Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ДШМ/50

 

О.Ү д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/343 дугаар захирамжтай О.Ү д холбогдох 2015000000167 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 12 дугаар 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч О.Ү , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн, хохирогч П.Н , иргэний нэхэмжлэгч М.Э , Л.Э, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Булган аймгийн ... од оршин суух хаягтай, Б овогтой О.Ү .

Яллагдагч О.Ү  нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн “З” гэх газраас иргэн Х.Л ын эзэмшлийн 2 тооны үхэр хулгайлсан, мөн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутгаас иргэн П.Н ийн 1 тооны хар зүсмийн үнээ, саарал халзан 1 тооны эр тугалтай, хар цоохор зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу 3 үхэр, нийт 5 тооны үхэр болох бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/343 дугаар захирамжаар:

1. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ү д холбогдох 2015000000167 дугаартай хэргийг прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч О.Ү д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.

4. Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор П.Шижиртуяа эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Үүнд:

  1. Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №210168 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд 2020 оны 6 дугаар сарын байдлаар Орхон аймагт тугал 450.000 төгрөг, Булган аймагт 450.000 төгрөг тус тус байсан гэж үзэн 1 тооны тугалыг 450.000 төгрөгөөр үнэлсэн хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан, мөн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №210206 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Hyundai porter” загварын тээврийн хэрэгсэл нь 1999 онд үйлдвэрлэгдэж 2014 онд Монгол Улсад орж ирсэн байхад шүүгчийн захирамжинд 1990 он гэж, “Hyundai porter” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг хавтаст хэргийн 143-145 дугаар хуудсанд авагдсан “үнэгүй.мн” зарын сайтын дагуу харьцуулан шинжилгээ хийж 4.600.000 төгрөгөөр үнэлсэн байхад 4.500.000 төгрөг гэж тус тус зөрүүтэй бичсэн байна. Дээрх үнэлгээг хэрэв шүүх эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу шүүх дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэхээр хуульчилсан байна.
  2. Яллагдагч О.Ү , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарт мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээчийн дүгнэлт, хэргийн материалыг танилцуулахад оролцогч нараас прокурорт хандаж ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй энэ талаар ч хавтаст хэрэгт авагдаагүй, шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд хүсэлт, гомдлыг бичгээр гаргана гэж бичсэн байсан. Мөн О.Ү гаар өмгөөлөгч Б.Долгорсүрэн нь хүсэлт өгч явуулсан талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүсэлтийг тухайн ажиллагаа явуулж байгаа шүүх, прокурор, мөрдөгчид гаргах ба гомдлыг хуульд заасны дагуу хяналт тавих, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргана" гэсний дагуу хэрэгт хяналт тавьж байсан прокурорт ямар нэгэн хүсэлт өгөөгүй, мөн Булган аймгийн прокурорын газрын бүртгэлд авагдаагүй байхад шүүх оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр гаргасан хүсэлт нь утга агуулгын хувьд шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар дурдсан байсан ба энэ нь шүүхийн шатанд бүрэн гүйцэтгэх боломжтой байна гэж үзэж эсэргүүцэл бичив.” гэжээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжтай холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4/185 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч О.Ү гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх захирамждаа дараах үндэслэлээр буюу “тугал болон автомашины үнэлгээг дахин хийлгэж бодит үнэлгээг гаргах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна” гэж мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж буцааж шийдвэрлэжээ.

Яллагдагч О.Ү , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэргийн материал танилцуулахад тээврийн хэрэгсэлийн үнэлгээ, тугалны үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр тогтоосон гэж үзэж бичгээр хүсэлтээ гаргана гэсэн боловч хавтаст хэрэгт дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан талаарх баримт авагдаагүй байна.

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №210168 дугаартай шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын байдлаар Орхон аймагт тугал 450.000 төгрөг, Булган аймагт 450.000 төгрөг тус тус байсан гэж үзэн 1 тооны тугалыг 450.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт,  мөн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №210206 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Hyundai porter” загварын **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг “үнэгүй.мн” зарын сайтын дагуу харьцуулан шинжилгээ хийж 4.600.000 төгрөгөөр үнэлсэнийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй бөгөөд хэргийг үйл баримтад тулгуурлаж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Учир нь:

Шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заана мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгаж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнд заасан үндэслэлүүд хууль ёсны байх зарчимд нийцээгүй бөгөөд яллагдагч О.Ү д холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 343 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор П.Шижиртуяагийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Яллагдагч О.Ү д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ