Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ДШМ/14

 

 

 

 

 

 

   2020           12             24                                        2020/ДШМ/0014                                

 

 

     А.С, Л.Б, Г.Э,

Б.Г, Г.Л, Г.Т, Г.А

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай   

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч А.С,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Г.Л, Г.Т нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Л, Г.Т нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гомдлоор А.С, Л.Б, Г.Э, Б.Г, Г.Л, Г.Т, Г.А нарт холбогдох эрүүгийн 1710005700201 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.                          

 

  1. Б,
  2. Т овгийн А-ын С,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, ял хойшлуулсан.

 

  1. Боржигон овгийн Ганбаатарын А, 1997 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, аав, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1-07 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: СЭ97091133/,

 

  1. Д овгийн Г-ын Э,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1252 дугаартай тогтоолоор 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

          Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

  1. Н овгийн Д- ийн Л,

 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 146 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас өвчний учир чөлөөлөгдсөн,

 

          Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

  1. Б овгийн Д-ийн Т,

          Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

  1. Б овгийн Б-ын Г,

          Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

          А.С, Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн П.Баасанжавын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн өнгөт зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлс хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн Б.Золбоогийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 102 метр цахилгааны утас зэрэг эд зүйлс хулгайлж 384,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн И.Саруулын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн орж 55 инчийн Самсунг зурагт, аяны хөнжил 2 ширхэг эд зүйлс хулгайлж 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн Т.Бирваагийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж 55 инчийн ТСБ маркийн зурагт хулгайлж 760,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн Ш.Эрдэнэсувдын эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж Панасоник маркийн 42 инчийн зурагт, 3 шил архи, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний куртик, гутал зэрэг эд зүйлс хулгайлж 502,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Л.Б, Г.Э нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын ам гэх газарт байрлах иргэн С.Энхтүвшингийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж ТСБ маркийн 37 инчийн өнгөт зурагт хулгайлж 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э Г.А нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Хан-Уул дүүгийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын аманд байрлах иргэн С.Нацагдоржийн эзэмшлийн монгол гэрт нэвтрэн орж Тошиба маркийн 43 инчийн өнгөт зурагт, 1 ширхэг таслагч, 6 ширхэг нарны зай зэрэг эд зүйлс хулгайлж 914,460 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.А, Г.Э Л.Б нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-304 тоотод оршин суух Д.Батчулууны эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйл хулгайлж 507,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.А нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн задгайд оршин суух Б.Пүрэвбаатарын эзэмшлийн тахилын гэрийн хаалганы цоожийг эвдэн орж мөнгөн аяга, Чүнчигноров хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Г.Э Г.А нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн Ойн жимс амралтын газарт байх Б.Төмөрбаатарын контейнерын хаалганы цоожийг эвдэн орж Кен маркийн багажнуудыг хулгайлж 1,166,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э Г.А нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн задгайд байрлах О.Баттөмөрийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтрэн орж бүтэн үхрийн мах, хүүхдийн тоглоом, машины холбогч зэрэг эд зүйл хулгайлж 633,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          А.С, Л.Б, Г.Э Г.А нар бүлэглэн машин механизм ашиглан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн 20 дугаар хэсэг 2055 тоотод иргэн Б.Хонгорзулын эзэмшлийн зуслангийн тахилын монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж цагаан арьсан гутал, архи, виски зэрэг эд зүйлс хулгайлж 1,218,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Л.Б нь Г.Эрдэнэпүрэвтэй бүлэглэн /Г.Эрдэнэпүрэв тусгаарласан хэрэг/ 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын ам 2-234 тоотод суух Б.Оюунхандын гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн 50 инчийн зурагт, мөнгөн аяга, камерын мэдээлэл хадгалагч зэрэг эд зүйл хулгайлж 4,355,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э Д.Л нар бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 22-06 тоотод суух Б.Даваасүрэнгийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн зурагт, бор өнгийн түрийвч, их гарын цагаан зэсэн аяга, мөнгөний гахай хагарсан, цоож 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 493,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э Д.Л нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 37-01 тоотод суух Э.Батгэрэлийн эзэмшлийн монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Самсунг маркийн өнгөт зурагт, ТОЗ-8 маркийн буу, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 786,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э Д.Л нар бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 28-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 46-26 тоотод байрлах Т.Бат-Эрдэнийн эзэмшлийн гэрийн хаалгыг эвдлэн нэвтрэн орж эмэгтэй хүний толгойн гоёл, эмэгтэй хүний бүс, цэнхэр өнгийн мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 1,650,550 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э Д.Л нар бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 5 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 29-18 тоотод суух Г.Шадавпэлжээгийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 40 инчийн ТСЛ маркийн өнгөт зурагт, зурагтны удирдлага, 2 ширхэг даалинтай хөөрөг, гэрийн цэнхэр өнгийн халад зэрэг эд зүйл хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э Д.Л нар бүлэглэн машин механизм ашиглан 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 7 дугаар багт оршин суух Б.Нэргүйгийн эзэмшлийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч ТCL маркийн 42 инчийн зурагт, арьсан түрийвч, цахим үнэмлэх, хуучин удирдлага, мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайлж 563,300 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа  2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн зуслангийн задгай тоотод суух Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн гэрт нэвтрэн орж зурагт, антен хүлээн авагч, архи, гар утас зэрэг эд зүйл хулгайлж 984,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн задгайд оршин суух Т.Мөнхжаргалын эзэмшлийн гэрт нэвтрэн орж дотоод заслын лазер 1 ширхэг, Кен маркийн гар тастагч 1 ширхэг, Кен маркийн улаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, 2 ширхэг батерей дрилл зэрэг эд зүйл хулгайлж 655,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн 2-324 тоотод суух Ч.Билэгбаатарын эзэмшлийн гэрт нэвтрэн орж 55 инчийн Лед зурагт хулгайлж 1,125,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа 2015 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслангийн задгай тоотод суух Р.Баяртулгын эзэмшлийн гэрт нэвтэрч 46 инчийн самсунг зурагт, бэлнээр 20,000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, 2-511 тоот Ж.Батсүрэнгийн эзэмшлийн гэрт нэвтэрч ДВД, камерийн дэлгэц, рум, нөтбүүк, ДДШ төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлж 1,949,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э нь ганцаараа 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Дондогийн эзэмшлийн гэрт нэвтэрч мөнгөн аяга зэрэг эд зүйлс хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э, Д.Т нар бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 3-40 тоотод суух Д.Үнэнбатын эзэмшлийн гэрт нэвтэрч гинж бөгж, ээмэг, хослолууд, 2 нүдний дуран зэрэг эд зүйл хулгайлж 5,290,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.Э, Д.Л, Б.Г нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах иргэн Д.Удвалын эзэмшлийн гэрт нэвтэрч 5 ширхэг бурхан, Цагаан дарь эх бурхан хулгайлж 4,950,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Л.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Мягмарын эзэмшлийн Хаан банкны карт, гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 340,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.А, Г.Э нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 3-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 38 дугаар гудамжны 3803 тоот иргэн У.Цогтбаярын өмчлөлийн тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч эд зүйл хулгайлж 782,400 төгрөгийн хохирол учруулсан,

          Г.А, Г.Э нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 8-ны хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн 6260 тоот иргэн Л.Алтангэрэлийн эзэмшлийн зуслангийн байшингийн вакум цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлж 1,683,400 төгрөгийн хохирол учруулсан,

 

          Г.А нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 4-1-490 тоотод оршин суух иргэн Б.Гантөмөрийн эзэмшлийн монгол гэрийн цоожийг эвдэн, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, 3 шил архи зэргийг хулгайлж 218,500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Энын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Т, Б.Г нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар, Г.А, Л.Б, А.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтан Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Эныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржгин овгийн Лгийн Б, Тайж овгийн Амаржаргалын С нарыг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, Номун хаан овгийн Даваасүрэнгийн Л “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Билэгт ламынхан овгийн Даваасүрэнгийн Т, Боржигон овогт Баттулгын Г нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Бийг 5 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч Амаржаргалын Сыг 5 жил 6 сарын хугацаагаар тус тус хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Лг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Тыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Баттулгын Гийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ст Баянзүрх дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хойшлуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын шүүгдэгч А.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ст 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хугацаатай хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б, А.С, Д.Л, Д.Т, Б.Г нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 477, шүүгдэгч А.Сын цагдан хоригдсон 268, шүүгдэгч Д.Лгийн цагдан хоригдсон 498, шүүгдэгч Д.Тын цагдан хоригдсон 44, шүүгдэгч Б.Гийн цагдан хоригдсон 31 хоногийг тус бүр эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боос 1,789,801 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанжавт 46,666 төгрөг, хохирогч Б.Золбоод 128,000 төгрөг, хохирогч И.Саруулд 240,000 төгрөг, хохирогч Т.Бирваад 380,000 төгрөг, хохирогч С.Энхтүвшинд 135,000 төгрөг, хохирогч Б.Оюунхандад 860,135 төгрөгийг, шүүгдэгч А.Саас 1,573,409 төгрөг гаргуулж хохирогч П.Баасанжавт 186,666 төгрөг, хохирогч Б.Золбоод 128,000 төгрөг, хохирогч И.Саруулд 240,000 төгрөг, хохирогч Ш.Эрдэнэсувдад 167,333 төгрөг, хохирогч Б.Төмөрбаатарт 388,660 төгрөг, хохирогч О.Баттөмөрт 158,250 төгрөг, хохирогч Б.Хонгорзулд 304,500 төгрөгийг, шүүгдэгч Д.Лгээс 563,900 төгрөг гаргуулж, хохирогч В.Даваасүрэнд 393,000 төгрөг, хохирогч Г.Шадавпэлжээд 170,900 төгрөгийг, шүүгдэгч Д.Таас 2,645,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Үнэнбатад тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б, А.С, Д.Л нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Т, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорьж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хадаасны лоом 1 ширхэг, цоож 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, TCL маркийн зурагт 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг зохих байгууллагад хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 05-00 УБЗ улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Алтангэрэлд, 33-70 УБЗ улсын дугаартай Тоёото Корса маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч Т. Наранмандахад, 48-70 УНП улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг Хаан банкинд, 77-37 УНП улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг “Тэсийн шугуй” ХХК-д тус тус олгуулж, шүүгдэгч Г.Боос 450,000 төгрөг, шүүгдэгч А.Саас 450,000 төгрөг, шүүгдэгч Д.Лгээс 4,666,600 төгрөг, шүүгдэгч Б.Гоос 1,166,600 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 71, 72 дугаар зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Г.Бийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Б.Анужин, 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин О.Анударь нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.С болон түүний өмгөөлөгч У.Батцэцэг нар давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс А.Сыг нийт 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон ...хулгайлж авсан эд зүйлээ амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай үйлдэл хийснээрээ энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэн зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй юм.

 

Учир нь, А.С нь хэд хэдэн удаагийн үйлдлээр хулгай хийсэн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэг байх бөгөөд түүний хувьд гэмт хэрэгт хамтран оролцохдоо хүн харж зогсдог байсан ба гэмт хэргийн улмаас олсон орлогыг авдаггүй байсныг Л.Б болон Г.А нарын мэдүүлгээр нотлогддог. Мөн түүний хувьд хулгайн эд зүйлсийг өөртөө авч ашиглан зарцуулаагүй байх ба өөрийн болон гэр бүл хамаарал бүхий хүмүүсийг тэжээн тэтгэж байгаагүй болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар амьдралын эх үүсвэр болгосон, амьдралдаа зарцуулж амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэх нотлох баримт байхгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, давтамжийн хувьд хэдийгээр 8 удаагийн үйлдэл байх боловч амьдралын хэвшил болгоогүй нэг удаа явахдаа гурваас дөрвөн удаагийн үйлдэл байх бөгөөд энэ нь есдүгээр сар болон арванхоёрдугаар сард үйлдэгдсэн үргэлжилсэн үйлдэл байх бөгөөд энэ шинжээр буруутгах нь үндэслэлгүй байна.

 

Гэмт хэрэг үйлдэх үедээ А.С нь насанд хүрээгүй байсан ба насанд хүрээгүй хүн өөрөө өөрийгөө тэжээн тэтгэж, амьдралаа залгуулах үүрэггүй бөгөөд эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй. Тиймээс А.Сыг хулгай хийсэн эд зүйлийг амьдралын хэрэгцээ шаардлага хангах эх үүсвэрээ болгосон нь тогтоогдоогүй байхад шүүхээс дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “Миний бие шүүгдэгч Б.Г үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өөрийн гэм бурууг хүлээж байна. Би хохирогч Удвалд хохирлыг мөнгийг төлж барагдуулсан. би цаашид өөрийн хөдөлмөрөөр ажил хийж сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Б.Гийг эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж 2 жил 1 сарын хорих ялаар шийтгэсэн. Ингэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй болсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцитай. Иймээс шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон ухамсарласан, хохирлоо төлсөн зэргийг харгалзан үзэж баривчлах ял оногдуулж өгнө үү гэв.

 

            Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хавтаст хэрэгт Д.Тын анхны мэдүүлсэн “хэрэгт холбогдогч Эас чи “би заагаад өгсөн юм” гээд хэлчих гэж шахсан тул гэж хэлсэн гэх мэдүүлэг”-ээс өөрөөр түүнийг гэм буруутай болохыг тогтоосон нотлох баримт байхгүй. Энэ шалтгаанаар өмнө нь шүүхээс мөрдөн байцаалтад буцааж байсан ба үүнээс хойш Д.Т, Г.Э нарын мэдүүлэг нь “зааж, зөвлөсөн зүйл огт байхгүй” гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлж мэдүүлгүүдээ өгсөн болно. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй юм. Шүүх хэрэглэх ёстой энэ хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Зүй нь бол мөрдөгч болон прокурор нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх болон 2 дахь хэсэгт заасны дагуу “хэргийн бодит үнэнийг тогтоох үүрэгтэй” гэсэн хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж байна.

 

            Эцсийн дүндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой хэм хэмжээг хэрэглэх ёстой байтал хэрэглээгүй байна.

 

            Мөн улсын яллагчаас үндэслэлгүйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг хэрэглэсэн. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зааж, зөвлөх” гэсэн шинж байхгүй бөгөөд энэ хуулиийн заалтад “урьдчилан амласан, ... дэмжлэг үзүүлсэн” байхыг шаарддаг. Энэ тохиолдолд улсын яллагчаас хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна гээд 2002 оны хуулийг хэрэглэсэн нь өөрөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн шинжтэй байна. Прокурор, шүүгч нь ялын төрөл, хэмжээг л бодож хөнгөрүүлж байгаа гэж ойлгож тайлбарлах боловч “хэмжигчийн шинж”-ийг тодорхойлсон байдлын талаар огт дүгнэлт хийдэггүй. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоолоос Д.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.С нь нийт 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэргийг байнгын тогтвортой үйлдсэн. Тухайн үедээ эрхэлсэн тогтвортой ажилгүй, хулгайн үйлдлээрээ амьдралаа залгуулдаг болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Иймээс амьдралын эх үүсвэрээ болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Б.Гийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан. Баривчлах ял нь 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй болсонтой холбогдуулан энэ ялыг хэрэглэх боломжгүй учир оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Мөн Г.Тын тухайд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлаж ял шийтгэл оногдуулсан. Тухайн үед урьдчилан үгсэн тохирч Үнэнбатын гэрийг зааж өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн зөвхөн Г.Тын мэдүүлгийг үндэслэж ялласан гэж байна. Гэтэл хохирогч Үнэнбат мэдүүлэхдээ “манай гэрийг зааж өгч хулгай хийлгэсэн хүн нь Г.Т. Энэ хүн нь манайхыг хамгийн сайн мэддэг” гэсэн. Мөн Г.Т, Б.Г, Г.Э нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймээс хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй, нотолж чадаагүй гэх асуудал яригдах үндэслэлгүй байна. Мөн Г.Тын 2 үйлдлийг эргэлзээтэй, нотолгоо хангалтгүй байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Харин Үнэнбатын гэрээс хулгай хийсэн үйлдэл нь зөвхөн Г.Тын мэдүүлэг биш, давхар хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу тухайн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

А.С, Л.Б, Г.Э нар бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 21-ний хооронд 4 удаагийн үйлдлээр 2,166,000 төгрөгийн, Л.Б, Г.Э нар бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 27-ны хооронд 2 удаагийн үйлдлээр 1,030,000 төгрөгийн, А.С, Л.Б, Г.Э Г.А нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 3 удаагийн үйлдлээр 2,765,460 төгрөгийн, Г.А, Г.Э Л.Б нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 удаагийн үйлдлээр 507,000 төгрөгийн, А.С, Г.Э Г.А нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 2-ны хооронд 1,166,000 төгрөгийн, Л.Б, Г.Эрдэнэпүрэв нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 4,355,000 төгрөгийн, Г.Э Д.Л нар бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 22-ноос 28-ны хооронд 5 удаагийн үйлдлээр 3,446,350 төгрөгийн, Г.Э, Д.Т нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1 удаагийн үйлдлээр 5,290,000 төгрөгийн, Г.Эрдэнэтуяа, Д.Л, Б.Г нар бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны хооронд 1 удаагийн үйлдлээр 4,950,000 төгрөгийн, Л.Б ганцаараа 2017 оны 11 дүгээр сарын 23-наас 24-ний хооронд 1 удаагийн үйлдлээр 340,000 төгрөгийн, Г.А, Г.Э нар бүлэглэн 2 удаагийн үйлдлээр 2,465,800 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг бусдын орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлсан болох нь:

 

Хохирогч П.Баасанжавын /1хх 26-27/, Б.Золбоогийн /2хх 26-29/, И.Саруулын /2хх 101/, Т.Бирваагийн /2хх 162/, Ш.Эрдэнэсувдын /2хх 230/, С.Энхтүвшингийн /3хх 65-66/, С.Нацагдоржийн /3хх 125/, Д.Батчулууны /4хх 124/, М.Отгонбатын /4хх 151/, Б.Төмөрбаатарын /7хх 29/, О.Баттөмөрийн /7хх 96-98/, Б.Хонгорзулын /7хх 170-172/, Б.Оюунхандын /5хх 88-91/, В.Даваасүрэнгийн /8хх 67/, Э.Батгэрэлийн /8хх 240-241/, Т.Бат-Эрдэнийн /9хх 60-63/, Г.Шадавпэлжээгийн /9хх 140,142/, Б.Нэргүйн /9хх 224, 227/, Д.Үнэнбатын /12хх 35-36/, Д.Удвалын /12хх 181/, У.Цогбаярын /17хх 250/, Л.Алтангэрэлийн /17хх 195, 205/,

 

гэрч Т.Нармандахын /1хх 35/, Б.Баттөмөрийн /2хх 95/, Г.Бадамгаравын /2хх 156/, П.Туулын /2хх 231/, Ё.Борын /2хх 227/, Г.Эрдэнийн /3хх 62/, Ж.Алтаншагайн /8хх 70-71/, Э.Оюунгэрэлийн /9хх 63-64/, Т.Цэцэгсүрэнгийн /9хх 228/, Ш.Хонгорзулын /11хх 89/, Г.Бадамгаравын /12хх 116/, Д.Даваасүрэнгийн /12хх 184/, иргэний нэхэмжлэгч М.Сэрээнэнбазарын /8хх 75/ өгсөн мэдүүлгүүд,

 

хохирогчдын алдагдсан эд хөрөнгө тус бүрийн зах зээлийн үнэлгээ /10хх 127, 2хх 4-13 , 2хх 38, 2хх 110, 2хх 170, 3хх 2-3, 10хх 105, 3хх 72, 4хх 132, 4хх 154, 4хх 186, 6хх 8, 6хх 50-52, 7хх 44, 7хх 1116, 10хх 114, 5хх 99-100, 8хх 91-93, 8хх 247-249, 9хх 66-69, 9хх 146, 9хх 231-233, 12хх 40, 12хх 205, 17хх 117-118, 17хх 214-215, 17хх 217-218, 18хх 133-134,

 

             хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 4-13, 2хх 84-86, 2хх 144-147, 2хх 150-154, 2хх 218-222, 3хх 49-53, 3хх 94-97, 3хх 99-101, 4хх 107-112, 5хх 235-237, 6хх 26-32, 7хх 18-20, 7хх 84-87, 7хх 160-163, 5хх 68-85, 8хх 4-7, 8хх 230-233, 9хх 51-54, 9хх 128-130, 9хх 208-212, 12хх 25-30, 12хх 153-160, 17хх 187-192, 18хх 106-111/,

         

             Зарим мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 17-21, 2хх 88-92, 2хх 150-154, 2хх 218-222, 4хх 113-114, 5хх 239-242, 6хх 36-38, 7хх 18-20, 7хх 50-54, 7хх 121-125, 7хх 203-207, 18хх 112-116/,

 

             таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8хх 60-61, 8хх 234-236, 9хх 55-57, 9хх 135-137, 9хх 215-217/,

 

шүүгдэгч А.С /2хх 59, 3хх 20, 142-143, 7хх 194/, Л.Б /1хх 64, 121, 3хх 28, 84, 148-149, 5хх 190/, Б.Г /13хх 44-45/, Г.Л /12хх 142, 13хх 64-65/, Г.Т /12хх 69-70, 13хх 81/ нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.

 

          Шүүгдэгч А.С нь бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн үйлдлээр, Л.Б нь бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 12 дугаар сарын 2-ны хооронд нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч буюу хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хангасан байх тул тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар,

 

          Д.Л нь бусадтай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “... хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн,” гэх хулгайлах гэмт хэргийн шинжүүдийг хангасан байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

 

Д.Т нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, Б.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ноос 11 дүгээр сарын 13-ны хооронд бусадтай бүлэглэн тус тус 1 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчийн үүрэгтэйгээр хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын хэмжээний дотор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Л.Бид 5 жил 1 сар, А.Ст 5 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Лд 3 жил, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Д.Тд 3 жил, Б.Гт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

 

Түүнээс гадна “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж байсан гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.С нь бусадтай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр бусдад үлэмж хэмжээний буюу 6,097,460 төгрөгийн хохирол учруулсан байх ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд түүнийг хулгайлж авсан эд зүйлээ өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэрээ болгосон гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, хулгайлж авсан эд зүйлс, өмч хөрөнгийн хохирлын хэмжээ, шинж чанар, үнэлэмжээр бус тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгосон, өөрөөр хэлбэл гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч А.С, Л.Б нарын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын “... энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэн зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэн “... 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зааж, зөвлөх” гэсэн шинж байхгүй бөгөөд энэ хуулиийн заалтад “урьдчилан амласан, ... дэмжлэг үзүүлсэн” байхыг шаарддаг. Энэ тохиолдолд улсын яллагчаас хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзээд 2002 оны хуулийг хэрэглэсэн нь өөрөө шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлсэн шинжтэй. Дээрх байдлуудыг харгалзан үзэж Тд холбогдох хэргийг хүчингүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

“... Оногдуулах ялыг хөнгөрүүлсэн” гэдэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ялын доод эсхүл дээд хэмжээг хөнгөрүүлсэн, доод, дээд хэмжээний аль алиныг нь багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн төрлийн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн, нэмэгдэл ялын доод, дээд хэмжээг бууруулсан эсхүл уг ялыг хүчингүй болгосон зэргийг хамруулан ойлгодог.

 

Д.Т нь Г.Этай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.Үнэнбатын гэрт хууль бусаар нэвтэрч 5,290,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэгт зүйлчилэхээр хуульчилсан байх хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ... бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу ялын төрөлд заагдсан үндсэн ялын дээд хэмжээг багасгасан, тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, сонгон хэрэглэж болох хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмсэн зохицуулалттай байх тул анхан шатны шүүхийн Д.Т, Б.Г нарт холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэж ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Тын хохирогч Үнэнбаттай хувийн таарамжгүй харьцаатай байсны улмаас түүний гэрийг шүүгдэгч Г.Эд заан өгч хулгайн гэмт хэрэг үйлдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх замаар зааж зөвлөсөн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасан хамжигчийн бус харин мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасан хатгагчийн шинжид хамаарч байх бөгөөд мөн хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийн хатгагчид түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна гэж зааснаас үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тын хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ял оногдуулсан нь үндэслэлтэй.

 

Иймээс шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч А.С нь урьд 2016 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний хооронд 4 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж нийт 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 381 дугаартай шийтгэх тогтоолоор А.Сыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнийг 5 жил 1 сарын хугацаагаар хорихоор шийдвэрлэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Анхан шатны шүүх А.Сыг дээр дурдсан ял хойшлуулсан хугацаандаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 17-ноос 2017 оны 12 дугаар сарын 2-ны хооронд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр одоогийн оногдуулж буй 5 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч түүний эрх зүйн байдлыг дордсон байх үндэслэл байна гэж үзлээ.

 

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын хэмжээ таваас дээш 10 жил хүртэл байхаар хуульчилсан бол уг зүйл, хэсэгтэй тохирох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялын хэмжээг хоёр жилээс найман жил хүртэл болгож, хөнгөрүүлэн зүйлчилсэн байх тул анхан шатны шүүх шүүгдэгч А.Ст ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Сын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс өмнө нь оногдуулсан ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах шаардлагатай байна гэж үзэж байгаа боловч хуулийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолд шууд халдан өөрчлөх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуульчлагдаагүй бөгөөд шаардлагатай бол онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрх прокурорт байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Г, А.С нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Л, Г.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/740 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.С, түүний өмгөөлөгч У.Батцэцэг, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, шүүгдэгч Г.Л, Г.Т нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ