Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0359

 

 

 

     Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.М*****

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: ““Э********” ХХК-ийн 2013, 2014 оны үйл ажиллагаанд хянат тавиагүй, ажлын байранд, ажлын цагаар гарсан үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хяналт тавиагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Г.М*******-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, шүүх хуралдааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г.М******-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э***** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**** нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрч, шүүх хуралдааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О.Ц*******-д олгосон итгэмжлэл болон хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/128 дугаар албан бичгээр П.Б*******-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.5.эвлэрэх;” гэж заасан эрхийг тусгайлан олгосон байна.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн гэж шүүх үзэв.

Талууд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа харилцан тохиролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулан, маргаанаа дуусгавар болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар Г.М*******-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд үүсэх үр дагаврыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дүгээр зүйлийн 68.1, 68.4-д заасныг тус тус баримтлан талуудын эвлэрлийг баталж, Г.М*****-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч Г.М*******-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН