Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2021/01383

 

2021 07 21

181/ШШ2021/01383

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Л.Д

хариуцагч: ц.о

 

5,683,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Л.Л.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Ц.ц.огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ц.отой худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу приус 20 маркийн УБЛ 98-73 улсын дугаартай саарал өнгийн автомашиныг 12 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр Ц.ц.огийн 5041404056 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд машинаа аваад сар бүрийн 500,000 төгрөгийг төлөх замаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэвч 3 сарын 14-нд ц.огийн аав болох ******* нь тухайн авто машиныг банк бус санхүүгийн байгууллагад тавьж өгнө гэж хэлээд авч явсан. Үүнээс хойш надтай утсаар ярьж 500,000 төгрөг өгөхгүй бол машин өгөхгүй мөнгийг чинь ч өгөхгүй гэж хэлсэн. Миний бие ц.огийн гэрт нь очсон боловч машин байгаагүй. Надад зарсан машинаа өөр хүнд зарсан байж магадгүй. Учир нь өөр хүн унаж явахыг манай дүү харсан байдаг. Нэгэнт ц.о надад машинаа зарахаас татгалзаж байгаа бол би худалдан авахаар төлсөн 5,000,000 төгрөгөө буцааж авахаар шаардаж байна. Иймд ц.огоос 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* анхны нэхэмжлэл болон 2021 оны 3 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж тайлбар гаргахдаа: Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ц.отой приус 20 маркийн УБЛ 98-73 улсын дугаартай саарал өнгийн автомашиныг 12 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, 1 жил 8 сарын хугацаатай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээ байгуулах үед автомашины өмчлөгч ц.о биш байсан юм билээ, энэ тухай *******ын тайлбарт бичсэн байсан. Энэ гэрээний дагуу урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр Ц.ц.огийн 5041404056 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд машинаа аваад сар бүрийн 500,000 төгрөгийг төлөх замаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон. Гэвч 3 сарын 14-нд ц.огийн аав болох ******* нь тухайн авто машиныг банк бус санхүүгийн байгууллагад тавиад засуулчихаад аваад ирье гэж хэлээд авч явсан. Тэр үед сарын төлбөр төлөх 3 сарын 08-ны өдрөөс 7 дох хэтэрсэн өдөр байсан. Үүнээс хойш Л.Л.Дтэй утсаар ярьж 500,000 төгрөг өгөхгүй бол машин өгөхгүй мөнгийг чинь ч өгөхгүй гэсэн. ц.огийн гэрт нь очсон боловч машин байгаагүй. Энэ зарсан машинаа өөр хүнд зарсан байж магадгүй. Нэгэнт ц.о машинаа зарахаас татгалзаж буцааж авсан тул худалдан авахаар төлсөн 5,000,000 төгрөгөө буцааж авах эрхтэй. Анх ц.о хууль болон гэрээнд зааснаар доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Анх автомашин түрээсээр худалдах худалдан авах гэрээний дагуу УБЛ 98-73 дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авахад нилээн дуу орсон байсан учраас амортизатор, босоо тэнцүүлэгч, таван бул, цаап гэх мэт явах эд ангийг 2019 онд сольсон. Өөрийн машин болно гэж үзэж 2019 оны 8 сарын 13-ны өдөр 19,400 төгрөг, 2019 оны 8 сарын 25-ны өдөр 269,350 төгрөг, 2019 оны 9 сарын 13-ны өдөр 237,068 төгрөг, 2019 оны 10 сарын 16-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 11 сарын 03-ны өдөр 77,600 төгрөгийн сэлбэг, засвар үйлчилгээ хийлгэсэн. Хариуцагч тээврийн хэрэгслийг худалдах гэрээнээсээ татгалзсан тул өгсөн авснаа харилцан буцааж өгөх ёстой. Хэрэв хариу тайлбарт бичсэн шиг түрээсийн гэрээ байгуулсан бол эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх асуудал яригдахгүй, засварлахгүй байх байсан. Харин гэрээнд Л.Дгийн өмчлөлд шилжүүлэн авахыг заасан. Иймд өгсөн мөнгөө, тээврийн хэрэгсэлд хийсэн засвар үйлчилгээний зардал 683,418 төгрөгийг нэмж гаргуулахаар шаардсан. 8 ширхэг баримт өгсөн нь давхардсан байгаа. Гэрээнд хүү заагаагүй ч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д заасан гэрээ юм. Одоо үзэхэд машин ц.огийн өмчлөл эзэмшилд огт байгаагүй юм байна, энэ нь гэрээний 8.7 зөрчсөн байна. Нэхэмжлэгчээр машиныг унуулж шалгуулж өгсөн гэх баримт байхгүй. Гэрээний 1.9-д тохирсон хугацаа хэтрээгүй 7 хоног дотроо байсан,1.5-д барьцаалахгүй байх хангаагүй. ц.огийн аав болох ******* мессежээр харьцсан хэрэгт байгааг хүлээн зөвшөөрч байна. Иймд ц.огоос 5, 683,418 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: 2019 оны 08 сарын 07-ны өдөр Ц.ц.о машинаа түрээслэх гэрээ хийсэн. Машин өгөхөд ******* хамт байсан, Л.Л.Д өөрөө машиныг унаж үзэж шалгаад, эвдрэл гэмтэл байхгүй гэж авсан байж 7 хоноод эвдэрсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Сар бүрийн 8-ны өдөр 500,000 төгрөгийн орлого хийхээр тохиролцож, өгсөн. Эхний 2 сар хугацаандаа өгсөн. ц.о, аав нь болох ******* нарын дансанд 5 сая төгрөг орсон нь үнэн. Сүүлд 2 сарын 15-ны өдөр эгчтэй нь холбогдож, хаягийг нь олж авсан. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэж байна. Гэрээнд худалдагч гээгүй, түрээслэгч гэсэн байгаа, 1.4-т түрээсийг сар бүр төлнө, 1.3-т хугацаа зааж хуулийн 312.4-т зааснаар түрээслэгчид машиныг шилжүүлэн өгөх асуудал яригдана. Гар утасруу явуулсан мессеж нь нотлох баримтын шаардлага хангахгүй. ц.о нялх хүүхэдтэй тул аав ******* нь очиж машиныг авсан. 2 удаа түрээс хугацаандаа төлсөн, түүнээс хойш хугацаа хэтрүүлж зөрчиж байсан тул буцааж авсан. Засвар хийсэн гэх баримтууд нь тодорхой биш, 1,4 сая төгрөгийн баримт өгсөн хэрнээ 618000 төгрөг нэхсэн. Энэ техникийн доголдлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт байх ёстой, гэтэл оношлогдсон зүйл байхгүй. Мөн хэзээ хэн хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй.Гэрээний 2.1.2, 2.1.3-т ашиглалтын явцад муутгасныг ашиглагч хариуцна гэсэн байгаа. Иргэний хуулийн 254.6-д заасан 6 сарын шаардах эрх өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Л.Д хариуцагч Ц.ц.од холбогдуулан гэрээнээс татгалзсан тул автомашин худалдан авахаар өгсөн 5,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа нэмэгдүүлэн, засварын зардал 683,418 төгрөг нэмж шаардсан.

Нэхэмжлэгч тал бичгээр үйлдсэн гэрээгээр зээлээр автомашин худалдан авах хүсэл зоригийн дагуу тохиролцсон ёсоор үнийг хэсэгчлэн төлж мөнгөө өгч байсан, харин хариуцагч гэрээнээс татгалзан машинаа буцаан авсан тул төлсөн болон машиныг засварласан зардлаа гаргуулна гээд гэрээ болон мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг үндэслэн шаардлагаа тодорхойлно.

Хариуцагч Ц.ц.ог төлөөлөн түүний аав, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.******* шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон, нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч, авто машин түрээслэх гэрээний үүргээ зөрчсөнөөс машинаа буцааж авсан, мөнгийг төлөхгүй, засвар хийсэн нь нотлогдохгүй гэж маргана.

Хэрэгт хариуцагчаас ирүүлсэн Л.Л.Д Ц.ц.о нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн Автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 32/ нь түрээслүүлэгч Ц.ц.о түрээслэгч Л.Л.Дд УБЛ 98-73 улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг түрээсээр эзэмшүүлэх, Л.Л.Д нийт 1 жил 8 сарын хугацаанд 12,000,000 төгрөгийг хэсэгчлэн сар бүрийн 8-ны өдөр төлж барагдуулснаар өөрийн өмчлөлд авахаар тохиролцсон байна.

Энэ гэрээний дагуу Ц.ц.о 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр приус 20 маркийн УБЛ 98-73 улсын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг Л.Л.Дд хүлээлгэн өгсөн, Л.Л.Д хэсэгчлэн төлөхөөр тохирсон 12,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөг төлсөн, талуудын тайлбараар 2020 оны 3 сарын 14-ний өдөр Ц.ц.огийн аав болох Б.******* тухайн авто машиныг буцаан авч явсан үйл баримтад талууд маргаагүй.

 

Анх автомашиныг Ц.ц.о гэрээний дагуу урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг Ц.ц.огийн ХААН банкинд эзэмшдэг 5041404056 дугаарын дансанд шилжүүлэн авч, 2019 оны 08 сарын 07-ны өдөр Л.Л.Дгийн эзэмшилд хүлээлгэн өгсөн ба энэ үед 98-73 УБЛ улсын дугаартай приус 20 маркийн автомашин нь 2019 оны 7 сарын 29-ий өдрөөс 2020 оны 3 сарын 19-ий өдрийн хугацаанд Гуртын тавилан ЗГБХН-ийн өмчлөлд байсан болох нь нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхэд ирүүлсэн Автотээврийн Үндэсний төвийн тээврийн хэлтсийн бүртгэлийн хэлтсийн архив лавлагааны тасгийн 2020 оны 5 сарын 14-ний өдрийн 369 тоот лавлагаагаар нотлогдоно./хэргийн 45-46/.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1.эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдохгүй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.гэж заасан ба Ц.ц.о өмчлөгчийн хүсэл зоригоор буюу хуульд заасан үндэслэлээр автомашиныг эзэмшиж байгаа гэх ямар нэг үндэслэл, баримтгүй тул 90 дүгээр зүйлийн 90.1.-д заасан хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болохоо хариуцагч тал мөн ямар нэг тайлбар, баримт гаргаагүй нь автомашиныг эзэмших, ашиглах эрх бүхий шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч тал уг автомашиныг өөрийн хөрөнгө гэж тайлбарлаж байгаа ч өөрийн өмчлөл гэдгийг нотлоогүй, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл лавлагааг үгүйсгээгүй, уг лавлагаагаар өмө нь түүний өмчлөлд бүртгэл байсан хэдий ч дахиж түүний өмчлөлд бүртгэл хийгдээгүй, автомашины шударга эзэмшигч болохоо үндэслэл гаргаж тайлбарлаагүй, ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Ц.ц.о нь бусдын хөрөнгийг харилцан шилжүүлэх, худалдах түрээслэх зэргээр захиран зарцуулах, орлого олж авах хэлцэл хийх эрхгүй.

Автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ/хэргийн 32/-ний 2.1.1-д Ц.ц.о автомашины төлбөр бүрэн төлөгдөж дуустал өмчлөлдөө байлгахаар тохирсон байх тул Л.Л.Дг хууль зөрчиж хэлцэл хийсэн гэж буруутгах үндэсгүй гэж үзлээ.

Хөрөнгийг шилжүүлэн өгч байгаа Ц.ц.о, олж авсан этгээд болох Л.Л.Д нарын хооронд хийсэн хэлцэл нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх ба Ц.ц.о автомашиныг буцаан авсан байх тул тэдний хооронд хийгдсэн хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ талууд нь харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хууль зөрчиж, нотлогдож байгаа улсын бүртгэлээр автомашин бусдын өмчлөл байхад өмчлөгчийн хүсэл зориг илэрхийлсэн баримтгүйгээр Л.Л.Дд шилжүүлэн өгч, 2019 оны 08 сарын 07-ны өдрөөс 2020 оны 7 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 9 удаа хэсэгчлэн бүгд 5,000,000 төгрөгийг өөрийн болон аав Б.*******ын дансаар өөртөө авсан байх тул Ц.ц.о 5,000,000 төгрөгийг Л.Л.Дд буцааж өгөх үүрэгтэй.

Энэ тохиролдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч автомашины төлбөрт хэсэгчлэн төлсөн 5,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

Харин нэхэмжлэгчийн баримт тайлбараар автомашинд хийгдсэн гэх засвар үйлчилгээ хэний буруугаас учирсан гэмтэл болох нь тодорхойгүй, 2003 онд гадаад улсад үйлдвэрлэгдэж, 2018 оноос Монгол Улсад бусдад дамжин эзэмшигдэж ашиглагдаж байсан тээврийн хэрэгслийг анх ямар байдалтай өгч авалцсан, гэмтэл гарсан эсэх, гарсан бол шалтгаан нь хариуцагчид хамаарах эсэх нь нотлогдохгүй, тогтоох боломжгүй тул нэмэгдүүлсэн засвар үйлчилгээний зардал гэх 683,418 төгрөгийг хангах үндэсгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Иймд нэхэмжлэлээс зарим болох Ц.ц.огоос 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л.Дд олгож, үлдэх шаардлага болох 683,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хариуцах хураамжид 94,950 төгрөг хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6.-д заасныг баримтлан хариуцагч Ц.ц.огоос 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Л.Дд олгож, үлдэх шаардлага болох 683,418 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,903 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хариуцах хураамжид 94,950 төгрөг хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ