Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2019/00208

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2019/00208

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтэс,

Хариуцагч: Д.У ХХК-д холбогдох

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 140643 тоот актаар ногдуулсан нийт 71 939 900 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““, прокурор Д.”““, хариуцагчийн төлөөлөгч Л.”““, өмгөөлөгч Ч.”““, нарийн бичгийн Г.Бадам дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...

Төв аймгийн Жаргалант суманд үр тариа болон бусад ургамал тариалалт, хүнсний ногоо тариалалт, таван хошуу мал, сүүний фермийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг 2032023 регистрийн дугаартай Д.У ХХК нь 2012 оны 140643 тоот хяналт шалгалтын актын өр 63,837,300.00 төгрөг, 2015-2018 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 192,000.00 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 232,000.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль, алданги 7,678,600.00 төгрөг нийт 71,939,900.00 төгрөгийг төлөхгүй Татварын хэлтсийн улс, аймаг, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэх ажилд хүндрэл учруулж байна.

Д.У" ХХК нь 2012 онд татварын хяналт шалгалтаар орж татварын улсын байцаагчийн актаар нэмэгдсэн өртгийн албан татварын 42,355,000.00 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 250,700.00 төгрөг, хүү, торгууль. алдангийн 21,482,300.00 төгрөг нийт 64,088,000.00 төрөгийн төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд маргаан таслах зөвлөлөөс улсын байцаагчийн актыг хэвээр баталсан шийдвэр гарсан байна. Д.У ХХК нь уг шийдвэрт ТЕГ-ын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй болно.

Татварын албанаас татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн "Д.У" ХХК-н захирал Л.”““т мэдэгдэх хуудас гардуулахад хүлээн авдаггүй, авахгүй талаар тайлбар бичиж өгдөггүй, татварын албанаас дуудахад ирдэггүй тул 2017 оны 11 сарын 15-ны өдөр DNP171113004002 дугаартай мэдэгдэх хуудас, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр DNP180906003803 дугаартай "мэдэгдэх хуудас"-ыг тус тус шуудангийн хаягаар хүргүүлж, 2017.12.05-ны өдөр DBNP171123000957 дугаартай мэдэгдэх хуудсыг ХАА-н банкны Зуунмод тооцооны төв, Төрийн банкны Төв аймаг салбарт тус тус хүргүүлж харилцах дансны гүйлгээг хаасан. Мөн татвар төлөгчийн эд хөрөнгөөс татварын өрийг гаргуулахаар Төв аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсээс хөрөнгийн лавлагаа авахад тус аж ахуйн нэгжийн өмчлөлд Төв аймгийн Жаргалант сумын нутагт зоорь, 2 давхар үйлчилгээний барилга, энгийн услалтын байгууламж тус тус бүртгэгдсэн мэдээлэл ирсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр татварын хэлтсийн даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг Жаргалант суманд очиж ажиллан хөрөнгө барьцаалах ажиллагаа явуулах гэсэн боловч захирал Д.”““ барьцааны гэрээ байгуулахаас татгалзсан тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасны дагуу 2 давхар үйлчилгээний барилгыг битүүмжлэх ажиллагаа хийсэн болно.

Татварын албанаас Татварын өрөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан боловч татварын өр барагдуулахгүй байгаа тул "Д.У" ХХК -аас дараах татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Үүнд: Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан НӨАТ-ын нөхөн татвар-42,355,000.00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан торгууль-21,252,800.00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан алданги 102,500 00 төгрөг,

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 140643 тоот хяналт шалгалтын актаар ногдуулсан хүү 127,000.00 төгрөг,

2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон торгууль 5,223,500.00 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүйд тооцсон алданги 2,455,100.00 төгрөг,

2015-2018 онуудын Үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдол 192,000.00 төгрөг.

2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 232,000.00 төгрөг, нийт 71,939,900.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Д.У ХХК нь 2012 онд татварын төлөвлөгөөтийн шалгалтанд орсон. Улсын байцаагчийн актаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 71.939.900 төгрөг нөхөн татвар, хүү торгуулийг ногдуулсан. Уг актын үндэслэл нь 2007 оны 4 дүгээр улиралд буюу аж ахуй нэгж байгууллагын тайлангаар жилийн эцсийн борлуулалтын орлого нь 10.000.000 төгрөг хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх болзол шаардлагыг хангасан боловч бүртгүүлээгүй. 2008 онд 93.731.900, 2009 онд 134.412.700, 2010 онд 195.675900 төгрөг нийт 423.549.500 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татвар ноогдуулах орлогыг төлөөгүй, тайлангаа гаргаагүй гэсэн зөрчил илэрсэн. Энэ нь нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-д заасан заалтыг зөрчсөн байдаг. Мөн Д.У ХХК нь татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан байдаг. Маргаан таслах зөвлөлөөс актыг хэвээр үлдээж, хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд хариуцагч нь маргаан таслах зөвлөлийн тогтоолыг гардаж аваад 30 хоногийн хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандах байсан боловч, энэ хөөн хэлэлцэх хугацаанд гомдлоо гаргаагүй байдаг. 2013 оны 2 дугаар сард Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн харьяалал өөрчлөгдөж, Сэлэнгэ аймаг, Мандал сумын шүүхэд хянан хэлэлцэгдээд 620 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн 2015 оны 5 дугаар сард сум дундын 21 дүгээр шүүхэд Улсын байцаагчийн акт баталгаажуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваад, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 663 дугаартай захирамжаар актыг баталгаажуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн боловч, Мандал сумын шүүхийн тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон. Өнөөдрийн байдлаар дээрх актуудтай холбоотой шүүхийн шийдвэр гараагүй байна, Ийм учраас Дэлгэр- Уянга ХХК-д холбогдох 71.939.900 төгрөгийг Д.У ХХК-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.У ХХК-ийн төлөөлөгч Л.”““ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... Д.У ХХК нь 1994 онд Төв аймгийн Жаргалант суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр байгуулагдсан сумын анхны хувийн хэвшлийн компани бөгөөд 24 дэх жилдээ газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй эрхэлж Төв аймгийн болон Улсын тэргүүний тариаланч, сум аймагтаа хурааж авсан төмс хүнсний ногооны ургацаараа сүүлийн 5 жилд 3-4 удаа тэргүүлж, аймгийн шилдэг бренд бүтээгдэхүүний шагналыг 2 удаа хүртсэн, Хүнс ХААЯ-ны төмсний үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг 3 дахь удаагаа эзэмшиж байгаа Төв аймаг дахь төмсний үр үржүүлгийн мэргэшсэн анхны үрийн аж ахуй юм.

Тус компанийн 2008-2011 онуудын санхүүгийн баримтад Төв аймгийн Татварын хэлтсээс хянан шалгалт хийхдээ 2012 оны 12-р сарын 19-ны өдрийн 140643 тоот актаар тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэж 64.088.000 төгрөгийн нөхөн төлбөрийг 2012 оны 12 сарын 19-нөөс өнөөдрийг хүртэл 5 жил 11 сар 23 хоногийн хугацаанд дараах хууль эрх зүйн үндэслэл, нөхцөл шалтгаануудын улмаас төлөхөөс татгалзан актыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ илэрхийлж актанд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулаагүй, Татварын ерөнхий хуулийн 17 зүйлийн 1.7-д зааснаар улсын байцаагчийн актыг зөвшөөрөөгүй, энэ тухай гомдлоо Төв аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан болно.

Төв аймгийн татварын хэлтсээс тус шүүхэд 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 05/444 тоотоор гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Дээрхи нэхэмжлэлд дурдагдсан нөхөн төлбөр, торгууль, хүү, алдангийн тоо хэмжээ нь 2018 оны 01 сарын 22-ны 05/37 тоот нэхэмжлэлийн үнийн дүн, үзүүлэлтүүдээс өөрчлөгдөн зөрсөн байхыг огт ойлгохгүй байна.

Энэхүү нэхэмжлэлд тооцогдсон 2015-2018 оны Үл хөдлөх хөрөнгийн албан татварын ноогдол 192.000 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвар 232.000 төгрөг, бүгд 424.000 төгрөгийн татварыг төлөхийг зөвшөөрч, төлөөгүй хугацаа хоцроож, татварын албаны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл учруулсандаа уучлал хүсч, ойрын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна.

Нэхэмжлэлд дурдсан бусад төлбөр торгууль, хүү алданги гэх 2012 оны 12-р сарын 19-ны 140643 тоот акт буюу 2008-2011 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү алданги тооцсон актыг дараах хуулийн үндэслэлүүд, хууль эрх зүйн заалт, шийдвэрүүдийг үндэслэн төлөхөөс татгалзаж байгаагаа 2012 оны 12-р сарын 19-нөөс хойш өнөөдрийг хүртэлх 5 жил 11 сар 23 хоногийн хугацаанд 9 дахь удаагаа гаргаж байна.

Үүнд: 1. Баримтлах хуулийн заалтууд

1.1. "Д.У" ХХК-ийн үндсэн үйлдвэрлэл нь газар тариалан, тэргүүлэх чиглэл нь төмс, хүнсний ногоо.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн албан татвар ноогдох бараа, ажил үйлчилгээний жагсаалтад газар тариалан эрхлэх ажил хамаарагдаагүй.

1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.15 дахь хэсэгт газар тариалан эрхлэгчдийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо. жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан.

Энэхүү хуулийн заалт нь 2011 оноос хэрэгжсэн бөгөөд Д.У ХХК-д НӨАТ-ын нөхөн төлбөрийн актыг 2012 оны 12 сарын 19-ны өдөр буюу хууль хэрэгжиж эхэлсний дараа тавьсан.

1.3. Мөн хуулийн 6-р зүйл Албан татвар суутган төлөгчийн бүртгэлийн 6.3-д энэ хуульд заасан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй гэж заасан.

1.4. Иргэний хуулийн ерөнхий ангийн 3-р зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан Монгол улсын үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулиар, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн заалтыг баримтлан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байсан.

Төв аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч, Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөл нь дээрхи хуулийн заалтуудыг үл ойшоон зөвхөн борлуулалтын орлого нь 10 000 000 төгрөгөөс давсан иргэн, ААН бүхэн НӨАТ төлөх ёстой гэж хэт нэг талыг баримтлан давуу байдлаа ашиглан хариуцлагагүй хандсан.

1.5. 2009 оны 02 сараас Монгол улсын засгийн газар,Монгол оронд Атрын З дахь аян тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тариаланчдыг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татвараас тариаланд шаардагдах импортын бүтээгдэхүүнийг чөлөөлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг заасан.

1.6. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрт ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорнод, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг тариалан бүхий аймгуудын татварын байгууллагууд тариаланчдаа дэмжиж, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудыг нэмэгдсэн өртгийн албан татвараас хуулиар чөлөөлөөд байхад Төв аймгийн татварын хэлтэс үйл ажиллагааны чиглэлийг үл хамааран хавтгайруулан явцуурч зөвхөн орлого нь 10 000 000 төгрөгт хүрсэн л бол хууль хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй гэж хэт нэг талыг баримтлан өдийг хүргэж байна.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль Монгол улсын газар тариалангийн салбарт болон дотоодын зах зээлд хэрэгжээгүй ба хэрэгжих боломжгүй байгаа үндсэн нөхцөл шалтгаанууд.

2.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.11 дахь хэсэгт заасан ... энэ хуулийн 4.1.13, 4.1.14, 4.1.15, 6.2-т заасан падаан, баримт, гэрчилгээний загвар, албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахтай холбоотой журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2.2. Мөн хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан татварын хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах.

2.3. Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 232-р тоот тушаалаар батлагдсан нэмэгдэн өртгийн албан татварын хууль хэрэгжүүлэх журам зэрэг хууль эрх зүйн тодорхой заалтуудыг татварын алба, түүний байцаагчид өөрсдөө биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, хариуцлага султай ажилласнаар НӨАТ-ын хууль бүрэн утгаараа хэрэгжих нөхцөлгүй болгосон.

2.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, ААН-үүд Монгол улсын нутаг дэвсгэрт хуулийн хүрээнд хэрэгжүүлэхэд шаардагдах орчин, хэрэглэгдэх нөхцлүүд нь 2008-2011 онуудад битгий хэл 2018 оны өдийг хүртэл бүрдээгүй учир хэрэгжих бодит нөхцөл, боломж байгаагүй буюу бүрдээгүй.

Иймээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг 2011 оноос нэмэгдсэн өртгийн албан татвараас дахин чөлөөлсөн.

НӨАТ-ын хууль Монгол Улсын газар тариалангийн салбар болон дотоодын зах зээлд хэрэгжих боломж, нөхцөл бүрдээгүйг дараах үндэслэлүүдээр нотлоно.

1.Монгол улсад төмс, хүнсний ногоо тарьж, борлуулдаг ААН, иргэдийн хураасан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд борлуулахын тулд худалдан авдаг төвлөрсөн агуулах, дэлгүүр, улсын нөөцийн агуулах зэрэг борлуулалтын систем тогтолцоо өнөөг хүртэл байхгүй. Иймд тариаланчид орлого олж амьдралаа залгуулахын тулд арга буюу одоог хүртэл хар Захын наймаачид, ченжүүдэд тэдний авах хямд үнээр бүтээгдэхүүнээ бөөндөн борлуулж, үйлдвэрлэлд шаардагдах бүх орц, материал, сэлбэг, тоног төхөөрөмжөө мөн л хар Захаас худалдан авдаг. Ийнхүү худалдах, худалдан авах үйл ажиллагаанд НӨАТ-ын падаан байдаггүй. Тус захын наймаачид ийм баримтыг өгөх нь бүү хэл бараг мэдэх ч үгүй. Тэд биднийг хүсвэл зах дээр дэвтэр дэвтрээрээ зарагддаг хуурамч тамгатай зарлагын падаан дээр аливаа бараа материалыг ямар үнээр хэдэн ширхэгииг авсныг л харах зориулалттаи энгийн баримт бичиг өгдөг.

2. Дотоодын Зах зээлийн эмх замбараагүй дураараа авирласан, төрийн зохицуулалт бодлогогүй үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэхэд заагдсан орчин нөхцөлүүд нь бүрдээгүй, зах зээлийн харилцааг хянах, зохицуулах, шаардлагын дагуу явуулах тогтолцоо, систем бүрдээгүй зэрэг нь хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй байсан нь бодит үнэн баримт үндэслэл, үндсэн нотолгоо болно.

3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.15-р зүйлд заасан дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий мөн хуулийн 4.1.13-д заасан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан буюу цахим баримт гэгдэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэдгээр мөн хуулийн 4.1.14-д заасан худалдсан бүтээгдэхүүн, худалдан авсан бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримтаар нотлон гэрчилж тооцоог хийх заалт, мөн хуулийн 4.1.16- н бүртгэлийн хэрэгсэл, 4.1.17-н бүртгэлийн машин, 4.1.18-н бүртгэлийн систем, 4.1.20-н нэгдсэн систем, 4.1.21-н хэрэглэгчийн систем зэрэг нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх орчин, нөхцөл нь 2007-2011 онуудад болон одоог ч хүртэл Монгол улсын дотоодын захууд, дэлгүүрүүд, наймаачин ченжүүд болон аль ч аймаг, сумдын тариаланч иргэд, ААН-үүдэд байгаагүй, хуулийн дагуу биелэгдэн хэрэгжээгүй, татварын албанаас хуулийн дагуу биелүүлэн хэрэгжүүлээгүй, үйлдвэрлэгч, борлуулагч аль ч талын этгээдүүд дээрх падаан, төлбөрийн баримтыг бараг мэдэхгүй, ихэнх нь олж ч үзээгүй. Энэ бол бодит үнэн, хууль хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүйн үнэн нотолгоо баримт нь болно.

3 "Д.У" ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч мөн үү? Хариуцлага хүлээх, хүлээлгэх хууль эрх зүйн үндэслэл бий юу?

3.1 Д.У" ХХК нь 2008-2011 онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ аваагүй, татварын албанаас бүртгээгүй, гэрчилгээ олгоогүй байтлаа 2012 оны 12-р сард 2008-2010 онуудын нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн тавьсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 4.1.19 дэх заалтыг зөрчин, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэснийг нотлох баримт байхгүй байхад албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж хүчээр нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэх актыг хэрэгжүүлэхийг тулгасан нь төлбөрийг хариуцах, зөвшөөрөх үндэслэл байхгүйг нотолно. Энд л энэхүү 5 жил 11 сар үргэлжилж байгаа маргааны үндсэн нөхцөл, зангилаа нь байгаа юм.

3.2 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн 6.1 дэх хэсэгт... Энэхүү хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 10 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.

Мөн хуулийг 6-р зүйлийн 6.2-т харьяалах татварын алба нь энэ хуулийн 7-р зүйл болон, 13-р зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно. Мөн хуулийн 6.3 хэсэгт...Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй.

Мөн хуулийн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10-р зүйлийн 10.1 дэх хэсэгт... Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцохоор тус тус заасан байна.

Монгол улсад өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэхүү хуулийн 6.2, 6.3-р хэсгийн заалтын дагуу "Д.У" ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэл, шаардлагагүй байсан учир бүртгүүлээгүй бөгөөд татварын албанд "Д.У" ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, бүртгэсэн, гэрчилгээ авсныг нотлох баримт байхгүй болно.

3.3 "Д.У" ХХК нь 2008-2012 онуудад жилд 4 удаа, бүгд 16 удаа үүнээс жилийн эцэст татварын тайлангийн А маягтаар 1 удаа, нийт 4 удаа жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргаж, татварын албанд өгч байсан.Татварын алба дээрх тайлангуудыг шалган гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулан хүлээн авч байсан.Энэ 4 жилийн хугацаанд Жаргалант сумын болон Төв аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нэг ч удаа НӨАТ-төлөгчөөр бүртгүүл, НӨАТ төлөгчийн гэрчилгээ ав, тухайн жилийн орлогоос НӨАТ тооцоогүйг илчилж, тухайн жилийн орлогод оногдох нэмэгдсэн өртгийн албан татвар, хүү торгууль, алданги тооцож, зааж зөвлөж, биелүүлээгүй тохиолдолд шахан шаардах зэрэг арга хэмжээ аваагүй ба 2008-2012 онуудад зөвхөн тухайн жилийн ашгийн болон тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөр зэрэг татваруудыг тооцож авч төлүүлж байсан. Үүний баримт болгон 2010 оны санхүүгийн жилийн эцсийн тайланг хавсаргав.

3.4 2012 оны 12-р сарын 19-нөөс өнөөдрийг хүртэлх бараг 6 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр гэх 70 гаруй сая төгрөгийн өрөнд орж хэлмэгдэж байх хугацаандаа гэр бүлээ тэжээх, амьжиргаагаа залгуулдаг үйлдвэрлэлээ, ирээдүйгээ аврах зорилгоор холбогдох хууль, хэрэгжүүлэх журам тогтоолуудыг уншиж судалсны үндсэн дээр Төв аймгийн татварын хэлтэс, түүний улсын байцаагч нар, Маргаан таслах зөвлөлийн гишүүд зэрэг төрийн албан тушаалтнууд нь Татварын ерөнхий газрын даргын 2006 оны 232-р тушаалаар батлагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын хууль хэрэгжүүлэх журмын тодорхой заалтууд болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох дээрх заалтууд болон татварын ерөнхий хуулийн татвар төлөгчид үйлчлэх 15-р зүйлийн 15.1 болон 15.1.1-ээс 15.1.5 дахь заалтуудыг биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 17-р зүйлийн 17.1 дэх хэсгийн татвар төлөгчийн эрхийн 17.1.1-ээс 17.1.7 дахь заалтуудыг мөн хуулийн 25-р зүйлийн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг хангах 25.1 дэх заалт, мөн хуулийн 14-р зүйлийн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хэсгийн 14.1, 14.2, 14.3 дахь заалтуудыг тус тус татварын улсын байцаагч, холбогдох албан тушаалтангүйд өөрсдөө зөрчсөн болохыг олж мэдсэн.

Татварын улсын байцаагч нар хуулиар хүлээсэн бүрэн эрхээ эдлэхийн зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргүүдээ тухайн цаг хугацаанд нь биелүүлсэн, хэрэгжүүлсэн, ажилдаа хариуцлагатай хандсан бол татвар төлөгч миний бие нь 4 жилийн дараа буюу 2012 оны эцэст ийм их хэмжээний өр төлбөрт орж, сэтгэл санаа нэр хүндээрээ хохирч хэлмэгдэхгүй байсан.

4. "Д.У " ХХК-ийн үйл ажиллагаанд учруулсан хүндрэл бэрхшээлүүд.

Төв аймгийн Жаргалант сумын татварын улсын байцаагч Хишигжаргал, Төв аймгийн татварын хэлтсийн улсын байцаагч С.Батзаяа нар нь "Д.У " ХХК-д нөхөн тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөрийг төлүүлэх асуудлаар 2012 оноос хойш өдийг хүртэл хандахдаа асуудалд хуулиар хүлээсэн эрх үүргийн дагуу хандахын оронд байнга хувийн өш хонзонгийн үүднээс хандаж асуудлыг улам хүндрүүлж байсныг дараах хууль ёсны баримт, үндэслэлүүдээр нотолно.

Дээрх 2 байцаагч нартай миний хувьд хувийн өш хонзон байхгүй, тухайн уулзсан цаг хугацаанд асуудалд бодитой шударгаар хандахыг хэлдэг, шаарддаг байснаас өөр харилцаа байхгүй болно.

Төв аймгийн татварын хэлтсээс "Д.У " ХХК-ийг 2014 оны 01-р сард нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэх 72.551.588 төгрөгийг төлүүлэх нэхэмжлэлийг тухайн үед Жаргалант сумыг хамаарч байсан Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сум дундын 21-р шүүхэд гаргасны дагуу 2014 оны 06-р сарын 25-ны өдрийн 14 цагт шүүх хуралдаан зарлахад нэхэмжлэгчийн төлөөлөгч С. Батзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр очоогүй тул 21 дүгээр шүүхийн 2014 оны 06-р сарын 25-ны өдрийн 620 тоот захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

Үүнээс хойш 2015 оны 03-р сарын 31-нийг хүртэл буюу 9 сар гаруйн хугацаанд шүүх болон, Төв аймгийн Татварын хэлтсээс ямар ч хэл чимээгүй байсан.

2015 оны 03-р сарын 31-нд намайг Төв аймгийн Татварын хэлтэст өөр ажилтай явж байхад татварын орлогын тасгийн дарга Наранцэцэг тааралдаад Нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрийг барагдуулах 14/18 тоот мэдэгдэх хуудас өгсөн.Би хариуд нь өнгөрсөн 2014 оны 06-р сард шүүх хурал болоход танай Батзаяа очоогүйгээс нэхэмжлэл буцсан, одоо хүртэл эцсийн шийдвэр гараагүйг хэлж тайлбар бичиж өгсөн. Наранцэцэг дарга энэ тухай огт мэдээгүй байсан.

Улсын байцаагч Хишигжаргал нь энэхүү нэмэгдсэн өртөгийн албан татварын төлбөрийн маргаан 2012 оны 12-р сараас өдийг хүртэл 5 жил гаруй үргэлжлэхэд намайг нэг ч удаа өрөөндөө дуудан албан ёсоор ярилцдаггүй мөртлөө гадаа гудамжинд олон хүний дунд тааралдахдаа чанга дуугаар - Татварын өр төлбөрөө яаралтай төл, ажил ч хийлгэхгүй юм. Яагаад өрөө төлөхгүй зугтаад байгаа юм бэ? Шүүхийн шийдвэр байдаг юм бол надад авчирч үзүүл гэх мэтээр сүржигнэн олон түмний дунд миний нэр хүндийг унагаж, сэтгэл санааны дарамт шахалт үзүүлдэг.

Энэ бүдүүлэг, ёс зүйгүй, ажил хэрэгч бус үйлдэл нь Татварын хуулийн 29-р зүйлийн Татварын улсын байцаагчийн бүрэн эрхийн 29.1.7, 29.1.8, 29.1.9 дэх заалтуудыг зөрчсөн болохыг нотолно.

С. Батзаяа нь 2015 оны 5-р сарын 29нд сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 663 тоот Улсын байцаагчийн акт баталгаажуулах тухай захирамж гаргуулан 2015 оны 06-р сарын 24нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 207 тоот хуудас гаргуулж 64.088.000 төгрөг төлүүлэх тухай Улсын байцаагчийн 140643 тоот актыг хүчээр баталгаажуулж, энэхүү шийдвэрийг хуульд заагдсан хугацаанд биелүүлэхийг надад мэдэгдсэн гэж ШШГАлбанд худал мэдүүлж миний компанийн үйл ажиллагаанд нууц хуйвалдаанаар хүчээр халдаж, албадан гүйцэтгэл хийлгэх гэж дарамталсан.

Гэтэл надад шүүхийн шүүгчийн 663 тоот захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 207 тоот хуудас 2015 онд ирээгүйг Төв аймгийн Жаргалант сум дахь "Монгол шуудан" компанийн шууданч С.Түмэнжаргалын 2015 оны 10-р сарын 15-ны нотолгоо баримтуудаар нотлогдон гэрчлэгдэнэ.

Миний бие дээрхи 663 тоот захирамж 207 тоот хуудсыг 2015 оны 10-р сарын 16-нд Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 90-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Батцацралаас хувилуулан авсан болно.Баримтуудыг хавсаргасан.

Энэхүү хууль бус үйлдлүүдээр нь дээрхи 2 татварын улсын байцаагчийн "Д.У " ХХК-ийн маргаантай асуудалд төрийн албан хаагчийн эрх, үүргээр биш өөрсдийн алдаатай үйл ажиллагаа, ажил хэрэгч бус үйл ажлаа хаацайлах зорилгоор албан тушаал, эрх мэдлээ ашиглан хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсныг илчлэнэ. Үүний дараагийн бодит илэрхийлэл, үндэслэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхийн ерөнхий шүүгчид 2015 оны 10-р сарын 15-ны өдөр миний гаргасан хүсэлтийн дагуу 21 дүгээр шүүхийн 663 тоот захирамжийг дахин нягтлан хянаж үзээд дээрхи захирамж нь төлбөрийн маргаантай хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад актыг баталгаажуулсан нь илт үндэслэл муутай болсон гэж нотлоод 2015 оны 10 дугаар сарын 23-нд Мандал сум дахь сум дундын шүүхийн 1240 тоот захирамжаар хүчингүй болгож Төв аймгийн Татварын хэлтсийн гаргасан эсэргүүцэл, хүсэлтийг дахин хянан шалгаад 2015 оны 11-р сарын 16-нд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 06 тоот тогтоолоор дээрхи 1240 тоот захирамж нь үндэслэлтэй байх тул уг захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай хэмээн тогтоогоод энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурьдсан хуулийн хүчин төгөлдөр байгаа шийдвэрийг гаргасан болно.

5. Татварын маргаантай асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн шийдвэрүүд.

"Д.У " ХХК-д Төв аймгийн татварын хэлтсээс 2012 оны 12-р сарын 19-нд тавигдсан нэмэгдсэн өртөгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алдангийг нөхөн төлүүлж 140643 тоот улсын байцаагчийн актын дагуу 2 байгууллагын хооронд үүссэн маргаан, үл ойлголцлын асуудлыг 2014-2015 онуудад хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүрэг хүлээсэн тухайн үеийн шүүхийн зохион байгуулалтаар тойргийн шүүх буюу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын 21 дүгээр шүүхээс 2015 оны 10-р сарын 23-ны 1240 тоот шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2015оны 11-р сарын 16-ны Обтоот шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Төв аймгийн татварын хэлтсийн төлөөлөгч С.Батзаяагийн гомдлыг хангахгүй орхих тухай шүүхийн эцсийн шийдвэр гарснаар дээрхи маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Төв аймгийн шүүхэд 2018 оны 02-р сарын 10-ны өдөр Мандал сумын сум дундын шүүхийн 2014 оны 06 сарын 25-ны 620 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 05 сарын 29-ны 663 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 06 сарын 24-ны 207 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас,мөн шүүхийн 2015 оны 10 сарын 23-ны 1240 тоот захирамж, мөн шүүхийн 2015 оны 11 сарын 16-ны 06 тоот шүүхийн тогтоол зэргийг нотариатаар батлуулан баримтуудыг бүрэн өгсөн болно.

Төв аймгийн татварын хэлтэс нь дээрхи шүүхийн шийдвэрүүдийг эсэргүүцэн 2018 оны 01 сарын 22-нд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 151/Ш32018/01174 тоот шүүгчийн захирамжаар "Д.У " ХХК-д холбогдох татварын өр 71659900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан.

Энэхүү захирамжыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяагийн гаргасан гомдлыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 сарын 30-ны өдөр авч хэлэлцээд шүүхийн 151/ШТ2018/00030 тоот тогтоолоор 2018 оны 04 сарын 10-ны 151/ШТ2018/01171 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих шиидвэр гаргасан.

6. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах хүсэлтүүдийг гаргаж байна.

1. Төв аймгийн татварын хэлтсээс "Д.У" ХХК-д гаргасан нэхэмжлэлтэй холбогдох нотлох баримтуудыг 2018 оны 02-р сарын 19-ны өдөр тус шүүхэд нотариатаар батлуулан бүрэн өгсөн тул дээрх нотлох баримтуудыг тус шүүхийн архиваас эргүүлэн татаж судлахыг хүсье.

2. Төв аймгийн татварын хэлтсээс "Д.У" ХХК-д 2012 оны 12-р сарын 19-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү, торгууль төлүүлэхээр тавьсан 140643 тоот акт нь анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.13, 6.2, 6.3-р заалтуудыг тус тус зөрчсөн тул дээрх актыг зөвшөөрөх, актаар тавигдсан нөхөн төлбөр, хүү, торгуулийг төлөх, хариуцах хууль эрх зүйн үндэслэлгүй тул төлөхөөс татгалзаж байна.

3. "Д.У" ХХК-д Төв аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү, торгууль төлүүлэх 140643 тоот актын хөөн хэлэлцэх хугацаа татварын Ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дах заалтуудыг үндэслэн 2017 оны 12-р сарын 19-ны өдрөөр тасалбар болж 5 жилийн дараа дуусгавар болсон ба хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 358 хоног өнгөрсөн тул дээрх 140643 тоот актыг хэрэгсэхгүй, хүчингүй болгохыг хүсье.

140643 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль, эрх зүйн үндэслэлтэй тул татварын ерөнхий хуулийн 11.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, мөрдөх үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн татвар төлөх үүрэг дуусгавар болох заалтын 10.1.1 -д заасны дагуу газар тариалан эрхлэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татвар оногдуулах хууль 2011 онд хүчингүй болсон мөн хуулийн 10.1.3-д заасны дагуу татвар төлөгч газар тариалан эрхлэгчид нь нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдсөн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг үндэслэн "Д.У" ХХК-нь татварын хэлтсийн 2012 оны 12-р сарын 19-ны 140643 тоот актыг хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэлтэй тул нөхөн төлбөр төлөхөөс татгалзаж байна.

5. Төв аймгийн Татварын хэлтсийн 2018оны 10-р сарын 29-ны 05/444 тоот нэхэмжлэлийн 71.939.900.00 төгрөгөөс 2015-2018 онуудын үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 192.000 төгрөг, 2017 оны цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 232.000 төгрөг, бүгд 424.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлнө. Үлдэх 71.515.900 төгрөг буюу 140643 тоот актын нөхөн төлбөр, хүү, торгуулийг холбогдох хуулийн дээрх заалт, үндэслэлүүдээр төлөхөөс татгалзаж байна.

Иймд тус компанид Төв аймгийн татварын хэлтсээс 2018оны 10-р сарын 29-ны өдрийн 05/444 тоот нэхэмжлэлээр нэхэмжилсэн нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөр, хүү торгууль, алданги гэх 71.515.900.00 төгрөгийг нөхөн төлөхөөс чөлөөлж, нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Төв аймгийн Татварын хэлтсээс " Дэлгэр -Уянга " ХХК-д холбогдуулан 2012-2017 онуудын татварын дутуу төлөлт 144000 төгрөг болон 2012 онд татварын хяналт шалгалтаар улсын байцаагчийн актаар оногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын 42.355.000 төгрөг, алданги, хүү, торгууль 29.160.900 төгрөг 71.515.900 төгрөг, бүгд 71.659.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Д.У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 2012 онд татварын хяналт шалгалтаар улсын байцаагчийн актаар оногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын 42.355.000 төгрөг, алданги, хүү, торгууль 29 160 900 төгрөг бүгд 71.515.900 төгрөгийн төлбөр буюу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүнд : 1. Тухайн үед мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд: Нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох бараа, ажил үйлчилгээг: нэг бүрчлэн хуульчлан заасан байдаг Үүнд газар тариалан, дотоодоо тарьж борлуулсан үр тариа, төмс ,хүнсний ногоо огт дурдагдаагүй байдаг. Тэгэхээр Д.УХХК нь газар тариалан гөмс хүнсний ногоо тариалж үйл ажиллагаа явуулдаг тул Нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох бараа, ажил үйлчилгээг эрхлээгүй гэж үзэж байсан.

2. Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн гол баримт болох Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 140643 тоот хянал шалгалтын акт нь дараах хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

Үүнд:Нэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт ... Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно гэснийг зөрчиж уг актыг тавьсан,

Мөн Д.У ХХК-д НӨАТ хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэхдээ Татварын улсын байцаагч нь Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-д заалтыг тус тус зөрчсөн болох нь тухайн үед мөрдөгдөж байсан Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2009 оны 04 сарын 13-ны өдрийн 13 тоот /Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах/ журмын 4.2, 4.3 заалтуудыг зөрчиж уг актыг тавьсан тул хууль болон журам зөрчсөн үндэслэлгүй акт юм.

Хоёр. Татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийж 2012 оны 12 сарын 19-нд 140643 тоот акт тавихдаа: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд: Нэмэгдсэн өртгийн албан татварт ноогдох бараа, ажил үйлчилгээнд: " газар тариалан, дотоодоо тарьж борлуулсан үр тариа, төмс .хүнсний ногоо огт харгалзаагүй мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлд: Албан татвараас хөнгөлөх заалтын: 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үр тариа, төмс хүнсний гэж хуульчлан заасныг ба энэ хөнгөлөлтийг ч харгалзаагүй хууль зөрчсөн. мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт ... Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно гэсэн заалтыг тус тус зөрчиж уг актыг тавьсан гэж үзэж байна.

Мөн Татварын улсын байцаагч нь 2012 оны 12-р сарын 19-нд 140643 тоот акт тавихдаа. 2011 оны 02-р сарын 02-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18 дэх хэсэгт" газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж өмнө үйлчилж байсан дээрх хуулиас тааламжтай нөхцөл олгосон нэмэлт заалт орсон байхад үүнийг анхаарч үзээгүйгээр акт тавьсан нь мөн үндэслэлгүй юм.

Тэгэхээр Татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийж 2012 оны 12 р сарын 19-ны өдрийн 140643 тоот акт нь дээрх хуулийн заалтууд, дагаж мөрдөх журмуудыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй акт гэдэг нь бүрэн нотлогдож байна.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд: Нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдох бараа, ажил үйлчилгээнд: газар тариалан, дотоодоо тарьж борлуулсан үр тариа, төмс .хүнсний ногоо огт тусгаагүй мөртөө: 2009 онд хэрэгжиж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 13 дугаар зүйлд: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх заалтад ... газар тариалан дотоодоо тарьж борлуулсан төмс хүнсний ногоог чөлөөлөхөөр заагаагүй нь тухайн үеийн хуулийн цоорхой хууль тогтоогчийн алдаанаас болж энгийн хууль дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа иргэд, хуулийн этгээд хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт болон. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д... Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ... гэснийг харгалзаж үзэж Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заалтанд хамааруулж Төв аймгийн Татварын хэлтсээс Д.У ХХК-д холбогдуулан нэхэмжилсэн улсын байцаагчийн актаар оногдуулсан нэмэгдсэн өртөгийн албан татварын 42.355 000 төгрөг, алданги, хүү, торгууль 29.160.900 төгрөг бүгд 71.515.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс хариуцагч Д.УХХК-д холбогдуулан татварын өр 71 939 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ...Улсын байцаагчийн 140643 тоот актаар ногдуулсан нөхөн татвар 42 355 000 төгрөг, торгууль 21 252 800 төгрөг, алданги 102 500 төгрөг, хүү 127 000 төгрөг, 2013 онд татварын өрийг хугацаанд төлөөгүй торгууль 5 223 500 төгрөг, алданги 2 455 100 төгрөг, 2015-2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол 192 000 төгрөг,2017 оны цалин хөлс болон түүнтэй адитгах орлогын албан татвар 232 000 төгрөг, нийт 71 939 900 төгрөгийг шаардах эрхтэй гэж, хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Татварын улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 19-ний өдрийн 140643 тоот актаар Д.У ХХК-ийн 2007 оноос 2011 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт төлөлтийн тайлан, гэрээ, дансны хууллга, төрийн сангийн зарлагын гүйлгээний мэдэгдэл зэрэг баримтад үндэслэн шалгаад

2007 онд борлуулалтын орлогын хэмжээ 100000,0 мянган төгрөгт хүрсэн боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, 2008 онд 93731,9 мянган төгрөг, 2009 онд 134142,7 мянган төгрөг, 2010 онд 195674,9 мянган төгрөг, нийт 42354905 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан ажил үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдий албан татварын тайлангаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн эхний өдрийн дараа сарын эхний өдрийг,

5.2-т Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил үйлчилгээний борлуулатын орлогын хэмжээ нь 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн гадаадын хуулийн этгээдийн төлөөний газарт энэ зүйлийн 5.1 дэх заалт нэгэн адил үйлчилнэ,

11.1-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний 10 хувиар ногдуулна гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзээд

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т зааснаар 2008-2010 оны борлуулалтын орлого 423549.5 мянган төгрөгт 42355.0 төгрөгийн нөхөн татвар, 127.0 мянган төгрөгийн хүү, 21177.6 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Д.У ХХК нь Төв аймгийн Жаргалант суманд газар тариалан үр тариа болон төмс хүнсний ногоо эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн гэрчилгээ болон талуудын гаргасан тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байхад Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөх үүргээ биелүүлэхэд нь мөн татвар төлөгчийн эрхийг хангаж түүнд тусалж татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, татварын хуулийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар аргачлалаар хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүйгээр 2012 онд хяналт шалгалт хийж, хариуцагчийн 2008-2010 оны бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн нөхөн татвар ногдуулжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно гэж заажээ.

Гэтэл Д.У ХХК нь одоог хүртэл 2008-2010 оны бараа, ажил, үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө гаргаагүй бөгөөд Татварын алба нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааг дурдсан бөгөөд хуулийн 13.1.18 дах хэсэгт 2011 оны 02 сарын 02-ны өдрийн хуулиар газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил гэж нэмэлт орсон байна.

Дээрх үйл баримтаар Татварын алба нь татвар төлөгчийг мэдээллээр хангах үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгоогүй, улмаар 2011 оны 02 сарын 02-ны өдрийн хуулиар Д.УХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байтал улсын байцаагчийн 2012 оны 12 сарын 19-ний өдөр 140463 тоот актаар нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18-д зааснаар 140463 тоот актаар Д.У ХХК-д ногдуулсан нөхөн татвараас чөлөөлж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,17.1.2-д заасан нөхөн татварт ногдуулсан алданги, торгууль, хүү, хугацаанд нь төлөөгүйд тооцсон алданги, торгуулийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2015-2018 онуудын үл хөдлөх албан татварын ногдол, 2017 оны цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар гаргуулахаар шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулсан боловч энэхүү үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэхээр байна.

Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн албан татварын ногдол нэхэмжилсэн боловч хариуцагчийн өмчлөлийн хаана байрлалтай ямар объектыг хэдийд бүртгэгдсэн үнэ бүхий хөрөнгийг 2015 он, 2016 он, 2017, 2018 онд буюу тухайн он тус бүрээр ногдуулсан татварын хувь хэмжээний баримтыг мөн цалин хөлсний албан татварын тайланг хэзээ мэдүүлсэн нэхэмжилж буй шаардлага нь тухайн оныг бүхэлд нь эсхүл төлөөгүй үлдэгдэл зэрэг тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтыг ирүүлээгүй байна.

Татварын улсын байцаагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ.

Гэтэл нэхэмжлэлийн шаардаж буй татварын өртэй холбоотой улсын байцаагчийн хуульд заасан хэлбэрээр үйлдсэн баримт бичгийг ирүүлээгүй бөгөөд харин татварын өрийн тооцоолол гэх огноо дугааргүй 3 маягтыг хавсаргасан байна. Өрийн тооцоолол гэх энэхүү 3 маягт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.18, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Д.У ХХК-д холбогдох Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 71 939 900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОН