| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0496/З |
| Дугаар | 128/ШШ2022/0432 |
| Огноо | 2022-06-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2022/0432
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү****-ийн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******-т холбогдуулан гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар дүгнэлттэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү**** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц****** нь Холбогдогч Т.Ч****** Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны замд 1 ширхэг тарвагыг худалдахыг завдсан гэх МХ-12 дугаарт бүртгэсэн зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Ч*****-д 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 0049*** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн материалыг шалгалтаар хянав.
Материалыг хянахад эрх бүхий албан тушаалтан нь зөрчил үйлдэхэд ашигласан 1 ширхэг тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн талаар шийтгэлийн хуудсандаа тусгалгүй орхигдуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсанд тавигдах шаардлагыг зөрчсөн байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Г.Ц*****-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0049**** дугаар шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь заалтад зөрчил үйлдэхэд ашигласан 1 ширхэг тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц****** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас танай байгууллагад хүргүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар прокурорын дүгнэлтэд дурдагдсан холбогдогч иргэн Т.Ч******-ийн хэрэгт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Ч******-д 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 0049526 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Тус шийтгэлийг оногдуулахдаа шийтгэлийн хуудасны эхний хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан гэж бичсэн бөгөөд шийтгэлийн хуудасны дунд албадлагын арга хэмжээг бичилгүй орхигдуулсан байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү*****-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*****-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0049*** дугаар шийдвэрийн шийдвэрлэх нь хэсгийн 5 дахь заалтад зөрчил үйлдэхэд ашигласан 1 ширхэг тарвагыг хураан авч, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэх гэсэн өөрчлөлт оруулах тухай 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц**** хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
Учир нь холбогдогч Т.Ч****** нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 300,000 төгрөг, хохирол, нөхөн төлбөрийн 340,000 төгрөг, нийт 640,000 төгрөгийг төлсөн бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц******* нь шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Т.Ч*****-ийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц*****-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү******-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц****** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц********-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0049*** дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ү****-ийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 92 дугаар дүгнэлтийг хариуцагч Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Г.Ц****** зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.М****-д даалгасугай.
4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН