Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 133/ШШ2017/00429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

нэхэмжлэгч- 0 тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Е сум, .................. оршин суух, эрэгтэй, Б овогт Х-ын Д-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Говь-Алтай аймаг дахь МСҮТ-д холбогдох,

 

тус төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б23 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, гэрч Б.Б, Д.Г, Г.Ч, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие математикийн багш, мэргэжилтэй, боловсролын салбарт 30 дахь жилдээ, мэргэжлийн боловсролын салбарт 17 жил ажиллаж байна. ГАА-ийн МСҮТ-д 2001 оноос хойш сургалт хариуцсан дэд захирал, сургалтын албаны дарга зэрэг албан тушаалд ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа халагдсан. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гийн гаргасан Б/23 дугаар тушаалын ажлаас халах үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа МБСБХГ-ын шалгалтын ажлын хэсэг миний ажлыг шалгаад хамт олонд шалгалтын дүгнэлтийг танилцуулаад явсан. Энэ шалгалтаар манай сургуулийн сургалт, санхүү зэргийг шалгаад шалгалтын дүнгээ 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр танилцуулаад явсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой дүгнэлтийг хамт олонд танилцуулахад яригдаагүй асуудлуудаар үндэслэл хийж тушаал гаргасан. Яамны шалгалтын дүгнэлтийг авахаар удаа дараа гуйсан боловч уг дүгнэлтийг 09 дүгээр сарын 15-нд надад өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/49 дугаартай захирлын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ажил, сурталчилгааны ажлыг хангалтгүй зохион байгуулсан хэмээн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс амраад 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орж, 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн аймгийн төв дээр элсэлт бүртгэл явуулж байтал 08 дугаар сарын 29-ний өдөр бүртгэлийг зогсоож чамайг ажлаас хална гээд ажиллуулаагүй, ингээд 09 дүгээр сарын 05-ны өдөр халах тушаал гаргасан. Тухайн үеийн элсэлтийн бүртгэлд 250 гаруй элсэгч бүртгүүлж байсан. Энэ нөхцөл байдлын улмаас 120-иод суралцагч 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн нь элсэлтийн ажлыг санаатайгаар зогсоосон гэж үзэж байна. Мөн нэг үндэслэлээр 2 удаа шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б/23 дугаар тушаалын ажлаас халах үндэслэл болох байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2, 12.2-ын б, в, г, 12.2.6, 12.2.8-ын в, г, 12.2.13-ын дахь хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 8 дугаар сарын 29-ний орой ажил тарсан байхад дуудаж уулзаад элсэлттэй холбоотой асуудлаар ярилцсан, гэтэл энэ уулзалтын захирлын зөвлөлийн хурал болсон мэтээр хурлын тэмдэглэл бичиж гаргасан байсан. Уг нь элсэлтийн комиссын ажлын хэсгийн уулзалт байсан. Манай сургуульд сүүлийн жилүүдэд захирлын үүрэг гүйцэтгэгч нэрээр маш олон захирал солигдож байгаа. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг 2013 онд хэлэлцэж батлаад 2014 онд өөрчлөлт оруулсан байгаа, гэтэл Гансүх захирал хамт олноор хэлэлцүүлэхгүй би баталдаг юм гээд 2013 оны дотоод журам дээр тушаал гаргасан. Мөн хэрэгт өгсөн хурлын тэмдэглэлүүд миний танилцаж байсан гараар бичигдсэн тэмдэглэлүүдээс зөрүүтэй байгаа. Иймд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ГАА-ийн МСҮТ-ийн сургалтын албаны менежер Х.Д-ыг Хөдөлмөр халамжийн ерөнхий газраас ГАА-ийн МСҮТ-ийн 2016 он, 2017 оны эхний 2 улирлын санхүүгийн үйл ажиллагаанд болон сургуулийн хамт олноос ирүүлсэн өргөдлийн мөрөөр хийсэн шалгалтын танилцуулгаар хариуцсан үүргээ хангалтгүй зохион байгуулсан нь тогтоогдож, холбогдох хариуцлагыг тооцохыг үүрэг болгосон, захирлын тушаал гарган, гарын үсэг зурж, сургалтын албаны тэмдэг дарсан, захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар тушаалаар ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон боловч, хэрэгжүүлэн ажиллаагүй, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийг томилсон боловч элсэлтийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажлын хэсэгт томилогдсоноо мэдээгүй, элсэлтийн сурталчилгааны ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, элсэлтийн ажлыг хангалтгүй зохион байгуулсан үндэслэлээр сургалтын албаны менежер Х.Д-ыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халсан. Уг шийдвэрийг гаргахдаа нэгдүгээрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал А.Пнь сургалтын албаны менежер Х.Д-тай 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хоёрдугаарт сургалтын албаны менежер Х.Д нь багш нарт зэрэг олгох болон багш нарын ангилал, зэрэглэл тогтоох ажлыг захирлын тушаал, шийдвэргүйгээр ажлын хэсэг гарган зохион байгуулсан, уг ажлын хэсгүүдийн дүгнэлтийг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа багш нарыг хохироохгүйн улмаас нөхөж тушаал гарган, холбогдох асуудлуудыг баталгаажуулсан. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсгийн ажлын хүрээнд Сургалтын албаны менежер Х.Д нь захирлын тушаал гарган, гарын үсэг зурж, сургалтын албаны тэмдэг дарсан байсан ба удаа дараа хүчингүй тушаалаар ажил зохион байгуулдаг эргээд сургуулийн удирдлагыг гүтгэж, ажил унагааж байгаа мэтээр харагдуулдаг нь нотлогдсон.

 

Гуравдугаарт тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэр бүхий багш нар Сургалтын албаны үйл ажиллагааны талаар хүсэлт ирүүлэн, шалгаж өгөхийг хүссэн бөгөөд уг асуудлыг дотроосоо ажлын хэсэг томилон шалгах боломжгүй тул харъяа дээд байгууллага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хүсэлтийг уламжлан, улмаар тус газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг ирж ажиллан холбогдох дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтээр Сургалтын албаны менежер нь ажил үүргээ шаардлагын хэмжээнд гүйцэтгэж чадахгүй байгаа тул уг албан тушаалтанд бүрэн хариуцлага тооцохыг үүрэг болгосон. Дөрөвдүгээрт сургалтын албаны саналын дагуу тус Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг ханган, элсэлтийн сурталчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үр дүнг 08 дугаар сарын 30-ны дотор тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг хангах, элсэлтийн сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар хэлэлцэхэдэ ажлын төлөвлөгөө гаргаагүй, энэ талаар ажил зохион байгуулаагүй байсан тул Сургалтын албаны менежер Х.Дд сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэн, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Мөн энэ асуудлыг захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн, тодорхой ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгож, захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар тушаалын дагуу үр дүнг 08 дугаар сарын 29-ний өдөр захирлын зөвлөлийн хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг хангах, элсэлтийн сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулсан талаар хэлэлцсэн ба уг хуралд элсэлтийн ажлын хэсгийн гишүүдийг оролцуулсан. Уг хурлын үеэр ажлын хэсгийн гишүүд болох багш Л.Д, багш Г.Ч, багш Ц.Д, багш С.Б нар нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийг зохион байгуулах ажлын хэсэгт томилогдон ажиллахаа мэдээгүй, ажлын хэсгийн ахлагч Х.Д нь захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар тушаал гарсан өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг хангах, элсэлтийн сурталчилгааны ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг захирлаар батлуулаагүй, уг хурлын үеэр өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа нь нотлогдсон тул сургалтын албаны менежер Х.Д-ыг үүрэгт ажлаас нь халах талаар сонсгосон.

 

Х.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсэг нь ажлын тайланг урьдчилсан байдлаар хамт олны хуралд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсан ба уг ажлын танилцуулга тус МСҮТ-д 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр цахим сүлжээгээр ирсэн ба уг шийдвэр нь эх хувиараа 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар Сургалтын албаны менежер Х.Дыг үүрэгт ажлаас нь халах талаар сонсгосон ба Х.Д нь ажлаас халах тушаал гараагүй байхад буюу 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, мөн Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ажил хүлээлцсэн тухай актанд гарын үсэг зурсан ба энэ өдөр нь холбогдох баримт бичиг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хяналт шалгалтын ажлын хэсгийн танилцуулгыг өгсөн, сургалтын албаны менежер Х.Д нь 2017-2018 оны элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон боловч 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ямар ч ажил зохион байгуулаагүй, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөө гаргаагүй, элсэлтийн сурталчилгааны ажлыг зохион байгуулах ажлыг төлөвлөөгүй, энэ талаар ажил зохион байгуулаагүй байсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж, тодорхой үүрэг даалгавар өгсөн. Захирлын зөвлөлийн хурлаар 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр болон 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэн тодорхой үүрэг даалгавар өгсөн байхад захирлын зөвлөлийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг хангах, элсэлтийн сурталчилгааны ажлын хэсгийн гишүүд ажлын хэсэгт томилогдон ажиллахаа мэдээгүй, ажлын хэсгийн ахлагч Х.Д нь захирлын зөвлөлийн хурлын үеэр өгсөн үүрэг даалгаваруудыг удаа дараа биелүүлээгүй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаа нь нотлогдсон тул хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Аймгийн Аудитын газрын акт, албан шаардлага, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлага, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан шаардлага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №02/12-02-02 дугаартай албан шаардлага зэргээр сургалтын албаны менежер Х.Д-ыг үүрэгт ажлаа хангалтгүй гүйцэтгэж байсныг нотлох бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг удирдлага, арга зүйгээр хангаж ажиллаагүй, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Х.Д-ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Х.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-д холбогдуулан тус төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

 

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь хэсэг, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны А/45 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 12.2.2, 12.2-ын б, в, г, 12.2.6, 12.2.7-ын в, 12.2.8-ын в, г, 12.2.9, 12.2.13-г үндэслэн Х.Дыг сургалтын албаны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна /1-хх-5/.

 

Нэхэмжлэгч Х.Д нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-д холбогдуулан тус төвийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна /1-хх-2/.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Х.Д-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөр халамжийн ерөнхий газраас Говь-Алтай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 он, 2017 оны эхний 2 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд болон сургуулийн хамт олноос ирүүлсэн өргөдлийн мөрөөр хийсэн шалгалтын танилцуулгаар хариуцсан үүргээ хангалтгүй зохион байгуулсан нь тогтоогдож, холбогдох хариуцлагыг тооцохыг үүрэг болгосон, захирлын тушаал гарган, гарын үсэг зурж, сургалтын албаны тэмдэг дарсан, захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны дөрийн А\38 дугаар тушаалаар ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон боловч, хэрэгжүүлэн ажиллаагүй, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийг томилуулсан боловч элсэлтийн ажлын хэсгийн гишүүд 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажлын хэсэгт томилогдсоноо мэдээгүй, элсэлтийн сурталчилгааны ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, элсэлтийн ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэж тайлбарлан маргаж байна 1-хх-69-75, 2-хх- шүүх хуралдааны тэмдэглэл.

 

Ажил олгогч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.3 дахь заалтыг үндэслэжээ. Дээрх тушаалд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох зохицуулалтыг баримтлаагүй боловч хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа Х.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэжээ /1-хх-69/.

 

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан нь сахилгын шийтгэлийг заавал шат дараалан ногдуулсан байхыг шаардахгүй боловч сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх ёстой, мөн хуулийн 131.1.3-т ажлаас халах гэж заасан бөгөөд уг заалт нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах талаарх зохицуулалт юм.

 

 

 

Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсний төлөө хариуцлага хүлээдэг бол сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Зөрчил нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчсөн гэм буруутай үйлдэл байна.

 

 

 

Тиймээс ажил олгогч нь нэхэмжлэгч Х.Дыг ажлаас халахдаа хөдөлмөрийн дотоод журмын 12.2.2, 12.2-ын б, в, г, 12.2.6, 12.2.7-ын в, 12.2.8-ын в, г, 12.2.9, 12.2.13-д заасныг үндэслэсэн байх боловч хэрэгт нотлох баримтаар талуудын гаргасан Хөдөлмөрийн яамны харьяа ГАА-ийн МСҮТ-ийн хөдөлмөрийн дотоод журам гээд баруун дээд буланд 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хамт олны хурлаар хэлэлцэн батлав гэж бичигдсэн байх боловч тамга, тэмдэг дарагдаагүй, 1-33 хүртэл дугаарлагдсан хуудастай байх бөгөөд тус төвийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/45 дугаартай тушаалаар батлав гэж гаргасан байна /1-хх-8-41, 2-хх-182-215/.

 

 

 

Тушаалын үндэслэл болгосон дээрх хөдөлмөрийн дотоод журмыг ажил олгогч болон ажилтнуудын хурлаар хэлэлцээгүй болохыг, 2013 онд хэлэлцсэн гэж байгаа боловч албан ёсоор батлаагүй дотоод журмыг 2017 онд тушаалаар баталсан гэж хариуцагчийн төлөөлөгч, 2014 онд шинэчлэн нэмэлт өөрчлөлт оруулж хамт олны хурлаар хэлэлцээд баталж дагаж мөрдөж байсан гэж нэхэмжлэгч нар тус тус тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, уг журмын 12-т иргэнийг ажилд авах, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх, ажилтныг ажлаас чөлөөлөх, халах гэж тусгасан байх бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан зохицуулалтыг баримтлаагүй, ноцтой зөрчлийн улмаас гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн гэрээний бус хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэл болгосон байгаа нь ажилтаны ноцтой зөрчлийн талаар заагаагүй, сахилгын зөрчлийн талаар тодорхойлжээ.

 

 

 

Ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээний талууд болох ажил олгогч, ажилтан нар ажил, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтойд тооцохыг, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байна. Зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаантай харилцаанд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх үйл баримт, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх байдал нь ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл Х.Д зөрчил гаргасан эсэх, уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан эсэх нь маргааныг шийдвэрлэх үндэслэл болох юм.

 

 

 

Гэтэл талууд хөдөлмөрийн харилцаанд хэрэгжиж байсан хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй, нэхэмжлэгч өөрт байгаа гэх хувийг өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд ...хөдөлмөрийн гэрээ эх хувиараа байгаа боловч нотариатч хуулбарлан баталгаажуулж өгөөгүй тул шүүхэд эх хувиар нь өгөх боломжгүй... гэх тайлбарыг гарган хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хөдөлмөрийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно /1-хх-181-184/.

 

 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний хувийг ажилтанд өгнө гэж, дээрх хуулийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж тус тус заасан.

 

 

 

Харин ажил олгогч ажилтаныг ажлаас чөлөөлсөн Б/23 тоот тушаалд дурдсан Хөдөлмөр халамжийн ерөнхий газраас Говь-Алтай аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 он, 2017 оны эхний 2 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд болон сургуулийн хамт олноос ирүүлсэн өргөдлийн мөрөөр хийсэн шалгалтын танилцуулгаар хариуцсан үүргээ хангалтгүй зохион байгуулсан нь тогтоогдож, холбогдох хариуцлагыг тооцохыг үүрэг болгосон гэх үндэслэлийн тухайд тухайн байгууллагын сургалтын алба, санхүү төсөв, хүний нөөцийн чиглэлээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шалгалт хийсэн талаар талууд маргаагүй, шүүхэд нотлох баримтаар гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн огноотой танилцуулага гэх баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, тамга, тэмдэг дарагдаагүй гарын үсэг зурагдсан канондсан баримт байна /1-хх-42-49, 161-169/.

 

 

 

Улсын байцаагчийн албан шаардлагын тухайд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02\12-02-02 дугаартай зөрчил арилгуулах тухай байх бөгөөд уг албан шаардлагын биелэлтийг захирал Г.Г, ерөнхий нягтлан бодогч Ж.Б-т нарт хариуцуулсан, уг шаардлагад сургалтын албаны менежер ажилтай Х.Д ямар зөрчил гаргасан талаар үг, өгүүлбэр тусгагдаагүй, сургалтын албаны менежер Х.Дд гэж хариуцуулаагүй, ГАА-ийн МСҮТ-ийн үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтын талаарх албан шаардлага байна /1-хх-170-172/.

 

 

 

Мөн тушаалын үндэслэл болсон захирлын тушаал гаргаж сургалтын албаны дарга гарын үсэг зурж, сургалтын албаны тэмдэг дарсан гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар талууд гаргаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхийн өмнө ...манай байгууллагад нэг л хувь байгаа, нотариат батлахгүй гэсэн учраас шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй... гэж тайлбарлан нотлох баримтаар гаргаагүй бөгөөд тухайн тушаалд сургалтын албаны дарга эсхүл менежер гарын үсэг зурсан нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдөхөөр тогтоосон хөдөлмөрийн дотоод журамд зөрчилд тооцохоор тусгагдсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно.

 

 

 

Түүнчлэн тухайн албан бичгийг нэхэмжлэгч болон гэрчээр оролцсон тус сургуулийн жолооны багш ажилтай Д.Г нар тайлбарлаж, мэдүүлэхдээ жолооны дамжаа хичээлүүлэх тухай захирлын тушаалын бланк дээр гаргасан хүсэлт байсан, сургалтын албаны дарга гарын үсэг зурж, тэмдэг дарсан нь үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ирсэн шалгалтын хүмүүс шалгалтын дүнг танилцуулан хурал хийхдээ ийм бичиг байгаа талаар л дурдаж танилцуулсан гэж тайлбарлаж, мэдүүлж байна /2-хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

 

 

Захирлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А\38 дугаар тушаалаар ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон боловч хэрэгжүүлэн ажиллаагүй, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажлын хэсэгт томилогдсоноо мэдээгүй, элсэлтийн сурталчилгааны ажлын төлөвлөгөөг батлуулаагүй, элсэлтийн ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэж тушаалын үндэслэлд тусгасан байх боловч дээрх үүргүүд сургалтын албаны менежер ажилтай Х.Д-д хамааралтай болох нь түүний өдөр тутмын ажил үүрэгт хамааралтай болохыг нотолсон ажилтаны ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаж өгөөгүй болохыг нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нөхцөлд ажилтны гүйцэтгэх ажлын чиг үүрэг тодорхойгүй байна.

 

 

 

Үүнээс гадна Х.Д ажлын хэсгийн гишүүнээр томилогдсон боловч, хэрэгжүүлэн ажиллаагүй болохыг, 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдэд захирлын тушаалыг танилцуулах үүрэгтэй болохыг, элсэлтийн сурталчилгааны ажлын төлөвлөгөөг батлуулаагүй болохыг, элсэлтийн ажлыг хангалтгүй зохион байгуулсан зэргийг хэрхэн шалгаж, дүгнэсэн нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

 

 

 

Тус төвийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А32 тоот тушаалаар элсэлт зохион байгуулах ажлын хэсэг томилсон байх бөгөөд ахлагчаар сургалтын албаны менежер Х.Дыг томилж, гишүүдэд нэр бүхий 6 хүнийг томилж, тушаалын 2-т 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөг ханган, элсэлтийн сурталчилгааны ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, үр дүнг 8 дугаар сарын 30-ны дотор тайлагнахыг ажлын хэсэгт даалгасан байна 1-хх-80.

 

 

 

Уг тушаалд ажлын хэсгийн ахлагч буюу нэхэмжлэгч төлөвлөгөө гарган батлуулах талаар болон сурталчилгааны ажлыг ямар төлөвлөгөөний дагуу, тухайн төлөвлөгөөг хэн гаргах талаар тусгаагүй, тушаалын хэрэгжилтийг 8 дугаар сарын 30-ны дотор тайлагнахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байх бөгөөд сургалтын албаны менежерт үүрэг болгоогүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч Х.Д гарын үсэг зурсан ГАА-ийн МСҮТ-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн комиссын ажлын товч тайлан 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн огноотой, ГАА-ийн МСҮТ-ийн сурталчилгаа, элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн сумдад ажиллах ажлын удирдамжийг тус төвийн захирал Г.Г 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан, Багш нарын сумуудад ажиллах хуваарийг захирал 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан, шинэ хичээлийн жилийн элсэлтийн төлөвлөгөөний хуваарийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан, элсэлт зохион байгуулах сурталчилгааны ажлын хэсгийн ажиллах ажлын удирдамжийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус баталсан байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч эдгээр тайлан, удирамж, хуваарийн талаар үгүйсгэж маргаагүй болно /1-хх-152-153, 194-195, 196, 197-198, 199/.

 

 

 

Нэхэмжлэгч Х.Д хариуцагч талаас гаргасан хурлын тэмдэглэлүүд худлаа бичигдсэн, миний уншиж танилцсан гараар бичигдсэн тэмдэглэлүүдээс зөрүүтэй байна гэж хурлын тэмдэглэлийн гар бичмэлийг хариуцагч байгууллагаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасаны дагуу захирлын зөвлөлийн тэмдэглэл, бусад тэмдэглэл гэх А4 хэмжээтэй 2 ширхэг дэвтэрт гараар бичсэн тэмдэглэл ирсэн боловч энэ ч биш байна, нөхөж бичсэн байна гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа нэхэмжлэгч өөрөө нотлоогүй болно /2-хх-1-174/.

 

 

 

Хариуцагч нь Х.Д-ыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор ноцтой зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл тайлбараа нотлоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02/12-02-02 тоот зөрчил арилгуулах тухай албан шаардлагад дурдаж ирүүлсэн тухайн зөрчлүүдийг нэхэмжлэгч Х.Д гаргасан болох нь, сургалтын албаны ажил хангалтгүй дутагдалтай байгааг тухайн албаны менежерээр ажиллаж байгаа этгээдэд хариуцлага тооцох эрхтэй болох нь, тухайн этгээд хариуцлага хүлээх үүрэгтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй болно. Түүнчлэн ажил олгогчийн элсэлтийн ажлыг хангалтгүй зохион байгуулсан, 2017-2018 оны хичээлийн жилд хангалтгүй суралцагч элсүүлсэн, сурталчилгааны ажил хангалтгүй хийгдсэн гэх тайлбар нь үндэслэлгүй, өрөөсгөл дүгнэлт болно.

 

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-ийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А49 дугаартай сургалтын албаны менежер Х.Д нь 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн ажил болон элсэлтийн сурталчилгааны ажлыг хангалтгүй зохион байгуулсан гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргасан тухай баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

 

 

Нэхэмжлэгч нэг шийтгэл давхардуулан ногдуулсан талаар тайлбарлаж байх боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа түүний гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон хэлбэрийг сонгох эрхтэй боловч сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй. Шийтгэлийн хэлбэр нь сануулах, ажлаас халах гээд тус тусдаа байна.

 

 

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г эрх бүхий байгууллагад хүсэлт гаргасны улмаас дээд шатны байгууллагаас шалгалтын комисс томилогдон ирж төвийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг танилцуулж, ажилтнууд хамт олны хурлаар хэлэлцсэн болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад хаягласан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаартай албан бичиг, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хяналт шалгалтын ажлын хэсэг, сургуулийн удирдлагууд, сургалтын албаны албан тушаалтнууд, хүсэлт гаргасан нэр бүхий 8 багш, багийн ахлагч нартай хийсэн хурлын тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хяналт шалгалтын ажлын хэсгийн шалгалтын дүнгийн хурлын тэмдэглэл, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1\1363 дугаартай 2017 оны 6 сард хийж гүйцэтгэсэн шалгалтын тайланг хүргүүлсэн албан бичиг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02\12-02-02 дугаартай албан шаардлага, захирлын зөвлөлийн хурал гэх хаягтай А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг, бусад тэмдэглэл гэх хаягтай А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна /1-хх-76, 84-102, 103-124, 125-138, 139-151, 157-160, 161, 170-172, 2-хх-1-92, 93-174/.

 

 

 

Маргааны зүйл болох ажилтаныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэлд дурдсан зөрчлийг гаргасан тохиолдолд ажилтаныг ажлаас халах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор хөдөлмөрийн харилцааны талууд тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн дээрх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

 

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг эсхүл ажлаас халагдах хэмжээний хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул ажил олгогчийн тушаалд заасан сургалтын албаны менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

 

 

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б07 дугаартай тушаалд Х.Дыг сургалтын албаны даргын ажил албан тушаалд томилсон байгааг дурдах нь зүйтэй /1-хх-7/.

 

 

 

Харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, сард хэдэн төгрөгний цалин авдаг болохоо баримтаар нотолж чадаагүй, хэрэгт энэ талаарх баримт буюу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотлох баримтын шаардлага хангасан хуулбар, эсхүл цалингийн тодорхойлолт зэрэг баримтууд авагдаагүй байх тул уг шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

 

 

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагаа тодруулж, цалин хөлс авч байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Учир нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага нь ажлаас чөлөөлсөн тушаалын үр дагавараас шалтгаантай учир уг шаардлагыг шүүхэд дахин гаргах эрхтэй болно.

 

 

 

Талуудын хэрэгт нотлох баримтаар гаргасан 1-р хавтаст хэргийн 42-49, 161-169 дүгээр хуудсанд авагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 2017 оны 07 дугаар сарын 05 гэсэн огноотой танилцуулга гэх баримт, 50-52 дугаар хуудсанд авагдсан 02\12-02-02 дугаартай албан шаардлага, 53-54 дүгээр хуудсанд авагдсан улсын байцаагчийн 09\12-02-02 дугаартай акт, 77-79 дүгээр хуудсанд авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой хүсэлт хүргүүлэх тухай гэх баримт, 181-184 дүгээр хуудсанд авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ, 192-193 дугаар хуудсанд авагдсан элсэлтийн комиссийн ажлын товч тайлан гэх баримт, 200-245 дугаар хуудсанд авагдсан ГАА-ийн МСҮТ-ийн сурталчилгаа, элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн сумдад ажилласан ажлын тайлан гэх баримт, 2-р хавтаст хэргийн 216-228 дугаар хуудсанд авагдсан 2017-08-26, 08-31 гэсэн огноотой хүснэгтийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

 

 

 

Хариуцагч байгууллага нь хурлын үйл явцын талаар бичлэг хийдэг, тухайн бичлэгээ сонсож бичиг хэргийн ажилтан тэмдэглэл хийдэг талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн гараар бичсэн байсан тэмдэглэл хэвлэж гаргасан тэмдэглэлүүд зөрүүтэй байгаа талаарх тайлбарыг үгүйсгэхээр плаш дискэнд бичигдсэн яриаг нотлох баримтаар өгсөн бөгөөд тухайн бичлэг нь гагцхүү 2017 оны 08 дугаар сарын 25, 29-ний өдрүүдийн нийт 3 бичлэг хуулагдсан, хүмүүс хоорондын яриа бичигдсэн байна /sandisk нэртэй хар өнгөтэй плаш 1 ширхэг 1-р хавтасны арын хуудсанд, тэмдэглэл нь 2-хх-175/.

 

 

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч байгууллагад ажилладаг сургалтын албаны арга зүйч Б.Б, багш С.Б, жолооны багш Д.Г, оёдлын багш Г.Ч нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд гэрчүүд нь тухайн байгууллагад шалгалт ирсэн талаар, шалгалтын дүнг танилцуулахдаа захирлын тушаал дээр сургалтын алба гарын үсэг зурж тэмдэг дарсан талаар, захирал болон сургалтын албаны менежер нар ажил хэргийн байдлаар маргалдсан, үзэл бодол нь таардаггүй талаар тус тус мэдүүлсэн болно /2-р хх- шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа ГАА-ийн МСҮТ-ийн захирлын ажлаас халах тухай 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б овогтой Х-ын Д-ыг тус төвийн сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаа тодруулж, цалин хөлс авдаг байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговроо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн 5315640052 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ