| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00211/И |
| Дугаар | 146/ШШ2017/00220 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 146/ШШ2017/00220
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1957 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар багт оршин суух, РД: ЙЗ57092214, Дархан Жигжид овогт Раднаагийн Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Раднаа овогтой Лхагвасүрэн миний бие нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан юм. Тэгээд 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 31-ний хооронд цэргийн алба хааж, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан юм. Тэтгэвэрт орох гэтэл нэгдэлд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр өгөөгүй улмаас миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчноор 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сар хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 270 дугаартай архивын лавлагаа, гэрч С.Батдэлгэрийн ...Би 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тариалангийн малчнаар ажиллаж байсан юм. Харин Р.Лхагвасүрэн нь намайг ажилд орох тус нэгдэлд тракторчноор ажиллаж байсан бөгөөд хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. Р.Лхагвасүрэн нь тус нэгдэлд ажиллаж байх хугацаандаа шагнал урамшуулал зөндөө авч байсан. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд Р.Лхагвасүрэн нь тракторчноор ажиллаж байсан бөгөөд 1990 оныг дуустал ажилласан. Р.Лхагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчноор ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Төмөрдөшийн ...Би 1979 оны зун цэргийн албанаас халагдаж ирээд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчнаар ажиллаж эхэлсэн юм. Харин Р.Лхагвасүрэн нь 1980 оны зун цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд тракторчноор ажиллах болсон. Р.Лхагвасүрэн нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчноор 1990 оныг дуустал ажилласан... гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Дархан Жигжид овогт Раднаагийн Лхагвасүрэнг 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дархан Жигжид овогт Раднаагийн Лхагвасүрэнг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА