| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/14 |
| Огноо | 2016-01-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/14
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хохирогч Б.Мөнхдалай
Шүүгдэгч Д.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуун мод овогт Д.М-д холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харьяат,
Шүүгдэгч Д.М-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Д.М-нь 2015 оны 10 дугаар сарын 29-30-ны хооронд Мөрөн сумын 4-23-10 тоотоос иргэн Н.А 90 000 төгрөгийн үнэ бүхий орчин үеийн дунд гарын мана хөөрөг, 150 000 төгрөгийн үнэ бүхий Д.М тоос сорогч, 800 000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эрэгтэй дээл, 500 000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй үстэй дээл, 400 000 төгрөгийн үнэ бүхий сэгсүүргэн дээл 2 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий үзүүрсэн дотортой дээл, 100 000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой майк зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 2 840 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 10-р сарын 29-ний өдөр 18 цагийн үед эрээн яндангийн тэр хавьд явж байгаад нэг айлд орсон. Тоос сорогч, 3 үстэй дээл авсан. Тэдгээрийг зарчихаад маргааш нь буюу 30-ны өдөр дахин орж үстэй дээл, хөөрөг, үстэй майк зэргийг авсан. Тэдгээрийг зарчихаад гэртээ түлээ аваад байж байтал цагдаа орж ирээд намайг барьж аваад цагдан хорьсон. Би хохирогчийн хохирлыг бүгдийг нь төлж барагдуулсан. Өөр надад үйлдсэн хэрэг байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10-р сарын 30-ны өдөр 15 цагийн үед хашаанаасаа гараад иртэл манай хашааны урд гудамжинд байдаг хадам дүү А.Н хойд хаалган дээр аксент маркийн машин зогсож байсан. Тэгээд би дотроо хадам ээж У.Г байшингаас юм авч хөдөө явуулж байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл жоохон сэжигтэй санагдаад очоод асуутал урд айлаас юм зөөж байна гэж хулгайч хэлсэн. Тэгээд би хашааны хаалгаар ороод байшинг хойноос нь тойроод урд нь гараад хартал цонх нь онгорхой байсан тэгээд буцаад гараад иртэл машин хөдлөөд явчихсан байсан. Манай дүүгийн гэрээс 90 000 төгрөгийн үнэ бүхий орчин үеийн дунд зэргийн мана хөөрөг, 150 000 төгрөгийн үнэ бүхий Д.Н маркийн тоос сорогч, 800 000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой эрэгтэй дээл, 500 000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй үстэй дээл, 400 000 төгрөгийн үнэ бүхий сэгсүүргэн дээл 2 ширхэг, 400 000 төгрөгийн үнэ бүхий үзүүрсэн дотортой дээл, 100 000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой майк зэрэг эд зүйл алдагдсан. 5 ширхэг үстэй дээл, тоос сорогч зэргийг хүлээн авсан. Хурган майк болон хөөргийг нэхэмжилнэ гэх /хх-ийн 15-17-р хуудас/,
гэрч Д.Ч мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10-р сарын 29-ний өглөөний 11-12 цагийн үед М.Ц манай гэрт ирээд үстэй дээл авах уу гэхээр авъя гэхэд гадаанаас нэг үстэй дээл, тоос сорогч авч ирсэн. Үстэй дээлийг 5 000 төгрөг, нокио маркийн гар утас өгч, тоос сорогчийг 25 000 төгрөг өгч авсан. Маргааш нь залгаад үстэй дээл авах уу гэхээр нь авъя гэтэл үстэй дээл авчирхаар нь 10 000 төгрөгөөр худалдаж авсан. 2013 онд М.Ц өөрийнхө хашаа, байшин, машинаа зараад юу ч үгүй үлдсэн. Тэгээд дахиад эд хөрөнгөө зараад явж байгаа юм байх гэж бодсон. Манай дүү А.Р 30 000 төгрөгөөр үстэй дээл зарсан. Би М.Цын эхнэрээс 40 000 төгрөг авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 21-р хуудас/,
гэрч З.Т мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10-р сарын 29-ний өдрийн 13-14 цагийн үед зах дээр контейнертээ байж байхад үл таних залуу ирээд хөөрөг зарна авах уу гэхээр нь хартал орчин үеийн жижиг бор өнгийн манан хөөрөг байсан. Тэр хөөргийг таксинд явж байгаад үйлчилгээний хөлсөнд 15 000 төгрөгөөр авсан юм энэ үнэнд зарна гэж хэлж байсан. Би аваагүй. Тэр хөөргийг тэр хавьд үл таних хүнд зарчихаад явчих шиг болсон. Тэгээд нэг их удалгүй 2 ширхэг эмэгтэй, эрэгтэй хурган дотортой дээл даавуунд боочихсон авахуу гэхээр нь би 70 000 төгрөгөөр худалдаж авсан. Би М.Ц-ын эхнэрээс 100 000 төгрөг авчихсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх /хх-ийн 26-27-р хуудас/ мэдуүлгүуд,
гэрч М.А мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 14-р хуудас/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-12-р хуудас/, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 31-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.М-д холбогдуулан 2014 оны 11- р сарын 07-ний өдөр Мөрөн сумын 3-16-13 тоотоос иргэн Б.М эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 42 инчийн Ю маркийн зурагт хулгайлсан гэх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М "Би Өмнөговь аймагт ажпаар явж байгаад 2014.11,07-ний өдөр Мөрөн сумын 3-16-13 тоот гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож хөшигдөж эвдэрсэн байсан ...хүү Т.Р гэрээ хааяа эргэж тойрдог байсан хамгийн сүүлд 2014.11,01-ний өдөр гэрээ эргэхэд эд зүйл бүрэн зүгээр байсан гэсэн" гэх мэдүүлэг, гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "Манай гэрээс суурин комьпютер 2014 оны 10 дугаар сарын дундуур алдагдсан. Түүнээс 1 сарын өмнө Д.Мнь зурагт тэвэрчихсэн зарна гээд явж байсан. Тиймээс би М.Ц зурагт тэвэрчихсэн явж байсан юм чинь манай комьпютерыг авсан байж магадгүй гэж бодоод цагдаад хэлсэн" гэх мэдүүлгүүдээс иргэн Б.М гэрээс зурагт алдагдсан цаг хугацаа нь зөрүүтэйгээс гадна хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 106-р хуудсан дахь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-нь хохирогч Н.А учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э мөрдөн байцаалтад өгсөн "5 ширхэг үстэй дээл, тоос сорогч зэргийг хүлээн авсан" гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн өгсөн хурган дотортой майк, орчин үеийн манан хөрөгний үнэ 190 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э.С-ийн *******8 тоо данс руу шилжүүлсэн тухай Хаан банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаадлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч М.Ц-ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.М-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т.Р болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.