| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/15 |
| Огноо | 2016-01-11 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.П-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Д.П нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Тг хардсаны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.П нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Д.Т-г зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.П-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "...Би найзуудтайгаа архи ууж Д.Т-г хардсанаас болж ийм хэрэг үйлдсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг
Хохирогч Д.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...П.Ж намайг алгадаж унагаагаад өшиглөсөн. Тэгээд зодуулж байхад цагдаа ирсэн. Миний нүүррүү нэг алгадсан. Тэгээд миний зүүн талын хавирга орчим өшиглөхөд би газар унасан. Газар унаад босч ирэхэд богино сүүлрүү нэг өшиглөсөн...Одоо надад ямар нэгэн гомол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...П.Ж надад ярихдаа би Т-Өтэй маргалдаад түүнийг хардсанаасаа болоод зодож цохисон гэж ярьж байсан. Түүнээс өөр ямар нэгэн зүйл надад яриагүй..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хот тохижилтын байрны урд талд хоёр хүн зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн газарт суучихсан байдалтай тэвэрэлдчихсэн сууж байсан. Очоод юу болсон юм бэ? гэхэд зүгээр сууж байна гэсэн. П.Ж гэх залуу согтуу байсан учир эрүүлжүүлсэн. Тэгээд дараагийнхаа дуудлага руу явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө манай төрсөн дүү болох Т-Ө нь үерхэж байгаа найз залуу болох П.Жид гудамжинд зодуулж байхад нь хүн хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Маргааш нь мэс заслын тасагт хэвтүүлсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Н-ын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 617 дугаартай дүгнэлтэд:
1. Т-Ө-гийн биед ахар сүүлний хугарал, хоёр хавирганы хугарал, уруулд шарх, баруун, зүүн зовхи, гуя шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх ахар сүүлний хугарал, хоёр хавирганы хугарал бүхий гэмтэл нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь хохирогчтой 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Жийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Д.П-ийн тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР