| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/0051/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/44 |
| Огноо | 2025-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/44
2025 02 04 2025/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Энхзул,
улсын яллагч: Н.Ундрах,
хохирогч: Б.А.,
шүүгдэгч: Н.Б., түүний өмгөөлөгч А.Очбадрал нар оролцсон эрүүгийн 2408043790013 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т. овогт Н. ын Б.
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжих машины операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б. нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо ... тоот нийтийн байрны гадна Б.А.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгааж, хэвлий, гэдэс, гуя хэсэг рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Н.Б.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Хохирогч Б.А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “охин хүүхдээр хаалга хаалгасан байна, өөрөө хаалгаа хааж болоогүй юу?” гээд чатаар бичсэн. Тэгтэл шүүгдэгчийн ээж нь манайд орж ирээд манай ээж, шүүгдэгчийн ээжтэй муудалцаад тухайн маргаан өрнөсөн. Шүүгдэгчийн ээж ёс бус үг хэллэг хэлж, шүүгдэгч намайг түлхсэн, өшиглөсөн, маажсан. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Гэхдээ би гар болон нүүрэнд учирсан сорвийг арилгуулах саналтай байна.” гэв.
Эрүүгийн 2408043790013 дугаартай хэргээс:
Хохирогч Б.А.ийн мэдүүлэг /хх-ийн 11-14/,
Гэрч Э.А.ын мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч Б.Э.ийн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14395 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-76/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 87/,
Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох баримтууд /101, 130-136/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Н.Б. нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны гадна Б.А.тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үснээс нь зулгааж, хэвлий, гэдэс, гуя хэсэг рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Б.А.ийн өгсөн “...Н.Б. нь намайг “чи наад гар мараа холдуул” гэж хэлээд мангастахад би хойшоо хүчтэй савсан. Тэгээд би камергүй газар байж байгаад хойш мангастахад нь саваад хойш болохдоо камертай газар гарч ирдэг. Тэгээд би мангастуулчихаад Н.Б. дээр явж очоод өмсөж байсан цамцнаас нь зуурч аваад “чи одоо яаж байгаа юм?” гэхэд Н.Б. миний үснээс зулгаагаад доош нь дарсан. Тэгэхээр нь би гараа дээш сунгаад Н.Б.ийн үснээс зулгаахад Н.Б.ийн ээж Б.Н. хажуугаар орж ирээд миний үснээс зулгаасан. Бид гурав харилцан үснээсээ зулгаацалдаад байж байх үед Н.Б. нь миний дор орчихоод хөлөөрөө миний давсаг, гэдэс, хэвлий, гуя хэсэг рүү өшиглөсөн. Энэ хооронд 07 номерын Б.Э. эгч “наад охин чинь зулбаад хоёр хонож байна, доошоо гарч байгаа цус нь хүртэл гарч дуусаагүй байна, болиоч Б.” гэж орилж байсан. Энэ хооронд манай ээж Х.А. намайг тэр хоёроос салгах гээд дундуур орж ирээд Б.Н. ын цамцнаас нь зулгаасан чинь Б.Н. зөрүүлж ээж Х.А.ийн үснээс нь зулгаасан. Тэр үедээ миний үснээс зулгаасан хэвээрээ байсан. Тэгээд зогсож байтал хашаагаар манай эгчийн хүүхэд А.Т. гаднаас ирж таараад бид хэдийг салгасан. Тэгээд салчихаад Н.Б. “хоёр ээжийгээ холдуулчих, хоёулаа үзчихье” гээд байсан. Тэгсэн манай ээж намайг өмөөрөөд “чи одоо дуугүй байгаач, мэдрэл чинь зүгээр үү, юу яриад байгаа юм” гэсэн чинь Н.Б. нь манай ээжийг “амаа хамхи, чамд хамаагүй, чи гичий төрүүлчихэж” гээд дайраад, Б.Н. ч бас хажуунаас нь орж ирээд охинтойгоо нийлчихээд элдвээр хэлээд байсан. Тэгээд би утсаар ярьж байхдаа Н.Б.т “би чамаар ээжийгээ доромжуулахгүй шүү” гэж хэлтэл миний гар луу түлхэхээр нь би “чи яаж байгаа юм” гэхэд Н.Б. намайг гараараа боогоод хойшоо түлхээд “чи надад гар хүрч чадахгүй биз дээ, чи угаасаа чадахгүй шүү дээ” гээд инээгээд байсан. Тэгээд би амьсгал боогдоод амьсгалж чадахгүй байсан чинь тавьчихаад хойшоо гүйгээд, би хойноос нь гүйсэн чинь “чи чадахгүй л дээ” гээд даапаалаад инээгээд байсан. Тэгээд би гүйж байгаад бариад авсан чинь дахиад намайг үсдээд доош нь дарсан. Тэгэхээр нь би Н.Б.ийг үсдсэн. Тэгсэн Б.Н. бид хоёрын дундуур орж ирээд миний үснээс зулгаагаад, зулгаасан чигээрээ утсаараа лайв хийгээд байсан. Хажууд нь байсан хүмүүс утсаараа лайв хийгээд байсан болохоор ойртож чадахгүй байсан. Тэгсэн хажуунаас нь хүмүүс “та охиныхоо зодож байгаа бичлэгийг оруулахгүй байна шүү дээ, наад Буянаа чинь түрүүлж Б.А.ийг үсдсэн” гэж хэлж байсан. Тэгээд Э.А., манай ээж Х.А. ирж байж л бид хоёрыг салгасан. Тэгсэн миний төрсөн эгч Б.А. нь гаднаас ирээд цагдаа дуудсан. Нөгөө төлөөс Б.Н. цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/,
Гэрч А.А.ын өгсөн “Би тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... номерт ээж Б.Э.ийнд байж байтал нийтийн байрны групп чатанд Б.А. эгч “хүүхдээр хаалга хаалгачихаад хажуугаар нь өнгөрөөд явчихлаа” гэсэн утгатай чат бичтэл Н.Б. нь чатанд орж ирээд тэр хоёр чатаар маргалдсан. Тэгтэл Н.Б.ийн ээж Б.Н. нь нийтийн байрны хоёр давхарт гарч ирээд “байрны эзэн нь хаана байна” гэж асуусан. Тухайн үед манай ээж Б.Э. коридорийн шал угаагаад байж байсан. Тэгээд Б.А. эгчийн өрөөг зааж өгтөл Б.Н. явж ороод Б.А. эгчийг “гичий минь чи миний охиныг малаар нь дуудлаа” гээд хэрүүл маргаан хийсэн. Б.А. эгч Б.Н. ыг “та манайхаас гар, ахын маань бурхан тахил байна” гэсэн. Тэгээд Б.Н. хэрүүл маргаан хийчихээд гараад явсан. Удалгүй Б.А. эгч намайг гараад ир, Н.Б.ийг дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд би Н.Б.ийг дагуулаад байрны гадаа гарсан. Б.А. эгч Н.Б.т “ямар аймар бүдүүлэг юм, айлын гэрт зөвшөөрөлгүй орж ирээд, одоо та нар байрнаас юмаа аваад гар” гэж хэлсэн. Тэгээд Н.Б. гарна гэж хэлээд Б.А.ийн нүүр лүү мангастахад Б.А. эгч зөрүүлээд Н.Б.ийн үснээс зулгаасан. Н.Б. нь Б.А.ийн үснээс мөн зулгаасан. Тэр үед Б.А.ийн ээж Х.А. эгч салгах гэж очиход Б.Н. нь Х.А.ийн үснээс зулгаасан. Би охиноо тэвэрч ээжид өгчихөөд Б.Н. , Х.А. хоёрыг салгаж тэндээс холдуулчихаад байж байтал Б.Н. утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байсан. Тэгээд Н.Б., Б.А. хоёр хэсэг ноцолдож байгаад салаад зогсчихсон, хоорондоо маргалдаж байгаад Б.А. эгч Н.Б.ийг ээжийг нь доромжлоод байхаар нь цохих гэтэл Н.Б. хойшоо ухарч гүйж байгаад өөрөө газар унасан. Тэгээд босож ирээд Б.А. эгчтэй дахин үсдэлцээд харилцан нэг нэгнээ өшиглөөд байсан. Б.А. эгч Н.Б.ийг бодвол бие жижигхэн, намхан болохоор хөл нь хүрэхгүй байсан. Н.Б. Б.А. эгчийн голчлон нүүр лүү дайраад байсан. Тэгээд би голоор нь орж тэр хоёрыг салгаад Н.Б.т “ядаж намайг бодооч, үлдэх хүнээ бодооч, би Б.А. эгчийг гуйж чамайг оруулсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгаад Б.А. эгчийг авч явж тайвшруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Гэрч Б.Э.ийн өгсөн “...Би шатан дээр хоёр давхар луу гарах гээд зогсож байтал Б.А., Н.Б. хоёр барьцалдаад зогсож байсан. Эхэлж Н.Б. Б.А.ийг өшиглөх гэсэн боловч хөл нь хүрээгүй, тэгснээ Б.А.ийг мангасдсан. Тэгээд хоёулаа харилцан үсдэлцээд авсан. Тэгсэн хоёр давхраас Х.А. эгч бууж ирээд Б.Н. тай муудалцаад маргалдсан. Тэгсэн Н.Б. Б.Н. хоёр хоёулаа Б.А.ийг үсдээд газар унагаад дороо оруулчихсан. Б.А.ийн нүүр нь улайчихсан, маажуулчихсан байдалтай байсан. Тэгээд Б.А. Н.Б. хоёр нь хэсэг салчихсан байж байгаад дахин үсдэлцэж аваад нэг нэгнийгээ өшиглөөд байсан. Н.Б. Б.А.ийг биедээ огт хүргэхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14395 дугаартай “...Б.А.ийн биед тархи доргилт, эрүү, хүзүү, зүүн шуу, баруун зовхи, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 75-76/,
Н.Б.ийн хувийн байдалд холбогдох баримтууд /130-136/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б. нь Б.А.тэй “хүүхдээр хашааны хаалга онгойлгуулсанд дургүйцлээ, хэрүүл маргаанд өдөөн хатгалаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний “халдашгүй байх” эрхийг зөрчиж буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Н.Б. нь хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэж байгаа үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж биеэр үйлдсэний улмаас хохирогч Б.А.ийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Ийнхүү шүүгдэгчээс гэм буруугийн санаатай хэлбэрээр, түүний гэмт үйлдлийн улмаас үүссэн үр дагавар болох хохирогчид учирсан гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б.ээс хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчид цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү..” гэсэн дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтсоныг хүлээн зөвшөөрч байна гээд маягтад гарын үсгээ зурсан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт уг нөхөн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, мөн баримтаар нэхэмжилсэн зардалгүй гэж тайлбарласан ба сорви арилгах эмчилгээ хийлгэнэ гэж байх тул хохирогчийн цаашид гарах хохирлын зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Н.Б.ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Н.Б. нь бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг үйлдэх үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “...” хотхон, ... дугаар байрны ... тоотод түр оршин сууж байсан гэх боловч одоо Хөвсгөл аймагт өөрийн бүртгэлтэй хаяг дээр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Б.т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаар санал гаргасныг шүүгдэгч Н.Б. танилцаж хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокуророос гаргасан ялын саналыг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.10, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т. овогт Н. ын Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б.ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б.т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.А. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН