| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/35 |
| Огноо | 2016-02-08 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2016/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ***** сумын төвд иргэн Д.Н гэрт Б.-тай харилцан маргалдсаны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шуүгдэгч Д.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Т.Л сумын төвд иргэн Д.Н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Өтай харилцан маргалдсаны улмаас түүний толгой, нүүр орчимд цохиж, бие махбодид нь тархи доргилт, зүүн талын дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "... 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ********болон *******-ын хамт олон хамт чийрэгжилтийн бэлтгэл хийдэг юм. Орой 22 цагийн үед тараад гэр рүүгээ явах гэтэл Б.О машин хөдлөх гэж байхаар нь чихэж суугаад бид нар Д.Н гэрт очсон. Б.О машинд Э.Р эгч, Л.Н эгч охинтойгоо, Ө.Н, С.Э, Д.Л нар байсан. Тэгээд бүгдээрээ юм ярьж байгаад ганц ганц пиво ууцгаая гэж яриад би Ачмаг дэлгүүрээс хүний тоогоор тус бүрд нь 2 ширхэг жижиг лаазтай пиво аваад Д.Н гэрт очоод бид нар ууцгаасан. Пиво ууж дуусч байхад Б.А дээрээс нь уучихсан тал архитай орж ирсэн. Тэгээд Б.А, Э.Р эгч хоёр яваад 3 том пивотой ирсэн. Л.Н эгч охинтойгоо, С.Э нар түрүүлээд ажилтай гээд гэр рүүгээ яваад өгсөн. Пиво дуусах дөхөж байтал Ө.Н надад чи шавхруу гэж бодоо юу арыг нь залгах хоншоор чамд байна уу байхгүй биз дээ гэхээр нь би пивийг нь асгачихъя гээд аягаа өргөхөд аяга гарнаас мултраад ширээн дээр унаад хагарсан. Тэгтэл Ө.Н чи яаж байна гээд хоолойг багалзуурдаад тавьсан юм. Тэгтэл Ө.Н босч ирээд хавь ойрын юмыг над руу шидээд байсан. Б-О бид хоёрыг салгах гээд голоор орсон. Б.О ар талаар намайг өшиглөөд байхаар нь би зөрүүлээд Ө.Ныг нүүр рүү нь өшиглөчихсөн юм. Нүүр рүү нь өшиглөхөд нүднийнх нь дээд талаас цус гарсан байхад нүднээс цус гарлаа гээд орилоод байсан. Тэгээд би хэсэг сууж байгаад гараад явчихсан..." /хавтаст хэргийн 28-29, 32-33 дугаар хуудас/
Хохирогч Б.Өы хэрэг бүртгэлтэд өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын 30- ны өдөр Т.Л сумын ***********спорт зааланд чийрэгжилтийн бэлтгэл хийж байгаад 22 цагийн үед тараад би Д.Лыг идшийг чинь хүргэж өгөх үү гэж хэлсэн юм. Би Д.Н идэшний махыг Б.О машинд хийсэн байсан юм. Тэгээд Б.О машинд С.Р, Л.Н охинтойгоо, Э.Р, Д.Л бид нар явах гэж байтал ардаас Б.Т гарч ирээд машинд чихэж хамт суусан... Э.Р эгч бид хоёр гарч бие засчихаад буцаж орж ирэхэд Б.Т надад аяганд пиво хийж өгөхөөр нь би уухгүй гэж хэлсэн. Тэр үед Б.Т ууж чадахгүй пизданууд гээд ширээ цохиод босоод ирсэн. Б.Тыг босоод ирэхээр нь би чи одоо яагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд намайг шууд цохиж унагаагаад хоолой боосон. Тэгээд Б.Л намайг татаад салгаж авангуут салахдаа намайг цохиж авахаар толгой тархи дүүрээд л тонгойход миний нүүр рүү 2 удаа өшиглөж авсан. Тэгээд миний нүднээс цус гараад шалан дээр ямар ч тэнхэлгүй болоод хэвтэж авсан...эмчилгээний зардал Мөрөн рүү 500.000 төгрөг, Улаанбаатар хотод 1.300.000 төгрөгний зардал гаргаад байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/
Гэрч Д.Б.О хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Тэгээд тэд нар ганц ганц пиво уучихъя гэж яриад С.Р, Б.Т, Ө.Н бид 4 дэлгүүрээс 10 ширхэг лаазтай пиво авсан юм. Тэгээд Д.Н буцаж очиж бүгд нэг нэг пивоо уугаад дуусч байтал Б.А задалчихсан архитай ирсэн... Б.Т тэгээд намайг яах гээд байгаа юм гээд пивотой аягаа ширээн дээр хага цохиод босоод ирэхэд Ө.Н яачихаад байгаа юм чи гэж босч ирээд хоорондоо маргалдсан. Тэгээд яах ийхийн зуургүй Б.Т, Ө.Ныг унагаагаад хоолойн дээр дарчихсан Ө.Н хоолой нь чахарч дуугарсан. Тэгээд би очиж Б.Тыг салгаж аваад дундуур нь ороод Б.Тыг барьтал Ө.Н талхтай саваар намайг цохисон. Тэр үед Б.Т Ө.Ныг гараараа нэг цохиж аваад Ө.Ныг тонгойход нүүр рүү нь 2 удаа өшиглөж авсан. Би энэ үед Б.Тыг ойртуулахгүй санаатай дундуур нь ороод 2 гараараа алдлаад Б.Тыг Ө.Ныг цохиулахгүй байлгах гэж байсан юм. Тэгээд Б.Т гараад явсан. Ө.Н босч ирэхэд нүд нь хавдсан байсан. Б.А бид хоёр Ө.Ныг сумын эмнэлэгт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
Гэрч Л.Д.Н хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Э.Р эгч 2 бие засчихаад орж ирэхэд манай наад талын том өрөөнд Б.Т Ө.Ныг дараад дээр нь суучихсан Ө.Ныг цохиод нүдийг нь хавдтал цохисон байсан. Тэгээд Б.Т дахиж нэмж Ө.Ныг зодох гээд улайрчихсан, хашгичаад орилоод байж байсан. Тэгж байтал Б-О Б.Тыг аваад манай гэрээс гаргаад салгаад явуулсан. Тэгээд Ө.Ныг уйлаад байхаар нь Б-О эмнэлэг рүү аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Э.Рын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...Тэгээд Б.А бид хоёр дахиж нэгтом пиво авчирч ууцгаасан. Тэр архи пивоо уугаад дуусах дөхөөд бид нар ч гэсэн нилээд халцгаасан байсан. Ө.Н бид хоёр гарч бие засаад буцаж орж ирээд би хувцасаа өмсөөд зогсож байтал Д.Л намайг ханиндаа гараад бие засчихаад ирье гэхээр нь хамт гарчихаад буцаад орж ирэхэд Ө.Н газар доошоо хараад уйлаад хэвтэж байсан. Би Ө.Ныг яасан гээд очиж харахад Ө.Ны нүд нь хавдаад
хөмсөгнийх нь дээрээс цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 628 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Өы биед баруун зулайд шарх бүхий гэмтэл учирсан байна.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Үүсгэгдсэн гэх цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,
Иймд шүүгдэгч Д.Быг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэвч хохирогч Б.Ө-ы шүүгдэгч Д.Б-той сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Тыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зуйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн ******* тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР