчсөн үзэж байна. Шүүгдэгч Д.Б-ийн хувьд гэм буруу нь юу байсан, томилогдсон дохиочин Б.Д-ийн зааварчилгаагаар ажилласан нь буруу юм уу гэдэг асуудал дээр шүүгч тодорхой тайлбар дүгнэлт хийгээгүй. Иймээс шүүгдэгч Д.Б-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.О-ын өмгөөлөгч Д.Доржсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ц.О-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Миний хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Ц.О-ын үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.5, 27.5.2, Барилгын тухай хуулийн 40.1.4, Монгол Улсын MNS4969-2000 стандартын 4.9, 4.16, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 95 дугаартай тушаалаар баталсан Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 7.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж буруутгасан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж зааснаар аж ахуйн нэгжийн захирал, ажил олгогч шууд хариуцах байтал Ц.О-т хамаатуулж буруу дүгнэсэн байна.
Мөн Ц.О-ын ажил, албан тушаалын тодорхойлолтод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах...” чиг үүрэг тусгагдаагүй ба хуулийн энэхүү зүйл, заалт нь аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалттай холбоотой зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагчид хамаарах байтал түүнд хамааруулан буруу хэрэглэсэн байна.
“М” ХХК-ийн захирал Д.Б-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар нь хэргийг прокурорт буцаалгах, шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн, прокурор Х.Эрдэнэтуяа нар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хүсэлтүүдийг гаргасан байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй болохыг илтгэж байна. “М” ХХК болон “ЦК” ХХК-ийн хооронд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-гээр “М” ХХК-ийн ЦКыг угсрах, магадлал, засвар үйлчилгээг хариуцан гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэхүү ажлын хүрээнд “М” ХХК-ийн авто краныг ашиглуулан, үүнтэй холбоотой зардлыг 2 сая төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр зарцуулахаар тохиролцсон байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог.
Анхан шатны шүүхээс ЦКыг угсрах, магадлал, засвар үйлчилгээ гэдэгт ЦКы секц төмрийг зөөвөрлөх, шилжүүлэх ажил орохгүй, тэр талаар тохиролцоогүй гэж дүгнэсэнг зөвшөөрөхгүй ба ямар баримтыг үндэслэл болгож хэрхэн ингэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Нэгэнт ажлын талбайд бэлэн хураалттай байгаа ЦКы секц төмрийг шилжүүлэн зөөвөрлөж байж л угсрах болохоос холоос зөөвөрлөн тээвэрлэж байгаа асуудал биш юм. Анхан шатны шүүх барилгын ажлын тусгай мэдлэггүй, ЦКыг угсрах талаар ойлголтгүй мөртлөө ЦКыг угсрах ажилд энэ ажил нь орохгүй гэж шууд дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ц.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Шийтгэх тогтоолыг өөрчлөх боломжгүй бол дээрх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж, Ц.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ё.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлс эхний мэдүүлгээсээ эрс өөрчлөгдсөн байна. Тухайн үед инженер Ц.О- нь ажил үүргийг хуваарилсан болох нь яллах дүгнэлтээс харагддаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Кранист Д.Б- нь манай ХХК-ийн ажилтан биш. Эхний 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр “М” ХХК-ийн ажилтныг буруутгасан бол нэмэлт дүгнэлтээр намайг буруутгасан. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ё.М-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Яллах дүгнэлтэд Ё.М-ыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Учир нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-гээр “ЦК” ХХК нь зөвхөн суурин краныг угсрах ажлыг хариуцсан. Харин чингэлэг дээр хураалттай байсан секц төмрүүдийг зөөвөрлөх ажилд “М” ХХК-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 084 дугаартай тушаалаар ажилтнуудыг томилж, өөрийн 5033 УНМ улсын дугаартай авто краныг ажиллуулсан. Энэ нь “ЦК” ХХК буюу Ё.М-тай ямар ч холбогдолгүй. Өөрөөр хэлбэл энэхүү тушаал нь “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-тай хамааралгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ё.М-ын өмгөөлөгч Б.Норовжанцан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-нд краны секц төмрийг зөөвөрлөх ажил тусгагдаагүй байгаа. Анхан шатны шүүх тухайн гэрээг зөв тайлбарлаж, Ё.М-ын үйлдэл нь “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Саранцэцэгийн өмгөөлөгч М.Амарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тухайн хэрэгт “М” ХХК-ийн эрх бүхий удирдлагыг холбогдуулж шалгаагүй байдаг. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон холбогдох баримтуудаас үзвэл “М” ХХК нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ хэрэгт “М” ХХК нь ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ иргэн хүний улсад төлсөн татвар буюу нийгмийн даатгалаас буцааж авдаг энэ төлбөрийг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймээс талийгаачийн хоёр хүүхдийг насанд хүрэхэд 136 сар үлдсэн. Үүнийг талийгаачийн цалингийн 50 хувиар бодоход 51 сая төгрөг болж байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болон ХХК-иас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тухайн хүний амь нас хохирсон үндсэн шалтгаан нь архи ууснаас болоогүй, харин ажил үүргээ гүйцэтгэж байхдаа тархиндаа хүнд гэмтэл авсантай холбоотой байдаг тул тухайн 27 сая төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүх хохирлын тооцоог гаргахдаа холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.6 дахь заалтад заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл буюу нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг судлахад, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын урд талд байрлах “М” ХХК-ийн барилгын хашаан дотор чингэлэг дээр хураалттай байсан ЦКы секц төмрийг өргөж, зөөвөрлөх явцад ЦКы секц төмрүүд нурсны улмаас тус ХХК-ийн туслах ажилтан М.Д- толгойн тус газартаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас баржээ.
Тухайн цаг хугацаанд осол гарсан барилгын талбайд “М” ХХК болон “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”, хэлцлийн дагуу ЦК угсрах бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр Д.Б- “ЦК” ХХК-ийн кранчнаар, Ц.О- “М” ХХК-ийн талбайн инженерээр тус тус ажиллаж байсан бөгөөд Ц.О- нь чингэлэг дээр хураалттай байсан ЦКы секц төмрийг өргөж, зөөвөрлөх үүрэг даалгаврыг Д.Б-, туслах ажилтан Б.Д- нарт амаар өгсөн байна.
Харин амь хохирогч М.Д- нь тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар ажлын талбайд нэвтэрч, улмаар харьяалах албан тушаалтнаас ажлын чиглэл, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүйгээр дур мэдэн Б.Д-той хамтран чингэлэг дээр хураалттай байсан ЦКы секц төмрийг оосорлож байжээ.
Прокуророос Д.Б-ийг “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-д заасны дагуу мэргэжлийн оосорлогч, дохиочин ажиллуулаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн, мөн компанийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн баталсан кранистын “Ажил, албан тушаалын тодорхойлолт”-ын 8-д заасан “Кранист нь зөвхөн томилогдсон дохиочны заавраар ажиллах, ачааг даац хэтрүүлэн өргөх, огцом өргөх, хурдтай тавих” зэрэг аюулгүй ажиллагааны заавар, дүрмийг зөрчиж мэргэжлийн дохиочны удирдлагын дор ажил үүргийг гүйцэтгээгүй,
Ц.О-ыг “Ажлын байрны тодорхойлолт”-ын 8-д заасан “Барилгын талбайд хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой явуулж, барилгыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд ашиглалтад оруулахад барилгын мэргэжилтэй туслах ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллана.”, 9-д заасан “Барилгын явц, барилгын гүйцэтгэлд хяналт тавьж, чиглэл өгч, батлагдсан зураг төслийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах” гэж заасан үндсэн үүргийн дагуу хяналт тавин ажиллаагүй, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
“Цамхаг кран” ХХК-ийн захирал Ё.М-ыг барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6-д заасан “Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага /хувь хүн/ хариуцна гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна.”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасан “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, 28.1.3-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, мөн “М” ХХК, “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 3.4-т заасан “Гүйцэтгэгч нь ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллана” гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас М.Д-гийн амь нас хохирсон гэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
1. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээгээгүй ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж яллаж буй нь хуулийн үндэслэлгүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаагүй...” гэж дүгнэн, Ё.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.
Учир нь, “М” ХХК болон “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” /1хх 238/, түүнтэй холбогдуулан гаргасан “М” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 084 дугаартай “Кран шилжүүлэн угсрах ажил гүйцэтгэх гэрээт компанитай хамтран ажиллах тухай” тушаал /1хх 239/ зэргээс үзэхэд, ЦКыг шилжүүлэх, зөөх, угсрах магадлал, засвар үйлчилгээг гүйцэтгэх гэрээ байгуулсан холбогдох тусгай зөвшөөрөл бүхий “ЦК” ХХК-ийн мэргэжилтэй ажилтнууд, машин техникийг уг гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 27-ноос 30-ны өдрийн хооронд барилгын талбайд нэвтрүүлэх, холбогдох үйл ажиллагааг явуулах нөхцөлийг гэрээнд зааснаар бүрдүүлж ажиллахыг инженер Ц.О-т зөвшөөрч, кран шилжүүлж угсрах, магадлал, завсар үйлчилгээ хийхтэй холбогдуулан уг ажлыг хариуцан гүйцэтгэж буй гэрээт гүйцэтгэгч тал “ЦК” ХХК-ийн зааварчилгааны дагуу өөрийн эзэмшлийн 5033 УНМ улсын дугаартай авто краныг ажиллуулахыг даалгасан ба гүйцэтгэгч тал нь тухайн гэрээний 3.4-т зааснаар ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг хариуцан, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааг бүрэн хангаж ажиллах үүргийг хүлээсэн байна.
Осол гарах үед “ЦК” ХХК-ийн 2 ажилтан тухайн барилгын талбайд байсны зэрэгцээ “М” ХХК-ийн үндсэн ажилтан Д.Б- нь “ЦК” ХХК-д ажиллаж байсан, зааварчилгаа өгөх “ЦК” ХХК-ийн 2 ажилтан болон талбайн инженер Ц.О-ыг эзгүйд ажил гүйцэтгэсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны үед Ц.О- нь “...нөгөө компанийн 2 хүн, манайхаас би, кранист Б-, туслах ажилтан Д- бид хэд хоорондоо ярьж тохироод секцээ зөөхөөр болсон. Нөгөө компанийн 2 ажилтан “хувцсаа сольчихоод ирье та нар секцээ кран руу зөөгөөд бэлтгэж байгаарай” гэж хэлсэн ... би өөрийн ажилчиддаа ажлыг нь хуваарилж ... хэлчихээд контор луу ороод ажлын журналаа хөтөлж ... байсан чинь гадаа нэлээд чимээ гарсан...” /1хх 120-121/, Ё.М- нь “...манай завсарчид очиж секц төмрүүдээ зөөж байгаарай гэж хэлээд явах үед нөгөө компанийн ажилчид зөөвөрлөх, өргөх ажиллагааг буруу хийснээс болж нэг нь унаж амиа алдсан байсан. Манай компанийн угсрагч, засварчин кранчин ажилтай Ц.Б-, Д.А- нар байсан. Уг хүмүүс кран угсрах гэж очсон...” /1хх 126-127/, Д.Б- нь “...би “ЦК” компанид 3 хоног ажиллахаар болоод 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөөнөөс эхлэн ажилласан ... “ЦК” компанийн байшин угсарч байсан 2 хүнээс секц төмрүүдийг хэрхэн яаж угсрах талаар асуухад “секц төмрүүдийг краны доор авч ирнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд бид ажилдаа орсон...” /1хх 137-138/ гэж тус тус мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил эхэлсэн 09 цагаас осол гарах хүртэл буюу 12 цагийн хооронд тухайн барилгын ажлын талбайд “ЦК” компанийн ажилтнуудаас хэн ч байгаагүй, зөвхөн “М” компанийн үндсэн ажилтнууд байх үед осол гарсан...” хэмээн буруу дүгнэснээс гадна, Ё.М-ыг цагаатгах болсон үндэслэлээ тусгахдаа зөвхөн “М” ХХК болон “ЦК” ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №18/08/27-1 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-нд тулгуурлаж, тухайн гэрээг түүнд ашигтайгаар тайлбарласан байх бөгөөд яллах дүгнэлтийн үндэслэл болгосон бусад нотлох баримтууд болох:
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05/092/14 дугаартай шинжээчийн “...13. “ЦК” ХХК-ийн ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах”, мөн зүйлийн 28.1.4-д “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж байна...” /2хх 226-230/ гэх,
- 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05-092/36 дугаартай шинжээчийн “...2. “ЦК” ХХК нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм /БД12-03-04/-ийн 4.6-д “Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн эд хөрөнгийг эзэмшигч байгууллага /хувь хүн/ хариуцна гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна.” гэж заасны дагуу авто краны ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааг бүрэн хариуцна. Тус байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдпагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д “ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” /3хх 1-3/ гэх дүгнэлтүүд,
- гэрч Д.Б-ын “...би “М” ХХК-ийг үүсгэн байгуулаад 26 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. “ЦК” ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусах ёстой байсан. Гэрээнд “...гүйцэтгэгч нь гэрээт ажилд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизм, ажиллах хүчний зардлыг хариуцна. Ажилчдын ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг бүрэн хангаж ажиллана. Захиалагчтай тохиролцож аюулгүй бүсийг тогтоосны үндсэн дээр ажлыг эхлүүлж гүйцэтгэнэ. Гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх явцдаа шаардлагатай сургалт зааварчилгааг зохион байгуулна...” гэж заасан. Мөн гэрээнд ороогүй нэг асуудал нь “ЦК” ХХК гэрээ байгуулахаасаа өмнө манайх ажилчдаа өгч тэдний ажилд туслуулна, харин ажиллагааны зааврыг тэднийг өгөхөөр болж амаар тохироод дараа нь бичгээр гэрээ байгуулсан. Тэрний дагуу краны секц зөөвөрлөх, газар шороо ухах ажилд манай ажилчид тусалж байсан ба тэдэнд ямар нэгэн зааварчилгаа өгсөн эсэхийг би мэдэхгүй...” /1хх 152-154/, Д.Б-ийн “...би “ЦК” компанид 3 хоног ажиллахаар болоод 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөөнөөс эхлэн ажилласан...” /1хх 137-138/ гэсэн мэдүүлэг зэргийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн ажиллагааг судлахад, шүүх хуралдааны тэмдэглэлийн 28 дахь талд шүүгдэгч Ц.О-ын хэлсэн үгийг дутуу тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагад, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуудасны дарааллыг алдагдуулж хавтаст хэрэг хавсаргасан нь мөн хуулийн 11.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шаардлагад, шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсгүүдэд шүүгдэгч Ц.О-ын нэрийг “Ц.Одхүү”, “Ц.Б-” гэх зэргээр алдаатай бичсэн нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн шаардлагад тус тус нийцээгүй байгааг буруутган тэмдэглэв.
2. “М” ХХК нь барилгын талбайд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулаагүй ба тухайн үед барилгын талбайд кран ажиллуулах үеийн зохион байгуулалтыг тогтоох, аюулгүй ажиллагааны журам хангуулахыг мэргэжлийн бус талбайн инженер Ц.О-т даалгахад тэрээр ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа өгч танилцуулаагүй, ЦКы секц төмрийг зөөвөрлөх ажиллагааг биечлэн удирдаагүй, мэргэжлийн оосорлогч, дохиочин Ү.Э-ийг эзгүй байх үед энэ ажлыг гүйцэтгэх ямар ч туршлагагүй туслах ажилтан Б.Д-ийг ажиллуулсан болох нь тус компанийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 77/1 дугаартай “Барилгын талбайд кран ажиллуулах үеийн зохион байгуулалтыг тогтоох, холбогдох ажилтнуудыг томилох тухай” тушаал /2хх 107/,
тус компанийн ажилтан Ц.О-ын “...миний ажил үүргийн хуваарьт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцах чиглэл байхгүй. Гэхдээ талбай дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байдал алдагдах юм бол би цаг тухайд нь чиглэл өгөөд алдаа дутагдлыг засуулдаг юм ...” /1хх 120-121/,
Б.Д-ийн “...амаар болон бичгээр хэн ч ямар ч зааварчилгаа өгөөгүй ... Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилга дээр хөдөлмөр хамгааллын инженер гэж байхгүй ... талбайн инженер Ц.О- л бид нарыг хариуцаж ажилладаг. Хааяа хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэсэн нэртэй улаан өнгийн дэвтэр дээрээ гарын үсэг зуруулдаг. Хэн хэн нь анх удаа тийм ажил хийсэн...” /1хх 134-135/,
- Ж.Түвшинтөгсийн “...барилгын ажлыг Ц.О- гэх инженер хариуцан ажиллаж байсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер гэж хүн байгаагүй...” /1хх 136/,
- Э.Чулуунгэрэлийн “...амаар болон бичгээр хэн ч надад зааварчилгаа өгөөгүй. Урьд нь хэд хэдэн удаа Ц.О- инженер аюулгүй ажиллагааны заавар өгч, гарын үсэг зуруулдаг байсан...” /1хх 130/,
- Ж.Алтангэрэлийн “...би аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны хувьд барилга мегастор төвд ажиллаж байгаа ажилтнуудад аюулгүй ажиллагааны журам танилцуулж өдөр болгон гарын үсэг зуруулж баталгаажуулж байгаа. Саяхан нисэхэд баригдаж буй барилга дээр болсон асуудлын хувьд гэвэл надад тус талбай дээр очиж аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнаар ажилла гэж огт хэлээгүй. Барилгын талбай дээр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байсан эсэхийг мэдэхгүй...” /1хх 147-148/,
- Ү.Э-ийн “...би 2007 оноос мужаанаар ажиллаж байгаад ... компанийн орон тооны дутмаг байдлаас болоод намайг дохиочин, оосорлогчоор томилсон. Талийгаач М.Д- осолд ордог өдөр би гадуур арматур төмөр аваад явж байсан. Намайг уг ажилд талбайн инженер Ц.О- явуулсан...” /1хх 157/ гэсэн мэдүүлгүүд,
- хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зааварчилгаа өгсөн эсэх талаар тэмдэглэл хийгдээгүй...” /1хх 39-110/ зэрэг баримтаар тодорхойлогддог.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг /Ажил олгогч дараах үүрэгтэй байна/-ийн 28.1.3-д “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-т “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж,
Монгол Улсын Олон Улсын гэрээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенц”-ийн IV дэх хэсэг /Байгууллагын түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ/-ийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч хяналтад нь буй ажлын байр, машин механизм, тоног төхөөрөмж болон ажлын үйл ажиллагааны аюулгүй байдал буюу эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг хэрэгжихүйц хэмжээнд хангана.” гэж тодорхой заасан байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл ажил олгогч “М” ХХК-ийн захирал Д.Б- нь хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өөрийн хариуцан барьж байгаа барилгын талбайд гарч болзошгүй аюул, эрсдэлийг урьдчилан тооцож, энэ талаар аюулгүй ажиллагааны журам сахин хангуулах арга хэмжээ аваагүй буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны асуудал хариуцсан мэргэжлийн ажилтанг томилон ажиллуулаагүйн гадна, тухайн ажлыг гүйцэтгэхэд мэргэжлийн бус ажилчидтай атлаа бус цөөн тооны бүрэлдэхүүнтэй ажиллуулж, сахилга хариуцлага сул ажилчдыг цааш ажиллах бололцоог бүрдүүлсэн эс үйлдэхүй нь барилгын талбайд хүний амь нас хохирсон үр дагавартай шалтгаант холбоотой эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалгүй орхигдуулж, түүнийг зөвхөн иргэний хариуцагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан нь буруу байна.
Нөгөөтэйгүүр, “М” ХХК болон “ЦК” ХХК-иуд нь хоорондын ажил, үүргийн хувиараа нарийн төлөвлөөгүй, 6.000.000 төгрөгийн зардлаар гүйцэтгэх ажлыг 4.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон техник хэрэгсэл, ажиллах хүч хэмнэх гэсэн зорилго нь эцэстээ осол гарах шалтгаан нөхцөл болжээ.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээрх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгүүлсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Б-, Ц.О-, Ё.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан гэм буруу, хууль хэрэглээ, эрүүгийн хариуцлага, хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар давж заалдсан гомдол, эсэргүүцлийг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурдаж, Д.Б-, Ц.О- нарын эрүүл мэнд, хувийн байдлыг харгалзан тэдгээрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/745 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-, Ц.О-, Ё.М- нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Д.Б-, Ц.О- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Ё.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН