Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Иргэдийн төлөөлөгч Л.Адъяасүрэн,

            Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

            Улсын яллагч Н.Булганчимэг,

            Шүүгдэгч Д.Ариунцэцэг, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон Тэмээт овогт Дашдэлэгийн Ариунцэцэгт холбогдох 201725030437 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1977 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эмгүй эмчилгээний арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 3-21 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 18-524 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тэмээт овогт Дашдэлэгийн Ариунцэцэг (РД:ЦЗ77041364),  

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” төвийн урд талын автомашины зогсоолын хашаанд С.Ариунзаяаг дагуулж орон хутга тулгаж хүрэмийг нь зүсэж биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1.700.000 төгрөгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Том алдаа гаргасандаа маш их гэмшиж байна гэв.

            Д.Ариунцэцэгээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 07 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч явахдаа цүнхэндээ модон шар иштэй хутга хийгээд гарсан. Баянзүрх зах орж мах шулая гэж бодож байсан боловч захаар ороогүй шууд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Найман шарга” валютын зах дээр ирсэн. Би нөхрийнхөө ах Чинбатад 300.000 төгрөг өгөх ёстой байсан. Чинбатад өгөх мөнгө тухайн үед надад байгаагүй. Тэгээд “Найман шарга” зах дээр ирээд хэсэг хугацаанд ажиглаад явж байсан чинь саарал өнгийн хүрэм өмссөн, ягаан өнгийн цүнх үүрсэн, гартаа мөнгө барьсан эмэгтэй байхаар нь очиж, доллар хэдээр авч байгаа юм бэ гэхэд 2472 төгрөгөөр доллар авч байгаа гэсэн. Би тэгэхээр нь хүнгүй газар мөнгөө өгье гээд автомашины зогсоол руу орсон. Ингээд орохдоо цүнхэндээ байсан хутгаа аваад хүрэмнийхээ баруун гар талын ханцуйнд хийсэн. Нөгөө эмэгтэйг дагуулж ороод мөнгөө өг гээд өөдөөс нь хутга тулгасан. Нөгөө эмэгтэй орилж хашгираад гартаа барьж байсан. мөнгөө газраар тараагаад хаясан. Би хутгаараа сандрахдаа хүрэмний ханцуй, цээжин хэсэгт зүссэн. Нөгөө эмэгтэй надаас айгаад хөөе гээд хашгирахдаа хутганд гараа зүссэн байсан. Би сандрахдаа хутгаа газар шидсэн. Нөгөө хүүхэн надтай ноцолдоод намайг цохихоор нь газар унаад өгсөн, миний дээрээс дараад байсан чинь нэг залуу орж ирээд гарнаас барьсан. Нөгөө эмэгтэй цагдаа дуудсан. Мөнгө төгрөг аваагүй, тэр эмэгтэйг айлгаж байгаад мөнгийг нь авах гэж байсан юм. Надад С.Ариунзаяаг санаатай хутгаар хатгасан асуудал байхгүй, мөнгөө өг гээд цээжин тус газарт тулгаад байсан, тэгсэн чинь миний хоёр гарыг нөгөө эмэгтэй бариад байсан, тэгээд хутгаа давуулж шидэх гээд хоёр гурав оролдсон чинь өмсөж байсан хүрэмийг нь зүссэн. Нөгөө хүүхний гарт байсан мөнгө газарт унасан байсан, тэр мөнгөнөөс нь би түүлцэж өгөх гээд тонгойсон чинь дээрээс цохиод газарт ойчуулсан. Тэгээд байж байхад нэг залуу ирж миний гараас барьж байхад цагдаа ирсэн. Дараа нь харахад нөгөө хүүхний хүрэм 3 удаа зүсэгдсэн байсан. Гэмтээх санаа зорилго надад байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

            Хохирогч С.Ариунзаяагаас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 05 минутын үед “Найман шарга” валютын зах дээр ирээд валют солих ажилдаа ороод байхад хар хөх өнгийн хүрэм өмссөн, нүүрэндээ хөх өнгийн нэг удаагийн маск зүүсэн 155 см орчим биеийн өндөртэй эмэгтэй ирж надтай уулзаад 500 доллар солиулах гэсэн юм, хүн хараад байна, ийшээ ороод солиулчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг дагаад авто зогсоолын хашаа руу орсон. Хашаанд орсон хойно нөгөө эмэгтэй үүрээд явж байсан саарал өнгийн цүнхнээсээ хар өнгийн түрийвч гаргаж ирсэн. Ингэж байхдаа шинэ мөнгө хэдээр сольж байна гэж асууж байсан. Нөгөө эмэгтэй зүүн гарын хармаандаа түрийвчээ хийх шиг болоод хутга гаргаж ирээд цээжний зүүн хэсэгт зүрхний орчим хутгаар нэг хатгасан, би тухайн үед нь хутга гэж мэдээгүй, гараараа цохисон гэж бодож байсан. Тэр хүн миний цээж рүү цохиод гарт байсан 1.700.000 төгрөгийг булаагаад авсан. Миний гараас мөнгө аваад машин тойроод зугтаасан, би араас нь очоод гарт байгаа цүнхээрээ цохьсон, нөгөө эмэгтэй газарт ойчоод өгсөн, унахдаа авч зугтаасан мөнгөө газарт хаясан. Би барьж аваад ноцолдож байсан чинь миний баруун гарын шууны гадна талд, баруун гарын долоовор хурууны дотор талыг хутгаараа зүссэн байсан. Нөгөө эмэгтэй босож ирээд эргэж харангуутаа миний гэдэс рүү хутгаараа хатгасан. Гэдэс рүү хутга орчих шиг болохоор нь муухай хашгирсан. Тэгсэн чинь нэг залуу, хоёр эмэгтэйн хамт авто зогсоолын хашаанд орж ирсэн. Нөгөө эмэгтэй гартаа байсан хутгаа хаяад зугтаахад хашаанд орж ирсэн залуу барьж авсан. Хашаанд гаднаас орж ирсэн залуу, хоёр эмэгтэй намайг гэдэс рүү хутгаар хатгуулаад бахирах үед орж ирсэн, өмнө нь болсон үйлдлийг хараагүй. Гадаа салхигүй байсан болохоор мөнгө хийсээгүй, миний гарт байсан 1.700.000 төгрөг бүрэн байсан. Нөгөө эмэгтэй баригдсаны дараа би нөхрийнхөө ахаас 300.000 төгрөг зээлсэн байсан юм, өнөөдөр мөнгийг нь буцааж өгөх ёстой байсан, эгчийгээ явуулчих гэж гуйж байсан. Нэг эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байсан. Цагдаа удаагүй хүрч ирэн нөгөө эмэгтэйг гавлаад аваад явсан. Миний өмсөж байсан ногоон өнгийн урт хүрэмний цээжний зүүн хэсэг, хэвлий хэсэг, баруун ханцуй орчим зүсэгдээд цоорсон байсан. Ногоон өнгийн хүрэм нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, 2016 оны 11 дүгээр сард 200.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Ногоон өнгийн хүрэмний зүсэгдсэн хохирлоо нэхэмжлэхгүй. Зүгээр байж байгаад дээрэмдүүлсэндээ гомдолтой байна. Миний цээж, хэвлий орчим хөхөрсөн байсан, одоо хөхрөлт нь байхгүй болсон байсан. Одоо миний биед ямар нэг өвдөж байгаа зовиур байхгүй гэжээ.

            Гэрч нараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Д.Энхтүвшингээс:-2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн гадаа тамхи татаад зогсож байтал “Найман шарга” валют арилжааны төвийн урд талын автомашины зогсоол дээр эмэгтэй хүн орилж бахирсан, тэгэхээр нь очсон чинь хоёр эмэгтэй хүн барьцалдаад газарт хэвтсэн байдалтай байсан. Очсон чинь нэг эмэгтэй нь энэ хүн намайг дээрэмдээд гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь газраас босоод зугтаасан. Би тэр зугтаасан эмэгтэйн араас очиж дэгээдэж газарт ойчуулан бариад авсан. Би нөгөө эмэгтэйг барьж аваад дээрэмдүүлсэн гэх ченж эмэгтэйг харахад гадна хүрэмний хэсгийг хутгаар зүссэн ором гарсан байсан. Дээрэмдсэн гэх эмэгтэйг хутгатай байгаа гэсэн, тухайн үед би хутга хараагүй. Цагдаа иртэл би нөгөө эмэгтэйг барьж байсан. Цагдаа ирээд хутгыг нь олж авч байсан. Барьж байгаа эмэгтэйгээс яагаад ийм хэрэг хийх болсон талаар асуухад өрөнд ороод, тэр хүнийг хутгалах санаа зорилго надад байгаагүй, айлгах гэж байсан юм гэж хэлсэн гэжээ.

            2.Ч.Ганбатаас:-2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 09 цаг 22 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн төлбөртэй зогсоол дотор хутгатай эмэгтэй хүн байна гэсэн дуудлага “Хайрхан-10”-аас өгсний дагуу ахмад Ц.Ганжаргалын хамт 1 минутын дотор очиход автомашины төлбөртэй зогсоол дотор Ариунзаяа гэх эмэгтэй уйлсан байдалтай байсан, дээрэмдсэн гэх эмэгтэй нэг залуутай зууралдаад ноцолдож байсан. Дээрэмдсэн гэх эмэгтэйг гавалж машинд суулгаад хэрэг болсон гэх газарт очин шалгаж үзэхэд манаачийн амбаарын хажуу талд хүрэн бор өнгийн модон иштэй хутга газар хэвтэж байхаар нь эд зүйл түр хураан авах тэмдэглэл үйлдэн, цагдаагийн хэлтэст авчирсан. Дээрэмдүүлсэн гэх эмэгтэйд ил харагдах гэмтэл тухайн үед харагдаагүй, өмсөж байсан хүрэмний энгэр, хэвлий, ханцуй хэсэгт 3 хэсэг зүсэгдсэн байсан. Дээрэмдүүлсэн гэх эмэгтэйгээс ямар нэг гэмтэл авсан эсэхийг асуухад хутгаар хатгуулаад ямар нэг гэмтэл аваагүй гэж тухайн үед хэлж байсан. Дээрэм хийсэн гэх эмэгтэйг барьж аван гавлахад архи согтууруулах ундаа хэрэглээгүй шинжтэй, үнэртэхгүй байсан гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.3.03-ны ¹3322 тоот дүгнэлтэд:

            1.С.Ариунзаяагийн биед баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.        

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Д.Ариунцэцэг нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 09 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Найман шарга” төвийн урд талын автомашины зогсоолын хашаан дотор иргэн С.Ариунзаяад хутга тулгаж, гарт нь байсан бэлэн 1.700.000 төгрөгийг дээрэмдсэн болох нь шүүгдэгчийн “Би нөхрийнхөө ах Чинбатад 300.000 төгрөг өгөх ёстой байсан. “Найман шарга” зах дээр ирээд хэсэг хугацаанд ажиглаад явж байсан чинь саарал өнгийн хүрэм өмссөн, ягаан өнгийн цүнх үүрсэн, гартаа мөнгө барьсан эмэгтэй байхаар нь очиж доллар хэдээр авч байгаа юм бэ гэхэд 2472 төгрөгөөр доллар авч байгаа гэсэн. Би тэгэхээр нь хүнгүй газар мөнгөө өгье гээд автомашины зогсоол руу орсон. Нөгөө эмэгтэйг дагуулж ороод мөнгөө өг гээд өөдөөс нь хутга тулгасан” гэх мэдүүлэг, хохирогч С.Ариунзаяагийн “…эмэгтэй ирж надтай уулзаад 500 доллар солиулах гэсэн юм, хүн хараад байна, ийшээ ороод солиулчихья гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг дагаад авто зогсоолын хашаа руу орсон. Нөгөө эмэгтэй зүүн гарын хармаандаа түрийвчээ хийх шиг болоод хутга гаргаж ирээд цээжний зүүн хэсэгт зүрхний орчим нэг хутгаар хатгасан, Тэр хүн миний цээж рүү цохиод гарт байсан 1.700.000 төгрөгийг булаагаад авсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Энхтүвшингийн “”Найман шарга” валют арилжааны төвийн урд талын автомашины зогсоол дээр эмэгтэй хүн орилж бахирсан, тэгэхээр нь очсон чинь хоёр эмэгтэй хүн барьцалдаад газарт хэвтсэн байдалтай байсан. Очсон чинь нэг эмэгтэй нь энэ хүн намайг дээрэмдээд гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй нь газраас босоод зугтаасан. Би тэр зугтаасан эмэгтэйн араас очиж дэгээдэж газарт ойчуулан бариад авсан. Би нөгөө эмэгтэйг барьж аваад дээрэмдүүлсэн гэх ченж эмэгтэйг харахад гадна куртикны хэсгийг хутгаар зүссэн ором гарсан байсан. Дээрэмдсэн гэх эмэгтэйг хутгатай байгаа гэсэн, тухайн үед би хутга хараагүй. Цагдаа ирээд хутгыг нь олж авч байсан” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Тэмээт овогт Дашдэлэгийн Ариунцэцэгийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хор арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.  

Шүүгдэгч Д.Ариунцэцэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан болон шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Түүнчлэн шүүгдэгч нь олон ам бүлтэй, түүний нөхөр хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг байдлыг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тэмээт овогт Дашдэлэгийн Ариунцэцэгийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Д.Ариунцэцэгийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Ариунцэцэгт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Ариунцэцэгийг цагдан хоригдсон 16 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ариунцэцэгт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ

ШҮҮГЧИД                                                            С.БАТГЭРЭЛ

           Б.ХАЛИУН