| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/03700/И |
| Дугаар | 184/ШШ2021/01234 |
| Огноо | 2021-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 184/ШШ2021/01234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 67 дугаар байр, 208 тоот хаягт оршин суух, Х овогт Г.Б /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 131/1 дүгээр байр, 22 тоот хаягт оршин суух, Сахлаг цагаан хариад овогт Ш.Э /РД:..../-т холбогдох,
57,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 35,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Б нь 2017 оны 01 сараас Сандэй худалдааны төвийн 6 давхрын Ш.Эын өмчлөлийн 6022 тоот гутлын лангууг нэг сарын 400,000 төгрөгийн төлбөртэйгөөр түрээсэлж, сар сард нь түрээсийг нь өгөөд явж байсан ба 2017 оны 03 сарын 09-ний өдөр түрээсийн төлбөрийг нэг сарын 500,000 төгрөг болгож, хагас жилээр бөөнд нь авна гэхэд нотариат орж дахиж түрээсийн гэрээ шинээр хийж 06 сарын буюу 2017 оны 03 сарын 15-ны өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг түүнд бэлнээр өгсөн. Дээрх өдрөөс хойш нэг сарын дараа Ш.Э нь 6022 тоот лангууг 30,000,000 төгрөгөөр зарах боллоо. Солонгосоос ирж байгаа манай дүү авна гээд байна, та нар авах бол ХААН банкны барьцаанд байгаа учраас чөлөөлөөд ав, эсвэл суллаж өг гэж хэлсэн. Ш.Эыг ингэж хэлэхээр нь Сандэй худалдааны төвийн баруун талд байдаг Намъяанжүгийн Хаан банкны эдийн засагч н.Мөнхзаяа гэж хүнтэй очиж уулзан Сандэй худалдааны төвийн 6 дугаар давхарт 30,000,000 төгрөгөөр лангуу авах гэсэн юм, урьдчилгаа 30 хувь төлөөд банкны зээлээр авах хүсэлтэй, энэ лангууны гэрчилгээ танай банкны барьцаанд байгаа юу, судлаад өгөөч гэхэд манай банкны барьцаанд байгаа, таныг судалъя, ийм бичиг баримтууд бүрдүүлээд ир гээд бүрдүүлэх материалын жагсаалт өгсөн. Ш.Э надад банкны зээл хөөцөлдөх боломж олгохгүй, хурдан авбал ав гэхэд би хажуу лангуунд гутлын худалдаа хийдэг н.Алтантогос гэдэг эгчээс энэ лангууг 30,000,000 төгрөгөөр зарна гээд байна. Та мөнгө хүүтэй зээлэх үү гэж тэр үед асууж байсан. 2017 оны 04 сарын 18-ны өдөр Ш.Эын гэрийн ойролцоо буюу Москва хорооллын нэг кафед уулзаж жаахан хямдруулаач гэхэд 1 сая төгрөг буулгаж 29,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон юм. Банк судлах хугацаа олгохгүй яаруулаад байхаар нь мөнгө зээлэх хүн хайж, нутгийн ахаас гуйж нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг дансаар, 19,000,000 төгрөгийг бэлнээр гээд нийт 26,000,000 төгрөг зээлж авсан. Өмнө нь буюу 2017 оны 03 сарын 09-ний өдөр өгсөн 06 сарын түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн 3,000,000 төгрөг дээр нэмж хүнээс зээлсэн 26,000,000 төгрөгөө нэмээд 29,000,000 төгрөг болгоод 2017 оны 04 сарын 19-ний өдөр Хаан банк орж Ш.Эын зээлийг Г.Б өөрийн данснаас 21,782,764 төгрөгөөр хааж, лангууны гэрчилгээг суллаад, 4,217,000 төгрөгийг бэлнээр өгч, гүйлгээний утга дээр ...5,8 м.кв лангуу авах... гээд нийт 26,000,000 төгрөгийг уг банканд өөрийн данснаас гаргаад зээл чөлөөлсөн юм. Хаан банкны төлбөрийн баримт, лангууны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аваад, хамгийн ойрхон байсан Сандэй худалдааны төвийн өөдөөс харсан байрны нотариат орсон. Ш.Эыг хамт ороод худалдах, худалдан авах гэрээ хийе гэтэл нотариатч чи энэ 29,65 м.кв лангуунаас хэдийг нь авах юм, 5,8 м.кв талбайг авах гэрчилгээ, зураг нь хаана байна гэсэн. Тийм зураг байхгүй гэж хэлэхэд би өөрөө зураад батлаад өгье гэж нотариатч хэлсэн. Тэгэхэд нь Ш.Э нь тийм юм байхгүй, нэг сантиметр дээр ч хүмүүс хэл ам хийдэг. Надад зураг зурдаг хүн байгаа гэж хэлээд уурлаад гарч яваад утсаа салгаад алга болсон. Тэр даруй Г.Б нөхөртэйгөө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст очиж Ш.Э лангуу худалдана гэж зээлээ төлүүлчхээд алга боллоо, биднийг залилсан гээд өргөдөл бичиж өгсөн. Энэ өдрөөс хойш Ш.Э нь утсаа огт авахгүй, зурвас бичихээр хариу байхгүй болохоор нь хурдан гэрээгээ хийе гэж шаардлага удаа дараа гаргасан. Цагдаагаас шалгаад хяналтын, дүүргийн, нийслэлийн прокуророос иргэний маргаан байна гэж үзэж Г.Бийн гомдлыг хэрэгсэхгүй болгож байсан ч Улсын ерөнхий прокурорын газарт эрүүгийн хэрэг үүсгээч, намайг залилаад байна гэсэн хүсэлтийнх нь хариуд ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар прокурорын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 1/1181 тоот тогтоолоор өмнөх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолуудыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Баянзүрх дүүргийн прокурорын газар шилжүүлсэн тухай бичиг надад өгсөн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 3 прокурор, 5 мөрдөгч солигдон ажилласан ба 3 удаа 6022 тоот лангуунд хэмжилт хийсэн. Эхлээд Г.Б нөхөртэйгөө ер нь яг хэдэн м.кв вэ гэж хэмжүүлэхэд 5,74 м.кв гэж хэмжсэн ба тусгай зөвшөөрөлтэй, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг албан ёсны компаниар хэмжүүлсэн болно. Дараа нь Ш.Э нэг компаниар хэмжүүлж 8,56 м.кв гэж хэмжүүлсэн бол тухайн үед хэрэг хариуцаж байсан хошууч шинжээч томилж хэмжүүлэхэд 3,42 м.кв лангуу байна гэж гаргаж ирсэн. Ш.Э анхнаасаа лангуугаа зарах бодолгүй байсан. Яг өөдөөс харсан манай өөрийн эзэмшлийн 6020 тоот лангуу байдаг бөгөөд голдоо нэг худалдагч аваад 2 лангуун дээр бараа тавиад зарахад маш ашигтай гэж намайг ятгаж байсан нь анхнаасаа лангуугаа зарах бодолгүй, зээлээ надаар чөлөөлүүлж, гэрчилгээгээ суллуулаад сар бүр зээл төлөхгүй, 3 жилийн хугацаанд сэтгэл амар явж байгаа нь нотлогдож байна. Миний хүнээс зээлсэн мөнгөөр гэрчилгээгээ суллуулаад одоо 5 ширхэг гэрчилгээ болгоод хүмүүст түрээсэлж ашиг олоод байгаа нь үндэслэлгүй юм. 2017 онд Ш.Э худалдаа наймаа хийдэггүй. Дансаар мөнгө оруулж гаргадаггүй. Шийдвэр гүйцэтгэл дээр данс нь битүүмжлэгдсэн хүн байдаг байсан ба лангуун дээр банкны эдийн засагч нар ирж ийм нэртэй хүн суудаг уу, зээлээ төлөхгүй алга боллоо гэж их ирдэг байсан. Энэ нь Ш.Э өөрийн лангуугаа ашиглаж банк, санхүүгийн байгууллагыг хуурч хуурамч орлогын нотолгоо бэлдэж ямар ч бизнес хийдэггүй хүмүүст хар данс, гэрээ байгуулдаг болж таарсан. Энэ бас л залилан хийж мөнгө олдог гэдгийг нь нотолж байгаа болно. Ш.Эт холбогдуулан гаргасан эрүүгийн гомдлыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 5/1699 тоот хариу, Баянзүрх дүүргийн ерөнхий прокурорын 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 4/61 тоот гомдлын хариу, Улсын ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс тус тус татгалзаж шийдвэрлэсэн. Одоо хариуцагчаас лангуу худалдан авахаар шилжүүлсэн 29,000,000 төгрөг, Б.Батзоригоос зээлсэн 26,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрт нийт 28,000,000 төгрөг, лангуу хэмжүүлэхэд гарсан зардал 200,000 төгрөг, нийт 57,200,000 төгрөгийг Ш.Эаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Сандэй худалдааны төвийн 6 дугаар давхарт 5 лангуу эзэмшдэг. Нэгийг нь Г.Бд түрээслүүлж байсан. Г.Б надаас худалдаж авмаар байна гэж гуйсан. Түүний дагуу би худалдахаар тохиролцсон. Нэг м.кв талбайн үнийг 2,500 ам доллароор худалдахаар тохиролцсон. Миний лангууны хэмжээ 8,30 м.кв гэж хэлсэн. Тэгээд тохиролцсон. Чи авна гэвэл бэлэн мөнгөөр ав гэж би хэлсэн. Бэлэн мөнгөөр авна гэж л хэлсэн. Банкны барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан. Эхлээд нотариат дээр очтол нотариатч худалдах, худалдан авах гэрээ хийхгүй. Заавал үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байх ёстой гэсэн. Ингээд Намъяанжүгийн тэнд байдаг Хаан банк дээр очоод миний зээлийн үлдэгдэл 26,000,000 төгрөгийн зээлийг хаагаад үл хөдлөхийн гэрчилгээгээ аваад нотариат дээр очсон. Лангуугаа зарах гэж байгаа юм гэж хэлэхэд 29,65 м.кв лангууныхаа хэдэн м.кв хэмжээтэйг нь зарах юм бэ гэж асуусан. Би 8,30 м.кв-ыгаа 1 м.кв талбайг нь 2,500 доллароор зарна гэж хэлсэн. Гэтэл Г.Б 8,30 м.кв хүрэхгүй. Үсрээд 4 м.кв хэмжээтэй гэж хэлсэн. Миний 8,30 м.кв хэмжээтэй лангууг 4 м.кв-аар тооцож авна гэвэл би өгөхгүй, больё гэсэн. 8,30 м.кв-аар авбал ав, тал мөнгөө өгөөд дараа нь тал мөнгөө өгвөл өгч болно гэж би хэлсэн. Гэтэл та битгий худлаа яриад бай. Тэр чинь 4 м.кв талбайтай гэж хэлэхээр нь тэгвэл больё гэж хэлээд салцгаасан. Түүнээс 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй. Дараа нь над руу янз бүрийн зурвас бичээд байсан. Би уншиж чаддаггүй. Тэгээд миний хууль ёсны өмчийг дураараа хэмжээд 4,5 м.кв гэж гаргаад байсан. Би 8,30 м.кв-аар л авбал ав гэхээр, үгүй 4 м.кв-аар авна гээд байдаг. Би цагдаад хүртэл хэлсэн. Лангуугаа аваад өөр хүнд түрээсэлмээр байна гээд. Гэтэл Г.Б миний 5 лангууны гэрчилгээг авчхаад өгөхгүй байсан тул би бусдад худалдаж, түрээсэлж чадахгүй байгаад байсан. Цагдаа одоохондоо шалгаж байгаа тул болохгүй гэж хэлсэн. Г.Б өөрийнхөө 6020 тоот лангуугаа сарын 800,000 төгрөгөөр түрээслээд, миний лангуун дээр өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулаад орлого олоод, наймаагаа хийгээд миний лангуун дээр 3 жил огт түрээс, ашиглалтын зардал төлөхгүй байлгасан. Би өөрийнхөө өмчийг хүнд худалдана уу, түрээсэлнэ үү миний эрх шүү дээ. Би банканд өртэй байсан уу үгүй юу гэдэг нь Г.Бд ерөөсөө хамаагүй. Энэ лангуу зарах асуудалтай ямар ч хамааралгүй. Би 2,500 доллароор 1 м.кв-ыг нь зарна гэдэг үнэ дээрээ маргаагүй. Үнэ бол огт өсгөөгүй. Үнэ дээр маргаан байхгүй. Хамгийн гол нь миний 8,30 м.кв хэмжээтэй лангууг 4 м.кв-аар тооцож авна гээд байсан учраас маргасан. Түүнээс гадна миний лангуун дээр түрээсийн мөнгө өгөхгүй сууж байж ашиглалтын зардлыг нь хүртэл өгдөггүй. Миний лангууг суллаад өг гэхээр таны лангууны түрээсийг өгчихнө гэж хэлдэг, цагдаад хүртэл тэгж хэлдэг байсан. Тэгээд цагдаа дээр шалгагдаж байгаа гээд 3 жилийн ашиглалтын зардлыг Сандэй төвд огт төлөөгүй байсан. Г.Б ашиглалтын зардлаа төлөхгүй байхаар нь Сандэй төв 2020 оны 03 сард лангууг нь лацдаад, ашиглалтын зардлаа төл гэж шаардсан юм билээ. Тэгсэн Г.Б 5 сарын 15-нд лацадсан лангуунаас нь хулсан хаалтынх нь доогуур онгойлгож нууцаар хамаг бараагаа аваад явсан байсан. Ингээд 2020 оны 05 сарын 26-ны өдөр Сандэй төвийн захиргаанаас намайг дуудаад лангууныхаа ашиглалтын зардлыг төлөөд лангуугаа хүлээж ав гэсэн. Би Г.Бийн 2017 оны 03 сараас 2020 оны 05 сарыг дуусталх 3 жилийн хугацаанд суусан ашиглалтын зардлыг Сандэй төвд төлж, лангуугаа Сандэй төвөөс хүлээж авсан. Миний зэргэлдээ лангуун дээр сууж байж намайг байхгүй, алга болсон, зугтаад байна гээд эрэн сурвалжлуулсан байсан. Би огт зугтаж байгаагүй. Лангуу зарах, түрээслэх гэдэг бол тусдаа асуудал юм. Би Г.Бийг мөнгө зээлсэн гэдгийг нь ч мэдээгүй. Мөнгө зээлээд надаас лангуу авчих гэж хэлээгүй. Өөрсдөө л гуйсан. Би заръя ч гэж анхнаасаа яриагүй. Гуйсных нь дагуу л заръя гэж бодож байтал м.кв дээр маргаан гарсан. Тэгээд намайг 3 жил цагдаагаар шалгуулж хохироогоод, миний түрээсийн мөнгийг ч өгөхгүй өдийг хүртэл явж байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Сандэй худалдааны төвд 29,55 м.кв бүхий 5 лангууны хууль ёсны өмчлөгч билээ. Тухайн үл хөдлөх лангуунуудыг хэсэгчлэн хувааж сарын 500,000-1,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулдаг. Намайг лангуугаа бусдад түрээслүүлж ашиг олж болох талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлд хуульчилж өгсөн. Ингээд өөрийн өмчлөлийн 29,55 м.кв талбайгаас 8,5 м.кв буюу 6022 тоот лангууг иргэн Г.Бд 2017 оны 03 сарын 15-наас 2017 оны 09 сарын 15-ны хооронд 6 сарын хугацаатай 1 сарын 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож түрээсийн гэрээ байгуулан төлбөрийг бөөнд нь 3,000,000 төгрөг авсан бөгөөд энэ үеэс бидний хоорондын иргэний эрхзүйн харилцаа үүссэн. Энэ талаар нэхэмжлэгч Г.Бд хэлэхэд зээлийн үлдэгдлийг чөлөөлөөд 51,800,000 төгрөгөөр худалдаж авах талаар талууд зөвшилцөлд хүрээд банкин дээр очиж 21,782,764 төгрөгийг тушааж надад зөрүү 4,217,000 төгрөгийг өгсөн. Нийлээд 26,000,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг тухайн 6022 тоот лангууг 30,000,000 төгрөгөөр зарна гэсэн гэж дурдсан байсан ба миний зүгээс тийм зүйл огт яриагүй. Бидний хооронд үл ойлголцол гарч наймаа буцсан ба Г.Б нь миний лангууг чөлөөлж өгөлгүй улмаар намайг хууран мэхэлж банкны барьцаагаа чөлөөлүүлсэн гэж БЗД-ийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Миний биеийг 3 жилийн хугацаанд 5 байцаагч 3 прокурор дамжуулан шалгуулж сэтгэл санааны болон цаг хугацаа, эд материалын хохирол амсуулсанд гомдолтой байдаг. Би хэн нэгнийг хуурч залилан хийгээгүй болохоор цагдаа прокурорын байгууллага нь хуульд заасны дагуу шалгаж үнэн зөв шийдвэр гаргаж шат шатны прокуророос хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Г.Б нь намайг цагдаагаар хэрэг үүсгүүлээд явж байх хугацаандаа буюу 2017.09.17-2020.05.20-ны хооронд надад огт төлбөр төлөөгүй, мөн Сандэй худалдааны төвд ашиглалтын зардал ч төлөөгүй байдаг. Улмаар Сандэй худалдааны төвөөс компанийнхаа дотоод журамд заасны дагуу ашиглалтын зардал төлөхгүй болохоор нь Г.Бийн түрээсэлж байсан 6022 тоот лангууг лацдаж арга хэмжээ авсаар байтал Г.Б нь лангуугаа хажуу талаар нь онгойлгож хулгайгаар бараагаа аваад явсан байсан. Энэ байдлаас харахад Г.Б нь иргэний үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарлалгүй иргэний үүргээ биелүүлдэггүй байж хүний хөрөнгөнд шунаж үнэгүйдүүлж улмаар намайг залилсан гэж гүтгэн хууль хяналтын байгууллагын үүд сахиулан хохироосон. Миний лангууг 2017.09.17-ноос 2020.05.20-ныг хүртэл ажиллуулж ашиг олж үндэслэлгүй хөрөнгөжиж байж ядаж Сандэй худалдааны төвд ашиглалтын зардал ч төлөлгүй харин ч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Миний бие Ш.Э нь Сандэй худалдааны төвд Г.Бийн төлөөгүй ашиглалтын зардлыг төлж лангуугаа Сандэй ХХК-иас хүлээж авсан. Нэхэмжлэгч Г.Б бид 2-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй ба амаар байгуулан тухайн 6022 тоот лангууны зээлийг чөлөөлөөд 51,800,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, тэрнээс биш банкны зээлээр худалдан авах асуудал яригдаагүй. Г.Б худалдаад авчихсан юм шиг байнга л лангууны м.кв дээр маргаан үүсгэж удаа дараа үнэлгээний компаниар хэмжилт хийлгүүлж хүнд төвөг уддаг ба хамгийн сүүлд цагдаа хүртэл шинжээч томилж хэмжилт хийлгүүлсэн. Хэрвээ Г.Б асуудлыг ийм болгож намайг цагдаа прокуророор явуулаагүй бол миний бие нь хэн нэгэнд 6022 тоот лангуугаа түрээсэлж түрээсийн төлбөрөө авах байсан. Лангуу суллаж өгөөч гэхээр бид нар өөрийнхөө лангууг өөр хүнд түрээсэлсэн. Түрээсийн мөнгийг чинь өгнө гэж байнга хэлдэг байсан Миний бие Ш.Э нь 2017.09.15-2020.5.20-ны хооронд тухайн маргаж байгаа 6022 тоот лангууг өөр хүнд түрээсэлж байсан бол нийт 41,000,000 төгрөгийн ашиг олох байсан. Сарын түрээсийг 1,000,000 төгрөгөөр тооцож нийт 35,000,000 төгрөгийг Г.Бээс гаргуулж надад олгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...35,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Э өөрөө үүргээ зөрчиж хохироосон учраас энэ нэхэмжилж байгаа мөнгийг нь нэхэмжлэгч төлөх ёсгүй. Аль буруутай, үүрэг зөрчсөн тал нь хохирол төлөх ёстой. Г.Б, Ш.Э нарын хувьд талбайн хэмжээ дээр маргаж, нэхэмжлэгчийн зүгээс мөнгөө авъя гэж хариуцагчаас шаардаж байсан. Мөнгөө авмаар байна гэсэн даруйд нь Ш.Эын зүгээс мөнгийг нь гаргаад өгчихсөн байсан бол энэ зардал, энэ хүүгийн төлбөр огт гарахгүй байсан. Лангууг нь чөлөөлж өгөхгүй байсан гэж яриад байна. Мөнгийг нь өгөхгүй байсан юм чинь энэ хүн яаж лангууг нь өгөх вэ? Мөнгөө авъя гэсэн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчид тавьж байсан. Цагдаад хандах үедээ болон холбогдох болгондоо би мөнгөө авъя гэж хэлж байсан. Гэтэл хариуцагч мөнгийг нь өгөхгүй байсаар өдийг хүргэсэн. Г.Бийн хувьд хариуцагч нь лангуугаа худалдах, худалдахгүй эсэх дээр тодорхойгүй нөхцөл байдалд байсны улмаас лангууг эзэмшиж, ашиглаж байсан гэсэн үг. Тэрнээс биш хууль бусаар ашиглаад, эзэмшээд байсан хэрэг биш. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээрээ 41,000,000 төгрөг гэж бичсэн байгаа боловч тэмдэгтийн хураамжийг 35,000,000 төгрөгт тохируулж тушаасан байсан. Сая ярихдаа 35,000,000 төгрөг гээд байна. Ямар баримтаар яаж нотолж байгаа нь тодорхойгүй байна. Яагаад 1,000,000 төгрөгөөр түрээсэлнэ гээд байгаа нь тодорхойгүй. Ярихдаа 500,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгөөр түрээсэлдэг гээд амаар л яриад байна. Г.Бтэй байгуулсан гэрээн дээр ч байгаа. 400,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг гэж байгаа. Таван хэсэгт хуваасан лангууны хувьд одоо маргаж буй лангуу нь хамгийн жижиг нь юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг төлөх үндэслэлгүй юм гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ш.Эт холбогдуулан 57,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 29,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу зээлийн хүүгийн төлбөрт бусдад төлсөн 28,000,000 төгрөг, лангуу хэмжүүлэхэд гарсан зардал 200,000 төгрөг, нийт 57,200,000 төгрөгийг гаргуулна... хэмээн тайлбарлав.
Хариуцагч Ш.Э нь ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Б нь түрээсийн төлбөр төлөлгүй 3 жилийн хугацаанд лангууг нь эзэмшсэн учир түрээсийн төлбөрт олох ёстой орлогоороо хохирсон хохиролд 35,000,000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр гаргуулна... хэмээн маргав.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Талууд 2017 оны 04 сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13336/, Намъяанжүгийн гудамж 37 дугаар барилга, Сандэй худалдааны төв хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар амаар тохиролцжээ. Худалдан авагч Г.Б нь Ш.Эын Хаан дахь харилцах дансанд 21,782,764.40 төгрөгийг зээл хаав Эрдэнэбаатар утгаар, 4,217,000 төгрөгийг 5,8м2 лангуу худалдан авах үлд/төл гэсэн утгаар тус тус шилжүүлжээ. /1хх-11х/
Зохигчид дээрх үйл баримт, шилжүүлсэн мөнгө болох 26,000,000 төгрөгийн үнийн дүнд маргаангүй, харин гэрээнээс татгалзаж, хохирол шаардах үндэслэлийн талаар маргав.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч Ш.Э нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авагч Г.Б нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй.
Ш.Э нь Сандэй худалдааны төвд байрлах 29,65 м.кв талбай бүхий, худалдаа үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026395 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд тухайн 29,65 м.кв бүхий талбайг 5 хэсэгт хуваан 6022-6026 гэсэн дугаарлалтайгаар бусдад түрээслүүлдгээс 6022 тоот талбайг нэхэмжлэгч Ш.Батгэрэл нь 2017 оны 1 сараас түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаад ман оны 04 сард худалдан авах тохиролцоог талууд хийсэн байдаг. /1хх-12, 34-35х/
Худалдахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн талбайн метр квадратын хэмжээ болон үнийн дүнг талууд өөр, өөрөөр тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгч болон гэрч С.Содбаатарын нар нь 5,8 м.кв хэмжээтэй талбайг 29,000,000 төгрөгөөр, хариуцагч 8,5 м.кв хэмжээтэй талбайг 51,800,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж маргасны улмаас 2017 оны 04 сараас 2020 оны 2 сарыг хүртэл эрүүгийн журмаар шалгагдаж, Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 01 сарын 31-ний өдрийн 1/368 дугаар хариу мэдэгдэх хуудсаар ...гэмт хэргийн шинжгүй... үндэслэлээр хэрэг эцэслэн шийдвэрлэгджээ. /1хх-9х/
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны 05 сарын 06-ны өдөр болон 2019 оны 01 сарын 25-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд /29,65м.кв, 8,35м.кв /, Брайт пойнт ХХК, Арккад ХХК, Уран асар ХХК /8,35м.кв, 5,74м.кв, 27,54 м.кв, 3,42м.кв, 5,57м.кв/-иудын гаргасан талбайн хэмжилт хийсэн дүгнэлт, нэхэмжлэгчийн гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээс үзэхэд Г.Б, Ш.Э нар нь худалдахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгийн метр квадратын хэмжээг тогтоож чадаагүйгээс үнийг тодорхойлох боломжгүй болжээ. Тиймээс талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь ...үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдах, худалдан авах гэрээ бодитойгоор хэрэгжээгүй байна. /1хх-12, 63-66, 86,181-183, 205-208, 211, 2014-216, 242, 2хх-27-28х/
Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2020 оны 03 сарыг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Г.Бийн эзэмшил, ашиглалтад байсан талаар талууд тайлбарладаг ба мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Т.Сүхдуламын ...Г.Б нь 6022 тоот лангууг 2017 оны 03 сараас 2020 оны 05 сар хүртэл ажиллуулсан, ...ашиглалтын зардлаа 3 жилийн хугацаанд төлөөгүй учраас 2020 оны 03 сард манай байгууллага Г.Бийн бараатай 6022 тоот лангууг лацадсан, ... 2017 оны 03 сараас 2020 оны 05 сар хүртэлх ашиглалтын зардлыг Ш.Э төлөөд бид 2020 оны 5 дугаар сард тухайн лангууны лацыг авч Ш.Эт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг, тодорхойлолт зэргээр талуудын тайлбар нотлогдов. /хх-72,176-178х/
Нэгэнт худалдах, худалдах авах гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй болсон тул талуудыг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэж, тэдгээрийн хэн алинд нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүснэ. Г.Б нь маргаж буй хөрөнгийг өмчлөгч болох Ш.Эт зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд 2020 оны 05 сард Сандэй худалдааны төвөөс талбайг өмчлөгчид хүлээлгэн өгсөн энэ үеэс талууд гэрээнээс татгалзсан гэж үзэж хугацааг тооцов.
Дээр дурдсанаар худалдагч Ш.Э нь үл хөдлөх хөрөнгөө хүлээн авсан тул Г.Бийн гэрээний үнэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг харилцан буцаах өгөх үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч Г.Б нь гэрээний үнэд 29,000,000 төгрөг төлсөн хэмээн шаарддаг боловч 3,000,000 төгрөгийг 2017 оны 03 сарын 09-ны өдөр Г.Б, Ш.Э нарын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний төлбөрт сарын 500,000 төгрөгөөр тооцож, 6 сарын төлбөрт төлсөн болох нь түрээсийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогддог. Тиймээс энэхүү 3,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцох үндэслэлгүй ба харин 2017 оны 04 сарын 19-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг Ш.Эаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /1хх-34-35х/
Г.Б нь Ш.Эын үл хөдлөх хөрөнгийг худалдан авахын тулд иргэн Б.Батзоригтой 2017 оны 04 сарын 18-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 26,000,000 төгрөг зээлсэн талаар тайлбарлаж, зээлийн гэрээ болон депозит дансны хуулгыг баримтаар гаргаж, тус зээлийн хүүнд 28,000,000 төгрөг төлснийг, мөн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг хэмжилтийн байгууллагаар хэмжүүлсэн зардалд 200,000 төгрөг зэргийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Г.Бийн өөр бусад этгээд /Б.Батзориг/-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг, талбай хэмжүүлэхэд гарсан зардал зэргийг Ш.Э хариуцан төлөх үүргийг хуулиар хүлээгээгүй бөгөөд, энэ нь худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. / 1хх-14,16, 17-32,109-115,128-149
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Ш.Э нь түрээсийн төлбөрт олох ёстой байсан орлого, хохиролд тооцон 41,000,000 төгрөгийг Г.Бээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсан ба шүүх хуралдаанд тооцоолол буруу байсан хэмээн тайлбарлаж шаардлагаа 6,000,000 төгрөгөөр багасган 35,000,000 төгрөг шаардав.
Тэрээр түүний өмчлөлийн хөрөнгийг Г.Б 2017 оны 09 сарын 15-наас 2020 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн болон ашиглалтын зардал төлөлгүйгээр эзэмшсэн тул өөрийн түрээслүүлдэг бусад талбайн түрээсийн төлбөрийн дунджаар 1,000,000 төгрөгөөр тооцон шаардсан ба шаардлагын үндэслэлээ нотолж 2016 оны 03 сарын 24-ний өдөр иргэн Г.Хүрэлсүх, 2019 оны 09 сарын 05-ны өдөр иргэн Н.Алтаншагай нартай тус тус байгуулсан Түрээсийн гэрээ-г баримтаар гаргав. /1хх-54,60х/
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн байхыг шаардах бөгөөд Г.Б Ш.Э нарын тухайд гэрээний зүйлийн талбайн хэмжээг тогтоож чадаагүйгээс гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул Ш.Эын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй байна.
Үндсэн нэхэмжлэлд нэхэмжлэгчийн шаардсан 29,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний үнэд тооцох үндэслэлгүй, түрээсийн төлбөрт төлсөн талаар дээр дүгнэсэн ба Г.Б нь 2017.03.15-2017.09.15-ны хооронд түрээсийн гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байжээ. Харин 2017.09.15-2020.05.20-ны хооронд 32 сарын хугацаанд маргаантай байгаа гэх үндэслэлээр бусдын хөрөнгийг ямар нэгэн үнэ төлбөр төлөлгүйгээр эзэмшил, ашиглалтдаа байлган худалдаа, наймааны үйл ажиллагаагаа явуулсаар байсан болох нь талуудын тайлбар, гэрч Т.Сүхдуламын мэдүүлэг зэргээр тогтоогддог бөгөөд талбайг эзэмшилдээ байлгасан хугацааны тухайд нэхэмжлэгч Г.Б маргадаггүй.
Ш.Э нь сард 1,000,000 төгрөгийн түрээсээр тооцон олох ёстой орлогод 35,000,000 төгрөгийг шаардсан ба талууд 2017 оны 03 сарын 09-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээгээр талууд түрээсийн төлбөрийг 1 сарын 500,000 төгрөг байхаар тохиролцсон болох нь нотлогдов. Тиймээс шүүх дээрх гэрээний үнийг үндэслэл болгон нэг сард 500,000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцон, 32 сарын хугацааны нийт 16,000,000 төгрөгийг Г.Бээс гаргуулж, Ш.Эт олгох нь зүйтэй байна. Г.Б нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар энэ хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ./хх-34,35х/
Дээрх үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Ш.Эаас 26,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Г.Бээс 16,000,000 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 31,200,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 19,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,900 төгрөгөөс 443,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 80,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Бд олгох нь зөв байна. Хариуцагч Ш.Эаас 26,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Г.Бээс 16,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Ш.Эаас 26,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бд, Г.Бээс 16,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Ш.Эт тус тус олгож, үндсэн нэхэмжлэлээс 31,200,000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлээс 19,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 524,900 төгрөгөөс 443,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 287,950 төгрөг, нэхэмжлэгчийн илүү төлсөн 80,950 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Г.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ