| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01405/и |
| Дугаар | 155/ШШ2017/00079 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2017/00079
| 2017 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2017/00079 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Green Gold төвд зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 17-16 б тоотод оршин суух Агарын Хайрхан овогт Мя....н Б /РХ............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Онцгой байдлын газарт салаан дарга ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 27-10 тоотод оршин суух Хайран овогт А. Э /РЭ........../-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, хариуцагч А.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ө.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.Этай 2011 онд танилцаад үерхэж байгаад 2012 оны 6 дугаар сарын 30-нд хүү Бг төрүүлсэн. Бид хоёр тусдаа гарч амьдраагүй хоёр гэрээрээ ирж очин амьдардаг байсан. Олон удаа салж нийлж байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул шүүхэд хандсан юм. Гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүү Бг эцгээр нь овоглож төрсний гэрчилгээ авсан байгаа болно.
Иймд хүү Бд эцэг А.Эаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хамт амьдрах хугацаанд бид хоёрын дундаас хүү Бтөрсөн нь үнэн ба миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байхдаа хүүгээ би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Харин хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Учир нь. Бын цалин хөлс бага, хүү маань надтай өссөн ба өглөө цэцэрлэгт хүргэж өгөхгүй, орой цагтаа хүүхдээ авахгүй байгаа тул өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Хэрэв хүүг маань эхэд нь өгвөл хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч А.Этай хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас хүү Б төрсөн болох нь Тухайлбал:
Нэхэмжлэгч М.Бын: ....би А.Этай 2011 онд танилцаад үерхэж байгаад 2012 оны 6 дугаар сарын 30-нд хүү Бг төрүүлсэн.... гэх, Хариуцагч А.Эын: ....бид хоёрын дундаас хүү Бтөрсөн нь үнэн ба миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй.... гэх тайлбар,
2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Хайрхан овогт Эын Б/РЮ-12263015/-гийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өрхийн эмчийн тодорхойлолт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин хариуцагч А.Эын: ....хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Учир нь. Бын цалин хөлс бага, хүү маань надтай өссөн ба өглөө цэцэрлэгт хүргэж өгөхгүй, орой цагтаа хүүхдээ авахгүй байгаа тул өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна.... гэх тайлбар мэдүүлэг өгч байх боловч, түүний шүүхэд гаргаж өгсөн цалингийн карт, Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын ам бүл 2 ээжийн хамт амьдардаг гэх тодорхойлолтоор хүүхдийг нь түүнд өгөх үндэслэл тогтоогдохгүй ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хүүхдээ авна гэдгээ нотлож чадахгүй байна.
Иймд хүүхдийн нас, эхийн халамж, Мөрөн сумын хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, Мөрөн сумын Эрхэл 12 дугаар багийн Засаг даргын М.Б нь хүү Бгийн хамт амьдардаг гэх тодорхойлолт зэргээс дүгнэж хүү Бг эхийн асрамжинд үлдээж, эцэг А.Эаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Бг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч А.Эаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг байгаагаас 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн 5 настай хүү Бг 11 нас хүртэлх насны хүүхдэд 167.200 төгрөгний 50 хувь буюу 83.600 төгрөгийг 1 жилд тооцоход 1.003.200 төгрөг байх ба үүний улсын тэмдэгтийн хураамж болох 28.626 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Хайрхан овогт Э 5/-г эх Агарын Хайрхан овогт М /-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Э 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Бд сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Б нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Эаас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 28.626 /хорин найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Ц даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ