Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/157

 

С.А-ид холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.А-,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/1986 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2006 00058 2591 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             С.А-, 1991 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            С.А- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” зочид буудалд Б.А-ийн эзэмшлийн монетон бөгж, “Samsung S5” загварын гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 853.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 653.260 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д олгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж мэдүүлэгт тусгасан нь үндэслэлгүй. Би тухайн үед айж сандраад мэдүүлэг өгсөн. Ийм үйл явдал болоогүй. Б.А- гэдэг хүнийг би сайн танихгүй. Тэр хүн намайг гүтгэж байна. Тухайн үед алдагдсан гэх эд зүйл түүнд байсан талаар баримт нотолгоо байхгүй. Хүний хэлсэн үгээр хэрэг шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Мөн хэргийг шийдвэрлэх явцад миний бие жирэмсэн, биеийн байдал хүнд байсан учир энэ мэт тайлбар, мэдүүлэг өгч явах ч боломжгүй байсан. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотлох шаардлагатай зүйлийг бүрэн тогтоогоогүй, зөвхөн нэг талын мэдүүлэгт үндэслэсэнд гомдолтой байна. Одоогоор би 3 сартай хүүхэдтэй. Хүнээс аваагүй мөнгөө төлж чадахгүй. “Дамно” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж эсхүл намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар С.А- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.А-тэй уулзаж тухайн зочид буудалд орсон болох нь нотлогдсон. Хохирогч Б.А-д хууль сануулж мэдүүлэг авахад монетон бөгж, “Samsung S5” загварын гар утас, бэлэн 60.000 төгрөг алдагдсан талаар мэдүүлдэг. Улмаар “Дамно” ХХК-иар алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд нийт 853.260 төгрөг болсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч С.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 200.000 төгрөгийг хохиролд төлсөн байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үлдэх хохирол дээрээ тохиролцсон талаар мэдүүлдэг. Гэвч анхан шатны шүүх улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгч С.А-аас 653.260 төгрөгийг гаргуулан хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

С.А- нь 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” зочид буудалд Б.А-ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүний эзэмшлийн монетон бөгж, “Samsung S5” загварын гар утас, бэлэн 60.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 853.260 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.А- нь “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зүс таних Алтанзул гэдэг хүүхэн над руу утсаар 891306** дугаарын утсаар залгаад “уулзъя” гэсэн. Тэгээд уулзаад байж байтал “маргааш 12 цаг хүртэл байх газар хэрэгтэй байна” гээд байхаар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” зочид буудлын 204 тоот өрөөнд орой 21 цагийн үед орсон. Бид хоёр 2 шил пиво уугаад би ямар ч ухаан мэдрэлгүй унтаад өгсөн байсан. Шөнийн 01 цагийн үед сэртэл нөгөө Алтанзул гэдэг хүүхэн байхгүй, миний баруун гарын дунд хуруунд байсан монетон бөгж, “Samsung S5” загварын гар утас, халаасанд байсан 60.000 төгрөгийг аваад явсан байсан. ... бөгжний тухайд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 680.000 төгрөгөөр худалдан авч байсан, 585 сорьцтой, 6,87 гр жинтэй, ... харин гар утасны тухайд мөн өдрөө “4G” худалдааны төвөөс 120.000 төгрөгөөр худалдаж авсан.  ...” гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдал, эх сурвалжийн талаар тодорхой мэдүүлсэн /хх-ийн 19-20, 21/ бөгөөд түүний мэдүүлэг нь:

- шүүгдэгч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийн зарим хэсгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн болохоо мэдүүлсэн /хх-ийн 84-85, 107-108/ мэдүүлгүүд,

- гэмт хэрэг гарсан газар буюу Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” зочид буудал руу хохирогч, шүүгдэгч нарын орж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39/,

- алдагдсан эд хөрөнгө болох монетон бөгж, гар утас зэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдан авч байсан талаарх баримтууд /хх-ийн 40-41/,

- алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 70/,

- хохирогчтой холбогддог байсан гэх 891306** дугаарын хэрэглэгчээр 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс С.А- бүртгүүлсэн болохыг тодорхойлсон “Unitel ХХК-ийн албан бичиг зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч С.А- гаргасан давж заалдах гомдолдоо “...би тухайн үед айж сандраад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн. Б.А- намайг гүтгэж байна. Алдагдсан гэх эд зүйл нь түүнд байсан болохыг нотолсон баримт байхгүй. “Дамно” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” хэмээн маргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч С.А- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийн зарим хэсгийг мөнгөн хэлбэрээр төлсөн, үлдэх хэсгийг цаашид нөхөн төлөхөө илэрхийлж мэдүүлсэн байх ба түүнийг ийнхүү мэдүүлэхэд нь аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлсөн, хуулиар хамгаалагдсан эрхийг нь хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг шүүгдэгч С.А-ид танилцуулахад /хх-ийн 29/ түүнтэй холбогдуулан тодорхой санал, хүсэлт гаргаагүй бөгөөд хохирогч Б.А- нь өөрийн алдсан эд хөрөнгийн эх сурвалжийг заах зорилгоор монетон бөгж, гар утас зэргийг худалдан авч байсныг нотолсон баримтаа эх хувиар нь гарган өгсөн /хх-ийн 40-41/-өөс гадна, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “...01 цагийн үед монетон бөгж 1 ширхэг, “Samsung S5” загварын гар утас зэрэг эд зүйлсийг алдсан...” /хх-ийн 16/, “Сансар” зочид буудлын ресепшн гэрч У.Булганцэцэгийн мэдүүлэгт “...залуугийн гарт бөгж байсан...” /хх-ийн 24-25/ талаар тусгагдсан байна.

Иймээс гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар маргасан түүний давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүхээс түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай нийцэж, тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангана.

Шүүгдэгч С.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирлын хэр хэмжээ бага, хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд хуульд заасан хүндрүүлэх шинжийг агуулаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлснээс гадна, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны буюу 0 насны хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч С.А-ид тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, доод хэмжээг оногдуулах болсон шалтгаан үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлагад нийцэхгүй тул давж заалдах шатны шүүх дээрх байдлаар нөхөн дүгнэсэн болно.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ийн “...хэргийг прокурорт буцааж эсхүл цагаатгаж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх яллагдагчийн шүүхэд шилжүүлэх тухай шийдвэртээ шүүгдэгч С.А-ид холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр товлон явуулах /хх-ийн 99/-аар тусгасан атлаа 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгааг дурдаж, хойшид ийм хайнга алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/1986 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН