| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/24 |
| Огноо | 2016-01-12 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2016/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Барнууд овогт Г.Э-д холбогдох ******** дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харьяат,
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1- т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Э нь согтуугаар 2015 оны 12-р сарын 01-02-нд шилжих шөнө Мөрөн сумын 8-р багт байрлах "********" зочид буудлын өрөөнөөс иргэн М.С-ын гар утсыг хулгайлан авч 250 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч Г.Э-ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2015 оны 12-р сарын 01-ний өдөр 12 цагийн үед би найз Г.й цуг Мөрөн сумын 8-р багт байрлах *********зочид буудалд орсон. Ороод хоёр давхарт нойлын цаад талын өрөөнд орсон. Тэндээ бид хоёр дэлгүүрээс авсан гурван ширхэг 2,5 литртэй пивоны хоёрыг нь уусан. Тэгээд нойлд орж байгаад нэг танихгүй залуутай танилцаад манай өрөөнд бид гурав үлдсэн нэг пивоо уусан. Тэгж байгаад бид гурав гадуур гараад захиргааны хажуугаар юм ярьж алхаж байгаад Э.С нэртэй бүжгийн газарт 19 цагийн үед орсон тэндээ бааранд нь сууж байгаад пиво ууцгаасан 23 цагийн үед гараад буцаад буудалдаа ирсэн. Бид гурав дэлгүүрээс дахин 2,5 литрийн хоёр пиво авч ороод гурвуулаа манай өрөөнд уусан. Пивоо ууж байгаад би согтоод унтаад өгчихсөн, нөгөө хоёр юм яриад суугаад үлдсэн. Тэгээд шөнө сэрэхэд би өрөөндөө ганцаараа унтаж байсан тэгэхээр нь би нойл орчхоод Гарьдмагнайг нөгөө танилцсан залуугийн өрөөнд байгаа юм болов уу гээд ороход нөгөө танилцсан залуу ганцаараа орон дээрээ унтаж байсан. Утсаа хажуудаа тавьсан байхаар нь алга болчхож магадгүй гээд утсыг нь аваад өрөөндөө ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад нөгөө залуу орж ирээд утсаа алдчихлаа цагдаа дуудсан камер шүүж байна гэхээр нь би сандарсандаа утсыг чинь хараагүй би аваагүй мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нөгөө танилцсан залуу нар орж ирээд цагдаа нь энэ залуу утсаа алдсан байна өрөө рүү нь чиний орсон камерын бичлэг байна гэхээр нь би нөгөө залуугийн хажуугаас авсан утсаа цагдаад гаргаж өгсөн гэх,
хохирогч М.С хэрэг бүртгэлтэд өгсөн: ,Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Мөрөн суманд ажпаар ирчхээд 2015 оны 12-р сарын 11 -ний өдөр 20 цагийн үед Мөрөн сумын 8-р багтбайрлах ******* зочид буудалд орж амарсан. Би унтахдаа гэрлээ унтраагаад хаалгаа түгжээд унтсан. Тэгсэн чинь шөнө буудлын ресипшин нь хүмүүстэй орж ирчхээд өө нээрээ энд хүн байгаа шдээ гээд гарсан. Гарахдаа үүд түгжээгүй онгорхой хаяад явчихсан байсан. Тэгээд унтаж байгаад шөнө 4 цаг 40 минутын үед сэрээд ямар нэг юм алга болчихсон юм шиг санагдахаар нь юмаа бүртгэж үзэхэд миний дэрэн доор байсан гар утас маань алга болчихсон байсан тэгэхээр нь үүдний ресипшинд нь очиж миний утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би өөрөө цагдаа дээр ирж утсаа алдсан талаар дуудлага өгсөн. Цагдаа очоод буудлын камерыг ресипшин, цагдаа, бид гурав шүүж үзсэн. Тэгсэн камер дээр шөнө 3 цаг 30 минутын үед 3 номерт амарч байсан нэг залуу манай өрөө рүү ороод нэг минут орчим болоод гарч ирээд өөрийнхөө өрөө рүү орчихсон бичлэг харагдаж байсан. Тэгээд 3 номерт байсан залууг сэжиглээд орж уулзахад нэг залуу орон дээр ганцаараа унтаж байсан. Би дуудаад би утсаа алдчихлаа чи авсан бол гаргаад өгчих тэгвэл сайн байна гэхэд тэр залуу юу яриад байгаа юм юун утас гээд би аваагүй мэдэхгүй гээд байсан. Цагдаа 3 номерт ороод тэр залууг босоод ир чи утас хулгайлсан байна гаргаад ир гэхэд надад байхгүй би аваагүй гэж тэр хэлсэн. Тэгэхээр нь цагдаа чи л авсан байна
би чамайг нэгжиж үзэх үү гэхэд тэр залуу миний алдсан утсыг бандажин дотроосоо гаргаж ирсэн. Миний алдсан утас мөн байсан тэр утсыг нь цагдаа хурааж авсан гэх /хх-ийн 6-7-р хуудас/,
гэрч Д.С хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2015 оны 12-р сарын 02-ны өдөр би цагдаагийн газар дээр албан үүргээ гүйцэтгэж байхад өглөө 5 цагт М.С гэдэг хүн өөрийн биеэр цагдаа дээр ирж Мөрөн сумын *** багт байрлах ******* зочид буудалд амарч байгаад гар утсаа алдчихлаа гэсэн дуудлага өгсөн. ******* зочид буудалд очоод буудлын жижүүр, утсаа алдсан хүнтэй гурвуулаа буудлын камерын бичлэгийг шүүж үзсэн. Утсаа алдсан гэх залуугийн өрөө рүү хоёр давхрын 3 номерт амарч байсан хүн шөнө 3 цаг 40 минутын үед 5 номерын өрөө рүү ороод нэг минут болоод буцаж гараад өөрийнхөө өрөөнд ороод үүдээ түгжсэн бичлэг харагдсан. Тэгэхээр нь 3 номерын өрөөнд орж тэр өрөөнд унтаж байсан залуутай уулзаад та өөр өрөөнөөс утас хулгай хийсэн үү гэхэд тэр залуу би утас аваагүй хулгай хийгээгүй гэхээр нь би таны утас алга болсон өрөөнд орсон бичлэг харагдаж байна гэхэд нөгөө залуу дотуур өмднөөсөө гар утас гаргаж ирсэн гэх /хх-ийн 8-р хуудас/,
гэрч Г.Н хэрэг бүртгэлтэд өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө буудал дээр ээлжинд гарч хоносон. Тэгсэн 5 номерт хонож байсан эрэгтэй хүн өглөө 04 цагийн үед над дээр ирээд 5 номерт унтаж байгаад өрөөнөөсөө гар утсаа алдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна би ямар ч байсан буудалд байгаа хүмүүсийг гаргахгүй байж байя та цагдаад хэл гэсэн. Тэр залуу гараад явсан эргээд цагдаа дагуулаад ирсэн. Тэгээд бид гурав буудлын камерын бичлэгийг шүүж үзэхэд 3 номерт амарч байсан эрэгтэй хүн шөнө 03 цаг өнгөрч байхад утас алга болсон 5 номерын өрөө рүү орчхоод өөрийнхөө 3 номерт буцаад орж байгаа бичлэг байсан. Дараа нь ирсэн цагдаа 3 номерын өрөөнд амарч байсан залуутай уулзаад алдагдсан гар утсыг нь хурааж авч байх шиг байсан. Тэгээд утсаа алдсан хүн болон 3 номерт байсан залууг цагдаа руу аваад явсан гэх /хх-ийн 9-р хуудас/ мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 19-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэргийн 4-р хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн "2015 оны 12-р сарын 02- ны өдрийн 8 цаг 30 минутад Г.Э-ээс хураан авсан хар ангийн ******маркийн гар утсыг М.С хүлээлгэн өгөв" тэмдэглэлээр гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Г.Э-т ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтайд тооцох хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч Г.Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 3 /гурав/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор гомдол бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ