| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
2025 01 22 2025/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Б.Тогтох,
шүүгдэгч: Т.Б., түүний өмгөөлөгч Б.Энхболд нар оролцсон эрүүгийн 2410049580040 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б. овогт Т.гийн Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд:
1/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,
2/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 917 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б. нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар сургуулийн зүүн талд байрлах “Э.” ХХК-ийн барилгын талбайгаас цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Г.од 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.Б.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Эрүүгийн 2410049580040 дугаартай хэргээс:
“Э.” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 4/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г.ын мэдүүлэг /хх-ийн 8/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15/,
Т.Б.ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой /хх-ийн 33-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Т.Б. нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... дугаар сургуулийн зүүн талд байрлах “Э.” ХХК-ийн барилгын талбайгаас цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Э.” ХХК-д 2.700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Э.” ХХК-ийн ... дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай төслийн 202 дугаар блок, 1 дүгээр орцны 5 дугаар давхраас 1х10 хэмжээтэй цахилгааны 300 метр кабелийн утас, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 202 дугаар блок, 1 дүгээр орцны 7 дугаар давхраас 1х10 хэмжээтэй 300 метр цахилгааны утас хулгайд алдагдаж, манай компанид нийт 3.300.000 төгрөгийн хохирол учирсан.
2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шөнийн 03:00 цагийн үед Т.Б. нь 300 метр цахилгааны утсыг хулгайлж авч гарах үедээ барилгын харуулд баригдсан. Баригдах үедээ цахилгааны утсыг зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй болгож, зэс утсыг нь салгаж авсан байсан. Урьд өмнө нь төслийн барилга дээрээс хулгайд эд зүйл алдагдаж байсан тохиолдол байхгүй бөгөөд бидний 300 метр цахилгааны утсыг Т.Б. хулгайлж авсан гэж үзэж байна. Т.Б.тэй манай компанийн зүгээс ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, манай компанийн ажилтан биш болно.” гэх гомдол /хх-ийн 4/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г.ын өгсөн “...Манайх ... дүүргийн 8 дугаар хороо, 118 дугаар сургуулийн зүүн талд үйлчилгээтэй орон сууцны цогцолбор төслийг барихаар төлөвлөн эхний ээлжийн барилга баригдаж эхэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байсан чинь 22:00 цагийн үед манай цахилгаан хийж байгаа хүмүүс над руу залгаад “нөгөө цахилгааны утас хулгай хийдэг хүн чинь ирчихсэн байна, бид нар хайгаад олохгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө ирээд хайгаад олохгүй байхаар нь харуулдаа захиж үлдээгээд явсан. Тэгээд шөнө 02:00 цагийн үед манай харуул над руу утсаар холбогдоод “нөгөө хүнийг чинь бариад цагдаад өгөөд явуулчихсан” гэж хэлсэн. ...Манай барилга дээрээс энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахилгааны утас алга болсон байна гэж яригдаж байсан. Тэгээд 11 дүгээр сарын 17-ны орой ажил тарсан хойно барилга дээр хүн яваад байхаар нь манай харуул бариад авсан чинь цахилгааны утас цүнхэнд хийчихсэн аваад явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...2024 онд үйлдвэрлэгдсэн 1х10 хэмжээтэй 600 ширхэг цахилгааны утас 2.700.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 18/,
Т.Б.ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн барилга дээр энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 00-ын өрөөний плита наах зорилгоор ажилд орсон. Би тухайн барилга дээр ажилд орсон өдрөө ажлаа хийгээд, маргааш өглөө нь ирээд орой 19:00 цаг хүртэл ажилласан. Би ажлаа хийж дуусаад, хамт ажиллаж байсан хүмүүс яваад өгсөн. Ганцаараа үлдээд, 00-ын өрөөнд байсан цахилгааны утасны зэс утсыг нь хөвөөд аваад, шөнө гарсан. Би тэгээд ажил дээрээ очихгүй байж байгаад 11 дүгээр сарын 17-ны орой 19:00 цагийн үед ирээд хийсэн ажлынхаа мөнгийг авъя гэж хэлсэн чинь давхраа хийж дуусгачихаад ав гэсэн. Тэгээд би нэг 00-ын өрөөний плитаг бүрэн нааж, дахиад нэг 00-ын өрөөний плита нааж байгаад талд нь хүргэсэн. Би явахдаа 00-ын өрөөнд байсан цахилгааны утасны зэс утсыг нь хөвж аваад байж байсан чинь тухайн барилгын харуул гэх хүн ирээд намайг бариад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 25/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б. нь хохирогч хуулийн этгээдийн барилга угсралтын талбайд баригдаж буй барилгаас бага хэмжээнээс дээш үнэ бүхий цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, “Э.” ХХК-нд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж буюу бусдын эзэмшил, өмчлөлд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т.Б.өөс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.Б.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Б.Г.ын “Хаан” банкин дахь ... тоот дансанд 2.700.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Т.Б.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Т.Б. нь тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд өмчлөх эрхийн эсрэг 2 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Т.Б.өд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 430 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар санал гаргасныг шүүгдэгч Т.Б. танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирол нөхөн төлөгдсөн байдал, хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Т.Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 430 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Т.гийн Б.ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.ийг 430 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаас хэтрүүлэхгүйгээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б.өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН