Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2020/00576

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Б.А-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- С.Б-д холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч, гэрийн доторх тавилга болох хивс, шкаф, зурагт, мөлхөө тавилга, 55 толгой мал гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр С.Б-тэй 2010 онд албан ёсоор гэр бүл болж, бидний дундаас 2010-11-29-нд охин Б.Н, 2014 онд охин Б.С-Э, 2015 онд охин Б.А-Э нар тус тус төрсөн. Амьдарч байгаа 10 жилийн хугацаанд байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, удаа дараа зодуулж, биедээ гэмтэл авч байсан. Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож тэвчиж ирсэн. Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэр бүлийг хуулийн дагуу цуцлаж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Мөн 55 толгой мал гаргуулах, гэрийн доторх тавилга болох ор, зурагт, мөлхөө тавилга, хивс, хоолны шүүгээ, гал тогооны хэрэгсэл зэрэг 700.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулах хүсэлттэй байна.

Энэ хүнтэй гэр бүл болоод хүүхэдтэй болж болно, бүтнэ, амьдарна гээд суусан. Тэр хугацаанд энэ хүнийг харсан. Сайхан амьдарна гэж хэлээд бид хоёр тусдаа гарсан. Энэ айлын босгоор алхаж орж ирээд энэ айлын амьдралыг би ойлгоогүй. Ах дүүс нь хэл амаар доромжилж, намайг зоддог байсан. Тэр бүрийд нь сайн ойлгодоггүй байгаад энэ жилээс би мэдсэн. Миний амьдрал өөдлөхгүй байсан. Зодохоороо аймаар дарамтлалын байдалтай зодож намайг үг хэлүүлдэггүй байсан. Би тэр бүрийг тэвчиж явсан. Болох байх, бүтэх байх гээд харсан. Харсан боловч энэ хүнд амьдаръя гэсэн хүсэл байгаагүй. Тэгээд би өөрөө өөртөө төлөвлөгөө гаргадаг боловч тоодоггүй. Зав л гарахаар архи уудаг. Би гэртээ байнгын айдастай байдаг учир хутга шөвөг зэвсэгтэй бүрийг нууж явдаг. Намайг зодож явсаар байгаад хэдэн хүүхэд нь өвлийн хүйтэнд цасанд гарч гүйдэг. Би олон жил цагдаа дуудсан. Тэр бүрийг хүлээж аваагүй. Би одоо салахыг бодож байна. Хэдэн хүүхдийнхээ эрүүл энх хойч ирээдүйг бодож байна.

Эвлэрье сайхан амьдарья гэж хэлдэг боловч хүүхдүүддээ сэтгэл гаргаж байгаагүй, ямар нэгэн зүйл авч өгдөггүй, хүүхдүүддээ ширүүн ханддаг. Хүүхдүүдэд аавыгаа гэсэн сэтгэл байдаггүй. Би эцэг эхийнхээ буянаар энэ хүнийг өөд нь татаж явсан. Тэр бүрийг өөрөө хүлээдэггүй, ах дүүс нь ч хүлээдэггүй. Тиймээс авсан зүйлээ эргүүлж авахыг хүсч байна. Малынхаа түүхий эдээр гэр орондоо хойд талын хивс 300.000 төгрөгөөр, хоёр талын шанааны хивс 2 ширхэг 100.000 төгрөгт, зүүн талын шкаф, мөлхөө тавилга 500.000 төгрөгббр, зүүн талын шкафыг 300.000 төгрөгөөр, зурагт 500.000 төгрөгөөр авч байсан. Миний аав ээжээс надад ирсэн өмчийн малнаас 4 хонь 50 ямаа нийт 54 толгой мал гаргуулна гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван хүүхдээ бодож байна, архи дарс ууж зовоохгүй, ахиж нийлмээр байна. Асуудал гаргахгүй хүүхдийн мөнгө төлж чадахгүй, ганцхан удаа боломж олгооч, бүхнийг ойлгосон болохоор эргэж нийлье, гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй, хүүхэдтэйгээ баймаар байна. Би 3 хүүхэдээ санаа зовоод байна. Би гэр оронгоо цуцлуулмааргүй байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч С.Б-д холбогдуулан 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр баталгаажуулсан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэрийн доторх тавилга, 54 толгой мал гаргуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ /хх-1-2/.

С.Б Б.А нар 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн /хх-18/ байх бөгөөд тэдний дундаас 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр охин Н, 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр охин С-Э, 2015-09-06-ны өдөр охин А-Э нар төрсөн болох нь 0000480683 Г53, 8201000359, 8201000295 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-8-10/, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Б.Н, Б.С-Э, Б.А-Э нар эрүүл өсөн бойжиж, вакцинд бүрэн хамрагдсан болохыг Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төв тодорхойлж /хх-4-6/, Б.А нөхөр хүүхдүүдийн хамт ам бүл 5-уулаа оршин суудаг, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой болохыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн засаг дарга 2020-04-14-ний өдрийн 205 дугаартай /хх-12/ албан бичгээр тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Б.А нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2020-02-03-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байх боловч 2020-04-13-ны өдрийн 187 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй дуусгавар болгожээ /хх-3/.

Гэрлэгчид өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, хариуцагч нэхэмжлэгчийн бие эрх чөлөөнд халддаг, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, үр хүүхэд, эхнэртээ анхаарал халамж тавьдаггүй зэрэг шалтгаан нөхцлийн улмаас тусдаа амьдарч, нэхэмжлэгч гэр бүлийн амьдралаа үргэлжлүүлэх, үр хүүхдээ эцэг, эхтэйгээ нэг гэр бүлд амьдрах эрхийг хүндлэхгүй гэрлэлтээ цуцлуулахаар шаардаж, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д зааснаар Б.А, С.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Б.Н, Б.С-Э, Б.А-Э нар эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Н, Б.С-Э, Б.А-Э нарыг эх Б.А-н асрамжид үлдээж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Б нарт үүрэг болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжихгүй, тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Эд хөрөнгө гаргуулах буюу гэрийн доторх эд зүйлс болох 300.000 төгрөгийн гэрийн хойморийн хивс, 100.000 төгрөгийн гэрийн баруун, зүүн талын 2 ширхэг хивс, 300.000 төгрөгийн зүүн талын буюу хоолны шкаф, 500.000 төгрөгийн мөлхөө тавилга, 500.000 төгрөгний зурагт зэргийг нэхэмжлэгч өөрөө эзэмшин ашиглаж, гэр бүлийн малыг өөр бусдаар хариулга хийлгэдэг болохыг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч С.Б нь нэхэмжлэгчийн шаардсан эд зүйлс болон малыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаагүй болохыг зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч гэрийн доторх эд зүйлсийг өөрөө эзэмшиж, ашиглаж, гэр бүлийн хэрэгцээний малыг өөр бусдад өгч хариулга хийлгэдэг болохыг тайлбарласан.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болно.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч С.Б нь нэхэмжлэгчийн шаардсан гэрийн доторх тавилга, эд зүйлс, малыг өөрийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул нэхэмжлэгч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...шаардлагын үндэслэл болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Б эсхүл Б.А нарын нэр дээр мал тоологдсон эсэх тухайн мал гэр бүл болсноос хойш тоологдсон эсэх, гэрийн доторх эд зүйлс болох тавилга барааг хариуцагч С.Б эзэмшиж, ашиглаж байгаа талаарх баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд нотлох баримтаар гаргах үүрэгтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгч Б.А-г нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШЗ2020/01308 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч С.Б-с нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох 70.200 төгрөг, нийт 140.400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг баримтлан Их Б.А, С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд болох Б.Н, Б.С-Э, Б.А-Э нарыг эх Б.А-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.А, хариуцагч С.Б нарт үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан гэрийн доторх тавилга болох 300.000 төгрөгийн гэрийн хойморийн хивс, 100.000 төгрөгийн гэрийн баруун, зүүн талын 2 ширхэг хивс, 300.000 төгрөгийн зүүн талын буюу хоолны шкаф, 500.000 төгрөгийн мөлхөө тавилга, 500.000 төгрөгний зурагт, 55 толгой мал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан Б.А, С.Баянмөнх нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн хангасан шаардлагад ногдох 140.400 төгрөгийг хариуцагч С.Баянмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ